Friday, November 22, 2024

Шинэ сэргэлтийн шинэ стандарт буюу гурван шилжилт

Date:

“Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган” өнгөрсөн бямба гарагт боллоо. УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид оролцсон уг чуулганы үндсэн сэдэв нь “Шинэ стандарт”. Энэ нэрнээс харахад Засгийн газар төрийн болон  хувийн хэвшил, бүх салбарын хэмжээнд удирдлага зохион байгуулалт болон үйл ажиллагааны шинэ хэм хэмжээ, шалгуур, үнэлэмж тогтоохыг зорьж байгаа нь тодорхой байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үндэсний чуулган дээр хэлсэн үг ч үүнийг баталж буй. Тэрбээр “Бүсчилсэн хөгжлийн реформ” илтгэлдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх болсон шалтгаан болон хүрсэн үр дүн, цаашдын зорилтот түвшинг тодотгосон юм.

Анх удаа 14 мега төсөл хэрэгжүүлнэ

Бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, аймгууд тус тусдаа биш, бүсээс сонгогдсон парламентын гишүүд, иргэдийн оролцоотойгоор бүс, бүсийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо нийлж тодорхойлох, зөвхөн төр бүхнийг хийх биш хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын орчноор дэмжлэг үзүүлэх, төвлөрлийг сааруулахаар Засгийн газраас бодлого гарган ажиллаж байгаа. Энэ хүрээнд 14 мега төслийг боловсруулсан. Эдгээр төсөл бүх бүс нутагт хэрэгжинэ гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Эдгээр 14 төсөл тус бүр өөр өөрийн давуу тал, онцлогтой. Энэ нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцсэний дээр “Шинэ сэргэлтийн бодлого-2.0”-ын гол тулгуур, зүтгүүр болж хэрэгжих ажээ.

Өнгөрсөн 30 жилд улс орны  хэмжээний мега төсөл гарын  таван хуруунд багтахаар цөөн хэрэгжсэн. Үүнд гадаад, дотоод  олон хүчин зүйл нөлөөлсөн байх магадлалтай ч гол төлөв дотоодын улс төржилт, бодлогын тогтворгүй байдал мега төсөл, бүтээн байгуулалтыг тушиж, гацааж байсан байдаг. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэгэн зэрэг 14 мега төслийг хэрэгжүүлэх зорилт тавьж, бодлого, төлөвлөлтөө хийн, цаг алдалгүй үйл ажиллагаагаа эхэлсэн нь эдийн засгийн реформын шинжтэй үйл явдал юм.

Хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох 14 мега төслийг 2025 онд эхлүүлнэ

Дөрвөн жилд гурван шилжилтийг хийнэ

Ерөнхий сайд Монгол Улсын хөгжлийн дараагийн стратегийг тодорхойлохдоо хиймэл оюун ухаан, технологийн шилжилт, ногоон шилжилт, хүний нөөцийн шилжилт гэсэн гурван шилжилтийг хийхэд онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Үүнд үндэслэн “Шилжилтийн үеийн шинэ эдийн засаг” хэмээх нэр томъёог Засгийн газрын тэргүүн илтгэлдээ дурдсан. 

Шилжилт, шилжилтийн эдийн засаг гэдэг нэр, томъёоноос цэрвэх, халгах огт хэрэггүй. Аливаа үйл явц тогтонги, үхширмэл болохоороо хөгжил нь зогсдог. Тиймээс байнга шинэчлэгдэн хөгжих ёстой. Шинэчлэлийн үйл явцын илрэх хэлбэр нь шилжилт. Илүү сайн, боловсронгуй хөгжлийн дараагийн шатанд шилжиж байх ёстой. Тиймээс Ерөнхий сайд шилжилтийн үеийн шинэ эдийн засаг гэдэг тодорхойлолт гаргаж ирсэн болов уу. Тэгвэл бид ямар шилжилт хийх вэ?

Нэгдүгээрт, хурдтай хөгжиж байгаа технологийн үед AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөө үзүүлэхийг хөгжлийн стратегидээ илүү анхаарах, хоёрдугаарт, уул уурхайн салбар дээр эдийн засаг нь тогтдог Монгол Улстай адил эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад ногоон хөгжлийн шилжилт хэрхэн өрнөх вэ гэдэг дээр стратегиа тодорхойлж ажиллах. Гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт ямар байх вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай байгаа. Эдгээр шилжилтээр бүсчилсэн хөгжлийн бодлогыг тодорхойлох шинэ хэрэгцээ, шаардлага үүсэж байгаа. Энэ гурван шилжилтийг амжилттай хэрэгжүүлж чадвал бид хөгжлийг хөөж биш угтаж гүйцэх болно гэсэн санааг Ерөнхий сайд хэлсэн. Түүний хэлсэн гол санааг тоймловол дараах агуулгад зангидагдана.

Хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилтийн жишээ нь уул уурхайн салбар. Уул уурхайн салбарыг заавал хүнээр удирдуулах шаардлагагүй болж байгаа. Боомтуудыг хиймэл оюун ухааны хяналтын самбараар удирдах шилжилтийг заавал хийх ёстой. Ингэснээр илүү ил тод байдал бий болно.  Мөн Эрчим хүчний салбар хэрэглэж буй дулаан, цахилгааныхаа үнийг цахимд шилжүүлж, хэрэглээгээ хязгаарлах, хянах хэрэгтэй.

Ногоон хөгжлийн шилжилтийг зайлшгүй хийх ёстой. Монгол Улсын экспортын  90 хувь нь уул уурхай дээр, тэр экспортын бараг 90 хувь нүүрсэн дээр тогтож байна. Нүүрс зарагдахгүй болбол яах вэ. Нүүрсийг хэрхэн гүн боловсруулах вэ. Нүүрсийг хэрхэн байгальд ээлтэйгээр боловсруулах вэ. Хэрхэн устөрөгч болгох вэ. Үүнийг машинд ашиглах уу. Энэ бүхэнд ногоон шилжилт л хариулт өгнө.

Гуравдугаарт хүний нөөцийн шилжилт. Хөдөлмөрийн зах зээл, боловсролын систем хоёр хоорондоо зөрөөд удаж байна. Боловсролын системийн бэлдэж байгаа зүйл, бэлдэж байгаа цаг  хугацаа, тухайн хүмүүс хөдөлмөрийн зах зээл дээр гараад ажиллах цаг хугацаа ба үнэт зүйлтэй зөрчилдөж байна. Тийм учраас бид үүнийг зайлшгүй том зургаар нь урт хугацаанд авч үзэх шаардлагатай болж байна.

Дэлхий даяар тэр дундаа манай бүс нутагт, Азийн орнуудад төрөлт багасаж байна. Насжилт явагдаж байна. Япон, Солонгос бүх улс орнуудад ийм асуудал бий болж байна. Ирээдүйд хэн ажиллах вэ гэдэг асуудалтай хүн төрөлхтөн нүүр тулж байна. Тийм ч учраас бид зөвхөн төрийн байгууллага биш, хувийн хэвшиийн хүний нөөц, олон улсын байгууллагын хүний нөөц, Монгол Улсад ажиллаж байгаа болон хилийн чанад дахь хүний нөөц, тэр ч бүү хэл гаднаас Монголд хүрч ирж өөрийн ур чадварыг дайчлах, ирээдүйд Монгол Улстай хамтран ажиллах гаднын иргэдийг Монгол Улс урих стратегитаа одоо бид бэлдэх шаардлагатай болж байна. Ингэхгүйгээр Монгол Улс шинэ эдийн засгийг үйлдвэрлэж чадахгүй. Нүүрсээрээ бид хол явахгүй. Магадгүй бид мал аж ахуйгаасаа эхлээд олон зүйлийг эргэж харах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байна. Ингэж байж бидний хувьд хатуу эдийн засгаас зөөлөн, ухаалаг эдийн засаг руу шилжилт хийх боломж бидэнд ихдээ 10 жил л байна. Цаашдаа бид оройтно…

Бүсчилсэн хөгжлийн реформ

Эхлээд хоёр эшлэл хүргэе. Эдийн засагч, доктор Т.Намжим нэгэн судалгаандаа шилжилтийн үеийн гол агуулга, мөн чанарыг товчхон байдлаар хураангуйлан томъёолохдоо, нэгд, зах зээлийн тогтолцооны хууль, эрх зүйн үндсийг оновчтой байдлаар бүрдүүлэх, хоёрт, шинэ тогтолцооны бүхий л арга механизмыг зохистой хэлбэрээр зүгшрүүлэх, макро түвшингийн үзүүлэлт, үйл явц тогтворжсон байх, гуравт, эдийн засгийн тогтвортой өсөлтийн баттай эх суурь тавигдсан байх зэргийг гол агуулга, шалгуур болгон авч үзэх саналыг дэвшүүлжээ. Тэрбээр өнөөгийн Монголын төр засагт улс орны эдийн засаг, нийгмийг урт хугацаанд хөгжүүлэх шинжлэх ухааны бодит үндэслэл тооцоотой бодлого дутмаг, хуульчилсан хөтөлбөр байхгүй байна гэсэн шүүмжлэлт санааг ч онцолсон байдаг.

Монголбанкны судлаачид “Монголын эдийн засаг-30 жил. Сургамж ба шийдэл” судалгаандаа “Манай орны хувьд өнгөрсөн хугацаанд явж ирсэн хөгжлийн хэв загварыг дорвитой өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Харин цаашдын хөгжлийн загвар нь алдаан дээрээ суралцсан, өөрийн орны онцлог, нөөц чадамж дээрээ тулгуурласан, олон улсын сайн туршлагатай нийцтэй байх зарчмыг бүрдүүлэх ёстой” хэмээн дурдсан байна.

Энэ мэт судалгаа олон бий. Эдийн засагчид, судлаачдын энэ мэт шүүмжлэлт санаа, хөгжлийн гарц, шийдлийг Засгийн газар өнөөдөр үйл ажиллагааны хөтөлбөртөө, бодлогын баримт бичигтээ тусган, реформын шинжтэй өөрчлөлт, шинэчлэлийг зоригтой хийж эхлээд байна. Тухайлбал,

Шийдэл. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлохоор ажиллаж байгаа.

Баримт-1. Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсөв бол Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх эхний төсөв. Монгол Улс өмнө нь жилд дунджаар төсвийн хөрөнгө оруулалтаар 450-500 орчим шинэ төсөл эхлүүлдэг, нийтдээ 1,062 орчим төсөлд хөрөнгө хуваарилдаг байсан. Харин 2025 оны төсвийн төсөлд 640 төсөл, үүнээс дэд бүтцийн 38 шинэ төсөл санхүүжүүлэхээр Засгийн газар тусгасан байна.

Эшлэл. “Улсын төсвийг анх удаа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтын дагуу боловсруулснаар төсвийг тэгшитгэн хуваадаг тогтсон хандлагаас зориг гаргаж салах болно” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.

Баримт-2. 2021 онд манай улсын ДНБ-ий хэмжээ 43.6 их наяд төгрөг байсан бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд 2023 онд 70.4 их наяд төгрөг болж өссөн. Энэ онд 79.2 их наяд төгрөгт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан хөгжлийн 14 мега төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2028 онд 132.3 их наяд төгрөгт хүрэх тооцоолол хийсэн гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...