Saturday, April 19, 2025

Ерөнхий сайдын айлчлалаас хүлээх үр дүн буюу визийн хөнгөлөлт

Date:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Энэ айлчлалаас олон нийтийн хүлээж буй гол үр дүн нь мэдээж монгол иргэдийн тус улсад зорчих визийн хөнгөлөлтийн асуудал. Визийн нөхцөлийг хөнгөлөх, цаашдаа харилцан визгүй зорчих асуудлыг БНСУ-ын талтай нэлээд ахицтай ярилцаж байгаа.

Өнгөрсөн оны наймдугаар сард БНСУ-ын Гадаад хэргийн сайд Монголд айлчлах үеэр ч энэ асуудлыг хөндсөн. БНСУ-д оршин суугаа манай иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хоёр улс харилцан адил байх зарчмын дагуу иргэд зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх, эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэдэд визийн нөхцлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлд БНСУ-ын зүгээс онцгойлон анхаарч ажиллана гэдгээ Гадаад харилцааны сайд нь нотолсон юм.

Тиймээс Ерөнхий сайдын айлчлалаар визийн нөхцөлийг хөнгөлөх чиглэлээр бодитой хэлэлцээ хийгдэх болов уу гэсэн  хүлээлт байна. Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласны дагуу БНСУ-тай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах чиглэл бий. Хоёр улсын иргэд харилцан зорчиход визийн хөнгөлөлт хамгийн чухал.

Ерөнхий сайдын БНСУ-д хийж буй айлчлалаас хүлээх дараагийн үр дүн бол Шинэ сэргэлтийн бодлого, Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах, бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тодорхой яриа хэлцлүүд. Тухайлбал, Солонгосын “K-City Network” төсөл хөтөлбөрийг “Шинэ Зуунмод” хотод хэрэгжүүлэхээр өнгөрсөн онд сонгон шалгаруулсан. Мөн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг дэмжих хүрээнд “Smart farm” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болсон. Хоёр улсын харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг Монгол Улсын байгалийн баялаг, БНСУ-ын ноу-хау, шинэ дэвшилтэт технологийг хослуулах замаар хөгжүүлэх талаар ч Гадаад харилцааны сайд нарын түвшинд яригдсан асуудлууд Ерөнхий сайдын айлчлалаар ажил хэрэг болох болов уу. Тухайлбал, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны саад тотгорыг бууруулах чиглэлд эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны дүнд үндэслэн “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг яриа хэлцлүүд Ерөнхий сайдын айлчлалаар яригдана гэж таамаглаж байна.

Монгол Улс газар зүйн байрлалын хувьд хоёрхон хөрштэй. Харин гадаад харилцаандаа олон тулгуурт бодлогыг баримталж, гуравдагч хөршүүдтэйгээ эдийн засаг, нийгэм, соёлын салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлж буй. Монгол Улсын гуравдагч хөршийн нэг нь БНСУ. Тус улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн тоо 50 мянга давсан. Албан ажил хэрэг, бизнес, аялал жуулчлалын зорилгоор БНСУ-ыг зорих иргэдийн тоо ч өндөр. Монгол Улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон юм. Түүнээс хойш хоёр улсын төрийн тэргүүнүүдийн 1991, 1999, 2006, 2011 оны дээд түвшний айлчлалын үеэр “Монгол Улс, БНСУ-ын Хамтарсан мэдэгдэл” гаргаж, 1999 онд “XXI зууны харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа”, 2006 оны “Сайн хөршийн, найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”, 2011 оны “Иж бүрэн түншлэл”, 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн гэрээ байгуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...