Thursday, November 21, 2024

Багш, хүүхдийн хөгжлийг цогцоор нь шийдсэн багц хуулийн шинэчлэл

Date:

Боловсролын тухай хууль 26 удаа, Дээд боловсролын тухай хууль 10 удаа, Бага, дунд боловсролын тухай хууль 13 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль зургаан удаа, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль долоон удаа өөрчлөгдөж байжээ. Өнгөрсөн 30 жил бид боловсролын салбарын хуулиуддаа ийнхүү чамгүй олон удаа гар хүрчээ. Гэвч засал авч сайжирсан нь цөөн. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхийн үлгэрээр л явж ирж. Түмэн нөхөөстэй дээл шиг болсон хуулийн заалтууд цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцэхээ байж, хоцрогдож хуучирсан. Тиймээс Боловсролын багц хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-аар батлуулсан юм. Энэхүү багц хууль боловсролын салбарт бодит өөрчлөлт, дорвитой шинэчлэлийг авчирна гэж үзэж байгаа. Ингэж үзэх үндэслэл бий. Зас­гийн газар, салбарын яамнаас багц хуулиудынхаа талаар олон удаа танилцуулга, тайлбар хийж, иргэд, олон нийт болон судлаач­дын санал бодлыг тусгасан. Тиймээс багц хуулийн шинэчлэл цогц реформ болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа. 

Финландууд манай улсын боловсролын салбарт судалгаа хийгээд “Хамгийн сайн түүхий эдээр хамгийн муу бүтээгдэхүүн” хийж байна гэж дүгнэжээ. “Монгол хүүхдүүд ямар гайхам­шигтай ур чадвартай юм бэ. Түүнийг сургууль дээр аваачаад зэврээж, сурах сонирхолгүй болгож байна. Хичээлээ сонир­холтой болго, технологид суурил” хэмээн тэд зөвлөсөн байна. Эндээс боловсролын шинэчлэлийг хэрхэн хийх чиг зүг гарч ирсэн гэж болох аж. XXI зууны монгол хүүхэд, залууст мэдээллийн өндөр технологид суурилсан сургалт зайлшгүй хэрэгтэй. Тэргүүлэх салбарын маань тэргүүлэх зорилт энэ байх ёстой. Тиймээс энэ чиглэлд туршилтууд ч хийсэн байна. “EduTen” платформыг сумын гурав, аймгийн төвийн гурван сургуулийн хүүхдүүдэд туршихад сурагчдын тоо бодох хурд 10 дахин нэмэгдэж байжээ.

 Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд “Medle”, “Pearson” платформуудыг үр дүнтэй нэвтрүүлж, 30 гаруй мянган хүүхдэд амжилттай туршсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлүүдийг үндэсний агуулгатай болгож интеграцчилна. Математикийн хичээл хийхдээ ч Монголоороо сэтгэх нь чухал. Монгол ёс гэдэг хичээлийг шинээр нэгдүгээр ангиас эхэлж орно. Энэ нь хувийн болон төрийн өмчит сургуулиудад адилхан хамаарна. Багц хуульд туссан шинэлэг агуулгыг энэ мэт оочин цоочин дурдвал тун олныг тоочиж болно. 

Боловсролын багц хуулийн шинэч­лэлээс бид юуг хүлээх вэ? гэдэгт БШУЯ болон хуулийн төслийг боловсруулсан эрдэмтэн судлаачид тов тодорхой хариулт өгсөн байна. 

Боловсролын багц хуулийн зургаан шинэчлэл

Боловсролын чанарын ялгааг арилгахад багц хууль бүхэлдээ чиглэсэн гэдгийг дээр дурдсан. Өнгөрсөн хугацаанд боловсролын түвшин хоорондын уялдаа холбоо алдагдсан нь чанарт шууд нөлөөлж байгаа гэж үзжээ. Энэ нь өнгөрсөн жил хийсэн сурагч, багш, сургуулийн үнэлгээний үр дүнгээс харагдсан аж. Цаашид цэцэрлэг, бага сургуулийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлж, гэрт хамгийн ойр байрлахаар төлөвлөх юм байна. Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулснаар гарааны ижил түвшнээс сургуульд элсүүлнэ. Ахлах сургуулийг төрөлжсөн байдлаар хөгжүүлж хүүхэд бүр мэргэжлээ зөв сонгох, сонирхол, өгөгдөл, ур чадвартаа таарсан хичээлүүдийг сонгон суралцах боломжоор хангана. 

Хотын хөдөөгийн, захын төвийн, хувийн улсын гэсэн сургууль хоорондын чанарын ялгаа, зааг арилна. Ахлах сургууль, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын түвшинд “багц цаг”-ийн системийг нэвтрүүлж, богино хугацаагаар суралцах боломжийг бий болгоно. Дээд сургууль төгсөөд ажил олгогчдод гологддог байдлыг энэ мэт түвшин бүрд хийх шинэчлэлээр арилгах боломжтой. 

Боловсролын түвшин бүр нь харилцан уялдаатай, нэг нэгнээ дэмжсэн шинж чанартай байх ёстой. Анги өгсөх тусам сурагчдын сурах сонирхол буурч байгаа нь түвшин хоорондын уялдаа сул байгаатай холбоотой. Сал­барынхаа тулгамд­сан асууд­лыг ингэж бүрэн зураг­лалаар нь харсны үнд­­сэн дээр хөтөл­бөр, боловсролын засаглал, санхүү­жилтийн тогтол­цоо, үнэл­­гээний тогтолцоо, хүний нөөц, цахим засаглал гэсэн үндсэн зургаан ши­нэч­лэлийг боловсролын багц хуу­лиар зохицуулжээ. 

Цээжилдэг биш хэрэглэдэг боловсрол  

Хөтөлбөрийн шинэчлэлийг сүү­лийн 20 жилийн хугацаанд таван удаа хийсэн ч төдийлөн амжилтад хүрсэнгүй. Учир нь, тухайн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшийг, сурах бичгийг, санхүүжилтийн тог­толцоог бэлдээгүй байсан учир амжилт дагуулаагүй гэж дүгнэж болно. Тиймээс энэ удаа хөтөлбөрийн шинэчлэл хийхдээ бэлтгэл ажлыг бүрэн хангах, мөн менежментийн циклийг тогтоож мөрдөнө. Сургалтын хөтөлбөрийн агуулга хүнд, хэт олон хичээл судалж байгаа нь сурагчдыг залхааж боловсрол бол чухал биш, эсвэл би чадахгүй гэсэн сул дорой байдлыг үүсгэхэд нөлөөлж байна. Эрдэм өвлүүлж, мэдлэг түгээж, төлөвшил суулгаж байгаа сургалтын хөтөлбөр энгийн гэхдээ ойлгомжтой байх нь илүү чухал гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна. 

Хэт академик мэдлэгийг цээж­лэх, ойлгох төдийхнөөр эзэмшиж байгаа нь өөрийгөө болон өрөө­лийг хуурч байгаа явдал юм. Харин дээд эрэмбийн ур чадвар олгоход чиглэсэн сонирхолтой, ач холбогдлыг нь ухамсарлан суралцсан, хичээл дээр олж авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх дадал эзэмших нь чухал байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал эхэлснийг албан ёсоор зарлаж үүнд иргэдээ бэлдэхээр олон улс орнууд зорьж байна. Энэ хувьсгалын үндэс бол англи хэл, математик, мэдээллийн технологи юм. Тиймээс бид ч дэлхийн жишгээс хоцрохгүйн тулд дээрх хичээлүүдийг бага ангиас нь судлах боломжийг бүр­дүүлнэ. Үүнийг хөтөлбөрийн шинэч­лэлийн хүрээнд бий болгох юм. 

Сайн боловсрол санхүүжилтээс хамааралтай  

Хөтөлбөрийн шинэчлэл, багш бэлтгэх, чанарын ялгааг арилгах гээд бүх зорилт үр дүнтэй хэрэгжихгүй байгаа шалтгаан нь санхүүжилтийн тогтолцоог орхигдуулсантай холбоотой. Тиймээс боловсролыг босгох баганын нэг бол санхүүжилт юм. Нэг хүүхдийг сургах хувьсах зардлыг сургууль, цэцэрлэг бүрд олгодог ч энэ санхүүжилт урсгал зардалд л зориулагддаг. 2022 оноос эхэлж хувьсах зардал хүүхдээ дагадаг тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн бөгөөд боловсролд олгож буй төсөв хүүхдэд мэдлэг, ур чадвар олгоход л зарцуулагдах учиртай. Тиймээс хувьсах зардалд багшийн сургалт, хичээлийн хэрэглэгдэхүүн, дата хэрэглээний зардлыг багтааж хичээл, сургалтын үр дүнг сайж­руу­­­­лахаар ажиллаж байна. Үүнийг хуу­лиар баталгаажуулж өгчээ. Хувь­сах зардлаас гадна багшийн ажлын гүйцэтгэлтэй уялдуулан үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтол­цоог нэвтрүүлээд байна. Ажлын ахиц амжилт бүрээр багшийг урамшуулна. Хамгийн сайн багш хамгийн сайн цалин авна. 

Үнэлж чадахгүй бол хэмжиж чадахгүй. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй 

Манай улс боловсролынхоо чанарыг үндэсний хэмжээнд, хөндлөнгөөс мэргэжлийн түвшинд үнэлж байгаагүй. Сурагчдыг хооронд нь, багш нарыг дунд нь, сургуулийг бусадтай нь харьцуулж, өрсөлдүүлдэг дүнгийн тогтолцоо байсаар удлаа. Өрсөлдөөнд ялахын тулд дүнг ахиулан тавьдаг. Үр дүнд нь сурагч сэтгэл хангалуун, багшийн ажлын үзүүлэлт өндөр, эцэг эх ч санаа амар. Нэгнээ хуурсан энэ байдлыг халж, гажуудлыг засахын тулд Боловсролын багц хуулиар ахиц амжилтын үнэлгээг бий болгосон. Оношлох /гарааны/ болон үр дүнгийн /барианы/ үнэлгээг бий болгосноор амжилтаа ахиулсан хувь хэмжээгээр нь багшийг урамшуулах хөндлөнгийн үнэл­гээний тогтолцоог бэхжүүлнэ. Чанарыг үнэлдэг тогтол­цоог улам сайжруулж хэрэгжүүлнэ. 

Багш бол боловсролын чанарыг тодорхойлогч байна  

Багш бэлтгэдэг тогтолцоог шинэчлэх нь эрх зүйн шинэч­лэлийн амин үзүүлэлтийн нэг амин сүнс. Таван жил тутам мэргэжил дээш­лүүлэх зэргээр төрөл бүрийн зохи­цуу­лалтыг хийсээр ирсэн боловч мэдэгдэхүйц үр дүн харагдахгүй байна. Багш бэлтгэдэг 40 гаруй сургууль байна. Хэнийг ч хамаагүй элсүүлж, ямар ч хамаагүй хөтөлбөрөөр сургаж байсан учир чанаргүй багш гэсэн ойлголт гарах болсон.

Сайн багш бэлтгэхийн тулд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, багшийн нэр хүндийг өсгөх, цалин нийгмийн баталгааг хангах чиглэлд түлхүү анхаарал хандуулах боломж шинэ хуулиар бүрдсэн.

Үүнд гэхдээ үе шаттайгаар хүрнэ. Ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих, мэргэжил, ур чадвараа сайжруулах сургалтуудад хам­рагдаж, жил бүр ажлын гүйцэтгэл үр дүнгээ үнэлүүлдэг байх зохицуулалтыг хуульд тусгана. Багшийг зөвхөн багш бэлтгэх хөтөлбөртэй сургуулиар бэлтгэж, хөтөлбөрийг заавал магадлан итгэмжлэгдсэн байх шаардлага тавина. 

Улс төрөөс ангид боловсрол  

Боловсролд улс төрийн нөлөө хэт ихсэж дөрвөн жилийн давтамжтай сонгуулийн мөч­лөгөөр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд солигддог нь уламжлал болж байна. Сүүлийн гурван сонгуулийн үр дүнд боловс­ролын удирдлагуудын 75-80 хувь нь өөрчлөгдсөн байгаа статистик үүнийг харуулж байна. Улс төрийн албан тушаалтан сургууль, цэцэр­лэгийн захирал, эрхлэгчийг ямар шалгуураар сонгож томилдог нь тодорхой биш. Мэдээж үүнтэй хол­боотой үүсдэг сөрөг үр дагавар олон. Хуулиар цэцэрлэг, сургуулийн удирдлагад тавигдах шаардлагыг тодорхой болгож, томилгооны босоо тогтолцоог нэвтрүүлж, мерит зарчимд тулгуурласан, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байх зэргээр шалгуур тавьж байгаа юм.

Цахимыг боломж болгоно 

Цахим шилжилт бол хүүхэд бүрд тэгш боломж олгох суурь юм. Боловсрол хувьсан өөрч­лөгдөхийн хэрээр сурах олон боломжийг нээх замаар тэгш хүртээмж бий болгохоор дэлхий нийт зорьж байна. Тиймээс ч цаашид танхимын болон цахим сургалтыг хослуулсан байдлаар хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Энэ алхмыг хамгийн богино хугацаанд оновчтой нэвтрүүлж буй улсаар Монгол Улсыг ЮНЕСКО нэрлэсэн. Энэ хичээл зүтгэлийг үргэлжлүүлнэ. Хамгийн сайн багшийг Монгол орны хаанаас ч сонгон суралцах боломжийг цахим сургалтаар олгоно. Газар зүйн байршлаар алслагдсан сургууль гэж байхаас алслагдсан багш, сурагч гэж байх ёсгүй.

 Г.Сонинбаяр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...