Монголын хүүхдийн дууны хаан хэмээх алдрыг зүй ёсоор хүртсэн Монгол Улсын Гавьяат багш, нэрт хөгжмийн зоохиолч Л.Галмандахын мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна.
Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт хөгжмийн зохиолч, Монгол Улсын Гавьяат багш Лувсанцэрэнгийн Галмандахын 70 насны ойн хүрээнд түүний амьдрал, уран бүтээл, хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчилан таниулах, Монголын хүүхдийн дууны судалгааг гүнзгийрүүлэх, хөгжмийн багш нар болон залуу судлаачдын судалгааны ур чадварыг дэмжих зорилготой “Л.Галмандах 70” эрдэм шинжилгээний хурал болов.
Эрдэм шинжилгээний хурлыг Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг удирдаж хөтөлсөн бөгөөд “Л.Галмандах сан”-гийн тэргүүн Г.Тунгалаг тус хурлыг нээж хэлсэн үгэндээ хүүхдийн дууны уран бүтээлийн төлөө бүх нийтээр сэтгэл гарган ажилласнаар тодорхой үр дүнд хүрч, хамтаар хийж бүтээх ажил хэрэгч эхлэл тавигдаж буйд талархалтай байгаагаа илэрхийлсэн.
Мөн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хэлсэн үгэндээ төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж, хамтдаа хийж бүтээх олон боломжит ажлуудын эрэл хайгуул үр дүнгээ өгч буйд талархалтай байна гэв.
Тус хурлын нэгдүгээр хэсэгт СУИС-ийн Хөгжмийн Урлагийн сургуулийн хөгжмийн онолын тэнхимийн эрхлэгч, хөгжим судлаач Х.Ариунаа, СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч П.Ганбат, Олон Улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ эрин сургуулийн хөгжмийн багш, Монгол Улсын “Зөвлөх багш” докторант Ш.Ариунчимэг, Боловсрол судлалын доктор, профессор Б.Батжаргал, П.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч, магистр О.Сундуй нар зочин илтгэгчээр оролцлоо.
Хоёрдугаар хэсэгт нийслэл, хөдөө орон нутгаас ирүүлсэн нийт 20 илтгэлээс энэ удаагийн хуралдаанаар 5 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд СУИС-ийн Хөгжмийн Урлагийн сургуулийн хөгжмийн онолын тэнхимийн эрхлэгч, хөгжим судлаач Х.Ариунаа, МУБИС-ийн Багшийн сургуулийн хөгжмийн боловсролын тэнхимийн ахлах багш, доктор Ц.Эрдэнэтуяа, СУИС-ийн багш, Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн дарга, хөгжмийн зохиолч Т.Түвшинтөр нар шүүж ажилласан юм. Эрдэм шинжилгээний хуралд нийслэлийн 9 дүүргийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн 125 багш, СУИС, МУБИС-ийн нийт 52 оюутан оролцжээ. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш, докторант, мэргэжлийн хөгжмийн их дээд сургуулийн доктор, магистр, хөгжим сонирхогчид, уран бүтээлийн хамтрагчид төдийгүй шавь нар нь оролцсон өргөн хүрээг хамарсан онцлогтой байв.
Нийслэл, хөдөө орон нутгаас ирүүлсэн нийт 20 илтгэлээс сүүлийн шатанд таван илтгэлийг шалгаруулж, тэдгээрээс гурвыг нь хэлэлцүүлснээс тэргүүн байрыг боловсрол судлалын доктор, хөгжмийн багш Н.Долгорсүрэн “ЕБС-ийн дуу хөгжмийн сургалтад МУГБ Л.Галмандахын уран бүтээлүүдээс тусгагдсан нь” илтгэлээрээ эзлэв. Дэд байрт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш Д.Хоролсүрэн “МУГБ Л.Галмандахын хүүхдийн дууны уран бүтээл СӨБ-ын хөгжмийн сургалтын урын санд“ илтгэлээрээ, гутгаар байрт Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Д.Оюударь “МУГБ Л.Галмандахын СӨБ-ын хүүхдийн дууны уран бүтээлийн асуудалд” илтгэлээрээ тус тус шалгарав.
Тусгай байрт ӨМӨЗО, Хөх хотын Үндэстний дээд сургуулийн Дуу хөгжмийн дээд сургуулийн дууны багш Ү.Сувд “Хүүхдийн дууны уран бүтээлийн ном, гарын авлагад хийсэн судалгаа” /МУГБ Л.Галмандахын уран бүтээлийн жишээн дээр/, Төв аймгийн Угтаалцайдам сумын “Нарны хаан” цогцолбор цэцэрлэгийн бүлгийн багш С.Ариунаа, нийслэлийн 242 дугаар цэцэрлэгийн хөгжмийн багш Ц.Болормаа нарын “Монголын хүүхдийн дууны уран бүтээлд Л.Галмандахын эзлэх байр суурь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Мөн Монгол Улсын Гавьяат багш Л.Галмандахын шавь, Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа “Дуу хөгжмөөр дамжуулан Монголын хүүхэд багачуудын нэгэн үеийг хүмүүжүүлэгч” сэдвээр, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Л.Галмандах багшийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ахмад багш Д.Баатарсүрэн “Хүүхэд шиг том хүн” дурсамж илтгэл уншсан юм.
Л.Галмандах багш бол хүүхдийн ертөнцөд амьдарч, хүүхдийн сэтгэлээр туурвиж, хүүхдийн нүдээр орчлонг харж явсан гэгээн тунгалаг авьяастан юм. Монголын хүүхдийн дуу 1920-иод онд их зохиолч Д.Нацагдоржийн “Бүхий олон багачууд”-аар эхэлсэн гэж үздэг бөгөөд 1950-1960-аад онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимиддорж хүүхдийн дууны урлагийг шинэ шатанд гаргажээ. Түүний дараа хүүхдийн дууны урлагийг хөгжүүлж бүхэн бүтэн үеийг ая эгшгээр хүмүүжүүлсэн хүн бол Монгол Улсын гавьяат багш Л.Галмандах юм. Тэрбээр 500 гаруй хүүхдийн дуу, найман ном туурвижээ.