Wednesday, December 4, 2024

УИХ-ын таван том тойргоос 78 гишүүн сонгодог болох уу?

Date:

Тогтолцооны өөрчлөлтийг тултал нь хийх ёстой

Улстөрчдийн амны уншлага болсон, өөрчилнө гэж дандаа ярьдаг ч өөрчилж чаддагүй, угаасаа өөрчлөхийг хүсдэггүй олон зүйл бий. Тэдний нэг нь сонгуулийн тогтолцоо. Улстөрчид сүүлийн 20-иод жил сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай ярьж ирсэн атлаа цагаа тулахаар амь амиа бодож, арьсаа хамгаалахын тулд өөрсдөд ашигтай хувилбарыг л хуульчилсаар ирсэн. Тэр нь мажоритар тогтолтолцоо. 2012 онд анх удаа холимог тогтолцоог туршсаныг эс  тооцвол нэг тойрог нэг мандат, эсвэл нэг тойрог олон мандат гэсэн хоёр хувилбараар л 1992 оноос хойших УИХ-ын бүх сонгуулийг зохион байгуулсан. Үр дүн нь өнөөгийн Монголын улс төр, эдийн засгийн гажуудлууд.  

Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж байх ёстой УИХ-ын гишүүд дахин сонгогдохын тулд тойргоо “усалж”, дов жалгын асуудал ярьж суудаг болчихсон. Тэд сонгогчдынхоо гэрийг цэвэрлэж, хоолыг нь хийж өгч, малыг нь хариулах шахам сайн хүмүүсийн дүрд тоглосоор ирсэн. Тойргийнхноо тойглодог гишүүд том сэтгэж, холыг харж мэдээж чадахгүй.

Ирэх жилийн УИХ-ын сонгууль цоо шинэ тогтолцоогоор явагдах нь тодорхой болсон байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламент 126 гишүүнтэй, үүний 78 нь уламжлалт мажоритар системээр тойргоос, 48 нь пропорциональ буюу жагсаалтаар сонгогдохоор болсон. Намууд жагсаалтаа хэрхэн гаргах вэ гэдэг дээр мэдээж “алаан” болно. МАН-ын даргын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулна” хэмээн мэдэгдсэн. Мөн жендэрийн тэнцвэртэй байдал ч намуудын жагсаалтад гол үзүүлэлт болж таарна.

Харин тойргоос сонгогдох гишүүд нэг тойрог, нэг мандат гэсэн уламжлалт тогтолцоогоороо явах уу, эсвэл томсгосон тойргоос сонгогдох уу гэдэг гол асуулт бий. Үүний хариулт тодорхой болсон бололтой. Эрх баригч МАН-ын нөлөө бүхий улстөрчид энэ талаар дуугараад эхэлжээ. Тэдний яриаг тоймлоход ирэх жилийн УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор зохиол байгуулах нь.

Нэг тойрогт, олон мандат гэдэг энэ хувилбарыг өмнө нь туршиж байсан л даа. Энэ удаагийнх юу нь шинэлэг вэ гэхээр Монгол Улсыг тав юм уу зургаан бүсэд хуваагаад л нэг бүм нэг тойрог болно. Нэг бүс буюу тойргоос 10-аас дээш гишүүн сонгогдох нь.

Энэ хувилбарыг сонгох санаачилга МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гарсан нь тодорхой. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзаж УИХ-ын сонгуулийн тогтолцооны энэхүү шинэ хувилбар дээр санал нэгдсэн байж мэднэ гэдэг таамаг байна. Учир нь энэ уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт зэрэг томчуудын амнаас бүсчилсэн том  тойрог, олон мандатын тухай үг цухалзаад эхэлжээ.

Тогтолцооны томоохон шинэчлэл хийнэ гэдгээ мэдэгдсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ бол зоригтой бөгөөд зайлшгүй шийдэл мөн. Тогтолцооны өөрчлөлт ярьж ярьчихаад өмнөх холимог эсвэл можаритартайгаа үлдэх юм бол өөрчлөлт, шинэчлэлт болж чадахгүй. Тиймээс Ерөнхий сайд ийм хувилбарыг зоригтой дэвшүүлжээ. Тогтолцооны өөрчлөлтийг нэр төдий додомдохгүй, гүйцэд, тултал нь хийнэ гэж байгаа нь зөв. Ингэх үндэслэл, шалтгаан ч байсан бололтой. Өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий сайд бүх аймгаар тойрч ажилласан. Энэ үеэр иргэд ахуйн шинжтэй, аймаг, сумын хэмжээний хөрөнгө оруулалтаас илүү бүсийн хэмжээний бүтээн байгуулалтын талаар түлхүү сонирхож, улс орны хэмжээнд хэрэгжүүлэх бодлого хэрэгтэйг онцолж байжээ.

Бүсчилсэн том тойргийн давуу ба сул тал

Бүс нутгийн шинжтэй томоохон бодлого хэрэгжүүлж, бүтээн байгуулат өрнүүлье гэвэл үнэхээр л нэг аймаг, хэдэн сумын хэмжээнд сэтгэж, бодож, ярьж, ажилладаг өнөөгийн явцуу эрх ашгийн тойргоосоо гарах л хэрэгтэй.

Сонгуулийн тойргийг хэрхэн бүсчилж байгуулах вэ гэдэгт урьдчилсан байдлаар Зүүн гурван аймаг хамарсан зүүн бүс, Хангайн бүс, Дархан, Сэлэнгийн бүс, Баруун бүс, Говийн бүс гэсэн таван бүс болгох хувилбар яригдаж байгаа аж. Энэ таван томсгосон тойргоос 78 гишүүн сонгогдоно гэсэн үг. Нэг бүс буюу тойргоос 15-17 гишүүн сонгогдоно. Сонгуульд хамгийн олондоо 36 нам оролцоно гэж тооцвол нэг тойргийн 15 мандатад 540 хүн нэр дэвшинэ. Бие даагчид үүн дээр нэмэгдэнэ. Энэ хүмүүсийг авсан саналын тоогоор нь жагсаагаад эхний 15 нь УИХ-ын гишүүн болно. Ерөнхий зарчим нь ийм. Намуудын нэр дэвшигчдийг саналын хуудсанд хэрхэн бичих вэ гэх мэт процедурын асуудлууд мэдээж гарна. Томсгосон тойрог ярихаар үргэлж дагалддаг нэг шүүмжлэл бий. Тэр нь нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг гэх гомдол. Энэ бол үнэндээ хувь нэр дэвшигчдээс л шалтгаалах асуудал. Жижиг тойргоо тойлж тордож байгаад ганц мандатыг нь аваад гараад ирдэг “мөнгөний” тогтолцоотойгоо зууралдсан улстөрчдийн гаргадаг яриа.

Тэгвэл олон мандаттай бүсчилсэн том тойргоос УИХ-ын гишүүд сонгогдсоны давуу тал юу байх вэ. Мэдээж хамгийн түрүүнд төсөв үр ашигтай болно. Өнөөгийнх шиг улсын төсвийг 76 тойрогт эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг зарчмаар жижиглэн тараахгүй болно. Бүсийн чанартай том бүтээн байгуулалтууд урагшилна.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдэнэ. УИХ-ын гишүүд ганц аймгийн хэмжээний тулга тойрсон  асуудал ярьж жижигрэхгүй. Нутгархах үзэл үүнээ дагаад алга болно. Улс орны хэмжээнд сэтгэж ярьдаг болно. Мега төслүүд урагшилна.

Аймаг бүр улс доторх улс болж, түүнийг нь парламент дахь гишүүд нь дөгөөж дэврээж суухаа болино. Нутаг дэвсгэрийн реформ аяндаа хэрэгжинэ.

Олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулах энэ хувилбарыг шүүмжлэгчид мэдээж гарч ирнэ. Гурав, дөрвөн аймаг нийлж нэг тойрог болох тул шинэ, залуу нэр  дэвшигчид сонгогчдодоо танигдах боломж хомс. Тиймээс олонд танигдсан улстөрчдөд давуу байдал үүснэ. Түүнчлэн том намуудад л ашигтай болохоос биш жижиг намуудын хувьд томсгосон, олон мандаттай тойрог яаж ч бодсон ашиггүй.

Гэхдээ аливаа сонгууль аль нэг намд, хэн нэг улстөрчид ашигтай байх нь чухал биш. Харин улс орны хөгжлийг урагшлуулах, хөгжлийн бодлогыг оновчтой, зөв боловсруулах, шударга ёсыг тогтоох тийм парламентыг бүрдүүлэх нөхцөл, боломжийг л нээж өгөх ёстой. Сонгогдох хүмүүсээ биш сонгогчдоо бодвол олон мандаттай, томсгосон тойрог сонгуулийн тогтолцооны хамгийн оновчтой хувилбар.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өмнөд Солонгост дайны бэлэн байдал зарлалаа

Өмнөд Солонгост хэдхэн цагийн өмнө дайны бэлэн байдал зарлажээ....

Хятадын үндэсний цөөнхийн 12 дахь наадам эхэллээ

БНХАУ-ын Хайнань мужийн Санъяа хотод Хятадын үндэсний цөөнхийн 12...

Парламентын мухар гудамж

Эхлээд хэдүүлээ нэг албан мэдээг анхааралтай уншицгаая. ...Засгийн газрын ээлжит...