“З.Хангал-75, С.Рахманинов-150” сонгодог концерт дөрөвдүгээр сарын 22, 23-ний өдрүүдэд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. Дэлхийн сонгодог хөгжмийн агуу суутан, Монголын хөгжмийн урлагийн сонгодог сод төлөөлөгчийн бүтээлүүд ийнхүү нэг үдэш, нэг тайзнаа дуурьсах нь. Энэ үдэш С.Рахманиновын “Төгөлдөр хуурын концерт-2”, З.Хангалын “Эрдэнэсийн уул” бүжгэн жүжгийн адажио, престог Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим удирдаач МУСТА Ц.Гансүх, Ц.Тэлмүүн-Очир нарын удирдлага дор хөгжимдөнө.
Бүтээлүүдийн тухай
С.Рахманиновын “Төгөлдөр хуурын концерт-2″ бол эзэндээ хөгжмийн зохиолчийн хувьд үхэшгүй мөнхийн алдрыг авчирсан суут бүтээл нь билээ. Тэрбээр нэгдүгээр симфонио бичсэнээс уран бүтээлчийн хувьд арваад жилийн уналт гутрал, зогсонги үеийг туулсны эцэст энэхүү гайхамшигт бүтээлээ туурвиж урам зориг, онгод нь бадарсан гэдэг. Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Зундуйн Хангал хоёр балетын хөгжим бичсэний нэг нь”Эрдэнэсийн уул” хоёр бүлэгт балетын хөгжим юм. Ардын жүжигчин Б.Жамъяндагвын цомнолоор 1981 онд бичсэн энэхүү бүжгэн жүжгийн хөгжим түүний урын сангийн үнэт өвийн нэгд зүй ёсоор тооцогддог.
Намтрын товчоон
Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Зундуйн Хангал 1948 оны дөрөвдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 1965 онд зохиосон Дондогдоржийн Дашдондогийн шүлэг “аяны шувууд” дуугаараа уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. Энэ дууг эстрадын нэрт дуучин Хурлатын Төмөр дуулж наймны зургаа хэмнэлээр (ритмээр) Монголын радиод анх бичүүлэхэд аяыг нь зохиосон З.Хангал өөрөө төгөлдөр хуур, ХБДуС-ийн цохилуур хөгжмийн багш Ц.Баяндалай бөмбөр, ХБДуС-ийн контробассын ассистент багш Сосорбарам басс, Х.Төмөрийн дуулсан “Бидний дуулах дуртай дуу”, “Үдэлтийн дуу” зэрэг дууны аяыг зохиосон О.Бэгз болон Алимаа, Дарьзав, Лхамсүрэн, Цэвэлмаа, Цэцгээ нарын хийлийн зургаан багш хийл тоглож, “Цэнхэр залаа” хөгжим, “Цэцгэн зүйрлэл” тэргүүт дуугаараа хожим алдаршсан УГЗ С.Баатарсүх гитар тоглож байжээ.
З.Хангал 1969 онд тухайн үеийн ЗХУ-ын Алма-Атагийн С.Курмангазын нэрэмжит хөгжмийн сургуульд /багш Г.А.Жубанов/ элсэн орж улмаар Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд шилжин суралцаж зохиомжийн багш профессор Б.Д.Гибалины удирдлага дор хөгжмийн зохиолчийн мэргэжил эзэмшжээ. Монголын уламжлалт хөгжмийг өрнийн сонгодог хөгжмийн хэмнэл зохиролтой чадварлаг хослуулж шинэчлэл хийсэн авьяаслаг хөгжмийн зохиолч, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн дунд үеийн нэрт төлөөлөгчдийн нэг З.Хангал бүжгэн жүжгийн хөгжим, гоцлол найрал хөгжимд зориулсан 10-аад концерт, симфони бүтээлүүд, цөөхүүл хегжмийн бүтээл, киноны болон жүжгийн хөгжмүүд, гоцлол найрал дуучдад зориулсан дуу, романс, найраглал, магтуу болон ардын дууны найруулга 50 гаруй, радио телевизийн чимэг хөгжим гээд гайхалтай шинэлэг сайхан бүтээлүүдээрээ Монголын хөгжмийн урын санг баяжуулсан юм. Нэрт хегжмийн зохиолч Зундуйн Хангал “Хийлийн концерт”, “Чавхдаст хөгжмийн дөрвөл”, “Эрдэнэсийн уулс” бүжгэн жүжгийн хөгжмөөрөө Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн билээ.
Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч, алдарт төгөлдөр хуурч С. Рахманинов нь 1873 оны 4-сарын 1-нд үе залгамжилсан Алтан Ордын улсын язгууртан Монгол-Tатар гаралтай тайж язгууртан, сонгодог хөгжимийн урлагт дуртай өндөр соёл боловсролтой газрын эзний гэрт Новгород хотын ойролцоо Сёмёнов тосгонд төрсөн ажээ. Тэрбээр өдгөө ч бүх цаг үеийн хамгийн хүчирхэг төгөлдөр хуурчдын нэг, Оросын сонгодог хөгжмийн урлагийн романтик уламжлалын нэрт төлөөлөгч агуу хөгжмийн зохиолч юм.
З.Хангал агсны тухай сэтгүүлч Р.Оюунжаргалын бичсэнийг http://www.ikhmongol.mn/show/4506 эндээс уншаарай.
З.Хангалын “Эрдэнэсийн уул” бүжгэн жүжгийн хөгжмийг https://soundcloud.com/spun_drug/zkhangal-erdenesiyn-uul-bzhgen-zhzhig эндээс сонсоорой.
С.Рахманиновын тухай урлаг судлаач Х.Жамбалжамцын бичсэн хөргийг http://baabar.mn/article/8639 эндээс унших боломжтой.
С.Рахманиновын бүтээлүүдээс
-An excerpt from Étude-tableau No. 5, Op. 39 (1916–17) https://www.britannica.com/biography/Sergey-Rachmaninoff
–Prelude in G-sharp Minor, Op. 32, No. 12 for piano by Sergey Rachmaninoff; performed by Raul Manjarrez. https://www.britannica.com/biography/Sergey-Rachmaninoff