Monday, November 25, 2024

Шинэ сэргэлтийн 6 бодлогыг хурдасгах “5 тойрог” төсөл

Date:

“Таван тойрог” -ийн ТЭЗҮ-ийг боловсруулна

Засгийн газар есдүгээр сарын нэгэнд ээлжит бусаар хуралдаж “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг баталлаа. Папын айлчлал, хичээлийн шинэ жилийн нээлт гээд олон үйл явдал давхцаад олон нийт төдийлөн анхаараагүй байж мэднэ. Ач холбогдол, далайц, агуулгаараа “Шинэ сэргэлтийн таван тойрог” төсөл хөгжлийн шинэ шатанд гарах том үзэл баримтлал, төлөвлөгөө ажээ. Үүнийг мэргэжлийн шинжээчид, эдийн засагчид, дэд бүтцийн салбарынхан дуу нэгтэй хэлж байна. “Шинэ сэргэлтийн таван тойрог” гэж байгаа учир эхлээд Шинэ сэргэлтийн бодлогын талаар ярих ёстой. Засгийн газар хөгжлийг сааруулж, боомилж буй зургаан хүчин зүйлийг тодорхойлж, тэдгээрийг шийдэхийн тулд Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг томъёолж, УИХ-аар батлуулсан. Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэрийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан бодлогыг эрчимжүүлэхийн тулд “Таван тойрог” гэсэн томъёоллыг дэвшүүлжээ гэж ойлгож болох байх. Өөрөөр хэлбэл энэ бол Шинэ сэргэлтийг хурдасгах төсөл ажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллах томилолтоо Говь-Алтай аймгаас эхэлж, “Сэрвэн” нарны цахилгаан станцын нээлтэд оролцон, Тайширын усан цахилгаан станцтай танилцаж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Засгийн газрын тэргүүнтэй хамт “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах багийнхан орон нутагт яваа аж. Тиймээс уг төслийг хэрэгжүүлэх гол гол обьектуудтай танилцаж, тооцоо, судалгаа хийж байгаа юм байна. Тэгж байж төсөл амьдралд хэрэгжих үндэслэл сайн, бодитой болно.

Дэд бүтцийн шинэ сэргэлт

“Шинэ сэргэлтийн таван тойрог” төсөл аймаг тус бүрийн урт хугацааны хөгжлийг тэтгэх, хязгаарлагч хүчин зүйлүүдийг арилгах зорилготой. Хөдөөгийн хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийн эхэнд дэд бүтцийн асуудал эрэмбэлэгддэг. Тиймээс дээрх төслийн хүрээнд аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбохоор төлөвлөжээ. Аймгийн төвүүд бүгд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон. Тэгвэл дараагийн шатанд аймгууд өөр хоорондоо хатуу хучилттай авто замаар холбох нь.  

Үүн дээр нэмээд хилийн боомтуудыг холбох авто замын таван босоо коридортой болно. Тухайлбал, одоогоор төвийн бүсэд босоо чиглэлд Алтанбулаг-Замын-Үүд, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур чиглэлийн авто замын хоёрхон коридортой бий. “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд Бага Илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван коридор нэмж барих юм байна. Мөн хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр-Цагааннуур-Ульхан боомтыг холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болно гэж төлөвлөжээ. Авто замын эдгээр бүтээн байгуулалтууд бол дээрх төслийн нэгдүгээр хэсэг. Үүнийг “Шинэ сэргэлт-Тойрог зам” гэж томъёолж болно. Хоёрдугаар хэсэг нь “Шинэ сэргэлт-Цахилгаан хангамж”. Энэ хүрээнд аймаг бүрийг цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангах зорилгыг хэрэгжүүлнэ. Үүнтэйгээ уялдаад гурав дахь хэсэг нь “Шинэ сэргэлт-Дулаан хангамж” гэдэг агуулгатай. Тэргүүн ээлжид 10 аймагт хэрэгжиж буй дулааны цахилгаан станцын төслүүд, түүнийг дагасан 2-р хэлхээний төслийг амжилттай хэрэгжүүлж цаашлаад үлдсэн аймгуудын дулааны эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэх аж. Сүүлийн хэсэг нь “Шинэ сэргэлт-Орон сууцжуулах” төсөл. Энэ хүрээнд шаардлагатай эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийг шийдсэнээр аймаг бүрийн хүн амын тоо, нягтаршил зэргийг харгалзан иргэдээ орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх юм байна.  

“Таван тойрог” төсөл ба “Транзит Монгол”

Дээр дурдсан дөрвөн хэсгийн агуулга, цар хүрээ, далайцаас харахад “Шинэ сэргэлтийн  таван тойрог” төсөл бол төр, засаг, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил бүгд хамтран нэгдэж, улс, үндэстнээ шинэ түвшинд гаргах түүхэн бүтээн байгуулалт гэдгийг онцлох ёстой. Нөгөө талаар Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт шууд уялдахаас гадна энэ гуравт тулгуурлан Аж үйлдвэрийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт орон нутагт эрчимжиж, товчхондоо бол Шинэ сэргэлтийн зургаан бодлого цогцоороо хэрэгжих төсөл юм.

Энэхүү төсөл өргөн агуулгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Транзит Монгол” санаачилгатай шууд уялдан холбогдоно. Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Иймд Орос-Хятад, Ази-Европын хооронд хийгдэж буй худалдаа, бараа бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улсын энэхүү газар зүйн таатай байршлыг ашиглан худалдаа, тээвэр логисткийн сүлжээ, ачаа тээврийн  урсгалыг бий болгох нь бүс нутгийн хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлнө. “Таван тойрог” төслийн хүрээнд босоо чиглэлийн авто замын  таван коридор барьж байгуулах зорилт дэвшүүлсэн нь транзит тээврийн сүлжээнд нэгдэх том зорилгын бодит биелэл.

Бүс нутгийн интеграцчилалд Монгол Улс нэгдэж, хөгжлийн галт тэргэнд хамтдаа суух ёстой. Тухайлбал, Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах тухай хөтөлбөрөөс гадна Монголын санаачилсан “Талын зам”, ОХУ-ын “Их Евразийн түншлэл”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, Зүүн хойт Азийн худалдаа, эдийн засгийн “Түмэн гол” санаачилга зэргийг дурдаж болно. Бүс нутгийн эдгээр хөтөлбөр, санаачилгад нэгдэхийн тулд дэд бүтцээ сайжруулах, олон улсын авто зам болон төмөр замын сүлжээнд нэгдэх шаардлагатай. Үүнд “Шинэ сэргэлтийн таван тойрог” төсөл нэг том алхам болох юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...