Monday, November 25, 2024

Зургаадай таягтай генералын зуун дүүрсэн содон намтар

Date:

Билгийн улирлын хилэнт эх хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө сайхан монгол дээл, хантааз өмсөж, халх эрийн сээтэн малгай духдуулсан идэр насны эр Москвагийн Улаан талбайд намалзтан алхахтай таарсан хэн бүхэн сониучирхан бас бахархан харна. Тэр хүнийг Түдэвийн Хишигтогтох гэнэ. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул энэ эр Цагаан сарын шинийн нэгний өглөө хаа хол Оросын нийслэл Москвад оччихсон алхаж яваа нь учиртай. Учиртайгаар барахгүй утга төгс бөгөөд удмын бахархал болсон үйлнээ шамдан яваа нь энэ. Сар шинийг тохиолдуулан хаа холоос, Монголоос Москваг зорин ирсний учир нь 100 насны өлзийт босгоор алхаад буй ураг удмын бахархал болсон хүндтэй буурал, их нагацдаа учран уулзаж, монгол ёсоор тохойг нь өргөн золгож хүндэтгэл үзүүлэх гэснийх ээ.

Москва хотноо аж төрөн суугаа тэрхүү эрхэм хүндэт буурал бол Монгол Улсын гавьяат барилгачин, хурандаа генерал Сономын Лувсангомбо билээ. Тэрбээр хуучнаар Түшээт хан аймгийн Хутаг уулын хошуу одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1924 онд төржээ. Хэдийгээр жилийн эцсээр намар өвлийн заагаар төрсөн гэдэг ч монгол ёсоороо бол сар шинийн баяраар нэг нас нэмдэг болохоор Лувсангомбо гуайн яах аргагүй ийн 100 насны босго алхан, зургаадай таяг тулаад буй ажээ. Түүний туулсан амьдралын намтар түүх нь баялаг хийгээд сонин содон зүйл арвин. Төрсөн эцэг нь Дашням гэж хүн байж. Гэтэл түүний овог нь Соном. Айлд өргөгдөв үү, яав гээд лавлаваас сонин түүх хүүрнэнэ. 1931 онд засаг захиргааны зохион байгуулалт шинээр бий болж хүн амаа бүртгэж эхэлсэн аж. Тэр бүртгэлээр тэдний сумын өртөөнд занги Соном гэж хүн ажиллаж байжээ. Яагаад ч юм сумынхан нь бүгд тэр хүнээр буюу Соном гэж овгоор төрийн данс бүртгэлд бүртгүүлсэн гэнэ. Ийнхүү Дашнямын хүү Лувсангомбо Сономын Лувсангомбо болж төрдөө данслагджээ. Задгайтын хийдэд шавилан лам болно хэмээн гүйж явсан жаахан хүү удалгүй ардын бага сургуульд орж, эрдэм номын мөр хөөжээ.

1941 онд 17 настайдаа Сулинхээрийн хилийн отрядад ажилд орж ажлын гараагаа эхлүүлсэн байна. Улмаар 1944 онд ардын цэрэгт татагдан Сайншандад хуягт бригадад цэрэг, тасгийн дарга хийж байгаад 1944-1948 онд ЗХУ-ын Тамбов хотод Артиллерийн техникийн дунд сургуульд суралцан онц дүнтэй төгсөж, 1948-1954 онд Москва хотын Артиллерийн инженерийн академид, 1960-1965 онд ЗХУ-д Барилгын инженерийн дээд сургуульд эчнээ суралцаж барилгын инженер-технологичийн мэргэжил эзэмшсэн байна.

1948 онд Цэргийн яамны бууны үйлдвэрт зэвсгийн техникч, 1954-1956 онд Цэргийн ерөнхий сургуульд багш, ангийн орлогч, 1956-1959 онд Барилгын сантехникийн газар ерөнхий инженер, 1959 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, нарийн бичгийн даргын туслах, 1959-1964 онд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд 1964-1968 он хүртэл Улсын барилгын зөвлөлийн орлогч дарга, 1968-1971 онд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайдаар ажиллаж байв.

Тэрбээр Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар 1971-1972 онд ажилласан, Улаанбаатар хотын 21 дэх дарга. С.Лувсангомбо 1971-1972 онд Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга, 1972-1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Барилгын архитектурын комиссын дарга, Барилга архитектур, техник хяналтын улсын хорооны даргаар хавсран ажиллаж, 1982-1984 онд НАХЯ-ны сайд, 1984-1989 онд Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын алба хашиж байгаад гавьяаны амралтаа авчээ. МАХН-ын XVI, XVII, XVIII, XIX их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв хорооны гишүүн, 1982 онд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүнээр сонгогдож байв. Мөн БНМАУ-ын АИХ-ын 7, 8, 9, 10 дах удаагийн сонгуулиар БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогджээ. 1979-1982 онд Монгол-Вьетнам, Монгол- Лаос, 1984 оноос хойш Монгол-Унгар, Монгол-Германы Засгийн газар хоорондын Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн талаар хамтран ажиллах комиссын Монголын хэсгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр нийслэл хотын барилга, инженерийн шугам сүлжээг өргөтгөх, орон сууц үйлчилгээний барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах талаар анхаарч нэлээд ажлыг зохион байгуулжээ.

С.Лувсангомбо генерал 1984-1989 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын алба хашиж байгаад тэтгэвэрт гарчээ. 1990 оноос ОХУ-ын Москва хотод амьдарч байгаа аж. Тэрбээр 1949 онд Москвад сурч байхдаа орос бүсгүйтэй танилцан 1953 онд гэрлэжээ. Ууган охин нь 1954 онд Улаанбаатарт төрсөн, эдүгээ 70 насны босго алхаж буй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...