Monday, November 25, 2024

Ховор металлын салбар дахь Засгийн газрын алсын хараа

Date:

-Манай улс 10 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 3 сая тонн газрын ховор металлын нөөцтэй-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр өндөрлөж байна. Засгийн газрын тэргүүний оны эхний айлчлалыг эдийн засгийн агуулгаар баян байлаа гэж тодорхойлж болно. Тэр дундаас онцлох өнцөг нь БНСУ-тай газрын ховор металлын салбарт хамтран ажиллах тухай санал санаачилга, яриа хэлцлүүд байлаа. Ерөнхий сайд ч өөрөө БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татах, ноу-хау, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах болон газрын ховор элемент, хагас дамжуулагчийн түүхий эд нийлүүлэх зэрэг чиглэлд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тогтсон нь айлчлалын чухал үр дүн болсныг онцолсон байна лээ.  

Хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийхдээ энэ чиглэлээр тун тодорхой асуудлуудад тохиролцжээ. Тухайлбал, байгалийн баялгийг хамтран ашиглах чиглэлээр ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар болсон байна. Айлчлалын хүрээнд “Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан. Мөн Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төвийг Монгол Улсад байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохирчээ. Ийнхүү газрын ховор металлын хайгуул, олборлолт, боловсруулах, экспортлох чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагаа өргөжих нь. Манай улс газрын ховор металлын салбарт анх удаа гадаадын улстай өргөн хүрээнд хамтран ажиллахаар болсон нь энэ юм.

Газрын ховор металл бол Аж үйлдвэрийн IV хувьсгалын гол түүхий эд. Техник технологийн энэ эрин зуунд дэлхий нийтээр газрын ховор металлын хайгуул, олборлолт, үйлдвэрлэлд анхаарал хандуулж, тэр хэрээр энэ төрлийн эрдэс баялгийн зах зээл эрчимтэй тэлж байна. Газрын ховор элемент нь стратегийн чухал ач холбогдолтой, геополитикийн зэвсэг гэж нэрлэгдэх болж, үнэ цэн нь өссөөр байгаа. Дэлхий дахинд ногоон технологи, цахилгаан машины хэрэглээ нэмэгдэх тусам эрэлт, хэрэгцээ нь улам өснө гэж мэргэжилтнүүд таамаглажээ. Технологийн эрин үед дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь ашигладаг гар утасны дэлгэц, зай, микрофон, чанга яригч, электроникт газрын ховор металлыг ашиглаж буй. Дэлхийн хэмжээнд газрын ховор металлын үйлдвэрлэл 2018 онд 190 мянган тонн байсан бол 2019 онд 210 мянган тонн болж нэмэгджээ.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар газрын ховор металлын салбарт БНСУ-тай хамтран ажиллахаар болсон нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Цаашид нүүрс, алт, ган, газрын тос, өнгөт металл моодноос гарч газрын ховор металл үнэд орж, эрэлт хэрэгцээ нь нэмэгдэнэ гэдгийг урьдчилж харж, угтан төлөвлөж байгаагаараа энэ бол мэдрэмжтэй алхам, зөв бодлого.

Газрын ховор металлын зах зээл дээр Монгол Улс нөлөө бүхий тоглогч байх боломжтой. Тийм нөөц, бололцоо бий. Хийсэн судалгаа, тооцоо, төсөв хөтөлбөр ч байгаа. Тухайлбал, “Газрын ховор элемент” хөтөлбөрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр боловсруулж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр газрын ховор элементийн нөөцөд түшиглэсэн хими-технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийг тавих, баяжмалыг боловсруулан исэл гарган авах технологийг эзэмших зорилт дэвшүүлсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ санхүүжилтыг нь улсын төсөвт аль болох дарамт учруулахгүйгээр гадаад улс, олон улсын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм билээ.

Одоогоор энэ чиглэлд “Эрдэнэс Монгол” компанийн харьяа Газрын ховор элементийн судалгааны төслийн нэгж болон “Монгол газрын ховор элемент” компани тодорхой төсөл хэрэгжүүлж, судалгаа хийж байгаа.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр манай улсад газрын ховор элементтэй дөрвөн орд, 71 илрэл, 260 гаруй эрдэсжсэн цэг бий. Тухайлбал, Ханбогд, Халзанбүрэгтэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Ар гол зэрэг газрын ховор элементийн баялаг агууламж бүхий газруудыг тогтоогоод байгаа. Ялангуяа Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын болон ААН-үүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгэж, нийт гурван сая тонн ислийн нөөц тогтоожээ. Үүнийг эдийн засгийн үр ашгаар нь тооцоолоход 10 тэрбум ам.долларын үнэ цэнтэй баялаг.

Ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун гарын үсэг зурав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...