Thursday, November 21, 2024

Системийн авлигыг “дэлбэлэх” газар олголтын сонсгол

Date:

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр, “Дүнжингарав” худалдааны төвийн өмнөх уулзвар дээр аймшигтай осол гарлаа. Эрдэнэт хүний амь эрсдэж, олон арван хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо. Тухайн замын халтиргаа гулгаатай байсан эсэхээс гадна замын өргөн, эргэлт хийх уулзварын стандарт, ойр орчмын барилга байгууламжуудын хоорондын зай, стандарт, газар олголт, тусгай зөвшөөрөл  гээд олон зүйл яригдана. Энэ бүгдэд зөрчил дутагдал, алдаа мадаг гарсан уу, гэвэл нийслэлийн 1.5 сая хүн бараг бүгд л тийм гэнэ. Зам, барилгын чанар, аюулгүй байдал, газрын зөвшөөрөл бүгд норм, норматив, стандартыг хангаж байсан уу  гэвэл мэдээж үгүй. Яагаад гэвэл тэр бүхэнд авлига шингэж, авлигын сүлжээ, авлигын далд гар үйлчилсэн гэж хардах бүрэн үндэстэй. Товчхондоо бол өнгөрсөн 30 жилд нийслэл Улаанбаатарын газар олголтоос эхлээд зам, барилга байгууламж зэрэг тусгай зөвшөөрлүүд, бүтээн байгуулалтуудад баримтлах чанар, стандарт, аюулгүй байдлын норм, нормативыг авлига гэдэг ганцхан үгээр орлуулсаар ирсний харгай, лай ланчгийг өнөөдөх нийслэлийн оршин суугчид эрүүл мэнд, амь насаараа төлж байна. Нийслэл хотоо ийм болгосон албан тушаалтнууд харин тэрбумтанууд, их наядтанууд болжээ. Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцэнэ гэдэг шиг өнгөрсөн гурван арваны хугацаанд авлигач албан тушаалтнуудын баяжсан, ард иргэдийн ядуурсан яг тэнцэнэ. Өөрөөр  хэлбэл авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд харх шиг, өт шиг үржих гол орчин, хөрс болсон далд эдийн засаг иргэдийн болон улс орны хөгжлийн алдагдсан боломжтой яг тэнцүү.

Эцэстээ нийслэл Улаанбаатарын оршин суугчид дарьтай торхон дээр галтай бамбар барьж суугаа хөөрхийлэлтэй хүмүүс болжээ. Гал түймэр, үе усны аюул бол давагдашгүй  хүчин зүйл, байгалийн үзэгдэл. Харин Улаанбаатарт болсон үерийн гамшиг, удаа дараа гарч байгаа гал, түймэр бол давагдашгүй хүчин зүйл  биш, барагдашгүй шуналын, баригдашгүй гэж өөрсдийгөө бодсон авилгачдын хор хөнөөл юм.

Өнгөрсөн зун болсон үерийн аюул, гамшиг Улаанбаатарын газар олголтын гажуудал, луйвар, авлигын сүлжээг ил болгосон шиг хэдхэн өдрийн өмнө болсон харамсалтай осол газар олголтын булхай, барилга, орон сууцны чанар, стандартын зөрчил, тусгай зөвшөөрлийн наймааг илчилж өглөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр нийслэлийн газар олголтын асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол зохион байгуулахыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт үүрэг болголоо. Энэ сонсгол бол авлигын сүлжээнд мина тэслэхтэй адил болно гэдэгтэй маргах юмгүй. Ерөөсөө Монголд авлига, албан тушаалын гэмт хэрэг үүссэн анхны хөрс суурь, үүр ичээ нь уул уурхайн салбар болон нийслэлийн газрын хариилцаа болон тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа гэдэг оношийг хууль, хяналтынхан нэлээд эртнээс тавьсан байдаг юм.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Засаг даргыг шинээр томилохдоо Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлээ дэмжиж ажиллана гэдгийг онцлон дурдаж, улс төрийн явцуу хил хязгаарыг давж, Улаанбаатар хотын 30 гаруй жил шийдвэрлэгдэж чадаагүй хуримтлагдсан асуудлуудыг цэгцэлж, нийслэлийн цогц реформд нэгдэж ажиллахыг УИХ, Засгийн газрын гишүүд, улстөрчдөөс хүссэн. Мөн тэрбээр дунд шатны авлигыг цэгцлэх, тэр дундаа Монгол Улсын иргэдийн 50 гаруй хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын өнгөрсөн 30 жил явж ирсэн бугширсан системийг задлахаас өөр гарцгүй гэсэн билээ. 

Ерөнхий сайдаас нийслэлийн Засаг даргад дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.

Нэгдүгээрт. Нийслэлд бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйн цогц реформ хийх.
•“Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийслэлийн урт, дунд, богино хугацааны реформын цогц төлөвлөлтийг олон улсын байгууллагуудын зөвлөмж, нийслэлийн иргэдийн оролцоотойгоор боловсруулан Улсын Их Хурал, Засгийн газраар яаралтай батлуулах, (энэ асуудлууд бүгд хоорондоо цогц байхыг анхаарах)
•Нийслэлийн эрх зүйн орчин, газрын харилцаа, нийтийн тээврийн харилцаа, иргэдийн эрх ба үүрэг хариуцлагыг тодорхой болгох, хотын соёлын стандарт, авто тээврийн хөдөлгөөн болон жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулган өндөрлөхөөс өмнө бүрэн шийдвэрлэх,
•Нийслэлийн иргэдийн оролцоо, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргүүдийн удирдлага, Улаанбаатар хотын анхан шатны бүтцийн байгууллагуудтай хамтарч, нийслэлийн бүтэц, зохион байгуулалтыг эргэн харж, энэ ондоо багтаан Засгийн газарт танилцуулах, (энэ дундаа алслагдсан гурван дүүрэг, дагуул хот, гэр хорооллын хороодод онцгойлон анхаарах)
•Агаар, орчны бохирдол, хог хаягдал, авто замын түгжрэл, ногоон байгууламж, явган болон дугуйн зам зэрэг амьдралын чанарын стандартуудыг шинэчлэн хуульчлах.
Хоёрдугаарт.  Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг нийслэлд хэрэгжүүлэх.

Хотын шинэ даргад эдгээр үүрэг чиглэлийг өгсний зэрэгцээ Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилийн хугацааны газрын наймааны асуудал, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын хууль бусаар олгогдсон техникийн зөвшөөрлийн асуудлууд, цаана нь нуугдаж буй авлигын асуудлууд, Сууц өмчлөгчдийн холбоо, иргэдийн зүгээс гаргаж тавьсан ч шийдэгдэлгүй сунжирдаг асуудлууд, түүний ард байгаа албан тушаалтнууд, шүүгчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн хууль бус үйлдлүүдийн тухай дурдаж, сургууль, цэцэрлэгийн талбай, хороолол доторх хороолол, жуулчны отог нэртэй хаус хотхонууд, гэр хороолол болсон аялал жуулчлалын бүсүүдийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай байгааг сануулсан.

Өнгөрсөн хугацаанд гарсан нийтийн тээврийн асуудлууд, тэнд хамаарал бүхий улстөрчид, тэдний нөлөө бүхий этгээдүүдийн оролцоог илрүүлэн гаргаж, нийтийн тээврийн олон улсын жишигт нийцүүлж цэгцлэх, нийтийн тээвэр болон таксины стандартыг шинэчлэн тогтоох зэрэг олон асуудал энэхүү ажиллагааны хүрээнд хамрагдах шаардлагатай гэдгийг мөн анхааруулсан юм.

“Үерийн далан хааж барьсан авлигын цамхагууд, төмөр замын бүсэд сүндэрлэсэн тансаг хорооллууд, замын хөдөлгөөний гольдролыг бөглөж боссон худалдааны төвүүдийн цаана хэдхэн хүн баяжиж, нийт нийслэлчүүд эрхээ зөрчүүлж хэрхэвч болохгүй. Нийслэлчүүд алдагдсан боломжийн өртгөө, алдагдсан ногоон байгууламжаа, алдагдсан цэцэрлэг, сургуулиа нэхэмжлэх бүрэн эрхтэй. Энэхүү системийн авлигын тогтолцоог илчлэх ажиллагаанд ил болон далд хэлбэрээр саад учруулахгүй байхыг улстөрчид, нийслэлийн албан тушаалтнуудад хатуу сануулъя!” гэсэн Ерөнхий сайдын үг нийслэлд бугшсан системийн авлига, дунд шатны албан тушаалтан, цагаан захтнуудын гэмт хэргийг илчлэх, дэлбэлэх харанга дэлдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...