Монголын дата клуб төрийн бус байгууллагаас өнгөрсөн жил нийслэл Улаанбаатар хотын автомашины болон зорчилтын өгөгдөлд шинжилгээ хийжээ. Энэ талаар тус клубийн дата сэтгүүлч З.Цэлмэгээс тодрууллаа.
-Танай байгууллага Улаанбаатарын автомашин болон автомашины зорчилтын өгөгдөлд шинжилгээ хийжээ. Өгөгдөлд хийсэн шинжилгээнээс хотын түгжрэл, цаашилбал агаарын бохирдлыг бууруулах гарц, гаргалгааг хайж болно гэж бодож байна?
-Монголын дата клубийг үүсгэн байгуулагч нь “Хөгжлийн төлөө өгөгдөл” төрийн бус байгууллага юм. Манай байгууллага нийгмийн тулгамдсан асуудлыг өгөгдлөөр дамжуулан гаргаж ирж, шийдвэр гаргалтыг илүү өгөгдөлд суурилсан оновчтой болгох зорилготой. Энэ хүрээнд бид Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/, Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/ гэсэн хоёр байгууллагын дата дээр ажилласан. АТҮТ-өөс зөвхөн B ангиллын тээврийн хэрэгслүүд буюу суудлын автомашины бүртгэлийг авсан. ЗХУТ-өөс хотын төвийн бүсийн уулзварууд дээрх автомашины зорчилтын төрөл бүрийн мэдээллийг авсан. Улаанбаатар хотын түгжрэлд автомашины импорт, хөдөлгөөн яаж нөлөөлж байна вэ гэдэг дүн шинжилгээ хийхийг зорьсон.
-Дүн шинжилгээг ямар хугацаанд хийв?
-Үндсэндээ 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар авсан дата байгаа. Зорчилтын шинжилгээг нийслэлийн гол уулзваруудад байрлалтай 33 камерт цугларсан 2021 оны есдүгээр сарын 01-нээс 2022 оны гуравдугаар сарын 24 хүртэл нийт 203 өдрийн өгөгдөлд тулгуурлаж хийсэн. Өгөгдөлд дүн шинжилгээ хийгээд үзэхэд ямар дүр зураг харагдаж байна вэ гэвэл мэдээж улсын хэмжээнд буй нийт автомашины дийлэнх нь Улаанбаатарт хотод бүртгэлтэй байна. Монгол Улсад бүртгэлтэй суудлын автомашин 2021 оны байдлаар нэг сая гаруй байгаагаас 58.3 хувь буюу 569714 нь нийслэлд төвлөрчээ.
-Авто машины тоо нэмэгдэж байгаа шалтгаан юу байна вэ?
-2000-2021 он хүртэл 20 жилд суудлын авто машины тоо яаж нэмэгдсэн бэ гэдэгт дүн шинжилгээ хийсэн. 2011 оноос суудлын авто машины тоо огцом өссөн статистик харагдаж байгаа. Тухайн үед Улаанбаатарын автомашины тоо жил 40-50 мянгаар нэмэгдэх болсон. 2000 онд Уланбаатарт зургаан мянган автомашин импортоор орж ирж байсан бол 2021 онд 51 мянган машин шинээр бүртгэгдсэн. Бараг арав дахин нэмэгдсэн гэсэн үг. Бид өгөгдлийн шинжилгээ хийж үзээд автомашины импорт нь ДНБ-тэй шууд хамааралтай байгааг ажигласан. ДНБ-ий өсөлт өндөр онуудад автомашины импорт жилд 80-90 мянгад хүрсэн байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлтийн давлагаа нийслэлийн автомашины тоог өмнөхөөс ч илүү нэмэгдүүлжээ гэж дүгнэсэн. 2011 онд эдийн засаг огцом өсөхөд автомашины худалдан авалт огцом нэмэгдсэн. Эргээд эдийн засаг саараад 2016 онд дифляци болсон шүү дээ. Тэгэхэд авто машин худалдан авалт буураад 2017 оноос эргэж өссөн. Гэхдээ 2017 онд 2011 оных шиг эдийн засгийн өсөлт өндөр байгаагүй боловч автомашин худалдан авалт яагаад нэмэгдэв гэдгийг тодруулсан. 2016 он хүртэл ипотекийн зээл олголт нэлээд сайн явсан. Айл өрхүүд урьдчилгаа 30 хувиа хуримтлуулж байтал 2017 онд ипотекийн зээл олголт гэнэт саарсан. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад төв банк төсвийн шинжтэй ийм үйл ажиллагаанд хөрөнгө зарцуулж болохгүй гэдэг хоригт орсон. Төсвийн ачаалал дийлэхгүй учир ипотекийн зээлийг маш бага хэмжээтэй олгож эхэлсэн. Тиймээс айл өрхүүд ипотекийн байрны урьдчилгаанд хуримтлуулсан мөнгөөрөө машин худалдаж авсан байх магадлал маш өндөр харагдаж байгаа.
-Газар зүйн байршил автомашины нягтаршилд нөлөөлж байна уу. Аль дүүрэг, хороонд хамгийн олон тээврийн хэрэгсэл бүртгэгдэж вэ?
-Автомашины нягтаршил дүүргүүдэд ямар байгааг үзэхэд сонирхолтой дүр зураг гарсан. 2021 оны байдлаар нийслэлийн хэмжээнд хувь хүн дээр бүртгэлтэй 417 мянган автомашин байсны 107 мянга нь Баянзүрх дүүрэгт, 88 мянга нь Сонгинохайрхан дүүрэгт байна. Автомашины тоог нь харахад Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргийн иргэд худалдан авах чадвар өндөртэй байх магадлалтай. Нэгээс 1.5 машинтай өрхүүдийн дийлэнх нь Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд байна. Хоёр машинтай өрхүүд ихэвчлэн Сонгинохайрханы 22, Баянгол дүүргийн 1, 4, Хан-Уулын 11 гэх мэт хороодод байна. Гэтэл хоёроос дээш машинтай өрхүүд Хан-Уул дүүргийн 15-р хороонд хамгийн олон байх жишээтэй. Энэ хорооны оршин суугчид худалдан авах чадвар өндөртэй. Ер нь нийслэлийн өрхүүдийн дийлэнх нь нэгээс илүү машинтай байгаа нь харагдсан. Хамгийн олон машинтай буюу 5000-аас олон автомашинтай нь Хан-Уул дүүргийн 11, Баянзүрх дүүргийн 26, Хан-Уулын 11, 15, Баянзүрхийн 4,5,8,16,25,26, Баянголын 6 зэрэг хороод байна. Үүнийг харахаар сүүлийн 10 гаруй жил эрчимтэй барилгажсан бүсүүд байгаа. Сонгинохайрхан дүүргийн алслагдмал хороодоо бол автомашины нягтрал байхгүй. Эндээс барилгажилт автомашины тоонд нөлөөлж байна гэсэн таамаглал, ажиг, сэжиг гарч байгаа юм.
-Та бүхэн энэхүү өгөгдөлд суурилсан шинжилгээнээсээ ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-Автомашины худалдан авалт нь эдийн засгийн суурь нөхцөлүүд, түүнд чиглэсэн шийдвэр гаргалтад маш өртөмтгий байна. Тухайлбал, ДНБ-ий өөрчлөлт, валютын ханшийн өсөлт, санхүүгийн үйлчилгээний хүртээмж гэх мэт хүчин зүйлүүд үүнд шууд нөлөөлж байна. Нөгөөтэйгүүр автомашины эрэлт буурахгүй, цаашид ч өсөх төлөв харагдаж байна. Хүн амы насны суварга, орон сууцны барилгажилт зэрэг нь автомашины нягтаршлыг улам өдөөхөөр байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Улаанбаатарын өрхүүдэд дунджаар 1.4 автомашин ногдож байгаа. Цаашид энэ тоо өснө. Өөрөөр хэлбэл хоёр болон түүнээс олон машинтай өрхийн тоо нэмэгдэнэ. Энэ бүхэн бол импортын бодлогыг улам боловсронгуй болгох хэрэгтэйг харуулж байна.
Мөн сэтгэл эмзэглүүлэх нэг асуудал бол сүүлийн 10 жилд хуучин машины импорт нэмэгджээ. Энэ нь агаарын бохирдлын нэг эх үүсвэр болж байна. Тиймээс цаашид он залуу, чанартай автомашины худалдан авалтыг дэмжих, хуучин машины хэрэглээг бууруулах сонголтыг бий болгох нь чухал гэдэг дүгнэлтийг гаргасан. Мөн сургуулийн болон ажилчдын автобус олноор явуулах зэрэг арга замуудыг санал болгож байгаа.