Sunday, November 24, 2024

Яруу найрагчдын хувьд нас гэдэг тоо биш

Date:

Яруу найрагчдын хувьд нас бол тоо биш. Үүнийг батлахын тулд цөөн хэдэн жишээ, бас цөөн хэдэн шүлэг эш татъя. Хорин долоон нас. Энэ бол яруу найрагчдын нас. Оросын М.Лермонтов, Мажарын Петөөфи Шаандор, Японы Ишикава Такүбоку нар 27-хон настай хэвээр хүн төрөлхтний яруу найргийн тэнгэрт харважээ.
Тенгиний явган цэргийн хорооны залуухан офицер М.Лермонтов “Уйтгартай ч байна, гунигтай ч байна” хэмээн билиг танхай мөрүүдээ биччихээд Машукийн цэнхэр уулнаа эрсэдсэний учир шалтгааныг цэрэг эрсийн ирүүл тулаан төдийгөөр тайлбарлах аргагүй. 27-хон настай сод найрагчийн “Уйтгартай ч байна, гунигтай ч байна” шүлгийг монгол хэлнээ Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, судлаач, шүүмжлэгч Ц.Хасбаатар дуун хөрвүүлсэн билээ. Энэ тухайгаа буурал судлаач үүнийг бичигчид 2002 оны нэгдүгээр сарын 05-нд өгсөн ярилцлагадаа дурдсан нь эдүгээ соронзон хальснаа хадгалагдан буй.
Тэрбээр “…М.Лермонтовын “Уйтгартай ч байна,гунигтай ч байна” гэдэг шүлгийг 27 настайдаа орчуулсан. Гэтэл М.Лермонтов энэ шүлгээ бас 27-тойдоо бичсэн юм билээ. Магадгүй би 27-той биш арай залуухан юм уу, эсвэл 30 гарчихсан байсан бол энэ шүлгийг яг тэр үеийнх шиг нь мэдэрч орчуулж чадахгүй байсан ч байж магадгүй” хэмээн өгүүлсэн юм. Яруу найрагчид, зохиолчдын хувьд ер нь уран бүтээлч хүний хувьд нас бол тоо биш юм аа гэдгийг Ц.Хасбаатар багш ийн хэлж байжээ. Үүнээс үүдээд 27 нас хийгээд 27 настнуудын тухай гэгээхэн эрэл хийлээ.

Их зохиолч Д.Нацагдорж 27-хон насандаа “Учиртай гурван толгой” дуурь, “Миний нутаг” найраглалаа бичжээ. Энэ бол 1933 он байв. 27 насны босгон дээр нь түүнийг шоронд хилсээр хорьж, хүсэл зоригийг нь мохоох гэж оролдсон ч авьяасын тэнгэр нь хиртсэнгүй. Шоронгоос гарч ирээд 27-хон настай Д.Нацагдорж гайхамшигт сод бүтээлүүдээ туурвижээ. “Учиртай гурван толгой” дуурь, “Миний нутаг” найраглалаас гадна “Хэнз хурга”, “Хоёр ишиг”, “Анчны дуу”, “Идэр хоёр”, “Үзэгдээгүй юм”, “Нар аа”, “Сар аа”, “Эгшиг” зэрэг олон арван шүлэг найраглал, үргэлжилсэн үгийн зохиолуудаа тэрбээр 27 настайдаа бичсэн байна.
Их Нацагдоржийн үе тэнгийн уран бүтээлч, нэрт зохиолч Хараагийн Баатар ван хэмээн алдаршсан С.Наваан-Юндэн 27 настайдаа алдарт “Соёл-Эрдэнэ” дуугаа бичиж, хожмоо XX зууны манлай уртын дууч алдрыг хүртсэн Ж.Дорждагва уг шүлэгт нь аялгуу зохиосон нь ардын дуу мэт түгжээ.
Дорнын их яруу найрагч Б.Явуухулан “Би чамд хайртай” дууны шүлгээ 27 настайдаа бичсэн байна. Зуун дамнан эгшиглэж буй хайр сэтгэлийн уянгын сүлд дуулал болсон энэ дууг Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав цэл залуухан ахуйдаа Явууд санааг нь хэлж бичүүлсэн түүхтэй.

Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж 27 настайдаа ЗХУ-д М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцаж, “Онон хатан ээжий”, “Дорно”, “Цус” зэрэг сонгодог шүлгүүдээ бичиж, хойтон жил нь “Онон хатан эжий” номоо гарган дуулиан тарьж байв.
Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном 27-тойдоо “Хүн” романаа бичжээ. Энэ бол Р.Чойномыг яруу найргийн тэнгэрт гялалзсан нэгэн их авьяастан төрснийг нотлон харуулсан бүтээл билээ.
Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар ид 27 настайдаа Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг дүүргэн, анхны шүлгийн түүврээ “Оддын аялгуу” нэртэйгээр гарган ёстой л асаж дүрэлзэж явжээ. О.Дашбалбар найрагчийн 27-хон настайдаа хэвлүүлсэн “Оддын аялгуу” түүвэрт хожим түүнд алдар хүндийг авчирсан “Амьддаа бие биеэ хайрла”, “Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан”, “Салхиар ганхах өвсөнд амь нас минь буй” зэрэг олон шилдэг шүлгүүд нь багтсан юм.
Монголын яруу найргийн 1990-ээд оны нэгэн үеийнхний түүчээ болон авьяас онгод нь цалгилж явсан яруу найрагч бол Ж.Болд-Эрдэнэ. Тэрбээр 27 настайдаа 1993 онд МYЧЗХ-ноос шилдэг залуу уран бүтээлчдэд олгодог “Од” шагналыг хүртжээ. Мөн онд Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Найргийн хурим” яруу найргийн анхдугаар наадмын тэргүүн шагналыг 27 настай Ж.Болд-Эрдэнэ найрагч хүртсэн байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир 27 настайдаа “Аялагхан залуу нас минь” шүлгээ бичжээ. Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Галсансүх мөн 27 настайдаа “Эрх чөлөөг хүсэмжилсэн тост”-оо бичсэн байна.
М.Лермонтов, Петөөфи Шаандор, Ишикава Такүбоку нар шиг 27-хон настайдаа мөнхөрсөн нэгэн уран бүтээлч бол яруу найрагч Б.Эрдэнэбулган. Түүний яруу найргийн “Оршихуй” ном хожим нь хэвлэгдэн гарч олны хүртээл болсон юм.
“Тэнгисийн гүнд шумбах тусам
Тэнгэрийн наран бүдгэрч байлаа…”
“…Өнөөх лаа минь шатаж дуусна
Өөрийн гараар би ертөнцийн гүүрийг нураана
Эрх чөлөөг эрмэлзсэн сэтгэл
Эргэн тойрноос өөрийгөө эрнэм” хэмээн тэрбээр 27-хон настайдаа бичиж байв.
Энэ мэтээр яруу найрагчдын 27 настайдаа бичсэн шүлгүүдийг түүвэрлэвээс магадгүй шилмэл, сонгодог бүтээлүүдийн цоморлиг болох бизээ. Тэгэхээр 27 нас гэдэг уран бүтээлчийг ер бусын онгод, авьяасын цалгиа, эмзэглэл, мэдрэмж, орчлон ертөнц хийгээд хүмүүний амьдралыг билгийн нүдээр харж, танин барих, үл эвлэрэн тэмцэх эрчимлэг долгисоор хөглөдөг ажээ. Дахин хэлэхэд яруу найрагчдын хувьд нас бол тоо биш.

Яруу найрагч, сэтгүүлч Г.Сонинбаяр

М.Лермонтов

Уйтгартай ч байна, гунигтай ч байна

Үймрэн тэчъяадсан гүн зовлонт үед
Санаж сарвайх ч хүнгүй,
Уйтгартай ч байна, гунигтай ч байна.
Хүсч зорих уу?
Үргэлж дэмий хүсч тэмүүлсний хэрэг юу билээ?
Үнэтэй сайхан он жилүүд өнгөрсөөр л байна
Амраглаж дурлах уу?
Дурлая гэхэд, хэндээ ч дурлах билээ дээ?
Хэсэгхэн зуур дурлаад ч яах билээ,
Хэзээд мөнхийн дурлал гэж байхгүй шүү дээ
Балран арилж мөргүй болсон өнгөрсөн явдлаа дурсахад
Баясан хөөрч, зовон гиюүрч явсан минь юухан ч билээ дээ…
Тачаал хүсэл ч гэсэн дээ,
Эрт орой хэзээ нэгэн цагт эргүүлж бодохтой зэрэг л
Аль сайхан бүхэн нь арилж үгүй болно шүү дээ
Хүйтэн харцаа тусгаж орчин тойрныг ажихад
Хүний амьдрал гэдэг чинь мунхаг, хоосон, шог юм байна.

Петөөфи Шаандор

Хаачив даа, чи минь?

Хаачив даа, чи минь? Итгэлийн минь гэрэлт од
Хагацашгүй уудам тэнгэрээс юунд гэнэт харвачихав?
Хайж чамайг л зорьсон минь талаар хэрэг байв уу?
Хаа нэгтээгээс учрах уу? Учирвал хэзээ вэ?

Шөнөжин түнэр харанхуй өвч дэлхийг хучиж
Сүүмгэр хүйтэн гэрлээр өрөвч саран уйлна
Буйд оршуулгын газрын эль хулийг эвдэн
Булшин дээр чинь би аанай л сүүтийн зогсоно

Өндийн босом уу чи? Сэрэх болоогүй юу?
Өвсний чийгт хэвтрээс залхаагүй гэж үү?
Шаналж ганирсандаа хайр мөрөөдлийн үгсийг
Санаа алдан шивнэхийг минь сонсоогүй гэж үү?

Өндийн босом уу чи? Сэрэх болоогүй юу?
Өвсний чийгт хэвтрээс залхаагүй гэж үү?
Нэгэнт урсгасан нулимс борооноос дутуугүй болов
Нэвт норсон намайг гийгүүлж харахгүй гэж үү?

Өндийн босом уу чи? Сэрэх болоогүй юу?
Өвсний чийгт хэвтрээс залхаагүй гэж үү?
Өтгөн харанхуйг нөмрөн хөсөр унасан миний
Өр зүрхний илчинд бүлээцэхгүй гэж үү?

Оршуулагдсан бол хэн ч буцаж ирэхгүй юу?
Одоо бид гагцхүү үүлсийн цаана уулзалдах уу?
Тэнгэрийн тэр оронд чамтайгаа хэрэв учрахгүй бол
Тийм хууртлыг зүрх минь яаж тэсэх сэн билээ?

Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж

Хорин долоохон нас

Ай миний 27-хон нас юухан байлаа?
Алиахан салхинаа хүүхний хормой дэрвэхэд
Адилхан догдолж явсан
Алаг зүрхэн
Хонгор бүсгүйн уран бэлхүүснээ
Хоёр нүдээ унагах алдан
Хойноос нь сүжрэн дагасан
Холын хотын гудамж
Сэтгэлдээ сүлдлэн тахих амраггүй
Сэлүүхэн явсан онгон үе
Зугаатай гэнэн хайрын шүлэгтэй
Зууралдсан олон шөнө
Энэ дээ, миний 27-хон нас!
Эмсийн хойноос барьц алдаж явахдаа
Эмнэг зүрхэндээ мөнхийн шарх авсангүй
Хардалт хорсолтойгоор сэтгэл зүрхээ бухимдуулж
Халуун хүйтэн зэвсэг
Хар санаж барьсангүй
Эрх чөлөөний төлөө тулалдаанд
Эр цэргийн ёсоор
Эрсэлж би орсонгүй
Эцэг өвгөд маань бидэндээ
Эрх чөлөөг
Цугааранд нь
Цусаараа олж өгсөн юм
Агуу Шандортай, Мишатай
Алдар биш нас чацуу явлаа
Ай би 27-хон насандаа
Дуу шиг сайхан эх орон юугаа
Алдарт Шандораас ч, Мишагаас ч
Дутуу хайрлаж явсангүй…

Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир

Аялагхан залуу нас минь

Ханилсан нөхрөө би
Халтирахад нь түлхэж явсангүй
Амьтны урдуур орж
Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй
Аяа, миний аялагхан залуу нас минь
Жаргах цагтаа наргиж, зовох цагтаа гуниж явлаа
Жамт хорвоогоос харин нуугдах газар эрж байсангүй
Жавар салхинаас бусдыг нөмөрлөх сэтгэлтэй явж
Жаахан чамайгаа уйлахад нулимсыг чинь арчиж байснаас амталж явсангүй
Дарсны хатууд халамцаж, хүүхний сайханд дурлаж байснаас
Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй
Давааны өндрийг мартаж, хүлэг морио гуядаж
Даамай алсын замдаа бусдын унаанд дайгдсангүй
Аар саархан зовлон зүрх тархийг идэж
Алдар хүндийн золионд бусдын үхэхийг үзэж
Амьтны үрийг өрөвдөж өр цээжээ барсаар
Амьд явахад шаналан шиг хүнд ачааг үзсэнгүй ээ.

Яруу найрагч Б.Эрдэнэбулган

Би нүглийн золиос юм
Би нүүдлийн шувуу юм
\өврийн дэвтрээс\

Амьдрал шиг нулимс уу? Нулимс шиг амьдрал уу?
Аль нь байсан ялгаагүй, гашуухан цаг хугацаа улирсаар л байна
Намар шиг дурлал уу? Дурлал шиг намар уу?
Надад юуны хамаатай, гэвч навчис унахад зүрх ёолно
Шаргалхан навчис-ертөнцийн зүрх шиг хүний алс
Шаналсан сэтгэл юуны учир хэнийг үгүйлнэ
Ганцхан хундага, алив дахиад нэгийг, гунигаа сөгнөе
Гансарсан найрагч оддыг л таалнам биш үү
Орчих цагийн зүү ертөнцийн шуурганд төөржээ
Арчих хэрэг байна уу?
Ер бусын ад бишийн хүсэл гал шиг төөнөнө
Ширэнгэ ойн гүнд буга үхсэн байхыг хэн ч мэдэхгүй
мэдэхийг хүсэхгүй
Шингэх нарын туяа шиг цус нь, өрөөл бусдад \цэцгэнд ч адил\ амьдрал тэтгэнэ
Санамсаргүй, янзага шиг охидын аньсага чийглэчихээд
Анзааралгүй өнгөрсөн бол нүглийн золиосыг бүү уучил
Нулимс шиг амьдрал уу? Амьдрал шиг нулимс уу?
Нүүдлийн шувуу буцахад аль нь ч ялгаагүй, гашуухан….

“Болор цом”-ын эзэн яруу найрагч Д.Галсансүх

Эрх чөлөөг хүсэмжилсэн тост

Муухай газар сайхан танилцсаны төлөө
Мултлуулсан хувцаснууд шинэ эздээ дааруулахгүйн төлөө
Харуулын цэрэг шөнөжин
Хашгирахыг дахин сонсохгүйн төлөө
Ханан дээр нэрээ сийлүүлж, жонхуугаа ид гэж дуудуулахгүйн төлөө
Хажуудаа хачиг, бөөс, бясаа шавьжгүй амьдрахын төлөө
Хүүгээ санаж, охиноо үгүйлж хүн чанараа гээгээгүйн чинь төлөө
Зовлонг тэвчиж, жаргал даахын төлөө
Зөвхөн идэж уух биш бас ном уншихын төлөө
Хулгайчаар тэжээлгэсэн хуягийн барааг дахин харахгүйн төлөө
Хөлийн улнаас нялх ногоо гижигдэхийг дахин мэдрэхийн төлөө
Олон од харан баясаж, харь гаригийнхныг зүүдлэхийн төлөө
Одоо суллагдаад дээрэм тонуул хийнэ гэх яриаг дахин сонсохгүйн төлөө
Зэвтэй цоожны дооглон инээх, төмөр хаалганы хуцан улихыг мартахын төлөө
Зэмээ хүртэж зөв шударга аж төрөхийн төлөө
Хэн нэгний хэргийг үүрч, шоронд үхэхгүйн төлөө
Хайртай хүмүүсийнхээ нулимсыг барж, сэтгэлийг нь зовоохгүйн төлөө
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэхийг үзэхийн төлөө
Үр, ач, зээгээ харж үхтэлээ амьд явахын төлөө

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...