Нүүрсний хулгай илэрч, улс төр, бизнесийнхний орооцолдсон аалзны тор задарснаас хойш хагас жил тойров. Энэ хугацаанд нүүрсний хэрэгтнүүд хууль, шүүхэд очиж, нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт гээд бүх шат дамжлага шилэн болоод байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш 2022 оны эцсийн мэдээгээр 588.5 сая ам.долларын борлуулалт хийж, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийг 1.5 дахин буюу 410 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Ингэснээр гадаад валютын орох урсгалыг 416.6 сая доллараар нэмсэн байна. Өдөрт 200 машин нүүрс ачдаг байсныг 800 болгон нэмснээр ийм үр дүнд хүрчээ.
Оны эхнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ биржээр, хил үнээр арилжаалав. Хоёрдугаар сарын 9-нд нүүрсний биржийн худалдааг анх хийснээс хойш гурван удаагийн дуудлага худалдаагаар нүүрсээ хил үнээр, нэмэгдсэн өртгөөр борлуулжээ. Гуравдугаар сарын 17-ны өдөр болсон гурав дахь удаагийн биржийн арилжаагаар нэг тонн нүүрсийг 182.1 ам.доллараар худалдаалсан байна. Ийнхүү биржээр, нээлттэй арилжаа зохион байгуулж, нүүрсээ хил үнээр борлуулсны эхнийхийг энэ сарын эхээр хилийн цаана БНХАУ-ын Ганц мод боомтод монгол тээвэрчид хүргэж өгсөн.
Ам үнэ, хил үнэ хоёр алд дэлэм зөрүүтэй, ашиг, өгөөж нь ч ялгаатай. Энгийн үгээр илэрхийлбэл ам үнэ гэдэг нь малчин хүн аймаг, сумын төв орохоосоо залхуураад малаа хотноосоо борлуулж суугаатай л адил уурхайн амнаас нүүрсээ борлуулдаг байв. Тиймээс нэг тонн нүүрс хамгийн хямдаар уурхайн аман дээрээс зарагдаж, тээвэрлэлтийг худалдан авагч тал буюу ихэнхдээ Хятадын компаниуд хариуцдаг байсан юм. Нүүрсний хулгай гэдэг нэр томъёо бүхий луйврын сүлжээ эндээс эхэлж хөвөрнө. Залхуу малчны хонийг хотноос нь хямд худалдаж авсан ченж сумын төв оруулаад л үнэ нэмж зардагтай адил процесс явагдана. Тэр дунд нь авлига үүснэ. Харин одоо энэ бүхэн байхгүй болсон. Уурхайн амнаас нүүрс худалдан авдаг компаниуд хилээр нүүрс тээвэрлэж гаргахдаа гааль, хилийн цэргийн бүртгэл, мэдээллийг устгасан, засварласан, бүртгэхгүйгээр гаргасан, нүүрсний жинг хасч гаргасан, хоосон гэж бүртгүүлэх замаар албан татваруудаас зайлсхийдэг, үүнд нь төрийн өндөр албан тушаалтнууд, бизнес улс төрийн бүлэглэл гараа дүрдэг байдал арилсан. Одоо нүүрсээ биржээр арилжаалж, хилийн цаана өөрсдөө хүргэж өгч байгаа. Ингэснээр эдийн засгийн үр ашиг, өгөөж нэмэгдэх нь мэдээж.
Үүнд харин дургүй хүмүүс байгаа аж. Хэн гэдэг нь ч тодорхой. Хятадын сүлжээгээр “Монголчууд нүүрсний тохироогоо цуцласан нь тус улсын зах зээлээс шахагдах нөхцөл бүрдэж австраличуудад сайхан далим болж байна” гэх утгатай мэдээлэл цацагдсан. Үүнийг Монголтой олон жил нүүрсний наймаа хийсэн бүлэглэлийнхэн тараасан байх. Гэвч “Бээжингийн гангийн үйлдвэрлэлд ашигладаг Австралийн коксжих нүүрсний эрэлт хориг дууссан ч бага хэвээр байна. Учир нь Монгол, Оросын нүүрсний нийлүүлэлт хямд хэвээр байгаа гэж” “Ройтерс” агентлаг мэдээлсэн байх жишээтэй. Худал хурдан хэдий ч үнэнд гүйцэгдэнэ гэж энэ. Дотоодод ч гэсэн ийм өнгө аястай мэдээлэл гарч байгаа нь ердөө л унасан бөх ууртай гэгчээр хууль бусаар их хэмжээний мөнгө олох боломжоо хаалгасан цөөн хүний л явуулга.
2011 оноос өнөөг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 4.9 тэрбум ам.долларын орлого олсон байна. Хил үнээр худалдсан бол 9.1 тэрбум ам.долларын орлого олох байв.Үүний зөрүү 4.2 тэрбум ам.доллар. Энэ мөнгө нүүрс худалдан авагч тал буюу урд хөршийн компаниудад үлддэг байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл ам үнэ, хил үнэ хоёрын зөрүү нь ийнхү 4.2 тэрбум ам.доллар буюу “Эрдэнэт” үйлдвэрээс 12 жилийн турш улсын төсөвт төвлөрүүлэх орлоготой тэнцэх мөнгийг бид алджээ. Үүн дээр Монголын талын хууль бус тээвэрлэлт, борлуулалтын орлого буюу алдсан боломжийг нэмбэл их тоо гарна. Тэрхүү алдагдсан боломж авлигачдын халаасанд бий. Авлигачид ард түмнийхээ алдагдсан боломжийг халаасалсандаа сэтгэл нь ханахгүй ирээдүйн боломжийг нь бас хулгайлах гэж оролдож байгаагийн наад захын жишээ нь нүүрсний арилжаа, тээвэрлэлт шилэн болоод ирэнгүүт үүнийг харлуулах мэдээллийг сошиалд сэвж буй явдал. Нүүрсний салбараас улсад төвлөрөх ашиг орлого нэмэгдэхийн хэрээр тэр нь авлигачдад алдагдал болж байгаа байх л даа. “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ биржээр арилжсанаар нүүрсний үнэ өсөж, борлуулалт нэмэгдсэн, тээврийн зардлыг зохистой түвшинд байлгасан, валютын нөөц өсөж, төсөвт төлөх татвар нэмэгдсэн гээд олон давуу талууд бий болж байгаа нь “нүүрснийхэн”-д л ашиггүй байгаа. Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцэнэ гэдэг шиг нүүрс “шилэн” болсоноор улсын төсвийн орлого нэмэгдсэн, авлигачдын орлого тасарсан хоёр яг тэнцэнэ. Тиймээс тэд нүүрээ “ширлэн” байж худал мэдээлэл түгээж суугаа биз.