“Анхны алхам” кинон дээр дадлагын оюутан Мядаг нэгэн өвс бариад “Энийг монголоор юу гэдэг юм бэ, Базар гуай” гэхэд хэгжүүхэн буриад эр “Энэ саргас гээш” хэмээн өгүүлдэг. Царгасыг ийнхүү буриад аялгаар дуудсан хэрэг л дээ. Ирээдүйн агрономич болох оюутан бүсгүй царгас бариад монгол нэрийг нь асууж байгаа энэ хэсгийг кинонд санамсаргүй оруулсан хэрэг биш болов уу. Царгас бол малын гол тэжээл бөгөөд тарга тэвээрэг авахуулах ид шидтэй гэмээр ургамал. Түүнийг монголчууд эртнээс мэддэг, хадлан тэжээл бэлтгэхдээ царгас элбэг ургасан газрыг сонгодог байжээ. Нөгөөтэйгүүр царгасыг хүн төрөлхтөн тарималжуулан ургуулаад олон мянган жил өнгөрчээ.
Манай улсын хувьд Монгол Улсын зөвлөх агрономич, царгас судлаач доктор Ш.Батсүх 1981 оноос эхлэн тухайн үедээ үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлын нэг болооод байсан царгасны үр үйлдвэрлэх иж бүрэн технологи боловсруулах ажлыг сонгон авч ажилласан түүхтэй. Үүний үр дүнд тэрбээр 1993 онд “Монгол Улсын Их нууруудын хотгорын усалгаатай нөхцөлд царгасыг үрэнд тариалах агротехник” сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна. 1985 онд царгасны дээд ангийн үр үйлдвэрлэх зорилго бүхий 85 га эргэлтийн талбайтай Царгасны үрийн бригадыг Хархираагийн ТАА-д МААЭШХ-гийн харьяанд байгуулж өөрөө үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулсан аж. Тус царгасны үрийн бригад 1988 онд царгасны “Бургалтай” сортын нэг га-гийн үрийн ургацыг 1.8-2.0 ц/га-д хүргэж 15 тонн элит сортын үр хураасан амжилтаар улсын ургацын аварга бригадаар шалгарч байжээ. Тухайн үед Царгасны үрийн бригадын үйлдвэрлэсэн царгасны үр улсын хэрэгцээг бүрэн хангаж царгас тариалах ажил ч идэвхтэй өрнөж байв.
1990-ээд оноос хойш нэг хэсэг тасалдсан ч сүүлийн жилүүдэд манай малчид, тариаланчид царгас тариалж, малдаа сайн чанарын тэжээл бэлтгэхийн хамт хөрснийхөө үржил шимийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарах болжээ.
Бордоо болдог ургамал
Царгас бол 3000 жилийн тэртээгээс тарималжсан, дэлхийн таван тивийн 90 гаруй улс орны олон зуун сая га-д тариалагдаж байгаа олон наст буурцагт, өвслөг ургамал юм. Царгас ургацаар арвин, протеин ба үл төлөөлөгдөх амин хүчил, нүүрс ус, эрдэс давс бусад бодисын зохистой харьцаа бүрдсэн малын тэжээлийн гойд сайн ач холбогдолтой ургамал аж. Царгасыг бусад тарималтай харьцуулахад хоёр гайхамшигтай шинж чанар бий. Нэгдүгээрт, малын тэжээлийн гойд сайн ургамалд тооцогддог. Царгасыг дэлхийн улс орнууд уургийн хаан гэж нэрлэдэг байна. Өндөр хөгжилтэй улс орнууд нэн ялангуяа АНУ, Канад, Герман, Франц, Хятад зэрэг улсууд царгасыг олон мянган га талбайд тариалж, малын тэжээлийнхээ хэрэгцээг бараг бүрэн хангахын хамт олон нэр төрлийн уурагт тэжээл үйлдвэрлэн гадаадад гаргадаг байна. Ягаад царгасыг ийм ихээр тариалах болов гэвэл цэцэглэлтийн үе шатанд хадаж бэлтгэсэн царгасны нэг кг өвсний найрлагад 18-20 хувийн протеин, 13-14 грамм кальц, 2-5 грамм фосфор, 8-9 грамм зэс байдаг нь үет олон наст өвснөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Судалгаанаас үзэхэд нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас шар буурцагнаас 3-5 дахин, улаан буудайнаас 6,3 дахин их байдаг аж. Царгасны нэгж талбайгаас хураан авах ургац шимт чанараараа байгалийн хадлангийнхаас 2-3 дахин, ногоон тэжээлээс 1-2 дахин илүү байдаг гэнэ.
Түүнчлэн царгас тарьсан хөрс шим тэжээл сайтай болдог нь тогтогджээ. Энэ нэг гол онцлог нь. Аливаа таримал ургамал хөрснөөс шим тэжээлийн бодисыг авч хөрсийг ямагт ядууруулж байдаг бол царгас хөрсний үржил шимийг байнга нөхөн сэргээж байдаг онцлогтой таримал. Тухайлбал царгаст талбайн га тутамд жилд 250-290 кг, заримдаа 500 кг хүртэл ургамалд хялбар шингэх азот хуримтлагддаг байна. Энэ нь нэг га талбайг 4-5 центнер азотын бордоо буюу 30-50 тонн бууцаар бордсонтой тэнцэх хэмжээ юм. Царгас тариалаад 4-5 жил болоход хөрсний үржил шим 45-50 хувиар, ерөнхий азот 5-7 дахин нэмэгдэж хөрсний бүтэц бүрэлдэхүүн эрс сайжирдаг байна. ОХУ-ын академич Д.Н.Прянишников “Царгас тариалсан сая га талбай бүр нь томоохон хүчин чадалтай азотын бордооны хэд хэдэн үйлдвэрийн үйлдвэрлэх хэмжээний ургамалд ашиглагдах азотоор хөрсийг баяжуулдаг” гэж дүгнэсэн байдаг аж. Түүнчлэн царгасыг нэг удаа тариад 10-15 жил хадаж ашигладаг, нэг га талбайгаас 8-10 тонн өвс хураан авдаг байна. Энэ нь байгалийн хадлангийн 24-30 тонн өвстэй тэнцдэг зэргээс нь хүмүүс царгасны гайхамшгийг биширдэг, бас тариалахыг сонирхдог болжээ. Нэг ёсондоо царгас бол бэлчээрийн охь шим болсон ургамал аж.
Нэг килограмм царгас гурван килограмм байгалийн хадлантай тэнцдэг
Тэгвэл царгас тариалах нь байгаль орчинд, ялангуяа бэлчээрт ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг хүмүүс сонирхдог. Царгас хөрсний үржил шимийг байнга дээшлүүлж байдаг нь байгаль орчинд үзүүлж байгаа нэг чухал нөлөө мөн. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн атаршуулж орхисон олон зуун мянган га талбай, мөн уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн талбайг царгас тариалах замаар нөхөн сэргээдэг болжээ. Байгалийн бэлчээр хадланд ямар нөлөө үзүүлдэг талаар жижигхэн тооцоо хийж үзье. Царгасыг таван га талбайд тариалаад хоёр дахь жилээс нь эхлэн жил бүр дундажаар 40 тонн өвс хурааж авна. Царгасны энэхүү өвс нь байгалийн хадлангийн 120 тонн өвстэй тэнцэнэ. Ийм хэмжээний байгалийн хадланг бэлтгэхийн тулд 4-5 ц/га ургацтай 200-250 га талбайг хадаж байж авна. Ингээд бодохоор таван га талбайд царгас тариалаад бэлтгэж байгаа өвс нь 200-250 га талбайг жил бүр машин техник, хүний нөлөөллөөс хамгаалж байна гэсэн үг юм. Энэ нь байгалийн бэлчээр, хадлангийн талбайг хамгаалж байгаа нэг хэлбэр гэж болох юм. Тиймээс манай улс газар тариаландаа царгас бүхий ээлжлэн тариалах системийг нэвтрүүлэх замаар байгалийн хадлан хадахгүйгээр сэлгээнд тариалсан царгаснаасаа жил бүр хаддаг тэжээлийнхээ хэрэгцээг хангахын хамт хөрснийхөө үржил шимийг нөхөн сэргээх бүрэн боломж байна гэж судлаачид үздэг. Үүнийг төр засгийн бодлогын хэмжээнд хийчихэж болох энгийн шахуу амар хялбар асуудал юм.
Улсын ууган сорт “Бургалтай”
Царгасны “Бургалтай” сорт 1978 онд нутагшиж, 1986 онд сортоор батлагдсан манай орны тэжээлийн олон наст ургамлын хамгийн анхны ууган сорт аж. Автор нь И.Хайсан гэж Зүүнхараагийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд ажиллаж байсан агрономич. Тэрбээр Монгол орны ойт хээрийн бүсийн усалгаагүй нөхцөлд Сэлэнгэ аймгийн Бургалтайн туршлага станцад ЗХУ-ын хөх ба хөх эрлийзийн сорт хэлбэрт хамаарах “Гримм-Зайкевич” сортыг нутгийн шар царгастай өөр хооронд нь чөлөөт тоос хүртээлт явуулан цаашид Зүүнхараагийн нөхцөлд нийтийн сонголтоор сайжруулан тогтвортой байдалд оруулан үрийг үржүүлэх замаар “Бургалтай” сортыг бий болсон байна.
Энэ сортын онцлог нь эх орныхоо газар шороо, байгаль цаг уурт дасан зохицсон хамгийн гол нь Монгол орны өвлийн 30-40 хэмийн хүйтнийг тэсвэрлэн бараг 100 хувь өвөлжиж чаддагт л нууц нь байгаа юм. Дэлхийн улс орнууд царгасны олон арван сортууд гарган тариалж байна. Зөвхөн манай урд хөршид гэхэд л царгасны 80 гаруй сорт байна. Гэтэл зөөлөн дулаан уур амьсгалтай улс оронд гарган авсан сорт нь Монгол орны дээрх хүйтнийг тэсвэрлэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл зөөлөн дулаан орны гаралтай сортыг тариаллаа гэж бодоход тарьсан жилдээ сайхан ургана. Харин дараа хавар нь нөгөөх сайхан ургаж байсан ургамлын ихэнх нь заримдаа 100 хувь сэргэн ургахгүй үхсэн байдаг аж. Үүний учир шалтгааныг ойлгохгүйгээр аль тааралдсан үнэ хямд, царгасны сорт тариалах замаар манай малчид тариаланчид “шатсан” тохиолдол олон бий гэдэг. Тиймээс эрдэм шинжилгээний байгууллагын сорилт туршилтанд хамрагдаж нутагшсан сортын үрийг тариалж байх нь эрсдэлгүй юм. Царгасын хувьд манай орны байгаль цаг ууртай төстэй ОХУ-ын Чита, Тува, Улаан-Үд, Новосибирск зэрэг хил залгаа мужуудын гаралтай сортууд болон Хятад улсын “Нутаг бэлчээр-2”, “Шар цэцэгт” зэрэг сортууд мөн Канад, Франц зэрэг орны зарим нэг сортууд сайн өвөлжиж, их ургац өгөх боломжтой нь судалгаагаар тогтоогдсон байна. Эдгээрийг тариалах нь оновчтой гэдгийг эрдэмтэд зөвлөдөг аж.
Царгасаар тэжээсэн малын зүй бус хорогдол багасч, мах, сүүний гарц нэмэгддэг
Царгасаар мал тэжээхэд юуг анхаарах талаар МААЭШХ-ийн эрдэмтдийн хийсэн нарийн туршилт, судалгаа шинжилгээний ажлууд байдаг. Мөн царгасны өвсийг ашиглан төрөл бүрийн мал, сүүний болон махны чиглэлийн үхэр гахай, шувуунд зориулан төрөл бүрийн жороор тэжээл үйлдвэрлэж, тэжээх норм тун хэмжээг тогтоож өгсөн нь ч бий. Царгасаар тэжээсэн малын тарга тэвээрэг, таваарлаг байдал хэрхэн сайжирдаг талаар нэг жишээ дурдъя.
Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйд 83 га талбай бүхий царгасны үрийн бригадтай байжээ. Энэ талбайн үр хураасны дараа хэнзлэн ургасан өвсийг ашиглах зорилгоор үйлдвэрлэлийн туршилт хийсэн аж. Увс аймагт намар урт болдог учир наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр хадсан царгасны талбайн ургамал есдүгээр сарын сүүлч хүртэл 10-15 см өндөр хэнзлэн ургана. Үүнийг ашиглах зорилгоор 1988, 1989 онуудад Увс аймгийн Наранбулаг сумтай гэрээ байгуулан 16 кг хүртэл жинтэй гуравдугаар ангийн 1000 хургыг есдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 01 хүртэл хоёр сар гаруй хугацаанд царгасны үр хураасан 83 га талбайд оруулан бэлчээрлүүлжээ. Үүний үр дүнд зүй бусын хорогдол бараг гараагүй бөгөөд нэг хурганы амьдын жин ангилан ялгаснаас хойших гурван сарын хугацаанд 10 кг-аар нэмэгдэж 26 кг-д хүрч хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байжээ. Царгасны талбайд байсан хурганы амьдын жин, зүй бусын хорогдлыг байгалийн бэлчээрт байсан ижилхэн гуравдугаар ангийн хургатай харицуулахад зүй бусын хорогдол 15-20 хувь, амьдын жингийн нэмэгдэл 5-6 кг-аар илүү байв. Наранбулаг сумтай байгуулсан гэрээний дагуу хурганы зүй бусын хорогдол болон амьдын жингийн нэмэгдлээс хүрээлэнд хоёр жил дараалан хоёр тонн гаруй мах нийлүүлж, ажиллагсдын цайны газрын махны хэрэгцээг бүрэн хангаж байсан аж.
Царгас малын сүүний гарцад нөлөөлдөг эсэх мөн сонирхолтой. Дэлхийн банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газраас “Нийгмийн суурь үйлчилгээг ядуу, эмзэг бүлгийнхэнд илүү чанартай хүргэе” сэдвийн хүрээнд “Монголын хөгжлийн зах-2007” уралдаант төсөл сонгон шалгаруулалтад царгас судлаач доктор Ш.Батсүхийн боловсруулсан “Идэш тэжээл-ихэр төл” төсөл шалгарсан аж. Уг төслийн шугамаар Төв аймгийн Батсүмбэр суманд адилхан сүүний гарцтай хоёр үнээний нэгийг нь царгасны өвсөөр, нөгөөг нь хадлангийн өвсөөр нэг сар тэжээхэд царгасаар тэжээсэн үнээний хоногийн дундаж саам 0,8 л-ээр илүү байжээ. Хавар царгас тавдугаар сарын эхээр сэргэн ургадаг. Энэ үедээ хамгийн их уурагтай байх учир ямар ч мал царгасны талбайд орсон нөхцөлд хордлогонд орох явдал их байдаг нь анхаарууштай. Энэ нь царгас хортойдоо биш харин турж онд орсон мал хэр хэмжээгээ мэдэхгүй царгасны өвсийг ихээр идсэнээр хоолны хордлогод орж байна гэсэн үг. Энэ үед гэдэс нь хөөж, чацга алдаж багтарч унадаг байна. Иймд царгасны өвсөөр мал тэжээх хэмжээ, тунд онцгой анхаарах хэрэгтэй ажээ.
Царгас тариалах, хадгалах, хураахад юуг анхаарах вэ?
Энэ бол технологийн нарийн асуудал. Царгас тариалахад зайлшгүй анхаарвал зохих зарим нэг зүйлийг дурдъя. Царгас маш жижигхэн үртэй. Жишээлбэл 1000 ширхэг үр нь 1,2-2,0 грамм байдаг. Нэг га-д үрлэх норм нь тэжээлд зориулан энгийн /мөр хооронд 15 см/ мөрөнд 10-12 кг, үрэнд зориулан өргөн мөрөнд 3-6 кг үрийг 01-2,0 см-ийн гүнд л жигд суулгана. Иймд их хэмжээний талбайд тарихын тулд царгас тариалах зориулалтын үрлэгчийг хэрэглэнэ. Үр тарианы үрлэгчээр үрлэх боломжгүй. Учир нь царгасны үр нь үр тарианы үрнээс олон дахин бага учир шууд л асгачихна. Иймд царгас тариалах талбай нь маш тэгшхэн, сайн боловсруулагдсан, зориулалтын үрлэгчтэй байх шаардлагатай.
Тарих хугацааны хувьд тавдугаар сарын 10-наас зургадугаар сарын 20 хүртэл байж болно. Энэ хугацаанаас хойш тарих юм бол өвөлжиж чадахгүй. Царгас тариалсан талбайг заавал хашиж, хамгаалах хэрэгтэй. Царгас эхний жилдээ 15-20 см, усалгаатай бол нэлээд өндөр ургана. Эхний жил аль нэг хэлбэрээр ашиглахыг хориглодог. Гэхдээ усалгаатай нөхцөлд тариалсан үед, намар 50-60 см өндөр ургах явдал бий. Энэ үед намар ургамлын өсөлт хөгжилт зогссон үед хадах юм уу тугал бяруу, ядарч доройтсон мал оруулан ашиглаж болно. Гэхдээ дээр хэлсэнчлэн малаа хордлогод оруулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Мөн дээр хэлсэн тарих гэж байгаа сортынхоо өвөлжих чадвар, гарал үүсэл, цэвэршилт, соёололтыг заавал мэдсэн байх хэрэгтэй. Олон жил болсон ч юм уу, хогт хольц ихтэй муу үрээр таривал ургахгүй.
Царгасыг эхний жил ямар ч гологдолгүй зөв тариалж, ургуулж чадвал хоёр дахь жилээсээ эхлэн услана, хадна өөр бараг хийх ажил байхгүй. Царгас хүчирхэг голлосон үндэсний системтэй /4 м хүртэл гүн орно/ учир хэр баргийн хог ургамлыг хажуудаа ургуулахгүй. Сайн усалж тордож чадвал царгаснаас жилд 2-3 удаа хадаж ургац авах боломж бий. Бас нэг анхаарах чухал асуудал бол царгас нь маш их навчтай, өндөр өтгөн ургах учир хадсаны дараа сайн эргүүлж сэврээхгүй бол маш хурдан харлаж муудаж чанараа алддаг байна.
Малчид боломжийнхоо хэрээр хувиараа юм уу, хэсэг бүлгээрээ нийлэн зохих хэмжээний 2-3 га талбайд царгас тариалж чадвал цас зутай өвөл, хаварт малаа үхүүлэхгүй хамгаалах бүрэн боломжтой.
Нэг ба таван га талбайд царгас тариалахад ямар хэмжээний зардал гарах, тэндээс хураасан өвсөөр хэдий хэмжээний малыг, ямар хугацаанд тэжээж болох тооцооллыг хүргэе.
5 га-д царгас тариалахад гарах зардал
Үрийн норм,кг | Зардал, мян,төг | |||
1 га | 5.0 га | 1 га | 5.0 га | |
Тарих үр, | 10 | 50 | 200,0 | 1000,0 |
Тариалалт | – | – | 300,0 | 1500,0 |
Хашаа | – | – | 300,0 | 1500,0 |
Худаг | Дундажаар 50 м-ээс ус гарна гэж үзвэл 1 м өрөмдөхөд 100,0 мянган төгрөг, 50 х100 = 5 сая төгрөг | |||
Дүн | 9,0 сая төгрөг болж байна |
Царгасыг нэг удаа тариад дахин тарихгүйгээр олон жил ашиглах учир хүн бүр тарих техниктэй байх шаардлагагүй. Сүүлийн жилүүдэд үйлчилдэг зориулалтын техниктэй компаниуд бий болсон. Тэднийг гэрээгээр хөлслөн ашиглах боломжтой.
Царгасны 5 га талбайгаас хураасан өвсөөр мал тэжээх тооцоо
Таван га царгасны талбайгаас хоёр дахь жилээс эхлэн жил бүр 40 тонн өвс хурааж авах бүрэн боломжтой. Энэ хэмжээний өвсөөр 450 бог, 50 бод буюу 750 хонь толгой малыг арванхоёрдугаар сарын 01-нээс эхлэн дараа хаврын ногоо ургах хүртэл бүтэн таван сарын турш бараг бэлчээрт гэргахгүйгээр хотонд нь тэжээх боломж харагдаж байна. Энд нэг зүйлийг тодруулахад зуны улиралд нэг хонь толгой мал бэлчээрээс 1,5 кг ногоон өвс иддэг байна. Тэгвэл дээр хэлсэнчлэн царгасны нэг кг өвс байгалийн хадлангийн гурван кг өвстэй тэнцдэг. Тэгвэл бог малд өдөр бүр өгч байгаа 0,4 кг өвс нь бэлчээрийн 1,2 кг өвстэй тэнцэж байгаа гэсэн үг. Малчин айлд дан бүдүүн хонь биш хурга ишиг төлөг борлон байдаг. Тэд бага өвс иднэ. Ийм нөхцөлд танай гадаа хэдэн метр зузаан цас орсон ч айх аюулгүй. Иймд малчид өөрсдийнхөө хүч бололцоонд тулгуурлан бага ч гэсэн талбайд царгас тариалж чанар сайтай өвс бэлтгэж сурах юм бол өвлийг өнтэй давах болно.