Нүүрсний асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр үе шаттай болж өндөрлөлөө. Нийт есөн өдөр үргэлжилсэн нээлттэй сонсголоор 60 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалжээ. Сонсголд давхардсан тоогоор 577 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 419 буюу 72.6 хувь нь иржээ. Хэн хэн ирсэн, хэн хэн ирэлгүй зугтсаныг олон нийт өнгөрсөн өдрүүдэд харсан. Ирж оролцсон гэрчүүдийн тайлбар, мэдээллийг ч, шинжээчдийн дүгнэлтийг ч сонссон. Хамгийн том олз нь иргэд нүүрсний гэх энэ хэрэг ямар өндөр зохион байгуулалттай, нарийн сүлжээтэй, улстөрчид, бизнесийнхний хэлхээ холбоо, харилцаа хамаарал, нэгдмэл сонирхлоор гагнагдсан авлигын гинж байж вэ гэдгийг баримт, нотолгоотой нь мэдэж авлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх яагаад “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн жижиг “Тавантолгой” ХХК-ийн асуудлыг хөндөх болов гэдэгт хангалттай хариулт авлаа. Тэнд хулгай байсныг харлаа, Өмнөговийн газар нутгийг бараг бүхэлд нь зарсныг мэдлээ. Зарах зарахдаа Үндсэн хуулиа зөрчин харийнханд газраа эзэмшүүлсэн нь баримтаар ил болов. Газрын наймааны, нүүрс тээврийн мафижсан бүлэглэл байдаг гэдгийг ч харлаа. Гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс нууцаар гарч байсныг, түүний цаана хэн хэн байсныг илчиллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсанаасаа хойш 13 жил яагаад ашиггүй ажиллаж байсны учрыг олов. Улстөрчид үр хүүхэд, ах дүү, танил талаа, хамаатан саднаа тэнд ажилд оруулдгийг мэдлээ. Улаанбаатарын утааг бууруулах зорилготой “Тавантолгой түлш” компани тэрбумаар хэмжигдэх өртэй байтал ТУЗ-ийн гишүүд, удирдлагууд нь тэрбум төгрөгөөр бие биенээ шагнаж урамшуулж байсныг мэдэв. Мөн л тэнд хамаатан саднаа, анги хамт олноо ажилд оруулдаг, томчууд нь компанидаа 20 тэрбум төгрөгийн үнэтэй шуудайны шахаа хүртэл хийдэг, нөхрийнхөө хадгаламжийн данс руу 40, 50 саяыг шилжүүлдэг, баримт бичгээ устгадаг, наад захын санхүүгийн бүрдүүлэлт хийдэггүй гэх мэт түмэн асуудал байгааг харлаа. Хүрээний бузрыг ярьвал далай далай гэдэг шиг нүүрснийхний бузрыг ухвал далай гэдгийг нээлттэй сонсгол зах зухаас нь ойлгуулав.
Одоо цаашид яах вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарна. Нээлттэй сонсгол үүргээ гүйцэтгэсэн. Мэдээллийг ил тод, нээлттэйгээр шинжлэн судалж, гэрчүүдээс тодруулга, тайлбар авсан. Хууль зөрчсөн үйлдлүүдийг олон нийтэд ил болголоо. Одоо жинхэнэ ажил эхэлнэ. Өөрөөр хэлбэл хууль хяналтын байгууллагууд нүүрсний гэх энэ хэргийг шалгана. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна. Улмаар шүүхэд шилжүүлнэ. Нээлттэй сонсголын үр дүнг УИХ-ын чуулганд танилцуулснаар Хянан шалгах түр хороо татан буугдана. Тиймээс УИХ шүүх, цагдаа шиг ажиллаж байна. Хилс хэрэг тохож, хоморголон буруутгаж, яллаж байна гэх мэтээр шүүмжилж байгаа хүмүүс тайван байж болно. Цаашид нүүрсний гэх хэрэг хуулийн дагуу л шалгагдаад явна. Үүнд УИХ, Засгийн газар нөлөөлөх боломжгүй. Монголын шүүх, цагдаагийн байгууллага Үндсэн хууль бусад хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд ажиллана гэдэгт эргэлзэх юм алга.
Саяын болсон нээлттэй сонсгол ч гэсэн Үндсэн хуульд Монгол төрийн хуулийн биелэлттэй холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг ард түмний төлөөллийн байгууллагаас хянан шалгах эрх зүйн орчныг бүрдүүлсний дагуу л болсон үйл ажиллагаа. Энэ дагуу
УИХ-ын дэргэд байгуулагдсан Түр хорооны хяналт шалгалтаар хууль зөрчсөн олон үйл ажиллагааг нотлох баримттай нь иргэд, олон нийтэд ил тод болголоо. Түр хороо үүнээс цааш алхахгүй, гүйцээ.
Гэрчүүдэд нөлөөлнө гэж үздэг учир УИХ-ын нээлттэй сонсголд сэтгүүлчдийг оруулдаггүй, харин нээлттэй сонсголыг шууд дамжуулдаг журамтай. Ийм л нарийн чанд дүрэм, журмын хүрээнд нүүрсний сонсгол болж өнгөрөв. Тэгэхээр одоо хууль, шүүхийн байгууллагуудын ажил эхэлж байна. Олон нийтэд мэдээлэгдэж, ил болсон энэ хэргийг шүүх одоо шийднэ. Гэм буруутнуудад нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Гэм буруутнуудыг шүүхийн үүдэнд аваачих хүртэлх үйл явц мэдээж амар хялбар байгаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хавар олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ “Том, жижиг Таван толгойд нүүрсчид үүрлэчихсэн байна. Тэнд нүүрсээр дагнасан асар том мафи, асар том далд эдийн засаг бий. Тэнд төрөөс гадуур, хяналтгүй их хэмжээний мөнгө эргэлдэж байна. Удахгүй энэ мафийг, энэ далд эдийн засгийг дэлбэлж, ил болгоно. Энэ луйвар цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Нүүрсний экспортын тонн тутмаас 60-70 ам.долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Нүүрсний тээвэрлэлт эрхэлдэг олон мянган машин бий. А.Адьяасүрэнгээс эхлээд манай парламентын олон гишүүн нүүрс зөөдөг. Цаана нь маш олон нөлөө бүхий лидер гарч ирнэ. Тэд Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр мөн нүүрсний хулгайтай тэмцэх амархан биш, гэхдээ үүний ард нь гарна гэж хэлсэн удаатай. Юутай ч нүүрсний сонсголоор далд эдийн засгийн буглааг хагалж, нүүрсний мафийг дэлбэлж чадлаа.
Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хороог ахалж ажилласан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ч сая
“Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хийх зам амар хялбар, дардан байгаагүй. Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан. Үндсэн хуулийг хэрэгжүүлж, ард түмний мэдэх эрхийг хангах зорилгоор зохион байгуулсан “нүүрсний” сонсголыг явуулахад саад болох, өөр тийш чиглүүлэн таслан зогсоох оролдлого “нүүрсний хулгай”-тай холбоотой бүлэглэлээс удаа дараа гарч байсныг тэмдэглэн хэлье”
хэмээн онцолсон нь санамсаргүй хэрэг биш. Түүний хэлснээр энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол шударга ёсыг тогтоож, хулгай луйврыг таслан зогсоон, хариуцлага тооцох, ард түмний өмч байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн зүй зохистой ашиглах, эзэн нь болсон ард түмний амьдрал ахуйг сайжруулах, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай дараа дараагийн арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт олон нийт итгэж байна. Энэ итгэлийг хөсөрдүүлэхгүй байх үүрэг, хариуцлага одоо хууль, шүүхийн байгууллагын нуруун дээр ирж байна.