Sunday, November 24, 2024

Д.Ганчөдөр: Алдарт “Галшарын унага” магтаал газар газрын авьяастнуудын “шандас”-ыг сорино

Date:

ЯРИЛЦСАН Г.СОНИНБАЯР

Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жил, нэрт ерөөлч, магтаалч, ардын билиг зүйч Лувсангийн Агваанжамбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Галшарын унага” ерөөлч, магтаалчдын улсын уралдаан Хэнтий аймгийн төв Чингис хотод ирэх зургадугаар сард болно. Энэ талаар аймгийн цолчин засуул, Монгол Улсын тэргүүний ардын авьяастан, Д.Ганчөдөртэй ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу. Эхлээд манай уншигчдад өөрийгөө  танилцуулна уу?

-Миний бие Баянхутаг нутагтай, бараан бор царайтай, багшийн мэргэжилтэй, хуур хөгжмийн хэнхэгтэй, хурдан адууны хоббитой, хүчит бөхийн сонирхолтой, түүдгийн чинээхэн биетэй, түмний хэлтэрхий Ганчөдөр гэдэг хүн дээ. Одоогоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын соёлын төвийн даргаар ажиллаж байна. Соёлын төвийнхөө дэргэд ардын язгуур урлагийн “Хуурын эгшиг” гэдэг дугуйлан хичээллүүлж байгаа. Энэ дугуйлангаараа дамжуулж өсвөрийн ерөөлч, магтаалчдыг бэлтгэх, энэ өв соёлын түгээн дэлгэрүүлэх, түмэн олондоо хүртээх зорилготой. Олон сайхан шавь нартайгаа бужигнасаар өдөр хоногийг өнгөрүүлж байна даа. Ерөөл, магтаалыг ойлгож, хүлээж авч, энэ цаг үед өв соёл маань хэрэгтэй юм байна шүү, гэр ерөөчих юм байна, морь цоллочих юм байна гэдэг үүднээс олон сайхан хүүхдүүд хандаж байгаад баяртай байгаа.

Миний хувьд өв соёлоо хүмүүс их сайхан сэргээж байна, өвлүүлж байна гэж харж байгаа. Нэг сайхан том тэмцээн болоход уртын дуугаараа эхлүүлж байх жишээний. Айл гэрийн найр, хурим, сэвлэг үргээх ёслол болоход яг л дэг жаяг, ерөөл магтаал, уртын дуу гээд энэ сайхан соёлын биет бус өвийг хадгалж авч үлдэхийн төлөө ард иргэд маань хичээж байна. Энэ боломжийг олгох үүднээс өөрсийнхөө чадах хэмжээнд ерөөл, магтаал, ёс заншлыг түмэн олондоо түгээхийн төлөө ажиллаж байгаа нь энэ юм. “Хуурын эгшиг” дугуйланг 2000 оноос хичээллүүлсэн. 2000 онд аймгийн төвийн нэгдүгээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар томилогдоод ирж байсан. Тухайн үедээ хүүхдүүддээ “Монгол эмээлийн магтаал” гэх мэт жижигхэн магтаал, жороо үг, хэлц үг, зүйр цэцэн үгүүдийг цээжлүүлж байсан. Цэцэрлэгийн хүүхдүүдийн түвшинд. Үүнээс хойш “Хуурын эгшиг” дугуйлангаа ажилласан газар болгондоо ажиллуулж байсан. Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд соёлын төвийн даргаар ажиллаж байхдаа ерөөл, магтаал заасан, сумандаа морь цоллооч Ганзоригийн Сугар гэж сайхан залуу шавь маань байна. Мөн бөх цоллооч Сугарын Бумцэнд, Дархан суманд Бадамсэрээжид гээд сайхан залуу байна. Энэ мэт олон сайхан шавь маань бий. Хэрлэн суманд 16 хүүхэдтэй ардын ерөөл, магтаал, язгуур урлагийн “Хуурын эгшиг” дугуйлан маань хичээллэж байна. Энэ дугуйлан дээр магтаалууд уншиж байна. Мөн уртын дуу заалгаж, морин хуурын анхны мэдэгдэхүүнтэй болж байна.

-“Галшарын унага” магтаалын улсын уралдаан болохоор товлогджээ. Ардын билэг зүйч, ерөөлч магтаалч Л.Агваанжамбал гуайн мэндэлсний 100 жил, уг магтаалынх нь зохиогдсоны 50 жил, Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жил гээд олон тэгш тэмдэглэлт ойнууд таширлаж байгаа юм байна. Магтаалын улсын уралдааныхаа талаар эхлээд мэдээлэл өгөөч. Энэ уралдааныг зохион байгуулах үүсэл санаачилга хэзээ, хаанаас гарав?

-Өнгөрсөн 2022 оны зургадугаар сарын 9-нд бид Л.Агваанжамбал багшийнхаа 90 насных нь ойд зориулж ерөөлч, магтаалчдын улсын уралдааныг зохион байгуулсан. Насанд хүрэгчдийн ангилалд 69, өсвөрийн ангилалд 32 ерөөлч, магтаалч оролцсон өргөн дэлгэр сайхан наадам болсон. Энэ үеэр надад олон ерөөлч, магтаалч “Дараагийн ерөөлч, магтаалчдын уралдаан хэзээ болох вэ” гэдэг асуулт тавьж байсан учраас би, “Галшарын унага” магтаалын улсын уралдааныг хийнэ. Ирэх жил багшийн маань мэндэлсний 100 жилийн ой тохионо. Мөн энэ магтаал зохиогдсоны 50 жилийн ой болно гэж ерөөлч, магтаалчдадаа хэлсэн. Энэ уралдааныг зохион байгуулах санаа өнгөрсөн жилийн ерөөлч, магтаалчдын улсын уралдааны үеэр ингэж гарсан юм аа.

Энэ жил 2023 оны зургадугаар сарын 9-нд зуны сайхан дэлгэр өдөр Хэнтийн аймгийн төв Чингис хотноо “Галшарын унага” улсын уралдааныг зохион байгуулахаар болсон. Улсын шилдэг, ерөөлч, магтаалч шалгаруулах энэ улсын уралдааныг Хэнтий аймгийн ерөөлч, магтаалчдын холбоо голлон зохион байгуулна. Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбар хамтран дэмжиж оролцохоор тохиролцсон байгаа. Хэнтий нутгаас төрөн гарсан нэрт ерөөлч, магтаалч, ардын билэг зүйч, Монгол Улсын 001 тоот үнэмлэхтэй уран сайханч, “Алтангадас” болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Номт боржигин овогт Лувсангийн Агваанжамбалын мэндэлсний 100 жилийн ой, “Галшарын унага” магтаал зохиогдсоны 50 жилийн ойд зориулан Хэнтий аймгийнхаа 100 жилийн ойд бэлэг барихаар, Монголын шилдэг ерөөлч, магтаалчдыг Хан Хэнтий нутагтаа цуглуулахаар шийдвэрлэсэн байгаа. Энэ уралдаан бол өчүүхэн миний бие болон Хэнтий аймгийн ерөөлч, магтаалчдын холбооноос багшийнхаа 100 насны ойд, Хан Хэнтийн 100 жилдээ барьж байгаа өчүүхэн бэлэг юм.

-Энэ уралдааныг хамтран болон ивээн тэтгэж зохион байгуулж байгаа газрууд хэр олон байна вэ?

-Юуны түрүүнд уралдааныхаа зорилгыг танилцуулах ёстой байх аа. Монголын үндэсний амьд орчин, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, төрөөс баримтлах соёлын бодлогыг хэрэгжүүлэх, соёлын биет бус өв, эх хэл аман  илэрхийллийн томоохон өв болох аялгуут магтаалыг өвлүүлэх, хойч үедээ сурталчлан таниулах, аман соёлын үнэт өвийг хадгалан уламжилж, сурталчлан дэлгэрүүлж, магтаалчдыг алдаршуулах, хамгийн гол нь шавь сургалтыг дэмжихэд энэхүү уралдааны маань зорилго оршиж байгаа. Энэ уралдааныг олон газар хамтран зохион байгуулж байгаа. Юуны түрүүнд Хэнтий аймгийн ерөөлч, магтаалчдын холбоо, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбар, Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны салбар “Сэцэн ханы хүлэг” уяачдын холбоо, Хэнтий аймгийн “Хэрлэнтооно” утга зохиолын нэгдэл, Хэнтий аймгийн Соёл урлагийн газар, Хэнтий аймгийн Галшар сумын Засаг дарга, түүний Тамгын газар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын соёлын төв, Галшар сумын соёлын төв гээд олон байгууллагууд эвлэлдэн нэгдэж энэ сайхан уралдааныг түмэн олондоо хүргэхээр ажиллаж байгаа.

-Уралдааны онцлог гэвэл юуг хэлэх вэ. Оролцогчдод  тавигдах шаардлага, уралдааны дүрэм, журам гээд олны сонорт  хүргэх зүйл юу байна вэ?

-Уралдааны онцлог гэвэл ганцхан “Галшарын унага” магтаалаа уншина. Өсвөрийн ерөөлч, магтаалчид оролцоно. Хүүхэд, насанд хүрэгчид гэсэн хоёр насны ангиллаар зохион байгуулна. “Галшарын унага” магтаалыг мэдэхгүй, сонсоогүй хүн ховор. Би бодохдоо “Галшарын унага” магтаалаар л ерөөл, магтаал унших эхлэл тавигддаг, сонирхол төрдөг болов уу гэж боддог. Галшарын унаган хүлгүүд газар газар хурдалаж байгаатай адил “Галшарын унага” магтаалыг манай Монгол Улсын хэмжээнд мэдэхгүй, сонсоогүй, уншаагүй хүн их ховор байдаг. Миний багшийн нэрийн хуудас болсон “Галшарын унага” магтаалыг түмэн олондоо уламжлалт өв соёл, ая дан, донж аялгуугаар нь өвлүүлэн үлдээх зорилгыг агуулан энэхүү уралдаан маань зохиогдож байгаа учраас онцлог нь энэ байх болов уу гэж харж байгаа.

2023 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс тавдугаар сарын 19 хүртэл нэгдүгээр шатанд оролцох ерөөлч, магтаалчид “Галшарын унага” магтаалыг уншсан шаардлага хангасан бичлэгийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын соёлын төвийн фэйсбүүк хуудсанд байрлуулна. Ингээд тавдугаар сарын 20-25 хүртэл шалгаруулал хийгээд шилдэг 15 ерөөлч, магтаалчдаа зарлана. Насанд хүрэгчид, өсвөрийн тус тус 15 буюу нийт шилдэг 30 ерөөлч, магтаалчдыг хоёрдугаар шатанд 2023 оны зургадугаар сарын 9-нд Хэнтий аймгийн төв Чингис хотдоо урьж, эцсийн шатны шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уралдаанд оролцогчид байр, унааны зардлаа өөрсдөө хариуцах ёстой байгаа.

Шагналын санд тэргүүн байр эзэлсэн өсвөрийн ерөөлч, магтаалчид 500 мянган төгрөг, медаль, өргөмжлөл, дэд байранд шалгарсан өсвөрийн ерөөлч, магтаалчид 400 мянган төгрөг, медаль,өргөмжлөл, гуравдугаар байр эзэлсэн өсвөрийн ерөөлч, магтаалчид 300 мянган төгрөг, медаль, өргөмжлөл олгоно. Тусгай байр хоёрыг шалгаруулж 200 мянган төгрөг, өргөмжлөл гардуулна.

Насанд хүрэгчдийн хувьд тэргүүн байр эзэлсэн ерөөлч, магтаалч нэг сая төгрөг, дэд байр 800 мянган төгрөг, гуравдугаар байр 600 мянган төгрөг, мөн тусгай байр хоёр хүн шалгаруулж 400 мянган төгрөг, өргөмжлөлөөр шагнана.

-“Галшарын унага” магтаал хагас зуун жил эгшиглэжээ. Энэ магтаалыг хэрхэн зохиосон түүхийг нь та сонирхож байв уу?

-Багшаасаа олон сайхан зүйл сонсож байлаа. Миний багш орчлонг хардаггүй хүн байсан. Энэ магтаалыг их олон жил бодож байгаад бичсэн гэдэг. Хэнтий аймгийн Галшар, Баянмөнх, Дархан суманд ажиллаж байхдаа бодоод л явсан байгаа юм. Тэгээд 1973 онд анх цаасан дээр буулгасан. Ингэхдээ өөрийн ууган шавь Дашцэрэнгийн Ширмэнбаатар гэж сайхан ерөөлч, магтаалч, гоц авьяастан байдаг. Тэр хүнээр буулгуулсан. Энэ түүхийг багшаасаа ч, Ширмэнбаатар багшаасаа ч сонсож байлаа. Тэгээд “Галшарын магтаал”-ыг тухайн үедээ олон түмэн их сонирхсон. 1982 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс ах маань “Галшарын унага” магтаалыг цээжилж, уралдаан тэмцээнд оролцож байсан байдаг. Энэ магтаалыг олон газар сонсож байлаа.

-Та бол Л.Агваанжамбал гуайн шавь. Багштайгаа хэрхэн учирч, багш шавийн барилдлага тогтоосон бэ?

-Би багштайгаа 1989 оны хавар Баянхутаг сумаас ээжтэйгээ морьтой ирж шавь орж байсан. Ээж минь намайг ерөөл, магтаал унших дуртай, сонирхолтой юм байна гээд Агваанжамбал багшид маань авчирч уулзуулсан. Тухайн үед хадаг их ховор. Хаанаас ч олсон юм, ээж минь жижигхэн шар хадаг олсон. Тэр аюуш хадгаа бариад багшдаа очсон. Багш аймгийн холбооны хойт талын 24 дүгээр байрны жижигхэн умгар өрөөнд, айлын хажуу өрөөнд байх аа даа, гал  тогооны өрөөнд хөгшинтэйгөө хоёулаа амьдарч байсан. Ингэж багштайгаа танилцан шавь орж байлаа. Багшийн хамгийн анх заасан магтаал нь “Галшарын унага” магтаал байсан. 1989 оны дөрөвдүгээр сард багшаараа энэ магтаалыг заалгаад тавдугаар сарын 1-нд Майн баяраар тэмцээнд орж уншсан. Тэр үед хүүхдүүд цуглаад урлаг, соёлоор өрсөлддөг, баярын жагсаал болдог байсан. Үүнд би “Галшарын унага” магтаалаа уншиж оролцон тэргүүн байр эзлээд маш их урам авсан.

Үүнээс хойш Л.Агваанжамбал багш дээрээ урин цагт бол мориор давхиад ирдэг байсан. Багштайгаа олон сайхан зүйл ярилцдаг. Их дээр үеийн үүх түүх, домгуудыг надад хуучилдаг байсан. Надад түүнээс хойш “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан “Богд Чингис хааны магтаал”, өсвөрийн магтаалчдад зориулсан “Чингис хааны магтаал”, “Өндөрхаан уулын магтаал”, “Өндөрхаан хотын магтаал”, “Баянмөнхийн магтаал”, “Дархан сумын магтаал”, “Эртний уяачдад зориулсан магтаал” гээд олон сайхан магтаалыг зааж өгсөн. 2000 онд Монголын ерөөлч, магтаалчдын хоёрдугаар уралдаан миний багшийн нэрэмжит болж Хэнтий аймагт зохион байгуулагдсан. Тэр уралдаан нас насны ангиллаар зохион байгуулагдахад би 18-35 насны ангилалд оролцож медаль хүртсэн. Тэгэхэд багшийгаа баярлуулсан болов уу гэж боддог. Багш маань тэр цагаас эхлээд надад Монголын сайхан ерөөлч, магтаалчидтай танилцах боломжийг олгосон.

Ингээд би Монголын ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд тасралтгүй зорьж очиж оролцож байгаа. Хараахан түрүүлж амжаагүй. Монголын сор болсон ерөөлч, магтаалчдаас суралцах боломж надад нээлттэй байсан гэж боддог. Энэ олон сайхан ерөөлч, магтаалчдаас суралцсаны үндсэн дээр энэ сайхан өв соёлыг  түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа маань энэ юм.

-Багшийнхаа зохиосон ерөөл, магтаалуудыг та бүгдийг нь олонд хүргэж яваа байх. Тэдэн дотроос энэ нь илүү гээд онцолбол ямар бүтээлийг нь нэрлэх вэ?

-Миний багшийн нэрийн хуудас болсон магтаал бол мэдээж “Галшарын унага” магтаал. Галшарын олон алдарт хурдан хүлгүүд тэр магтаалд дурдагдаг. Магтаалын эхэнд их сайхан үгтэй.

Хар магнайн цэнгэг усаар ундаалсан

Хатан суудлын цэлгэр говиор идээшсэн… гээд эхэлж байгаа бол төгсгөлдөө хурдан морины цол байдаг. Яг л язгуур шинж энэ чанараар нь, миний багшийн уншиж түгээсэн энэ хэлбэрээр нь авч үлдэхийн тулд, ирээдүй хойчид өвлөн үлдээхийн тулд энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа. Тиймээс оролцогчдоосоо энэ магтаалыг өв уламжлалаар нь уншиж үлдээгээрэй гэж хүсэх байна.

Нэг зүйлийг хэлэхэд “Галшарын унага” магтаал маань сүүлийн үед “Галшарын магтаал” нэртэй болж байгаад харамсаж байгаа. Учир нь энэ магтаалыг 1973 онд Агваанжамбал багш маань Галшарын хурдан хүлгүүдэд зориулж “Галшарын унага” нэртэйгээр зохиосон. “Галшарын магтаал” бол тусдаа. Газрын холоос ивээсэн Галшар гээд уул усаараа эхэлсэн сайхан магтаал байдаг. Та бүхэн Галшарын магтаалыг сонирхож байгаа бол бидэнтэй холбогдоод үгийг нь авч болно. “Зүүдний чимэг” номд нь байгаа.

-Та хүүхэд, залуучуудыг ардын билэг зүй, аман билгийн их өв санд хөтлөх үйлс эрхэлж байгаа юм байна. Шавь нараас тань сайн ерөөлч, магтаалчид гарч байна уу. Ахмад үеийнхэн хийгээд өнөө цагийн алдарт магтаалч, ерөөлчдөөс хэрхэн суралцаж байна вэ?

-Миний багш бол зөв байх, үнэнч байх, тууштай байх олон сайхан зүйлийг зааж сургасан. Энэ дотроос ардын аман билэг, ерөөл, магтаалаа хэзээ ч орхигдохгүйгээр, хэзээ ч мартагдахгүйгээр, хэзээ ч шантрахгүйгээр үүний төлөө ажиллах, хөдөлмөрлөх сэтгэл, зүтгэлийг суулгасан ачтан. Өөрөө их сайхан гайхалтай уран цэцэн үгээр ярьдаг хүн байлаа. Багштайгаа хамгийн ойр байсан хүний хувиар “Зүүдний чимэг” номыг нь ширээний ном болгоод өдөр тутам харж, ирээдүй хойчдоо өвлүүлэхийн төлөө ажиллаж байна.

Өнгөрсөн онд Л.Агваанжамбал багшийн маань нэрэмжит ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд шавь нар маань медаль хүртсэн. Дархан сумын өсвөрийн ерөөлч, магтаалч Дарханболд, Хэрлэн сумын өсвөрийн ерөөлч магтаалч Пүрэвбат нар маань шагналт байрт хүрсэн. Мөн олон сайхан ерөөлч, магтаалчид багшид маань зориулсан ерөөл, магтаал хэлж байсан. Ер нь би 2000 оноос эхлээд ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд орохдоо Дорнын их говийг домог мэт ерөөлч, магтаалч Зундуйн Чулуунбаатар, өмнийн шаргал говийн өргөн түмэндээ танигдсан Сугарын Мөнхжаргал, дуу хуурын өлгий Дундговийн ерөөлч, магтаалч Бархасын Эрдэнэбаатар, Дархан хотын ерөөлч магтаалч Дүйнхэрсүрэн, Архангай аймгийн ерөөлч, магтаалч Дүүбат гээд Монголын сор болсон ерөөлч, магтаалчидтай уулзаж, ах нараасаа олон сайхан зүйлийг мэдэж авч яваадаа туйлын их баяртай байдаг. Энэ сайхан ахмад ерөөлч магтаалчид маан намайг өдий зэрэгтэй, хүүхдүүдэд ерөөл, магтаал заах хэмжээнд хөгжүүлж чадсан гэж боддог. Энэ олон ерөөлч, магтаалчдынхаа ерөөлөө зохиох, унших, аялгуулах, донж төгөлдөр байх тэр болгоныг харж байсны үндсэн дээр надад хүүхдэд ерөөл, магтаал заах хүсэл илүү их төрсөн гэж боддог юм.

Өнгөрсөн жилийн ерөөлч, магтаалчдын улсын уралдааны үеэр Хэнтий аймагтаа ерөөлч, магтаалчдын холбоог байгуулсан. Энэ холбооныхоо гэрчилгээ, тамга, тэмдгийг Монгол Улсын төрийн хан хуурч, Ерөөлч, магтаалчдын холбооны тэргүүн Цэенгийн Цэрэндорж гуайгаасаа гардаж авсандаа маш их баяртай байгаа. Энэ холбоогоо цаашид Монгол Улсын 001 номерын тэргүүний уран сайханч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Номт боржигин  овогт Лувсангийн Агваанжамбал багшийнхаа нэрэмжит холбоо болгон үйл ажиллагааг нь явуулна. Хан Хэнтий нутагтаа энэхүү өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өсвөрийн цоллоочдыг бэлтгэх, газар газарт ажиллаж морь, бөхөө цоллож байгаа цоллоочдыг алдаршуулах, энэхүү шавь сургалтыг эрчимжүүлэх, материаллаг баазыг сайжруулах гэх мэт олон зүйлийг төлөвлөөд, хэрэгжүүлэхээр хичээж ажиллаж байна.

-Ярилцлагын төгсгөлд та манай уншигчдад хандаж амны бэлгэ, ашдын ерөөл айлтгаач?

-Хан Хэнтий нутагтаа хүрэлцэн ирж олон сайхан ерөөлч, магтаалчдын “Галшарын унага” магтаалыг өөр өөрийн өнгө аясаар унших энэ уралдааныг үзэж сонирхохыг та бүгдээсээ хүсэж байна. Эрхэм сайхан багшийн маань алдар гавьяа өнө мөнхөд дурсагдаж, өргөн түмэн маань өгөөмөр сайхан сэтгэлээр сүлэгдэж, энэ сайхан тэмцээн наадам маань авшиг ерөөл хурайлсан сайхан наадам болно оо гэж бодож байна. Та бүхэндээ төгөлдөр сайхны дээдий өргөн өргөн дэвшүүлье.

Үүрийн цолмон шиг гэрэлтэж

Үдшийн гялаан шиг гялалзаж

Алтан гадас шиг тахигдаж

Долоон бурхан шиг шүтэгдэж

Жаран жарны түүх болсон эх сайхан нутагтаа

Жаргалтайн дэлгэр нар лугаа тунгалаг байхын

Өлзийтэй сайхан ерөөлийг өргөн түмэн олон та бүхэндээ

Өөд өөд нь дэвшүүлэн барьж айлтгая.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...