Өрийн сүлжээг таслав
Сайн мэдээ-1. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, Монгол Улс “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлав.
Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.
Сайн мэдээ-2. Ковидын үед -4.7 хувьтай байсан эдийн засаг улирч буй 2023 оны урьдчилсан биелэлтээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарчээ.
Өр хэрхэн үүсэв?
2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш анх удаа олон улсын хөрөнгийн хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын кодтой арилжааны бонд арилжаалж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 1990-2012 оны хооронд хөгжлийн хамтрагч Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагуудаас хөнгөлөлттэй 25-30 жилийн урт хугацааны хөгжлийн зээлүүдийг авч, төсөвтөө хэрэглэж байсан бол гадаад өр зээлийн хувьд 2012 онд цоо шинэ хуудас нээгджээ. Өрийн данс улам зузаарсан гэсэн үг.
Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой, Засгийн газрын гаргасан өнөөдрийг хүртэлх цорын ганц бонд бол “Чингис” бонд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Сангийн яам, Сангийн сайдад төлөх эрхийг олгосноор бид олон улсын санхүүгийн зах зээл дээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрийн хариуцлагаа цаг хугацаанд нь буюу эцсийн төлбөр болох 136 сая ам.долларыг 2022 оны арванхоёрдугаар сарын 05-нд төлж, бүрэн барагдуулсан. Энэ бол Засгийн газраас олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргасан бондуудаа цаг хугацаанд нь, маш хариуцлагатайгаар бүх хүү үндсэн зээлийн хамт төлж ирсний үр дүн.
Анх АН-ын Засгийн газар “Чингис” бондыг гаргаснаас хойш өрийг өрөөр дарах, төсвийн алдагдлыг нөхөх журмаар “Дим сам”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Хуралдай”, “Номад” бонд, Кредит Свисс банкны синдикат зээл гээд 2021 он гэхэд Засгийн газрын гадаад өр 8 тэрбум 654 сая ам.долларт хүрсэн байв. Ингэснээр олон улсын санхүүгийн зах зээлээс Монгол Улсын дефольт зарлах дөхсөн орны нэгд тооцож байсан төдийгүй Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж, хараат эдийн засгийн нөхцөл байдалд ч орсон.
Өрийг хэрхэн дарав?
Азаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахал, хил гааль гээд элдэв асуудалтай байсан ч дэлхийн зах зээл түүхий эдийн үнэ өссөний ачаар нүүрсээ гэхэд 2-3 дахин өндөр үнээр борлуулсан ч манай улсын хувьд гадаад өрийг өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан төлж барагдуулах боломж олгов. Товчхондоо бол Хөгжлийн банк болон “Эрдэнэс Тавантолгой” компанид авч хэрэгжүүлсэн авлигын эсрэг багц арга хэмжээний үр дүнд монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.
2021 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд “Кредит Свисс” банкны синдикат зээлийн үлдэгдэл 60 сая ам.доллар, “Мазаалай” бондын үлдэгдэл 132.6 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 266.9 сая ам.доллар, “Чингис” бондын 662.4 сая ам.долларыг 2021 онд төлж барагдуулсан бол 2022 онд “Чингис” бондын үлдэгдэл 136.8 сая ам.долларыг төлсөн бол 2023 онд “Хуралдай” бондын 209.3, “Гэрэгэ” бондыг бүрэн төлж барагдуулсан юм.
Засгийн газар өр, зээлийг эргэн төлүүлэх үе шаттай арга хэмжээг авсан нь өнөөдөр ийнхүү 12 жил үргэлжилсэн өрийн сүлжээнээс гарах боломжийг олгожээ. Өрийн менежментийг амжилттай хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгөв. Жил гаруйн өмнө нөхцөл байдал хүнд байсан. Хөгжлийн банкны зээлийн дийлэнх нь найдваргүй ангилалд орж, тус банк дампуурлаа зарлахад тулаад байв. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн үе шаттай алхмуудын үр дүнд Хөгжлийн банкны эргэн төлөлт сайжирсан. Хөл дээрээ эргэж боссон. Тиймээс тус банкны орлогоор хоёр ч бондын өрийг дарсан. Цаашид Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар сонгодог Эксим банк болгох эрхзүйн цогц шинэчлэлийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьж байгаа аж.