Saturday, November 23, 2024

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт судлаач, шүүмжлэгч Таданори Мацуда: Японд Монголын уран зохиолыг орчуулаад ашиггүй

Date:

Японы нэрт монголч эрдэмтэн Таданори Мацуда манай улсад саяхан ирээд буцлаа. Түүнийг гадаадын зохиолч, судлаачдаас анх удаа МЗЭ-ийн болон МҮЧЗХ-ны шагнал хүртсэн уран бүтээлч гэдгээр нь, их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг олон талаас нь гүнзгий судалж ном хэвлүүлсэн төдийгүй хорь гаруй жилийн тэртээ төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг япон хэлнээ орчуулснаар нь Монголын уншигчид, уран зохиолын хүрээнийхэн андахгүй. Энхтайван найрамдлын төлөө Монголын холбооноос ноён Таданори Мацудад “Энхтайваны мөнгөн од” одонгоор шагнахаар болсон тул тэрээр уг хүндтэй шагналыг гардахаар Монголд иржээ. Мөн энэ удаагийн айлчлалынх нь нэг гол зорилго саяхан бичиж эхэлсэн Монголын сүмочдын тухай номдоо шаардлагатай материал цуглуулах, зарим нэг хүмүүстэй уулзахад чиглэсэн байна. Ингээд эрхэм монгол судлаачтай уулзаж ярилцсанаа толилуулъя.

Монголын тухай судалсан минь үнэхээр азтай хэрэг болсон

-Монгол орон, монголчуудтай хэзээнээс эхэлж амьдрал, уран бүтээлээ холбох болов. Монголыг сонирхон судлах болсон үеийнхээ тухай дурсамжаа хуваалцахгүй юу?

-Би 1980 онд анх Монголд ирсэн. Намар аравдугаар сард ирж байсан юм. Монголын уран зохиолыг нэлээд эртнээс судалсан л даа. Гэхдээ Японд Монголын уран зохиолыг судлаад, түүгээр мэргэшээд амьдарч чадахгүй. Тиймээс би одоо Японд аялал жуулчлалын сургуульд багшилдаг. Монголын уран зохиол, монголчуудын тухай судлаад 39 жил болж байна. Их сургуулийн оюутан байхдаа 18 настайгаасаа л Монголын тухай хичээж судалсан. Цаашид магистрт сурч байхдаа ч түүнээ үргэлжлүүлсэн. Яг тоолох юм бол зургаа долоон жил Монголын тухай маш их хүч, хөдөлмөр гаргаж шимтэн судалсан. Дэлхийд Монголыг тэгж судалсан хүн цөөхөн байх. Тэр үед сургуулиа төгсөөд Монголын тухай судлаач, багш болж болох байсан ч надад тийм нөхцөл бүрдээгүй. Тухайн цаг үе өөр байв. Тиймээс би ном орчуулахын зэрэгцээ Монголыг судалсаар өнөөг хүрлээ.

-Яагаад заавал Монголыг сонирхон судлах болов. Үүнд юу нөлөөлсөн бэ?

-Би Токиогийн гадаад хэлний сургуулийг төгссөн. Тэр үед Монголын тухай сурч мэдэх сургууль Токио, Осака хоёрт л байсан. Залуугаасаа л гадаадын уран зохиолыг орчуулдаг хүн болохсон гэж хүсдэг байв. Тэр үеийн залуус англи, герман, франц, орос хэл сонирхох нь их байлаа. Харин би багаасаа бусдаас өөр байхыг хүсдэг, бусдын хүсч байгааг хиймээргүй санагддаг байсан. Бусдын хийж байгаа, хүсч байгаа юм хаанаас ч олдоно. Хүний чадахгүйг хийх гэж уран зохиол сонирхсон. Мөн Монголыг судалсан. Монголын тухай Чингис хаанаар л мэддэг. Хубилай хаан Япон руу дайрсан гэдгийг л мэддэг байв. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд тухайн үед монголчуудаас илүү япончууд Чингис хааныг мэддэг байсан болов уу. Стендалийн “Улааныхан ба харынхан” шиг том түүхэн роман орчуулдаг болъё гэж шийдсэн. Тиймээс Монголыг судлахыг хүсдэг болсон. Ийм шийдвэрт 15 настайдаа хүрсэн байлаа. Миний үеийнхэн бүгд англи, герман хэл сурч гадаад хэргийн яам, эсвэл том компанид ажиллахыг хүсдэг байсан бол би тэднээс өөр байхыг хүссэн. Үнэнийг хэлэхэд би Монголыг судалъя гэж шийдэх хүртлээ Монголыг социалист орон гэдгийг мэдээгүй байсан.

-Тэр үед хөрөнгөтөн орны хүн социалист орныг судлахад бэрхшээл их байсан уу?

-Одоо бодоход Монголын тухай судалсан маань үнэхээр азтай сайхан хэрэг болсон. Тэр үед Монголын тухай ном олдохгүй их хэцүү байсан. Монгол социалист орон байсан тул очиж ч чаддаггүй байлаа. Монголд ганц удаа очиж үзсэн нэг багшийг л би таньдаг байв. Тэгэхэд одоогийнх шиг буцах билетээ очих билеттэйгээ цуг авдаггүй байсан. Тиймээс Японоос Монголд ирлээ гэхэд нутагтаа буцах билетээ авч чадах уу гэдэг тодорхойгүй байлаа шүү дээ. Наритогоос Бээжин хүртэл 2000 ам.доллараар явдаг, Бээжингээс наашаа галт тэргээр 30 цаг явдаг байв. Анх би ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэв гуайн урилгаар Монголд ирсэн. Б.Ширэндэв гуай надтай ямар хэлээр ярихаа мэдэхгүй, орос, герман, франц хэлтэй хүмүүс дагуулан тосч байлаа. Тэр үеийн социалист нийгэм аймаар байсан ч сонирхолтой юм бас их байсан. Наад зах нь би Монголын цагдаад баригдаж үзсэн. Цагдаад баригдаад байхдаа Монголд дахиж хэзээ ч ирэхгүй гэж хүртэл бодож байв. Гэвч би өнөөг хүртэл Монголын тухай судалсаар ирлээ. Монголыг судлах болсон минь миний амьдралд олон шинэ зүйлийг нээж өгсөн.

М.Цэдэндорж авьяас чадварын хувьд Д.Нацагдоржоос илүү

-Монголд анх ирээд ямар хүмүүстэй танилцсан бэ?

-Анх ирээд олон сайхан зохиолчтой уулзаж, найз нөхөд болцгоосон. Миний хамгийн хүндэлдэг хүн бол Ц.Дамдинсүрэн гуай. Би түүнтэй уулзаж “Буурал ээж минь” найраглалыг нь уншуулж хальсанд бичиж авсан. Найраглалаа унших тусам сэтгэл нь хөдөлж, бүр нулимс унагаж байсан. Тийм дурсгалтай бичлэг надад бий. Ц.Дамдинсүрэн гуай эрдэмтний дундах эрдэмтэй хүн. Түүнтэй 25 жилийн өмнө уулзсан минь өчигдөр юм шиг тодхон санагддаг. Ц.Дамдинсүрэн гуай бүр 1962 онд Чингисийн тухай бичээд буруудаж байсан юм билээ. Тэр тухай мэдсэн нь надад чухал зүйл болсон. Да багшийг тийм хэцүү үед нь ард түмэн түүнийг хаяагүй. Монголын ард түмэн үнэхээр сайхан сэтгэлтэй, ухаалаг улс. Монголчуудын энэ сайхан чанар Монголыг судлах сэтгэлийг минь улам бадраасан. Намайг 1980 онд Монголд ирэхэд М.Цэдэндорж гуай хоёр удаа ирж уулзсан. Тэр үед гадаадын хүн, тэр тусмаа хөрөнгөтөн орны хүнтэй зөвхөн дотоод яамныхан л ирж уулздаг байсан. Тийм нөхцөлд надтай зочид буудалд маань ирж уулзана гэдэг их зориг гаргасан хэрэг шүү. Би 18 настайгаасаа Монголыг судалж эхлэхдээ Д.Нацагдорж, М.Цэдэндорж нарын шүлгүүдийг сонирхож орчуулсан. Миний шүлгийг нь орчуулж эчнээ таних болсон тэр эрхэм яруу найрагч надтай уулзахаар зорьж ирсэн нь баяр, бахдал төрүүлсэн. Д.Нацагдорж, М.Цэдэндорж нарын шүлгүүд социалист нийгмийн үед ч, өнөөгийн нийгмийн үед ч уншигдсаар байна. Гэтэл социализмын үеийн ихэнх шүлгүүд ийм байгаагүй шүү дээ. Дараа нь 1984 онд намайг Монголд ирэхэд М.Цэдэндоржийг нас барсан гэдгийг сонсоод маш харамссан. Би түүний тухай олон нийтлэл бичсэн. М.Цэдэндорж бол авьяас чадварын хувьд Д.Нацагдоржоос ч илүү. Түүнийг Монголын хамгийн том зохиолч гэж одоо ч би боддог.

-Та М.Цэдэндорж гуайн шүлгүүдийг анх орчуулж байсан гэлээ. Олон шүлэг орчуулсан уу?

-Үгүй. Арваад шүлэг л орчуулсан. Японд Монголын яруу найргийг орчуулаад ашиггүй шүү дээ. Тэгээд ч 1980-аад оны үед Монгол руу 100 удаа ном захиалахад нэг нь л ирдэг байв. Би 1980 онд Монголд ирэхээсээ өмнө М.Цэдэндоржийн нэг л номыг олж уншсан. Ер нь өөр хүн бол шантрахаар л байсан даа. 1972 онд Токиод анх монгол хүнтэй уулзсан. Тэр хүн нь Д.Цэвэгмид гуай. Тэгэхэд Д.Цэвэгмид гуай надад “Булшин дээр” найраглалаа дурсгасан. Хамгийн анх монгол хүнтэй уулзахад, тэр тусмаа зохиолч хүнтэй уулзахад их сайхан санагдсан. Хожим Монголд ирж цагдаад баригдаад байхдаа Д.Цэвэгмид гуай руу утсаар ярьж аврагдаж байлаа. Тэрбээр жинхэнэ малчин ардын дундаас төрсөн, монгол хүний сайхан сэтгэл нэвт шингэсэн хүн байсан юм. Энд нэг зүйлийг хэлэхэд, та залуу хүн мэдэхгүй байх л даа. Тэр үед надтай уулзсан Монголын зохиолч бүрийг шалгадаг байсан гэсэн шүү.

-Энэ олон жилийн хугацаанд Монголын тухай бичсэн ном бүтээл нэлээд арвин болсон уу?

-Монголын тухай болон Монголын зохиолчдын арваад номыг орчуулсан. Төр, нийгмийн нэр зүтгэлтэн Ж.Батмөнх, академич Б.Ширэндэв нарын номыг орчуулсан. Бусад нь Монголын зохиолчдын бүтээл, шүлэг зохиолууд юм. Харин би өөрөө Монголын тухай дөрвөн ном бичсэн. Сонин, сэтгүүлийн нийтлэл 400-гаад бий. Эдгээрийн дийлэнх нь уран зохиолын тухай юм даа. Сүүлийн арваад жилд л Монголын тухай хамгийн бага юм хийсэн байх. Учир нь зав тун бага болсон. Жилд арваад ном гаргадаг. Таван сонинд долоо хоног тутамд, гурван сэтгүүлд сар тутам нийтлэл бичих гэрээтэй. Мөн дээр нь радио, телевизэд гэрээтэй ажилладаг. Ийм их ачаалалтай учраас Монголын тухай тэр бүр бичих зав гарахгүй юм. Монголд ирэхээрээ л ийм тийм юм хийхсэн гэж боддог. Сайхан санаанууд төрдөг. Гэвч Японд очоод завгүй болчихдог. Одоогоор би нийт 140-өөд ном хэвлүүлээд байна. Ер нь үхтэлээ 250 ном гаргачихдаг юм билүү гэж бодож байгаа шүү. /инээв/

Монголын зохиолч, яруу найрагчид тэр сайддаа сайн ойлгуулах хэрэгтэй

Оюутан ахуй цагтаа монгол хэл судалж эхлэх үеэсээ л Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг судалсан. Би өөрөө шүлэг бичдэг байсан болохоор яруу найрагт дуртай. Д.Нацагдорж бол жинхэнэ яруу найрагч хүн. Ер нь дэлхийн олон суутнуудын намтрыг харж байхад жинхэнэ яруу найрагч хүн маш богино насалдаг. Сайн зохиолч хэзээ ч удаан амьдардаггүй. Учир нь зохиолч, яруу найрагч хүн амьдарч буй орчноосоо огт өөрөөр сэтгэдэг. Тиймээс орчинтойгоо зохицдоггүй. Д.Нацагдорж тиймээс л 31-хэн насалсан байх. Нөгөөтэйгүүр гадна хэлбэр талаасаа үнэхээр гайхалтай яруу найрагч гэдэг их ганган хээнцэр байдаг. Д.Нацагдорж эдүгээгээс 70-80 жилийн өмнө амьдарч байсан хүн гэхэд одоо ч гологдохооргүй гоё хувцасладаг хүн байжээ. Европын сайн зохиолчид ч яг л тийм ганган хээнцэр хүмүүс байдаг. Сайн яруу найрагчийн бас нэг шинж нь үргэлж шинийг эрэлхийлдэг чанар. Д.Нацагдорж мөн тийм хүн байв. Тиймээс ч гадаад хэлийг маш хурдан сурсан. Японы алдартай яруу найрагчид ч гэсэн ихэвчлэн англи, францаар шүлэг бичдэг, европын соёлтой хүмүүс байсан. Д.Нацагдорж ч тэдэнтэй яг адил юм. Тэрээр тухайн цаг үеэсээ 50 жилээр түрүүлсэн байсан. Тэгсэн хэрнээ тухайн нийгмийнхээ амьдралтай хутгалдан, шүлэг бичихээс өөр аргагүй болсон. Тэр хүнийг нийгэм нь тийм байдалд хүргэсэн. Д.Нацагдорж үнэхээр цаг үеэ олж төрөөгүй. Шүлэг найргаас ч энэ нь мэдрэгддэг. Би гунигтай үедээ түүний шүлгүүдийг уншдаг. Д.Нацагдорж Монгол ардын аман зохиолыг өөрийн зохиол бүтээлдээ тусгаж, нэг ёсондоо шинэчилсэн. Тэр үед Монголд бичиг үсэг мэддэг хүн ховорхон байсан шүү дээ. Тиймээс зөвхөн аман зохиол л байсан. Түүнийг нь Д.Нацагдорж бичгийн уран зохиолд оруулах маш хүнд алхмыг хийсэн. Харамсалтай нь тэр үеийн улс төрийн бодлогоор түүний шүлгийг өөрчлөх явдал ч байжээ. Олон хүнд баяр жаргалыг өгдөг ч яруу найрагч хүн өөрөө аз жаргалтай байдаггүй. Д.Нацагдоржийн амьдралын сүүлийн жилүүд үнэхээр хүнд байсан. Гэвч жинхэнэ гайхамшигтай яруу найрагчийн шүлэг зохиол өөд болсноос нь хойш зуу зуун жил дурсагддаг. Энэ бол яруу найрагчийн аз жаргал юм. Д.Нацагдоржийн “Миний нутаг” найраглал болон бусад алдарт зохиолуудыг өнгөрсөн 70 жилд уншсаар ирсэн, одоо ч уншиж байна. Цаашид ч уншсаар байх биз. Харин саяхан Монголын нэг сайд /Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайг хэлэв/ Д.Нацагдоржийг мэдэхгүй гэж хэлсэн гэсэн. Энэ бол ичмээр зүйл. Монголын зохиолч, яруу найрагчид тэр сайдад сайн ойлгуулах хэрэгтэй. Яруу найраг бол мөнх. Яруу найрагчид хүний сэтгэлд олон зуун жил амьдардаг. Д.Нацагдорж 31-тэй нас барахдаа хийж бүтээх гэсэн зүйлийнхээ дөнгөж талыг л хийсэн. Одоогийн залуус түүний сэтгэлгээгээр сэтгэж, үлдсэнийг нь хийгээсэй. Тэгэхгүй бол нэг хачирхалтай сайд гарч ирээд тийм юм ярина гэдэг Монголын өнөөгийн эмгэнэл. Би М.Цэдэндорж бол Д.Нацагдоржоос илүү гэж хэлсэн. Гэхдээ М.Цэдэндорж их сайн юм хийж чадалгүй нас барсан. Ер нь Д.Нацагдорж л хамгийн их юм хийсэн сайн зохиолч юм даа. Сая ирээд би Д.Цэдэвтэй уулзсан. Тэр Д.Нацагдоржийн уран бүтээлээр хоёр бүрэн түүвэр гаргана гэж байна. Үүнд урьд огт хэвлэгдээгүй зохиолууд нь, мөн сүүлд үзэл суртлаас болж засварлагдсан зохиолууд нь анхны эхээрээ орох гэнэ. Энэ бол сайхан хэрэг. Энэ жил их зохиолчийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Тиймээс би өмнө нь Д.Нацагдоржийн тухай нэг ном гаргасан. Дахиад нэг ном гаргах нь зүй ёсны хэрэг, миний үүрэг гэж үзэж байгаа. Яг одоо миний хувьд, өнөөгийн энэ муухай мөнгөний нийгэмд шүлгийг нь уншаад хүн бүр догдолдог Д.Нацагдорж шиг тийм сайн яруу найрагч гарч ирээсэй гэж хүсч байна.

Мураками Харуки удахгүй Нобелийн шагнал авах байх

-Яг өнөөдөр Японд Монголын уран зохиолыг хэр уншиж байна вэ?

-Үнэнийг хэлэхэд Японд Монголын уран зохиолыг орчуулаад ашиггүй. Японы өнөөгийн нийгэм бол хөрөнгөтний нийгэм. Тиймээс хүн худалдаж авахгүй зүйлийг хэвлэх хэрэггүй. Энгийн хүмүүст уншуулъя гэвэл хүүхдэд зориулсан зурагтай номуудыг хэвлэж болох байх. Сая ирээд Монголын хүүхдийн зохиолыг Японы хэвлэлийн газартай ярилцаж гаргахаар боллоо. Түүнээс биш жинхэнэ уран зохиолыг бол Монголын тухай, Монголын уран зохиолыг судалдаг хүмүүс л уншина. Ноднин “Монголын уран зохиолын XX зууны алтан судар” гэж 12 боть ном гарсан байна. Түүний эхний цувралын шүлгүүдийг харлаа. Их сайн шүлгүүдийг шилж оруулжээ. Хэдийгээр завгүй ч гэлээ, тэдгээр шүлгүүдийг орчуулах сан гэж бодогдсон шүү.

-Тэгвэл Японы уран зохиолын өнөөгийн өнгө төрхийг ямар зохиолчид тодорхойлж байна вэ?

-Японд уран зохиолыг хүмүүс унших нь багассан. Орчин үед эмэгтэй зохиолчид их төрж байгаа. Хориод жилийн өмнө бол Японд эрэгтэй зохиолчид их байв. Сүүлийн үеийн залуус нэр хүндтэй болохын тулд их хичээж юм хийж байна. Мураками Харуки гэж зохиолч сайн бичиж байгаа. Түүнийг Японоос дараагийн Нобелийн шагналыг авахад ойрхон хүн гэж үздэг. Зохиол нь эх орондоо төдийгүй АНУ, Герман, Франц, Солонгос, Хятадад уншигдаж байна. Үүгээрээ тэр Японы зохиолчдоос зохиол нь гадаадад хамгийн ихээр уншигдаж буй хүн юм. Харукигийн зохиол Хятадад л гэхэд гурваас дөрвөн сая хувиар хэвлэгддэг. Өмнө нь Ф.Кафкагийн шагналыг хоёр удаа авсан зохиолч Нобелийн шагнал хүртэж байсан. Харуки одоо тэрхүү шагналыг авахаар явсан. Тэгэхээр тэр удахгүй Нобель авах байх аа. Түүний “Норвегийн ой” гэж нэг ном нь 20 жилийн өмнө дөрвөн сая хувь хэвлэгдэн гарч байсан. Одоо бол бүр олон хувиар ном нь зарагдаж байгаа. Тэр бас их олон фэнтэй. Эмэгтэй зохиолч гэвэл Ёшимато Бананаг нэрлэх байна. Тэр 40 хүрээгүй хүн. Бүр 20 настайгаасаа номууд нь хамгийн их зарагдаж эхэлсэн. Нэг ном нь сая хувиар хэвлэгддэг. Түүний зохиолыг ихэвчлэн эмэгтэйчүүд уншиж байна. Харукиг бол эрэгтэй, эмэгтэй ялгаагүй уншдаг. Энэ хоёр л сүүлийн 20 жилд Японы уран зохиолд их алдартай байна. Тэдний зохиол Монголд орчуулагдаагүй байх. Мөн Ватаяа Риса гэж оюутан хоёр жилийн өмнө 20 настай байхдаа Р.Акутагавагийн шагналыг авсан. Түүний нэг ном нь хоёр сая хувиар хэвлэгдсэн. Риса 16 настайдаа бас шагнал авч, ном нь сая илүү хувиар хэвлэгдэн гарсан. Тэр цаашид том зохиолч болох байх. Рисагийн зохиолыг орчуулбал монголчууд их унших байх. Японы уран зохиолыг хоёр хувааж үздэг. Жинхэнэ мэргэжлийн уран зохиол, худалдан борлуулах зориулалттай уран зохиол гэж. Дахин хэлэхэд Японы нийгэм бол хөрөнгөтний нийгэм. Ийм нийгэмд Монголын уран зохиолыг орчуулан гаргах хэцүү асуудал. Учир нь Монголд жинхэнэ мэргэжлийн уран зохиол хөгжиж байна.

Эргээд ном уншиж эхэлж байгаа нь бахархалтай

-Та Монголд ирээд ямар шинэ ном худалдаж авав. Манай ном хэвлэлийн зах зээл ямар санагдав?

-Монголд ном их хэвлэгдэн гарч байна. Энэ бол баярламаар зүйл. Японд зохиолч хүн зохиолоо бичээд хэвлэлийн газар худалддаг. Тэр мөнгөөрөө амьдардаг. Монголд тийм юм байхгүй. Тэгэхээр хөрөнгөтөн нийгмийн уран зохиолоос Монголын уран зохиол өөр байна. Ардчиллын жилүүдэд номын дэлгүүр ч байхгүй болсон. Өнөөдөр эдийн засаг нь жаахан сэргэмэгц эргээд номоо хэвлэж байна. Энэ бол нүүдэлчин ард түмэн үнэхээр өндөр соёлтой гэдгийг харуулж байгаа хэрэг. Та бүхэн үүгээрээ бахархах ёстой. Номонд дуртай, номонд хайртай болсон нь социализмын 70 жилийн сайн тал. Тэр үед бүх хүнд ном уншуулах гэж хэвлэдэг, тараадаг байсан. Гэтэл тэгж чадахгүй улс дэлхийд олон байгаа. Танайхтай адилхан социалист системд байсан атлаа ном унших бүү хэл бичиг үсэгтэй хүн цөөхөнтэй улс ч бий. Хятад л гэхэд бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй улс. Монголчууд талхаа олж идэхтэйгээ болмогцоо эргээд номоо уншиж байна. Д.Нацагдорж мэт алдартай зохиолчдоо уншиж, үндэсний соёлоо судалж байж хөгжинө шүү дээ. Үүнийг сайн бодоорой. Япон бол газар нутгаараа Монголын дөрөвний нэгд хүрэхгүй. Гэтэл дэлхийд тэргүүлэх орон болсны нууц нь иргэддээ системтэй боловсролыг эзэмшүүлсэн. Үндэсний соёлоо хүндэтгэх сэтгэлгээг хүн бүхэнд суулгасан. Монгол бол Японыг бодвол асар их соёлын өв, уламжлалтай үндэстэн. Одоо Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болж байна. Үүгээрээ үндэсний өв соёлоо дээдлэн хүндэтгэх суурийг тавих хэрэгтэй.

-Өнөөгийн Монголын нийгмийг гадны хүний нүдээр харахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Монголчуудыг нүүдэлчин гэхээр ямар ч соёлгүй улс гэж гадаадынхан боддог. Гэтэл тийм биш. Монголчууд соёл, уран зохиолын өндөр боловсролтой нь юухнаас ч болов мэдрэгдэж байна. Би өнөөгийн Монголын залуусыг алдаж бодохгүй байгаасай гэсэн сэтгэлийн үүднээс дараахь зүйлийг хэлмээр санагдлаа. Монгол орон 15 жилийн өмнө ардчиллын замд орсон ч энэ нь 70 жилийн түүхтэй социалист нийгмийн бүх юмыг устгана гэсэн үг биш. Өнөөгийн ардчилал өмнөх 70 жилтэй салшгүй холбоотой. Бүгдийг хаяна гэдэг байж болшгүй зүйл. Д.Нацагдоржийн зохиолоор л жишээлэхэд түүний шүлэг найраг социализмын үед ч, ардчиллын үед ч шинэ үзэгдэл, шинэ зохиол мэт байгаа. 70-80 жилийн өмнө бичсэн хэрнээ шинэ хэвээр байна гэдэг гайхамшиг. Үүнийг л судалж үзээсэй. Танай тэр сайд Д.Нацагдоржийг мэдэхгүй гэж ямар утгаар хэлсэн юм бол. Социализмын үед байсан гэдгээр нь тэгж хэлсэн байж мэднэ. Тэгж болохгүй. Социализмын 70 жилээс авах юм их бий. Тухайн үедээ Д.Нацагдорж гайхамшигтай шүлэг, найраглал, өгүүллэг, жүжиг бичиж, бас орчуулга хийдэг байсан. Энэ бол нийгмээсээ сайн сайхан юмыг нь авч чадаж байна гэсэн үг. Өнөөгийнхөн Д.Нацагдоржийн зохиолоос тийм сайн сайхан юмыг нь олж харах хэрэгтэй. Тийм сайныг олж харах нүдтэй байхгүй бол Монголчууд XXI зуунд хүн төрөлхтөнтэй хөл нийлж чадахгүй. Бас Монголд тал бүрээс соёл урлаг, уран зохиолын чиглэл орж ирж байна. Үүнийг авах нь мэдээж. Гэхдээ үндэснийхээ зүйлийг алдаж болохгүй. Монгол гэдэг бол та бүхний уг үндэс шүү дээ.

2006 он “Улаанбаатар таймс” сонин.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...