Мэндэлсний нь 95 жилийн ойд
Д.Нацагдоржийн нэрэмжилт шагналт, хүүхдийн нэрт зохиолч, Дамдинцоогийн Содномдоржийн мэндэлсний 95 жилийн ой 2023 онд тохиов. Монголын хүүхдийн зохиолын хаан хэмээх алдрын титэм хэрвээ байх аваас гагцхүү түүнд л бахархалтайгаар өргөж болох билээ. “Навсайдамба ба түүний нөхөд ”, “Норовын намтар” зэрэг найраглал, үе үеийн хүүхэд багачуудын цээжилж өссөн шүлгүүд, “Жигмид, Тогмид хоёр” тэргүүтэй олон арван дуу, “Аз жаргалын эрэлчин” Монголын хүүхдийн анхны дуурь, “Улаан дарцаг” кино зохиол нь эзэндээ ийм эрхэм алдрыг хэдийнэ авчирсан юм. Д.Содномдорж гуай 1956 онд анхны номоо хэвлүүлснээс хойш насан өөд болтлоо 33 жилийн хугацаанд нийт 44 ном хэвлүүлжээ. Түүний хамгийн сүүлчийн бүтээл болох “Гол дээрээс аз жаргалын эрэлд мордсон минь” бодол, эргэцүүлэл, дурсамж, тэмдэглэлийн номоос амьдрал, уран бүтээлийн тухай зохиолчийн өөрийнх нь хүүрнэлийг түүвэрлэн хүргэе.
ЖҮЖИГЧИН, ДУУЧИН, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ БОЛОХ ШАХАВ
Анхнаасаа би олон мэргэжил рүү тэмүүлжээ. Арван долоон насандаа төмөр замын мэргэжилтэй болов. Дараа нь жүжигчин болж тэр үеийн жүжгүүдийн гол, туслах дүрүүдэд тоглож, цагтаа овоо гэгдэж байлаа. Ахиулаад бас дуучин болж үзэв. Ч.Лхамсүрэнгийн “Хүсэл”, Б.Баастын “Чамайг үдье”, З.Сандагаагийн “Болзоо” дуунуудыг дуулж, үзэгчдийн алга ташилтаар шагнуулж, бас ч үгүй дахиулдаг байсансан. Дараа нь хөгжимчин болж ноот сурч, өөрөө хөгжимдөн дуулж, яг ч үгүй ая дан оролдож хэд хэдэн дуу зохиож, нийтэд түгэхэд нь хэмжээгүй баярлаж урамшин, ер нь хөгжмийн зохиолч ч болдог юм билүү гэж бодож байж билээ.
Тэр дундаас техникт бол бүр ч сонирхолтой байлаа. Тэгэвч би 1945 оноос шүлэг оролдож эхэлсэн юм. Ингэж л олон юмыг зэрэг зэрэг оролдож туршиж байсан маань надад муугаар нөлөөлөөгүй юм… Тэр олон салаа замаар би ганц биеэрээ зэрэг зорчиж болохгүй гэдгийг ухааран бас ч тэр үеийн нэгэн жүжгийн баатрын дуунд “олон юманд самгардвал сүүлдээ аль ч үгүй болчихдог юм” гэсэн үг байсныг санаад ч тэр үү. Ардын маань аман ярианд “Олон санаат хүн оргож босож болдоггүй” гэсэн сургаалыг бодоод ч тэр үү. Утга зохиолын замаар алхъя гэж зориг шулуудсан билээ.
МИНИЙ БАГШ Д.СЭНГЭЭ
…Миний анхны ном бол “Гол дээр” гэдэг цөөн бадаг шүлэгтэй хүүхдийн бяцхан ном билээ. Удаах ном маань “Энх” гэдэг ном байсан боловч хэвлэлээс гарахдаа “Гол дээр” гэдгээс түрүүлж гарсан учир “Энх” бол анхных нь ном гэж хүмүүс бичдэг юм. Ийнхүү би хүүхдийн утга зохиолын замын “Гол дээрээс” эхлэн алхаж орсон юм. Энэ замаар би өөртөө туйдын зорилго өвөртлөн 30 жил алхахдаа 40-өөд жижиг гүүр ч гэж хэлж болох, эсвэл шав ч гэж болох тэмдэг босгож ирлээ. Энэ бол миний номууд юм. Энэ хугацаанд утга зохиолын амьдралд тохиолддог буюу тохиолдож болох зовлон жаргал хоёрыг эн тэнцүү эдэллээ. “Хүн хүнийхээ ачинд, загас усныхаа хүчинд” гэсэн мэргэн үг бий. Сурагчийн нимгэн дэвтэр дүүрэн шүлгүүдийг минь нэг бүрчлэн уншиж “Авах юм ганц ч алга даа” гэж урмыг минь хуга цохисон хэрнээ “Ажиллаад үзье, хоёулаа” гээд дэргэдээ үргэлж байлган зааж зааварлаж, хатуу зарчимтай багшилж эхэлсэн хүн бол Д.Сэнгээ юм.
Тэр бишрэлт хүн гарыг минь ганзаганд хүргэж, хөлийг минь дөрөөн өргөх гэж мэдээж их зовсон. Тэгээд намайг Цолмон хүүгийнхээ унасан цоохор дааганд сундлуулаад “Гол дээрээс” “Аз жаргалын эрэл”-д ташуурдан гаргасан билээ.
…Миний 30 жилийн зам төрсөн нутгийн минь Чандган талын зам шиг өндөр намгүй, өөгүй дардан байгаагүй нь мэдээж. Гэнэдэж эндэх, алдаж осолдох, олж онох, оргилж бургилах жам ёсоо тойрсонгүй. Гэвч олох гэж байж алдсандаа гутралгүй, овоолох гэж байж нураасандаа шантралгүй явлаа гэж хэлэх эрх өөрт минь бий.
АМРАГИЙН ЗАХИАНД ГАРШСАН НЬ
Уг нь би уран зохиолыг 1945 оноос буюу 16-17 настайгаасаа эхэлж оролдсон хүн юм. Хэрэв үзэг цаас нийлүүлж үгийн толгой холбож анхныхаа шүлгийг тэрлэснээс эхлэн тооцох юм бол уран зохиолын оролдлогыг 40 жил хийжээ. Хэрэв анхны шүлэг зохиол хэвлэлийн хуудсанд гарснаас тоолох юм бол 30 жил ажиллажээ. Одоо санахад би эхлэн оролдож байхдаа “Цэцэг”, “Аянчин”, “Дурлал” зэрэг жижигхэн шүлэг тэрлэж байсан юм. 1945 онд би Улаанбаатар-Налайхыг холбосон нарийн төмөр замд станцын жижүүрээр ажиллаж эхэлснээс хойш олон цэрэгтэй танил болсон билээ. Тэр үед нарийн төмөр замд монгол, орос цэргүүд янз бүрийн мэргэжлийн ажлыг хийдэг байсан юм. Тэр үед хүмүүс миний шүлэг оролддогийг мэддэг бөгөөд ялангуяа цэргүүд “За чи хүүхний сэтгэлийг татсан, гоё үгтэй сайхан захиа бичиж аль” гээд л суучихдагсан. Хэчнээн цэрэгт захиа бичиж өгснөө санахгүй байна. Тэгээд чухам сэтгэлийг нь татсан захиа болж чадаж байсан эсэхийг ч мэдэхгүй юм. Би цэргүүдийн хүүхний захиаг голдуу нэг янзаар эхэлж бичдэг байв. Одоо түүнээс эхний он, сар өдрийн хэдхэн мөр сэтгэлд хоцорчээ. Үүнд,
“Бадралт 1945 оны
Баясгалант 9 сарын
Баярт 18-ны өдөр…” гэх юм уу
“Ай хөө алдарт 1945 оны
Агуу түүхт 11 сарын
Алдарт 22-ны өдөр…” гэж эхэлдэг байв. Сүүлдээ би цэргийн захидлын эх бичигтэй болж шалсан хүнд түүнийгээ хуулуулаад л байдаг сан.
“АЛДАРТ “ЭХ ОРОН” ДУУНЫХАА ТУХАЙ
1955 оны үед шилжин ярья. Тэр үед би Хэнтий аймгийн ажилчны клубийн найруулагч байлаа. Нэг өдөр “Сайн дурын уран сайханчдад” гэдэг сэтгүүл ирснийг үзэж байвал миний “Эх орон” шүлэг хэвлэгдсэн байлаа. Хэчнээн баярласныг хэлэхэд бэрх байна. Тааралдсан хүн болгонд түүнийгээ үзүүлээд яасан ч онгироо байгаа вэ дээ. Энэ шүлгээ би 1954 онд бичсэн юм. Тэгээд хэдийд нь хэнд нь аваачиж өгөөд яагаад тэр сэтгүүлд гарсныг мэддэггүй юм. Яагаад гэвэл би л тэр шүлгээ өөрөө аваачиж өгөөгүй юм даг.
Маш их урам зориг, баяр баясгаланг тэр шүлэг надад тээж авчирч бэлэглэсэн юм. Энэ шүлэгт маань Д.Лувсаншарав аялгуу оруулж, 1955 оноос эхлэн нийтэд дуулагдахад хамгийн түрүүнд улсын гавьяат жүжигчин Доёддорж дуулж билээ. Энэ шүлэг одоо болтол дуулагдаж, надад анхныхаа авчирсан баяр баясгалан, урам зоригийг өгсөөр л явна. Яагаав
Мөнх цастай ноёлог уулс
Сүндэрлэнхэн харагдаад гэж эхэлдэг шүү дээ.
Аймгийн клубийнхэн үүнийг анх хоороор дуулахад концерт хянаж байсан Намын хорооны суртлын хэлтсийн нэг ажилтан “Ноёлог гэдэг үг буруу байна. Ноён гэдэг үг бол феодализмын цол хэргэм юм. Үүнийг засаж өөрчлөхгүй бол концертоос хасах хэрэгтэй” гэхэд нь би “баялаг” гэж зассан юм. Гэвч “баялаг”-аараа биш “ноёлог”-оороо дуулагдаад тарчихсан, одоо ч ингэж дуулж байгаа. Тэр үед би нээрээ л феодализмын үгийг хэрэглэж буруудаж сүйд болох шахлаа. Тэр хүн сайн хүн байснаас золтой л хэрэгт орсонгүй гэж баярлаж билээ. Нэг үе энэ дууг намын гишүүд сурч дуулах хэрэгтэй гээд заадаг байсан юм.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНХНЫ ДУУРЬ
Төрийн шагналт зохиолч П.Хорлоо гуай 1960-аад оны эхээр Ардын гэгээрлийн яамны орлогч сайдаар ажиллаж байх үедээ Д.Содномдорж гуайд хүүхдийн дуурь бичих үүрэг өгчээ.
-Ирэх жил болох Монголын пионерийн байгууллагын 40 жилийн ойд зориулан Пионерийн ордонд тоглох сайн жүжигтэй болох ёстой гэсэн П.Хорлоо сайдын үгийн хариуд
-Ай мэдэхгүй. Урьд өмнө дуурь, драм мэт жүжгийн зохиол бичиж үзээгүй болохоор чадна гэдэг сэтгэл төрж, за гэж хэлэх үг амаар гарахгүй л байна шүү гэж.
-Чи чадна аа. Би тусалъя. Хүн эхлээд чадаж байж юмыг хийдэггүй шүү дээ. Чадах ёстой, чад. Энэ үгийг П.Хорлоо гуайн үг биш сайдын үүрэг гэж бодоод “За би оролдоод үзье” гэжээ. Ингээд хэдэн өдөр аман зохиол, үлгэрийн болон жүжгийн зохиолууд уншжээ. Ялангуяа Д.Намдаг гуайн “Их хурим” хошин дуурийн цомнолыг ихэд анхааралтай уншсан гэдэг. Ингээд үлгэрийн сэдвээр бичье гэж шийдэж, мөнхийн усыг олж ээждээ өгч мөнх амьдруулах гэсэн хүүхдийн хүслэнгийн тухай бичье гэсэн санаа төржээ. Зохиолын агуулга, сэдэв ч тодорхой болж, үйл явдал, баатрууд нь ч амилж. Ингээд “Мөнхийн усны эрэлчин” гэдэг нэртэй дууриа нэг орой л бичиж эхлээд дорхноо дуусгасан байна. Бичиж дуусаад зохиолоо бичгийн машинаар цохих хүн олдсонгүй гар бичмэл хэвээр нь аваад П.Хорлоо сайд дээр оров. Тэгсэн П.Хорлоо гуай Ч.Ойдов зохиолчид мөн адил үүрэг өгсөн юм байж. Ингээд тэр хоёрыг зохиолоо өөрсдөө унш гэж. Д.Содномдорж гуай жүжигчин, дуучин байсан хүний хувьд зохиолоо уншихдаа дуурь тоглож байгаа юм шиг дүрүүдийнхээ дуу хоолойг дуурайн бүдүүн, нарийн хоолойгоор дуугарч, Боролдой, Хумбага, баавгай, туулай, чоно болж жүжиглэн дуулж, уншчээ. Ч.Ойдов зохиолч “Аргат бяцхан баатар” гэдэг зохиолоо уншив гэнэ.
П.Хорлоо сайд Д.Содномдорж гуайн “Мөнхийн усны эрэлчин” цомнолыг Пионерийн ордонд тоглуулахаар болж, нэрийг нь харин “Аз жаргалын эрэлчин” хэмээн өөрчилжээ. Харин Ч.Ойдов гуайн зохиолыг Төв аймгийн театрт тоглуулахаар болсон аж. Ийнхүү Монголын хүүхдийн анхны дуурь “Аз жаргалын эрэлчин” мэндэлж, уг зохиолоороо Д.Содномдорж зохиолч 1968 онд МХЗЭ-ийн анхны шагналын эзэн болжээ.
“ЗАД ШҮҮМЖЛҮҮЛЖ, БУТ НИРГҮҮЛСЭН ЗОХИОЛДОО Ч ХАЙРТАЙ”
Хүүхдийн зохиолч Самбуугийн Надмид гуай “Залгамжлагч” сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 1983 оны хавар Д.Содномдорж зохиолчоос ярилцлага авч сэтгүүлдээ нийтэлжээ. Д.Содномдорж гуай Хүүхдийн номын сангийн захирлаар ажиллаж байсан аж. “Таны хувьд бүгдээс илүү хайртай зохиол чинь юу вэ. Яагаад?” гэсэн асуултад тэрбээр
-Хүмүүс муу болсон гэж зад шүүмжилж, бут ниргэсэн зохиолдоо ч хайртай. Заавал онцолж хэд гурвыг нэрлэ гэвэл би “Аз жаргалын эрэлчин” гэдэг дуурийг хэлнэ. Ахиад нэгийг хэл гэвэл “Навсайдамба түүний нөхөд” гэдэг найраглалаа хэлнэ. Одоо дахиад нэмж хэлчих гэвэл “Аймхай бор хүү, хашин хар морь” гэдэг номоо хэлнэ. Тэр ч байтугай гуравхан бадаг 12-хон мөртэй “Жигмэд, Тогмид хоёр” гэдэг жижигхэн дуугаа ч хэлнэ шүү. Учир юун гэвэл эдгээр бүтээлүүд маань надад аз жаргал, алдар хүнд, хайр шагнал авчирч өгсөн юм аа хэмээн хариулж байжээ.
Хэнтий аймгийн номын худалдааны орос номын мухлагийн худалдагч Д.Содномдорж бичсэн шүлгүүдээ сурагч дэвтэрт хичээнгүйлэн хуулж аваад анхны номоо хэвлүүлэхээр Улаанбаатар хотыг зорьж, Ц.Дамдиинсүрэн, Д.Сэнгээ, С.Дашдэндэв, Ч.Ойдов нарын нэрт зохиолчдод тоогдсон 1955 оноос хойш олны хүндлэл хүлээсэн зохиолч болтлоо хүүхдийн шүлэг, найраглалын 44 ном, хүүхдийн 30 орчим дуу, хүүхдийн кино, хүүхэлдэйн кино, жүжиг зэрэг тайз, дэлгэцийн есөн бүтээл, мөн тооны бэсрэг жүжиг, кино тууж туурвиж, мөн дэлхийн хүүхдийн зохиолчдын бүтээлийг орчуулан арваад ном хэвлүүлжээ. Энэ бүх бүтээлээрээ тэрбээр хүүхдийн зохиолын “Мөнх цаст ноёлог уул” болон сүндэрлэн, сүмбэрлэн байх ажгуу.
Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос санаачлан 2015 онд хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдоржийн нэрэмжит шагналыг бий болгож, уг шагналын анхныхыг 2016 онд Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондог, МЗЭ-ийн Утга зохиолын төлөө шагналт, хүүхдийн зохиолч Ю.Санжаагончиг, МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Ш.Энхбаяр нарт олгосон юм.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сонинбаяр
Эх сурвалж: МЗЭ-ийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөл “Хэрлэн тооно” уран бүтээлийн нэгдлээсэрхлэн гаргасан “Хэрлэн” сэтгүүл
ДАМДИНЦООГИЙН СОДНОМДОРЖ
(1928-1989)
Яруу найрагч, хүүхдийн зохиолч ДАМДИНЦООГИЙН СОДНОМДОРЖ 1928 Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн.
Д. Содномдорж бага, дунд сургууль, техникум төгсгөж, Москва хотноо М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх дээд курсийг төгсгөсөн байна.
1955 оноос эхлэн зохиол бичих болж “Навсайдамба ба түүний нөхөд ”, “Норовын намтар” зэрэг найраглал, “Жигмид, Тогмид хоёр” зэрэг олон дуу, “Аз жаргалын эрэлчин” монголын хүүхдийн анхны дуурь, “Улаан дарцаг” кино зохиол, «Тахир тав, махир хоёр», «Жигмэд Тогмид хоёр» зэрэг олон ном бичсэн билээ.
«Навсайдамба түүний нөхөд» «Аймхай бор хүү, хашин хар морь», «Аз жаргалын эрэлчин» зэрэг бүтээлүүдээр 1968 онд МХЗЭ-ийн шагнал, 1978 онд Д. Нацагдоржийн нэрэмжит шагнал, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.
Д. СОДНОМДОРЖИЙН УРАН БҮТЭЭЛИЙН БҮРЭН ЖАГСААЛТ
Хэвлэгдсэн Ном
- Гол дээр 1956 (шүлэг)
- Энх 1956 (шүлэг)
- Хүүхдийн шүлгүүд 1957 ( богино шүлгүүд)
- Дөрвөн улирал 1957 (шүлгүүд)
- Норовын намтар 1957 (бэсрэг хошин найраглал)
- Тахир тав махир хоёр 1957 (бэсрэг найраглал)
- Хурга тугалын тухай дуу 1958 (дууны шүлэг)
- Тоншуул 1958 (шүлэг)
- Дугаар ангийн Дугар 1958 (шүлгүүд)
- Үүрээр (Р. Чойномын хамт ( 1958 (найраглал)
- Шинэ жилийн орой 1958 (шүлгүүд)
- Жигмэд Тогмид хоёр 1958 (дууны шүлэг)
- Баглаа цэцэгтэй угтамз 1959 (шүлгийн түүвэр)
- Серёж Сэрж хоёр 1959 (бэсрэг найраглал)
- Хүүхдийн дуунууд 1959
- Би тагтаанд хайртай 1959 (шүлгийн түүвэр)
- Үлэмжийн ачтан 1959 (богино найраглал)
- Цагнуудын зөвлөгөөн 1959 (бэсрэг найраглал)
- Хөгжилтэй өдөр 1959 (шүлгүүд)
- Дундууд 1959 (шүлэг)
- Ямаачин хүүгийн үлгэр 1960 (үлгэр)
- Улаан бүчний эзэн 1961 (найраглал)
- Болдоггүй Борхүү 1962 (шүлэг)
- Хүүхдүүд 1964 (түүвэр зохиол)
- Бэрхийг аргаар 1964 (үлгэр)
- Цэнгэлтэй зуслан 1964 (бэсрэг найраглал)
- Шуурган дундуур 1965 (өгүүллэгийн түүвэр)
- Навсайдамба ба түүний нөхөд 1967 (баатарлагийн баримтат туульс)
- Үнэнч зүрх 1969 (баатарлагийн найраглал)
- Үүрээр боссон баатрууд 1969 (баатарлагийн найраглал)
- Гурван гавьяа 1970 (баатарлагийн найраглал)
- Түм буман хүүхэд 1971 (зохиолын эмхэтгэл)
- Мөнх гавьяаны эзэд 1974 (найраглалуудын эмхэтгэл)
- Аймхай бор хүү хашин хар морь 1977 (найраглалуудын эмхэтгэл)
- Таван хөөрхөн болжмор 1978 (шүлгүүд)
- Аз жаргалын эрэлчин 1978 (өгүүллэгийн түүвэр)
- Хайрын мянган бадаг 1980 ( шүлэг найраглал)
- Усан дээгүүр хорин мянган бээр аялсан нь 1981 ( баримтат найраглал)
- Цэцгийн таван дэлбээ 1981 (шүлгүүд)
- Миний тарьсан цэцэг 1983 (шүлгүүд)
- Хүрэн баавгайн хүндэт зочид 1985 (шүлэг)
- Хорьдугаар зууны хүүхдүүд 1987 (зохиолын түүвэр)
- Миний хайртай хүүхдүүд 1988 (шүлгүүд)
- Гол дээрээс аз жаргалын эрэлд мордсон минь 1989 ( бодол, эргэцүүллийн ном)
Дууны уран бүтээлийн жагсаалт
- Солонго. 1951 онд зохиосон баримт буй. Зохиолчийн шүлэг, хөгжим
- Эх орон. Энэ дууг 1955 онд бичсэн бөгөөд хөгжмийг Д. Лувсаншарав
- “Жигмэд Тогмид хоёр”. 1956 он. Ц. Сүхбаатарын хөгжим
- Хурга тугал хоёрын дуу. 1958 он. Зохиолчийн шүлэг, хөгжим.
- Намдаа бид баярлалаа 1958 он. Ц. Сүхбаатарын хөгжим
- Мөсөн дээр 1958 он. Ц. Сүхбаатарын хөгжим
- Анхны цас. 1958 он. Ц. Сүхбаатарын хөгжим
- Зун цаг. 1958 он. Ц. Сүхбаатарын хөгжим.
- Хэзээд бэлхэн 1958 он. Б. Цэндийн хөгжим
- Шувуухайн байшин. 1958 он. Ц. Сүхбаатарын хөгжим.
- Би цэцэг тарьсан. 1958 он. Ц. Сүхбаатарын хөгжим
- Саальчин болно. Ц. Сүхбаатарын хөгжим. 1958 он.
- Залуу жолоочийн дуу. 1959 он. Зохиолчийн шүлэг, хөгжим
- Бидний өргөх дуу 1959 он. Х. Баатарын хөгжим
- Аз жаргалын эрэлчин дуурь. “Эхийн дуу”. 1961 он. Ц. Сүхбаатарын хөгжим
- Баатарчуудын хүндэтгэлийн дуу. 1964 он. Хөгжмийг Н. Дарьсүрэн
- Эх нутгаа дуулъя. 1965 он. Ц. Сүхбаатарын хөгжим
- Зуслангийн магтаал 1965 он. В. Сээсрэгийн хөгжим
- Таван эрдэнийн дуу. 1971 он. Харилцаа дуу. Г. Бирваагийн хөгжим
- Сургуулийн вальс. 1972 он. Хөгжмийг Г. Бирваа.
- Зурагчин болно 1973 он. Б. Цэнджавын хөгжим
- Үдшийн үлгэрийн ахыг угтах дуу. 1974 он. Б. Цэнджавын хөгжим
- Таван хөөрхөн болжмор. 1973 он. Б. Цэнджавын хөгжим
- Үдшийн үлгэрийн бүүвэйн дуу. 1974 он. Б. ЦэнДжавын хөгжим.
- Ногоон гэрэл. 1975 он. Л. Галмандахын хөгжим.
- Учран золгохын ерөөл. Ц. Чинзоригийн хөгжим. 1979 он
- Олуулаа. 1982 он. С. Батболдын хөгжим.
- Цэцэгт нугын эрвээхэй. Н. Мэндбаярын хөгжим.
- Бүүвэйн дуу Зохиолчийн шүлэг, хөгжим
Театрын тайз, дэлгэцнээ тавигдсан бүтээл
- “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн анхны дуурь (1961 (. МПС-ын ордны урлагийн дугуйлангийн багш сурагчид, хөдөөгийн театрууд, хорооны клубүүд тоглосон.
- “Чин хүсэл” хүүхдийн жүжиг (1963 (МПС-ын ордны багш, сурагчид тайзнаа тоглосон
- “Атрын өглөө” хөгжимт жүжиг (1966. (Ховдын театрын жүжигчид анх тоглосон.
- “Маргад эрдэнэ” хүүхэлдэйн жүжиг (1974. (Д. Гармаатай хамтран бичсэн)
- “Эцсийн шийд” хөгжимт жүжиг (1974. ( Төв аймгийн театрт тоглосон.
- “Улаан дарцаг” уран сайхны кино (1971. ( дэлгэцнээ гарсан, олны танил )
- “Норовын намтар” (2013 (. УДЭТ-ын жүжигчид тоглосон. Найруулагч Ч. Түвшин.
- “Аз жаргалын эрэлчин” хүүхдийн үндэсний дуурь (2018 ( Монголын Хүүхдийн ордон. Санаачлагч С. Алтан-Уяа, Ч. Түвшин (УД ЭТ-ын найруулагч ( ордны урлагийн дугуйлангийн багш, сурагчид тоглосон.
- “Норовын намтар” хүүхэлдэйн кино (1982 (, ТВ- ийн хүүхэлдэйн кино, мөн (2009 ( Зургаадай нэгдэл. Зурмал хүүхэлдэйн кино.
Бэсрэг жүжиг, кино туужууд
– “Гутал” кино зохиол 1960 он. “Пионерын үнэн” сонины гурван дугаарт хэвлэгдсэн.
– “Бяртай болохын хүслэн” 1971 он. Хүүхдийн харилцан жүжиглэж унших үзэгдэл
– “Хагацашгүй анд нөхөд” кино зохиол
– “Хилийн хүүхэд” кино зохиол
– “Хүслийн туйл” кино зохиол “Үүргэвчтэй хүүхдүүд” кино зохиол.
– “Олз” хүүхэлдэйн жүжиг.
– “Орхон түшээ гүн дуурь” 1975 он. Зохиолчийн гар бичмэл үлдсэн.
– “Хөх тэнгэр” 3 ангит сюит 1988 он. Зохиолчийн гар бичмэлээр үлдсэн.
Гадаад хэлнээс монгол хэл рүү орчуулсан болон эмхэтгэсэн ном
- “Оньсого таацгаа” 1959 (Я. Эрдэнэцэцэгийн хамт хятад хэлнээс монгол хэл рүү)
- К. Чуковский “Утас” 1967 (орос хэлнээс)
- С. Маршак “Баавгайг яаж хуваасан бэ?” 1967 (орос хэлнээс)
- Г. Граубин “Түрэгч трактор баавгай” 1967 (орос хэлнээс)
- Г. Граубин “Эрхэм нөхдөдөө” 1979 (орос хэлнээс С. Эрдэнэ орчуулж, А. Алексин, Д. Содномдорж нар хамтран эмхэтгэсэн байна)
- А. Давыдов “Зааны тугал эрдэм сурахаар явсан нь” 1967 (орос хэлнээс)
- Орос, зөвлөлтийн хүүхдийн зохиолчдын 36 шүлгийг монгол хэлнээ орчуулан “Түм буман хүүхэд” түүвэр зохиолынхоо 4-р бүлэгт оруулсан.
Гадаад хэл рүү орчуулагдсан ном
- “Буркасында” 1968 (казах хэлнээ Баян-өлгий аймгийн хэвлэхэд хэвлэгдсэн. Номд 12 өгүүллэг нь оржээ. )
- “Шубуухайн байшан” 1971 (буриад хэлнээ орчуулсан Цырендулма Дондокова. Ц. Б. Бадмаев нар. Уг номыг Улан-Удэ хотод хэвлэсэн. Номд есөн шүлэг орсон)
- “Норовын намтар” 1965 (хятад, өвөр монгол хэлнээ)
- “Семь волшебных карандашей” (орос хэлнээ ( В. Михановсково, Г. Ярославцева нарын орчуулгаар “Детгиз” хэвлэлийн газраас хэвлэсэн.
- А. Алексинтэй хамтран эмхэтгэсэн Монгол зөвлөлтийн зохиолчдын шилдэг өгүүллэгийн “Үнэнч нөхөд” өгүүллэгийн түүвэр.