Жингийн түүчээ болдог буурал атных нь цавинд шигдсэн хувалз томрон томорсоор нударган чинээ том болж, өнөөхийг нь хувалз уу, ургацаг уу гэдгийг тодруулах комисс байгуулагдан сум, нэгдлээрээ дуулиан болж байгаа тухай зохиолч Д.Энхболдын “Өвгөний буурал ат” гэж өгүүллэг бий. Сүр бадруулж байгуулсан комиссынхон хөгшин атны цавинд бий болсон ургацгийг юу гэдгийг тодорхойлж чаддаггүй. Өнөөх нь гэтэл язартлаа шимэгчилж, цус сорсон хувалз байж. Үүн шиг Монголын эдийн засаг “хачиг”, “хувалз”-нд баригдчихаад байв. Хувалз, шимэгч, хамуу хатиартай мал таргалдаггүй шиг “хувалз”-тай эдийн засаг ч өргөжин тэлж, үр ашгаа өгөхгүй. Улс орны эдийн засгийг шимэгчлэгч тэр хувалз нь далд эдийн засаг. Тэрхүү паразитыг хачиг төдийгөөс нь тэжээн томруулж хувалз болтол нь тордогчид нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд. Далд эдийн засаг бол улс орны хөгжлийг боомилж, төр, ард түмнийг шимэгчилж, эрүүл, зөв, сайн бүхнийг хордуулж, хөнөөж байдаг аюултай.
Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт хийгээд төмөр замын мега төслүүдийг дагасан далд эдийн засаг хорт хавдар шиг томорч, төрийн алба, төрийн өмчит үйлдвэрүүд яг ийм аюул, хөнөөлтэй “хувалз”-уудаар дүүрээд байжээ гэдгийг олон нийт жил гаруйн өмнө л мэдсэн.
Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн бага хурал зарлаж энэ талаар олон нийтэд анх мэдээлсэн юм. “Том, жижиг Тавантолгойд авлигачид үүрлэчихжээ. Тэнд нүүрсээр дагнасан асар том мафи, асар том далд эдийн засаг бий. Төрөөс гадуур, хяналтгүй их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Удахгүй энэ мафийг, энэ далд эдийн засгийг дэлбэлж, ил болгоно. Энэ луйвар цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа” гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдсэнийг олон нийт мартаагүй байгаа. Ерөнхий сайд Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцох үеэрээ БНХАУ-ын төр, засгийн дээд түвшний албан тушаалтнуудтай уулзахдаа анх Монголын талд нүүрсний хулгай байна гэдэг мэдээллийг авч, эх орондоо ирснийхээ дараа уг асуудлыг шалгах баг байгуулсан байдаг. Ингээд дөрөвдүгээр сард нүүрсний хэргийн талаар албан ёсны байр сууриа илэрхийлж мэдээлэл хийсэн нь дуулиан тарьсан юм.
Сүүлийн 20-иод жилийн турш нүүрс зарахдаа тонн тутамд нь 60-70 ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсгийг байгуулсан гэдгээ тухайн үед мэдэгдсэн. Хил, гаалиар нүүрс ачсан машин гаргахдаа хоосон хэмээн мэдүүлдэг, эсвэл хоёр чиргүүл дүүрэн нүүрснийхээ нэгийг нь хоосон гэж мэдүүлж хилээр гардаг гэх мэтээр бүртгэлгүйгээр нүүрс зөөж тэрбум тэрбумын ашиг олдог бүлэглэлүүд байгааг зарласнаар нүүрсчдийг илрүүлж, хариуцлага тооцохыг шаардсан иргэд ид өвлийн жавар дунд Сүхбаатарын талбайд 20 гаруй хоног суулт, жагсаал зохион байгуулж, айж сандарсан нүүрсчид жагсаал, цуглааныг зохион байгуулалттайгар хутган үймүүлэх, хатган турхирахыг оролдож, Засгийн газрын эсрэг бүх сувгаар дайрч эхэлсэн нь ердөө жилийн өмнөх явдал.
Манай улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэс бүрдүүлдэг бол Тавантолгойн орд нь нүүрсний нийт экспортын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг. Үндсэн хуулиар газрын хэвлийн баялаг бүх ард түмнийх. Гэтэл түүнийг цөөн хэдэн эрх мэдэлтэн, албан тушаалтан, тэдний үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, найз нөхөд хуйвалдан бүлэглэн ухаж, зөөж, хууль бусаар баяжиж хөлжиж байжээ. “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой түлш” гээд төрийн өмчит компаниудад нүүрсчид “ургийн мод”-оо үндэслүүлэн цэцэглүүлснээрээ ийнхүү хууль бус үйлдлээ нуун далдалж байсан нь сая нээлттэй сонсголоор ил болов.
Авлигаар тэжээгдсэн далд эдийн засаг улс орны хөгжил, эдийн засаг, нийгмийн амьдралд ямар хор хөнөөл, хохирол, уршиг тарьж байсныг ганцхан жишээнээс харж болно. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр гарч, улмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онц дэглэм тогтоон, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллсан зургаан сарын дотор нэг их наядын ашигтай ажиллаж, төрийн өмчит компани өндөр ашигтай ажиллаж болдгийг харуулсан. Онцгой дэглэм тогтоосноос хойш нэг жилийн хугацаанд буюу энэ оны аравдугаар сарын эцсийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулж, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлого, борлуулалтын үзүүлэлт болжээ.
Түүнчлэн нүүрс тээвэрлэлтийн тусгай зөвшөөрлийг шилэн болгож, борлуулалтыг биржээр зохион байгуулах зэргээр олон арга хэмжээг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн нийт 59 удаагийн арилжаагаар 1,001.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 8 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан борлуулаад байгаа аж. Монголын Хөрөнгийн биржээр нүүрсний цахим арилжааг зохион байгуулж эхэлснээс хойш нийт 11.1 сая тонн нүүрсийг арилжаалсны 8 сая тонн буюу нийт арилжааны 72 орчим хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаар арилжжээ. Үүний нөгөө талд тус компани байгуулагдсанаас хойших өнгөрсөн 13 жилд ямар их боломж алдагдаж, хөгжил дэвшил боомилогдож вэ гэдгийг харж болно. Далд эдийн засгийн хор хөнөөл ийм юм. Мөнгөөр тооцож багцаалж болох алдагдал, хохирлоос гадна юугаар ч үнэлэшгүй хөгжлийн боломж, цаашилбал үр хүүхдийн маань өнөөдрийг ирээдүйтэй нь хулгайлсан нь хамгийн гачлантай.