Monday, November 25, 2024

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын онцлох өнцгүүд

Date:

ДНБ-ийг хоёр гурван жилийн дотор 5 мянган ам.долларт хүргэх боломжтой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНТ-д анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Засгийн газрын тэргүүн цаг үеийн анхаарал татсан олон асуудлаар байр сууриа илэрхийлж, олон нийтийн сонирхсон асуултад хариулт өгсөн байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн амаргүй, хүнд цаг үед ажиллаж байгаа танхим. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт 1992 оны картын барааны үеэс хойш анх удаа -4.7 хувь буюу сөрөг гарсан, олон улсын геополитикийн таагүй нөхцөл байдал үүссэн гээд бэрхшээл, давагдашгүй хүчин зүйл олон байв. Одоо харин хил нээгдэж, гадаад нислэгүүдийн тоо нэмэгдэж, боомтуудаа эхнээс нь төмөр замаар холбож, аялал жуулчлал, гадаад худалдаа сэргэж эхэлж байна.

Ерөнхий сайдын баг энэ гурван жилийн хугацаанд хөгжлийн асуудлаар даацтай, цар хүрээтэй дүн шинжилгээ хийж чаджээ. Хууль, шүүхийнхний мафижсан, бүлэглэлд үйлчилдэг тогтолцоог зоригтой халахаар ажиллаж байна. Хөгжлийн банкны, Нүүрсний гэх мэт хэргүүдийг шүүхэд шилжүүлээд байгаа. Далд эдийн засгийг ил болгож, авлигын хэргүүдийг шударгаар шийдэж, найдваргүй зээлүүдийг төлүүлж чадах юм бол эдийн засгаа 2030 онд бус хоёр гурван жилийн дотор эрүүлжүүлж, ДНБ-ийг 5-10 мянган долларт хүргэх боломжтой гэж Засгийн газрын тэргүүн үзэж байна. Шинэ сэргэлтийн бодлого үүнд том түлхэц болно. Цаашилбал авлигагүй, шударга, зөв тогтолцоо, зарчим бий болгож, эдийн засгаа хүчирхэгжүүлж, Монгол Улс бүс нутагтаа хүчтэй тоглогч болох боломжтой. Үүний тулд өнгөрсөн 30 жилийн алдаагаа засаж, дараагийн 30 жилийг зөв эхлүүлэхийн төлөө ажиллаж байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Ерөнхий сайдын ярилцлагаас онцлох 12 өнцгийг толилуулж байна.  

Бүх оффэйк гэрээг ил болгосон

-АТГ дээр дөрвөн багц асуудлаар 70 орчим хүнийг сэжигтнээр татаад, зарим нь яллагдагчаар татагдаад явж байгаа. Энэ хэрэг прокурорын хяналтад орж ирнэ. Прокуророос шүүхэд шилжүүлэх эсэхийг шийднэ. Хүн хэлмэгдүүлж болохгүй. Эрүүгийн хуулийн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд яаралтай арга хэмжээ ав гэдгийг хэлж, бидний хувьд байнга Засгийн газрын хурал дээр мэдээлэл авч байгаа. Нүүрсний хувьд дотор нь гурав дөрвөн хэсэг ангилж шалгаж байгаа юм билээ. Нэгдүгээрт худалдан авалт. Хоёрдугаарт оффтейк буюу урьдчилсан борлуулсан нүүрснүүд гэх мэтээр. Одоо оффтейк гэрээнээс ил гаргаагүй гэрээ үлдээгүй.

Бугшсан хатгийг задалснаар бухимдал үүссэн

-Тавантолгой компанид онцгой байдал тогтоох Засгийн газрын шийдвэр гараад “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагыг өөрчилсөн. Тэрнээс хойш дөрөв тав хоногийн дараа жагсаал болсон. Засгийн газар хэд хэдэн удаа авлигатай холбоотой мэдээллүүд хийсэн. Тэгэхээр мэдээж тэр бол хоёр гурван шалтгаантай жагсаал болсон. Нэгдүгээрт, нийгмийн маш их бухимдал үүссэн, органик давлагаа үүссэн. Тэр бол дийлэнх нь. Ингээд эхний нэг хоёр өдрийн жагсаал ямар их хэмжээний нүүрсний луйвар явчихсан юм бэ гэдгийг олон нийт Засгийн газар мэдээллүүдийг задалсны дараа илүү их мэдэрч бухимдсан гэсэн үг. Бугшсан хатгийг задлахаас өөр аргагүй шүү дээ. Задлах цаг нь. Эрдэнэтийн 49 хувь дээр онцгой дэглэм тогтоож байсан яг тэр эрх зүйн дагуу “Эрдэнэс Тавантолгой” дээр онцгой дэглэм зургаан сарын хугацаагаар тогтоогоод тэнд байгаа бүх баримтуудыг олон нийтэд дэлгэсэн.

Монголын оюутны холбооны удирдлагад байсан хүмүүс “Эрдэнэс Тавантолгой”-гоос тендер авдаг байсан

-Сүүлдээ жагсаалыг ашиглах гэсэн хэсэг нөхдүүд гарч ирсэн. Тэрийг бол би одоо бас хэлэх нь зүйтэй. Бодитой байдал юм чинь. Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” компаниас халагдсан Б.Ганхуяг болон Монголын оюутны холбооны үе үеийн удирдлагууд тодорхой хэмжээний санхүүжилт босгож жагсаалд оролцсон. Энэ бол Засгийн газрын эсрэг жагсаалыг уриалж эхэлсэн гэсэн үг. Шалгагдаад эхлэнгүүт одоо байгаа нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг саарагжуулах гэсэн зорилго агуулсан зүйл болсон. Б.Ганхуяг өөрөө Монголын оюутны холбоог удирдаж явсан. Н.Удаанжаргал бас Монголын оюутны холбоог удирдаж байсан. Сүүлд нь Монголын оюутны холбооны одоогийн Ерөнхийлөгч А гэчихье дээ, энэ бүх хүмүүс бүгдээрээ “Эрдэнэс Тавантолгой” компанид томилогдож, тендер авдаг байсан хүмүүс. Одоо шалгагдаж байгаа гэж ойлгож болно. Энэ хэсэг нөхдөд хүнд туссан л даа, ер нь бол. Оюутнуудыг дотуур байраар нь явах, сүлжээ хийх, мөнгө тараах ийм асуудлууд болсон. Гэхдээ би хэллээ, дийлэнх нь органик, дээр нь гуя дагаж хүзүү гэдэг шиг давхар ийм асуудал болж улс төрийн зорилгоор жагсаалыг ашиглах гэсэн хэсэг нөхдүүд гарч ирсэн.

Койнчид булхайгаа нүүрсний хэргээр дарахыг оролдсон

-Мэдээж манай сөрөг  хүчнийхэн оролцсон. Тэр бол сөрөг хүчнийхээ л ажлыг хийсэн гэсэн үг. Дээр нь койнтой холбоотой нөхдүүд оролцсон. Яагаад гэхээр хохирогчдын маш том асуудлууд гарч ирээд койнтой холбоотой асуудлууд дээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдээд эхэлчихсэн байсан. Гэхдээ энэ бол бараг жилийн өмнөөс явж байсан асуудлууд. Ингээд хүндрээд эхэлсэн. Энэ нь магадгүй нүүрс гэдэг сэдэв нь тэр хэргийг нь замхруулахад хэрэг болж магадгүй гэж бодсон уу, бас нэг ийм хэсэг нөхөд гарч ирсэн.

Жижиг “Тавантолгой” томоосоо дутахгүй “асуудал”-тай

-Олборлолтын компанитай холбоотой асуудлууд бий. Бидний ярьдгаар жижиг Тавантолгойтой холбоотой асуудал, мөргөцөг алга болсон буюу хилээр бүртгэлгүй нүүрс гарч байсан асуудал. Энэ асуудал нэлээд эрчимтэй шалгагдаад явж байгаа юм байна. Засгийн газраас шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгөөч гэж АТГ-ын удирдлагууд бидэнд хандсан. Тавантолгой компани байгуулагдсанаас хойших Засгийн газрын бүх тогтоол, Засгийн газартай холбоотой бүх баримт бичгийг бид гаргаж өгч байгаа.

Жижиг “Тавантолгой” буюу Өмнөговьд байгаа “Тавантолгой” компанийн асуудал бол луйврынхаа хэмжээгээр том Тавантолгойтойгоо бараг дүйцэхүйц асуудал гарч ирнэ. Мөргөцөг алга болсон асуудал, тээвэрлэлттэй холбоотой асуудлууд ихэнх нь энэ жижиг Тавантолгой гэдэг компани дээр үүснэ. УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэж бас нэг манай том бизнесмэн бий. Уг нь орон нутгийн өмч. Бид тэгж ойлгодог. Бодит байдал дээр тэр хүний 100 хувийн өмчлөлийнх. МАН талаас томилогдож байсан хүмүүсийг ч тэр хүн томилсон. Ардчилсан нам талаас томилогдож байсан хүмүүсийг ч тэр хүн томилсон. Тэгээд тэнд ямар ч бүртгэл байхгүй. Ямар нэгэн байдлаар худалдан авалтын баримтууд байхгүй. Харахад олон нийтийн компани, гэхдээ зүгээр л далд эдийн засгийн том хөшүүрэг бол жижиг “Тавантолгой”. Жижиг “Тавантолгой” дээр бид бас онцгой байдал тогтоосон. Нөхрийн хувьд бол энэ жагсаалыг санхүүжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг би шулуухан хэлчих нь зүйтэй. Тэгээд дээрээс нь Оюутолгой, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банкны эрх ашиг нь зөрчигдөж байгаа нөхөд Засгийн газрыг боломж нь байвал унагаачихъя. Нүүрсний хулгайн тэмцлийг саармагжуулах гэсэн зорилго агуулсан зүйл болсон. Гэхдээ манай иргэдийн хувьд юмыг наанатай цаанатай ойлгодог. Ухаалаг, бүх зүйлийг мэдэрч байдаг ард түмэн юм. Органик эхэлсэн жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглах гэсэн хүмүүсийн зорилго биелээгүй. Гадаадын санхүүжилт байсан гэдэг асуудлыг нягталж байгаа. Би хамаагүй ярьж болохгүй.   

Хөгжлийн банкийг татан буулгаж болохгүй

-Хөгжлийн банк ер нь байх хэрэгтэй юм уу гэдэг яг энэ асуултыг ОУВС-гийн удирдлагууд надад тавьсан юм. Ийм хөгжлийн банкийг татан буулгах ёстой гэж. Татан буулгачихаар нэгдүгээрт, энэ өрүүд төлөгдөх туйлын эрсдэлтэй болж хувирна. Хоёрдугаарт, цаашдаа Хөгжлийн банк дахиж байгуулагдах боломж туйлын хомс болно. Нэг үгээр хэлбэл томоохон төслүүдийг санхүүжүүлэх хүнд болно оо л гэсэн үг. Механизм байхгүй болно. Задгай явсан 30 жилийн маань соёл нөлөөлж байгаа юм л даа. Хөгжлийн банкны хэрэг бол хамгийн олон оролцогчтой хэрэг болж байна. Нөгөө талаар УИХ-ын энэ сонсгол баримтуудыг шинжлэх судлах ийм дүгнэлт гаргаж байна гэдэг нь  олон нийтийн анхаарлын төвд оруулж байна аа л гэсэн үг. Тэрнээс тэнд шүүн таслах үйл ажиллагаа явуулаад байгаа юм биш.

Ил тод зарлахгүй бол Засгийн газар дангаараа дийлэхгүй

-Засгийн газар өнөөдөр ингээд асуудлыг гаргаж задлаад л байна. Намайг зарим хүн шүүмжилдэг юм. Задлана аа, ил тод болгоно оо гэдэг үгийг олон давтаж байна гэж. Яагаад гэвэл Ерөнхий сайдын хувьд хийж чадах зүйл маань энэ учраас би давтаад байгаа юм. Цаашдаа ч би олон асуудлыг ил тод болгоод явна. Яагаад гэхээр энэ өөрөө, Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар дангаараа шийдэж чадахгүй шүү дээ. Бид “Самурай” бондын өрийг өөрсдөө төлөх хэмжээнд очоод, нэг их наяд төгрөгийн эргэн төлөлт хийчихлээ шүү дээ. Энэ бол хэвлэл мэдээллийнхэн байсан тулдаа, олон нийтийн анхааралд оруулж байгаа учраас олон нийтийн, нийгмийн шахалтад орж тэр хүмүүс зээлээ төлж байна гэсэн үг

Системийн авлигыг олон нийт олоод харчих шиг боллоо

-Бид ил тод байх тусам л гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ. Би баяртай байгаа зүйл бол саяын нүүрсний хулгайтай холбоотой асуудал дээр бол өмнө нь бараг 4-5 жил яриад төдийлөн амжилтад хүрээгүй байсан системийн авлигын асуудлыг олон нийт бараг бүхлээр нь олоод харчих  шиг болсон. Тэгэхээр энэ асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Олон нийтийн анхаарал сулраад ирэхээр шүүхийн шатанд ч юм уу завхрал явдаг.

Далд эдий засга, албан бус бүлэглэлээ төр дийлэхээ больсон

-30 жилд олон юм болж өнгөрсөн. Сайн ч юм их. Хувийн өмчтэй болсон, олон намын тогтолцоотой болсон, чөлөөт хэвлэл бий болсон. Эдийн засаг бараг 17 дахин тэлсэн гэх мэт. Саар юм нь бид уул уурхай түшиглэсэн далд эдийн засагтай болчихсон. Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхай учраас уул уурхай дагасан далд эдийн засаг бий болчихсон. Энэ нь хэдхэн хүний гарт нууцаар эргэлддэг нь ойлгомжтой болж эхэлсэн. Тэр далд эдийн засгаараа улс төрийн намыг санхүүжүүлдэг нь ойлгомжтой болж эхэлсэн. Энэ нь шүүх засаглал, прокурорын байгууллагууд руу ороод. Энэ албан бус бүлэглэлээ албан ёсны төр нь дийлэхээ больчихсон л байхгүй юу.

Ерөнхий сайд нар огцрохгүйн тулд бүлэглэлийн барьцаанд ордог

-Бүтэн 30 жил манай гүйцэтгэх засаглал хүч мөхөсдөж л явсан. Хүч мөхөсдөөгүй бол юу гэж нэг Засгийн газар 1.5-хан жилийн дундаж настай байх юм. Манай Засгийн газрын  хувьд энэ асуудлуудыг гаргаж тавьж байгаа нь юу юм бэ гэхээр энийг өөрчлөхгүйгээр цаашаа явахгүй учраас бидний хувьд огцрох гэдэг хоёрдугаар асуудал. Би энийг кабинет дээрээ ч ярьдаг. Ихэнх Ерөнхий сайд нар маань огцрохгүйн төлөө явсаар байгаад бүлэглэлийн барьцаанд орчихсон дүр зургууд харагддаг л даа. Нүүрс, зэсийн тоглогчид хамтдаа суугаад ингэж ярьдаг гэж байгаа юм. Тоглоомын дүрэм өөрчлөгдөхгүй, тоглогчид л өөрчлөгдөх юм чинь хүлээх ёстой гэж. Тэд нүүрс, зэс хоёр байхад улс төрийг бид удирдана аа, Засгийн газрыг огцруулж чадна аа. Ерөнхий сайдыг тоглоомын утсан хүүхэлдэй болгож чадна аа. Тийм учраас тэднийг өөрчлөх амархан, бид мөнх гэж хэлж байна шүү дээ. Өнөөдөр Монголын ард түмэн бид харин тоглоомынхоо дүрмийг өөрчлөх ёстой.

С.Зориг алагдсанаар системийн авлигын эхлэл тавигдсан

-Эцсийн бурууг шүүх тогтооно. Шүүхэд гүйцэтгэх засаглал нөлөөлж болохгүй. Шүүх томилогдох процесс ямар байсан гэхээр шүүхийг Эрдэнэтийн 49 хувийг авсан, нөгөө нүүрсний хэрэгт орооцолдоод байгаа нөхдүүд томилсон гэсэн үг. Логикоороо бууж байгаа биз. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг Эрдэнэттэй холбоотой. 25 жилийн өмнөхийг ухраагаад, нөхцөл байдлыг бодоод, баримт бичгүүдийг хараад үзэхээр тэр үед Эрдэнэтэд онцгой байдал тогтоочихсон байсан. С.Зориг дэд бүтцийн сайд байсан. Эрдэнэтийн  удирдлага солигдох процесс явагдсан. Тэнд зөрчлүүд үүссэн. Логик дарааллыг нь хөөвөл нөгөөх л баялгийн төлөөх тэмцэл. Би бол дотроо одоо бидний яриад байгаа авлигын том систем үүсэх эхлэл нь тэнд тавигдаж байсан юм биш байгаа гэж боддог. Тэрнээс хойш илүү системийн авлига гэдэг юм руу орсон юм биш байгаа.

С.Зориг алагдсанаар шинэ тогтолцоонд ороод харьцангуй системтэй явж байсан тэр цаг үе өөрчлөгдчихсөн юм биш байгаа, тэрнээс хойш илүү системийн авлига гэдэг юм руу явсан юм биш байгаа гэж боддог. Тэр өдрөөс хойш зэс гэдэг том асуудал гарч ирсэн. Зэсийг хянасан улс төрийн бүлэглэл хүчтэй. Тийм учраас Эрдэнэтийн удирдлагуудын төлөөх үе үеийн том тэмцлүүд явсан. Шулуухан хэлэхэд үе үеийн Ерөнхийлөгч нар Эрдэнэтэд бараа шахдаг гэсэн домог яриа явдаг байсан. Ган бөмбөлөг шахсан гэнэ лээ, зэсийн компаниудыг тэр тэр авсан юм гэлээ гэдэг чинь өнөөгийн нүүрсний хэргийн эхлэл байсан. Улс төрд нөлөө бүхий хэдхэн хүн л хагас зуун жил бүтээсэн баялгийг хувьчлаад авчихсан.

Шүүх ажлаа хийгээгүй, бараг байхгүй мэт болчихож

-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал шүүх дээр очсон. Яаж шийдэхийг нүд цавчилгүй харна. Хөгжлийн банктай холбоотой асуудал шүүхэд очсон. Одоо шийдэгдэнэ. Нүүрсний асуудал мөрдөн байцаах шатанд явж байна, шүүхэд очно. Мөрдөх байгууллагуудын хувьд ажлаа хийгээд өгчихдөг юм билээ. Шүүхийн томилгоо шударга байсан. Шүүх өнөөдөр томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа хэдэн банкны захирдууд тойрч сууж байгаад би захиргааны хэргийн танхимыг авлаа, би эрүүгийн танхимыг авлаа, би дээд шүүхийн энэ шүүгчйг авлаа гэж хувааж авдаг байж болохгүй. Ийм байж ирсэн. Тал нь Ц.Элбэгдоржийн томилсон, тал нь Х.Баттулгын томилсон хүмүүс байгаа. Нийт 500 хүн л байгаа, шүүгч нар. Ерөнхий сайд ингэж ярих нь зохисгүй. Би үүнийг ойлгож байна. Гэхдээ өнөөдөр 30 жил явсан авлигатай холботой асуудал чинь хэвийн хэмжээнээс илүү гарчихаад байгаа учир арга буюу хөгжлийн бодлого тодорхойлоод, аж ахуйн ажил хийх байтал Засгийн газрын тэргүүн бүхэлдээ авлигатай холбоотой асуудал руу татагдаж ороод Авлигатай тэмцэх жил гээд зарлаж байна гэдэг шүүх ажлаа хийгээгүй гэсэн үг. Энэ бол нийгмийн асуудал болчихож байгаа юм. Шүүхийн хараат бус асуудал дээр хуулийн дагуу тэмцэнэ. Шүүх өөрөө асуудлаа шийд л дээ, үгүй юм аа гэхэд тайлбараа хий л дээ. Тэгэхгүй бол бараг шүүхгүй юм шиг болчихож. Шүүхийг чадах бүх зүйлээр дэмжсэн шүү дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...