Бусдын хуралд очоод өөрийн ажлыг амжуулав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргизийн нийслэл Бишкек хотноо энэ сарын 24-26-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Бүгд найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийлээ. Засгийн газрын тэргүүний айлчлал, гадаад томилолтуудаас энэ удаагийнх хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, бүс нутгийнхаа улс төр, эдийн засгийн гол тоглогч улсуудын засгийн газрын тэргүүнүүдтэй нэг дор уулзах боломжийг олгосон, Монгол Улсын гадаад бодлогодоо баримталж буй эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой санал, санаачилга гаргаж, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байгааг илэрхийлэх талбар болж өгсөн гэх мэт.
Ерөнхий сайд ШХАБ-ын уулзалтанд хэлсэн үгэндээ далайд гарцгүй орнууд нэгдэж эдийн засгаа тэлэх нэгдэл байгуулахыг уриалсан нь Монгол Улсын хувьд том амбицтай байгаа гэдгээ илэрхийлсэн үйл явдал юм. ШХАБ-ын хуралдаанд үг хэлэхдээ Ерөнхий сайдын онцолсон санаануудын багцлаад харах юм бол “Шинэ сэргэлтийн бодлого”, “Транзит Монгол” хөтөлбөрөө олон улсын тавцанд бүс нутгийн интеграцитай уялдуулах, өөрөөр хэлбэл шатрын өрөг дээр бод түлхсэн нүүдэл байлаа.
Худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт ШХАБ-ын оролцогч улсуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотолсон. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд худалдаа, тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого хэрэгжүүлж байгааг танилцуулсан. ШХАБ-ын оролцогч улс орнуудыг далайд гарцгүй улс орнуудын ачаа тээврийн асуудлыг тусгайлан авч хэлэлцэхийг уриалсан. “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг том төслүүдийг ШХАБ-ын үйл ажиллагаатай уялдуулах боломжтой болохыг онцолсон зэргээс үүнийг харж болно. Нэг үгээр хэлбэл бусдын хуралд очоод өөрийн ажлыг маш сайн амжуулжээ ч гэж хэлж болохоор.
Хөршүүдтэйгээ хөгжил ярив
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын хуралд оролцох үеэрээ хоёр хөршийнхөө Засгийн газрын тэргүүнүүдтэй уулзсан нь онцлох үйл явдал мөн. ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтай уулзахдаа хоёр орны худалдааны тэнцлийг бодитой хангах, эрчим хүч болон дэд бүтцийн хамтарсан төслүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах, ОХУ-аас Монгол Улсад бензин шатахуун тасралтгүй тогтмол нийлүүлэх, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах санал тавьжээ. М.В.Мишустин ч худалдаа, санхүү, дэд бүтэц, эрчим хүч, боловсролын салбарт хамтын ажиллагааг тодорхой төслүүдээр эрчимжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Бодитой, тодорхой асуудлаад дээр, тухайлбал Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрчимжүүлэх талаар ч ярилцаж, Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замын шинэчлэл, зүүн болон баруун тэнхлэгийн төмөр замын шинэ бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны автозам, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохирчээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзахдаа ч Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх төмөр зам, автозамын шинэчлэлт, хийн хоолойн бүтээн байгуулалтыг мөн хөндөж эдгээр төслийг хамтран идэвхтэй урагшлуулахаар болжээ. Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагаанд олон жил яригдсан асуудлуудаа энэ онд багтаан хоёр талдаа шийдвэрлэж, 2024 онд хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээх зарчмын тохиролцоонд хүрснийг онцолжээ. Ерөнхий сайд Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд “Их багтаамжийн нийтийн тээвэр нэвтрүүлэх”, “Улаанбаатар хотын шинэ тойрог замын сүлжээ бий болгох” зэрэг төслийг хэрэгжүүлэх, ухаалаг хотын төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах, орон нутгийг барилгажуулах зэрэг хөтөлбөрийг Хятадын талтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн аж. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монголын талаас санал болгосон асуудлуудыг дэмжихээ илэрхийлж, хилийн боомтуудын холболтыг урагшлуулах, ногоон хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд илүү нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотолсон байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Узбекистаны Ерөнхий сайд А.Н.Ариповтай уулзаж, тус улсад Элчин сайдын яамаа байгуулах, уламжлалт найрсаг харилцаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтрах, хоёр улсын худалдаа, эдийн засаг, тэр дундаа тээвэр логистикийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээр болон Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах зэрэг асуудлыг тохиролцсон.
Монгол Улсын Ерөнхий сайдын Киргиз улсад хийсэн ажлын айлчлалын үр дүнг дурдах юм бол тусдаа нэг сэдэв. Товчхондоо, Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, оёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцсан байна.
Ийнхүү ШХАБ-ын гишүүн орнуудыг Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлдөх хуралдаанд Монгол Улс өөрийн амбицаа харуулав. 1990-ээд онд ЗХУ задран унаснаас хойш бүс нутагтаа Киргиз, Узбекстан, Тажикстан зэрэг орнуудтай нэг гараанаас эхэлсэн Монгол Улс бараг ганцаараа ардчилсан парламентын засаглалтай өнөөдрийн хүрсэн. Өнөөдөр Монгол Улс өнгөрсөн 30 жилээ дүгнэн дараагийн үе рүү шилжиж байна гэдгийг ШХАБ-ын хуралдааны үеэр онцолж. Монгол, Энэтхэг хоёрыг эдийн засгийн үсрэнгүй хөгжил рүү орж буй улс орнууд хэмээн дурдсан байна.
Эцэст нь хэлэхэд ШХАБ-ыг цэргийн эвсэл, улс төрийн байгууллага гэдэг сөрөг өнцөг, шүүмжлэл бий. Тэрнээс нь болоод болгоомжлох шалтгаанууд ч гардаг. Монгол Улс ШХАБ-ын гишүүн болох сонирхолгүй, зөвхөн ажиглагч статусаа хадгалах бодлого баримтална гэдгээ үргэлж нотолдог. Энэ хүрээндээ ШХАБ-ын хурал, уулзалтуудад оролцож ирсэн юм.