Monday, November 25, 2024

Монголын уран зохиолын зорилтот төөрөгдөл

Date:

            “Хүн гэдэг хачин амьтан. Харанхуй ертөнцийн шуугиан” Фридрих Ницще

            “Биокомбинатын хогийн цэг дээр бүргэд хоол эрэн эргэлдэнэ

            Түүн лүгээ адил уран зохиолд хандаж болохгүй” Г.Б

            Зүсэм талхны төлөө үүнийг эс бичив. Зүгээр миний эргэн тойрон дэндүү муухай харагдаад байхад яаж би амьсгалах билээ. Жихүүн өвлийн идэр гурван есийн жавар, усны мандал дээгүр эргэлдэгч цэл хүйтэн цасан шамарга  өр зүрхийг минь бүчин хуйларна. Яруу найргийн хөгжлийн өнөөгийн дүр төрхийн тухай олон жил бодож явлаа.. Үгээ хэлье гэхэд хэн нэгнийг түрүүлэн хэлэхийг хүлээгээд байсан мэт. Өнөөдөр энэ талаар дотор буй мөсөө хайлуулан гадагшлуулах цаг болжээ. Саяханы “Утга зохиол урлаг” сонины нэгэн  дугаарт  МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ж.Баяржаргалын  “Болор цом-40” буюу Хүйтэн ухааны түрлэг” нэртэй нийтлэл гарсан нь хожим ирээдүйн яруу найргийн лаа анивчлуулагчдад буюу үгийн ур урлаачдад хандсан үгээ хэлэх далим болов. “Болор цом” наадам сайхаан, сайхан!!! Сайхан ч болдог!!! Уншигч, сонсогчдын жил бүрийн энэ цагт хүлээлт үүсгэдэг наадам болсон гэж би эргүүтдэг билээ. Тэр наадмын тайзан дээр шүлгээ унших гэсэн олон үг урлаачдын хүсэл тэнгис далайн түрлэг мэт ажу. Хэдийгээр яруу найргийн хэм хэмжээ тогтоогч наадам биш хэмээн бид дотроо үнэлэн хүлээн зөвшөөрдөг ч нийгэм бол биднээс өөр өнцгөөр хардаг юм. Уг нь аливаа байгаль нийгмийн юмс үзэгдэл хувьсан өөрчлөгдөн хөгжиж байдаг жамтай. Нэг байрандаа удаан зогссон аливаа зүй тогтол өөртөө мөхлийн үр ургацаг ургуулахаас гэрлийн үнэр ялгаруулахгүй л дээ. Яруу найргийн хөгжлийн чиг хандлагын тухай анх 1990-ээд оны сүүлээр яруу найрагч Г.Аюурзана  дуугарсан л даа. Туршилтын гэмээр дуу хоолой нь өнөөгийн шүлэг, яруу найргийн оршин буй байдал нь хөгжлийн жим биш байгаа талаар зориг гарган хэлсэн боловч хууччуулын хуучинсаг лантуун үг даалгүй мөрөө хөөгөөд алга болсон нь үнэн юм. Г.Аюурзана бол 1990-ээд оны яруу найргийн нэгэн төлөөлөгч. Горькийн утга зохиолын сургууль төгсөж ирээд Монголын уран зохиолд өрнөдийн олон сайхан бүтээлийг хөврүүлэн уншигч, уран бүтээлчдийн тархины түгжээг нээх жимийг урласан нь түүний гавъяа билээ. Харин яруу найргийн талаар дараагийн нэг дуугарсан нь одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2011 оны сүүлээр “Хог шүүрдвэл тоос босно” хэмээн чанга дуугаран яруу найргийн хөгжлийн жинхэнэ мөн чанарын тухай, бас яруу найраг жинхэнэ утгаараа хөгжихөд бидэнд юу саад болоод байгаа талаар зөв гаргалгаа гарган оношилсон яруу найрагч бол Банзайн Хүрэлтогоо билээ. Тэрээр “Болор цом” яруу найргийн тайзан дээрх шүлгүүдийн агуулга, хэлбэр, мөн чанар, зохион байгуулалтыг ил тод шүүмжилсэн нь дээрх шүүмж байлаа. Хэдийгээр энэ шүүмж нийтлэгдснээс хойш арав гаруй жил болж байгаа ч одоо хүртэл агуулга, үнэ цэнээ алдаагүй байна. Харамсалтай нь уг шүүмжийн мөрөөр өөрчлөгдсөн нь үгүй ажээ. Яруу найрагч Б.Хүрэлтогоо бол бас л 1990-ээд оны төлөөлөгч.  Тэрбээр:

            … “Болор цом” гэж шүлгийн наадгай байна. Ард түмэн ойлгохдоо “Оны хамгийн сайн, хамгийн шилдэг шүлгийг сонсож, оюунаа цэнгээж, сэтгэлээ хөглөе” л гэж ирдэг бололтой. Жилээс жилд өргөжин тэлж байгаа нь яруу найргийн өөрийнх нь нэр хүнд. Энэ нэр хүндийг унагахгүй байх хэрэгтэй. Сонгодог сайн шүлгийн тэмцээн уралдаан байж болно. Түүнийг жинхэнэ мэргэжлийн яруу найрагчид шүүнэ үү гэхээс өөрөө илжиг дөрөөлчихөөд бусдын армаг хурдан хүлгийг шинжих тухай яриа байж хэрхэвч болохгүй. Манай “Болор цом” үнэхээрийн хэцүү дээ, хэцүү. Нэг илжиг унасан нөхөр өөрийнхөө илжигний явдлаар бусдыг шүүж шоудах нь нүүр улайж, нүд дальдармаар ч ямар гэм, юу хийж байгаагаа хөөрхийс мэддэггүй. Тэдэнд бурууг өгөх аргагүй. Учир нь тэдний хувьд сайн шүлгийг таних мэдрэмж байхгүй...

Харин хэнийг түрүүлүүлэх вэ, гэдэг нь л сонин байдаг. Шүлэг нь шүлэг биш гэдгийг хэлбэл уурлана. Өөрийг нь доошоо хийлээ гэж бодно. Яагаад? гэхээр цөмөөрөө нэг түвшинд юм чинь хэн нь хэнийгээ гэх вэ дээ? Онцгой, өвөрмөцийг нь юу ч мэдэхгүй шүүгчид нь шүлэг биш гээд хасчихна...  Тэд тэгээд яруу найрагчид мөн үү? гэвэл, мөн. Жинхэнэ яруу найргийг мохоож, яруу найргийн зогсонги байдлыг бий болгогсод. Яруу найргийн зогсонги байдал нь, нийгмийн зогсонги байдлыг бий болгож, сэтгэлгээг мохоож, оюуны ядуурал, тархины тураалд хүргэнэ. Энэ нь яруу найрагчдад төдийгүй, бүх сэтгэгчдэд хамаатай.

Аливаа юмны мөн чанар агуулга үндэсийг нь олж харахгүй, үзэх өнгөөр нь тайлбарлана гэдэг үнэхээр аймаар. Мэдэхгүйгээ мэдэхгүйн зовлон энэ.

Түүнийг нь нийгэм яг давтана. Утга зохиол, соёл нь ямар байна, нийгэм тийм байна...” гэжээ. /“Хог шүүрдвэл тоос босно” шүүмжээс чухал заримыг нь уншигчдад сануулах үүднээс тэр анх бичсэн зүйлүүдийг жишээ болгон авч байгаа юм шүү. Болгооно уу./

Сайн шүлгийг таньж мэдрэх ухааныг бид өөрсдийн бүтээлээрээ ард түмэнд өгөх ёстой. Үүнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч нь утга зохиол судлаачдын үг юм. “Болор цом”-ын тайз бол соён гэгээрүүлэгчдийн хувьд алтан боломж билээ. Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүхийг судлаад үзэхэд яруу найраг, соёл урлагаа хамгийн тэргүүн эгнээнд хайрлан хөгжүүлж, тэр хэрээр  ард түмнийх нь уураг тархи нь задран дэвжиж, улс орны эдийн засгийн нүүр царай дэвшин дээшилж өнгө засч иржээ. Өрнөдийн улс орнуудын эдийн засгийн хөгжлийн төлөвийг орхиё. Харин Ази тивээ сонирхоод арлын Япон, хөрш Хятад, Солонгос, Вьетнам, Тайвань, Энэтхэг зэрэг орныг сонжвоос хөгжил нь тод томруун ил үзэгдэнэ. Дээрх орнуудад уран зохиолын хөгжлийн төвшин өөрийн зүй тогтлоороо хөгжиж, ард түмнийх нь ч оюун санааны гоо зүйн мэдрэмж тэлж тэр нь улс орнуудынх нь эдийн засгийн хөгжлийн нэгээхэн нууц түлхүүр болон хувирсан аж.

Бид Болор цомын тайзан дээр Авгаржин Баяржаргалын шүүмжилсэн шиг шүлэг уншиж алиа салбадай болмооргүй бйна. Өнөөдөр яруу найрагчид бид тайзны “сармагчид” болжээ. Биднийг сармагчин болгон тоглуулах хөгжилтэй найруулгыг харамсалтай нь манай утга зохиол шүүмж судлаачид чадмаг хийж буй нь энэ жилийн “Болор цом-40” наадмаас тод томруун харагдлаа. Тэсэхээ байгаад дотор нь бачуурсандаа Баяржаргал маань “Хүйтэн ухааны түрлэг” хэмээн хашгирлаа. Бүр хар дарж зүүдэлтэл хашгирлаа. Биднийг, бас шүлэгчдийг, уншигчдыг, нэн ялангуяа утга зохиол судлаач эрхмүүдийг зүүднээсээ сэр сэр гэж хашгирлаа. Авгаржин Жа.Баяржаргал бол бас л 1990-ээд оны яруу найргийн нэгэн тод төлөөлөгч. Шүүгчид гэж шүүгчид. Б.Хүрэлтогоо нэгэн судлаачийн тухай:

Аргууд овогт Г.Батсуурийн “Р.Чойномын шүлгүүдийн доошоо орох зарим шалтгаан” шүүмж нийтлэлийг уншаад маш их баярлав. Баярлах нь өөрийн төлөө бус, нийтийн төлөө бөлгөө. Монголын утга зохиолд ийм эрүүл саруул сэтгэлгээтэй залуу судлаач гарч ирээд ”Утга зохиолын” хөлдөж, мөстсөн ханыг балбах нь дориун нүргээнтэй сонсогдоно. Судлаачийн “Доошоо орох зарим шалтгаан”-ыг уншиж суухдаа “Энэ жаахан шүүмжид их салхины өмнөх нам гүм, гүн бат итгэл, цээжиндээ багтаж ядах эр бяр, зориг эрмэлзлэл халгиж, цалгиж байгаа нь галт уулын гүн дэх чичирхийлэл шиг сэтгэл догдлоосон шүү” гэвэл судлаач та итгэнэ буй за! Яагаад! гэвэл гэрэл гэгээ рүү тэмүүлэгч эрэлчин бүр ганц үг, ганц зураас, ганц таслалаар ч танихаа таньж, мэдрэхээ мэдрэх хойно доо... /Хог шүүрдвэл тоос босно/ хэмээн уулга алдан баярласан байдаг. Тэрбээр цааш нь

“… Г. Батсуурь танд маш их өөриймсөн талархав. Монголын утга зохиолд ачтан нь байж, дэлхийн дэвжээнд сойх хүлгүүдийн алтан жолоо, таны зөн мэдрэмжээр хөглөгдөх болтугай...”  хэмээн маш их итгэл хариуцлагын хосолсон хүндэтгэл оршоосон үг уг шүүмжээрээ илгээж байжээ. Энэ жилийн “Болор цом-40” наадмын Ерөнхий шүүгч утга зохиол судлаач, шинжлэгч, доктор Г.Батсуурь байлаа. Би хэн нэгэн найрагч эсвэл хэн нэгнийг шүүмжлэхийг эс хүснэм. Харин одоогоос арав гаруй жилийн өмнө Б.Хүрэлтогоогийн олж харсан гэрэл өнөөдөр хаана байна???  Энэ Г.Батсуурь Хүрэлтогоогийн итгэсэн, хандсан судлаач биш л байгаасай!!! Мөн бол өөрөөсөө урвасан хүн болох нь. Өөрөөсөө урвагч хүн эх орноосоо ч урвадаг жамтай. Хорин нэгдүгээр зууны яруу найргийн хөгжлийн зүй тогтлыг харах боломжит талбар нь тайз. Чухам тайзан дээр уран бүтээлчид оюунаа нэрсэн дарсаа бусдын оюун санаанд амсуулж байхад манай шүүгчдийн өнөөгийн шүүж байгаа үнэн эмгэнэлт дүр төрх, нүүр царай. Уг нь бид “Болор цом”-ын тайзыг яруу найргийн хөгжлийн чиг хандлагаа олж харах цонх хэмээн бодох ёстойсон. Гэхдээ 1990-ээд оныхон өөрсдөө “бидний нээсэн хаалга, урласан зам болохгүй байна” хэмээн гурвантаа дуу алдлаа. Эхнийх нь туршилт байсан бол хоёр дахь нь яруу найрийн жинхэнэ мөн чанарыг эрхэмлэх, яруу найрагчдад тавих оюун санааны шалгуурыг ямар байхыг тодорхойлсон хашгараан байлаа. Энэ удаагийнх нь 1990-ээд оныхны сүүлчийн хашгараан байх. Ингэж хашгирах шалтгааны үүтгэлийг нээлцэж өгсөн Г.Батсуурь доктор бол 2021 оны Соёлын яамнаас зарласан өндөр мөнгөн шагнал бүхүй “Уран сайханы шүүмж судлалын уралдаан”-д түрүүлсэн, өнөө цагийн Монголын уран зохиол шүүмж судлалын тэргүүн эгнээнд нь бичигдэж яваа судлаач. Тийм ч учраас МЗЭ-ийн удирдлага маш их итгэл хүлээлгэн түүнийг Ерөнхий шүүгчээр томилсон хэрэг. “Болор цом” наадмын дараа түүний бичсэн шүүмжийг уншихуй сонирхогчийн бичвэр мэт харагдах. Өнгөц илээд өнгөрөх тэр шүүмж нь наадамд  уншсан зарим эрхэмд тал засах аядах шинж ажиглагдсан. Шүлгүүдийн дотоод өгүүлэмжийн “агуйллаг” мөн чанар, амьсгал, хөдөлгөөнийг ч гаргаж чадаагүй нь харамсалтай. Ийм том судлаачаас би их том дүгнэлт хүлээсэн байж магадгүй. Нийгэмд манлайлагч “том” хүний үг ямагт бусдын анхааралд байдаг. Буруу тайлбар хэлсэн ч нийгэм тэр тайлбарын буруу зөвийг сохороор анхаардаг гэм бас буй. Энэ бол үүрэг хариуцлагаа умартсан эмгэнэлт нэгэн шүүмж судлалынхны тод дүр төрх. Өнөөгийн тайзны энэхүү “гажуудал”-г урлалцаж ирсэн “мэргэжилтэн”-үүдийн нэг нь Агваржин Баяржаргал ч мөн юм. Гэхдээ алдаагаа олж харан “Хүйтэн ухааны түрлэг”-ээрээ чимээ өгсөн нь нэн талархууштай. МЗЭ-ийн удирдлагаас энэ жилийн яруу найргийн наадмын эхний шалгаруулалтанд “стандарт бус” шинэлэг технологи хэрэгжүүлсэн нь таашаалтай. Наадамд ирсэн бүтээлүүдийн зохиолчдын нэрсийг кодлон шалгаруулсан нь “Болор цом” наадамд олон жил шүлгээ өгөөд хасагддаг байсан зарим яруу найрагчдад том боломж гарч ирсэн билээ. Учир нь өмнөх наадмууд бүтээлүүдийг нь бус яруу найрагчдын нэрсийг ялгаварлан түүвэрлэж оруулдаг байсан эмгэнэлт “тоглоомын” дүрэмийг халсан нь яруу найргийн хөгжлийн шинэ замыг нээн өгснөөрөө маш өндөр ач холбогдолтой боллоо. Цаашид энэ дүрмээрээ яваасай билээ. Гэхдээ жинхэнэ яруу найрагч болох, байх тухайд бол ямар нэгэн тогтсон жор байхгүй ч алдар цол, албан тушаал, ажил мэргэжил, нас хүйс, царай зүсний ч асуудал биш билээ. Хүнд хэдий авъяас заяах ч өөрийн дотоод ертөнцийн эрчмийн долгионыг сонсох, тогтоон барих чадамж, мэдрэмжээ хөгжүүлэх нь нэн чухал билээ. Ийм чадвар хүн болгонд заяадаггүй.  Үүнийг цэцэрхэл хэмээн эс тоох нь алдас болох магад буй.

Ер нь ганц яруу найраг биш энэ шүүмж нь “Утгын чимэг” өгүүлэхүйн богино өгүүллэгийн наадамд ч хамаатай шүү. Энэ жилийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонжвоос: МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хүүрнэл зохиолын үндэсний төвийн тэргүүн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Баярсайхан, Шүүмж судлалын үндэсний төвийн тэргүүн, Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор А.Мөнх-Оргил, МУ-ын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хэл бичгийн ухааны доктор Д.Ганболд, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Хэл бичгийн ухааны доктор, дэд процессор, Утга зохиол судлаач, шүүмжлэгч Ш.Баттөр, Хэл бичгийн ухааны доктор, профессор Ч.Жачин, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Хэл бичгийн ухааны доктор, профессор, утга зохиол судлаач Б.Мөнхбаяр нар МЗЭ-ийн урилгаар эхний шалгаруулалтанд шүүн оролцожээ. Нүсэр том бүрэлдэхүүн. Харамсалтай нь “Утгын чимэг 2022” наадамд зуу орчим бүтээл ирүүлснээс олигтой тэнцчих бүтээл олдоогүй бололтой. Шалгаруулсан бүтээлүүд нь эхнээсээ эхлээд уншигчдын шүүмжээр элдэвлүүлээд эхэлсэн нь аргаа барахад хүргэв. Гэхдээ би шалгаруулалтанд итгэхгүй байна. Энэ олон уран зохиолын докторууд нь “чихний ээмэг” төдий оролцсон болов уу. Монгол орныг аалзны тор мэт хэрсэн авилгын сүлжээ ч манай уран зохиолыг тойроогүй гэдгийг далдуурхан харуулаад ч байх шиг. Бидэрийн Баярсайхан даргад нэн тод хамаатуулж байгаа юм шүү. Зохиолчдын байгууллага маань уран зохиолын хөгжлийн бодлогодоо эрс шинэчлэлт хийх гээд оролдоод байгаа юм. Харамсалтай нь тэдний оролдлогыг дэмжин хамтарч ажиллах Шүүмж судлалын төвийнхэн докторын нэр хүндээ шороонд хутгаад хаячих шиг. Эсвэл Монголын уран зохиолын хөгжил тийм үлбэгэр сул юмуу?!!! Тийм бололтой. Өнөө цагт хүн болгон яруу найрагч, зохиолч болсон  байна. Ер нь Монголын уран зохиол сармагчингуудын армиар дүүрчээ. Уран зохиол маань материаллаг шинж рүү далбийгаад одож. Зохиолч хэмээн өөрийгөө нэрийдэгч нар нь уран зохиолыг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байна. Уран зохиолыг материаллаг чиглэл рүү замыг нь зааж өгч үлгэрлэсэн Цэдэвдамбын Оюунгэрэл гэдэг эмэгтэй цагтаа Монгол Улсын Соёл, аялал жуулчлалын сайдаар томилогдон ажиллаж байхдаа өөрийнхөө “модон хэл”-тэй номоо Монгол орны бүх аймаг сумдын номын сангуудад шахснаас өөр хийж гийгүүлсэн ажилгүй байж өнөөдөр “уран зохиол хэрхэн бичих вэ” хэмээн хичээл заана гээд балайрч явна.  Соёлын сайд бол тухайн улс орноо соён гэгээрэхүйн чиглэлээр цогц хөтөлбөр боловсруулан ажиллах ёстой л доо. Уран зохиол бол цэвэр ариун ертөнц бөгөөд бас харгис шинж чанартай шүү. Аль нэгэн улс төрийн нам болоод улс төрийн өлөн ходоодтонгууд Монголын уран зохиолыг алдар нэр, ашиг хонжоо олох хэрэгсэл болгон ашиглая гэвэл би салаавч өгье. Цаашаа зайлагтун, Оюунгэрэлтэнгүүдээ.  Агуу ихийн өвчинд баглагдан нэрвэгдэгсэд, элдэв шагнал горьдогчид ч энэ орчлонгоор дүүрэн байх бололтой.

Хүн бол уг нь агуй юм. Өөрийнхөө агуйгаа тэмтэрч чадсан хүн л жинхэнэ зохиолч болж чаддаг юм. Үнэнийг хэлье. Сүүлийн арваад жилийн хугацаанд  “Утгын чимэг” наадамд цөөн чанартай өгүүллэг уншигдлаа. Жинхэнэ уран зохиол хааччихав аа?!!!  Д.Нацагдоржийн, П.Лувсанцэрэнгийн, С.Эрдэнийн жинхэнэ эрэл хайгуулын үлгэр болсон бүтээлийн залгамж нь хаана байна? “Хор найруулсан” тайзан дээрээс муу бүтээлүүд уншигч сонсогчдод хүргэх эмгэнэлт жүжгийн үр дүнд уран зохиолын хөгжил маань хана мөргөв үү? Яруу найргийн болон Утгын чимэгийн тайзан дээр тодорч мандсан зохиол бүтээлүүдээс хэд нь хилийн дээс алхан гадаад их далайгаар аялан хүн төрлөхтний мэлмийг монголын уран зохиолын өмнөөс гэрэлтүүлэв. Миний мэдэхийн зохиолч, яруу найрагч Төрийн  Баянсангийн бүтээлд гадаадын зарим судлаачид задлан хийж, гадаадын хэвлэлд нийтэлсэн санагдана. Тухайлбал 2011 онд шиг санагдаж байна. Оросын нэгэн хэвлэл дээрээс “Лысое сердце” нэртэй жижигхэн өгүүллэг олж уншиж байлаа. Т.Баянсангийн бүтээлийг уншихад эрэл хайгуулын асар их ай сав, орон зайг бий болгож бичдэг нь анзаарагдсан юм. Үүнийг би нээгээгүй. Бас Монголын Уран зохиол судлаач, шүүмжлэгч нар ч олж хараагүй. Харин Лидия Григорьевна Скородумова гэдэг хүн уншиж мэдрээд уулга алдсныг нь би олж уншиж байсан. Баянсан бол агуу биш агуй л даа. Түүний “Зүрх өвлөгч” /2008/, “Хадны захидал” /2017/ зэрэг өгүүллэгүүдийг уншихад хангалттай. Дурдсан хоёр дахь өгүүллэг нь “Утгын чимэг 2017” наадамд тусгай байр эзэлж байсан шиг санагдана. Яруу найрагт бол ингэж дотроо өнгийж бичсэн нэгэн яруу найрагчийн номыг би санаж байна. Гудамжнаас гурван мянган төгрөгөөр худалдан авч байсан. Ц.Эрдэнэбат хэмээх найрагчийн “Өвсний гэгээ” ном болой. Яруу найрагч хүний эгэл даруухан чанарт уусан амьдрагч тэр найрагчийн номны тухай нэгэнтээ бичиж байсан минь нэжгээд хугацааг үджээ. Мөн яруу найрагч Дашзэвэгийн Цогбадрахын “Интоорын цэцэрлэг” номыг дурдахад хангалттай. Уг нь жинхэнэ бичээч нар нь байгаа  юм байна. Тэр нь сайн хэрэг ч  нэгэн цагт Пүрэвхүүгийн Батхуяг “… Алдарших зэргийн өчүүхэн донд автаж, амьтан хүний урдуур хойгуур сүүтэгнэх ямар хэрэг байгаа юм бэ…” хэмээн шавь нартаа хандаж 2008 онд “Хүмүүн төрлөхтний дотроос хөөрхий Монголын зохиолчид оо гэж…” нийтлэлдээ бичиж байсныг бас сануулъя. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажлыг өөрийн хувийн алдар нэрээ өсгөх, элдэв уралдаанд дам нөлөөллөөр  бусдын уран бүтээлийн өмнө зайдагнах гэсэн увайгүй, ичгүүргүй бодолдоо ашиглах нь зохиолч хүний хувьд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл мөнөөсөө мөн.

“Сармагчингууд” минь унших хэрэгтэй байна. Унших гэдэг нь таарсан болгоноо хамаагүй унших гэсэн үг биш шүү. Та нарын бүтээлүүдийг уншихад эрэл хайгуулын үнэрийн хэлтэрхий ч алга. Галзуу хүний өдрийн тэмдэглэл харагдах. Сэтгэл судлалын болон философийн шинжлэх ухааныг унш. Хүн судлалын шинжлэх ухааныг унш. Өөрийнхөө агуй руу нэвтрэх замыг гэрэлтүүлэх гэрэл нь тэр юм шүү дээ.

Зохиолч хүнд эрхэмлэж явах хамгийн дээд чанар бол ёс зүй. Энэ нь мөнөөхөн шүүмж судлалынханд нэн чухал хамаатай шүү. П.Батхуягийн бичсэн шиг “илжиг шиг есөн жил амьдарснаас чоно шиг гурван жил дүүлж яваад дуус л даа. Мэдэхгүйгээ мэдсэн хэрнээ мэдэмхийрэхийн нялхасын өвчин манай зарим зохиолч, найрагчдад байгаа шүү. Монголын уран зохиолын хөгжлийн жинхэнэ үнэн нүүр царай, түүний бэдрэгч жим нь бүдгэрэх ёсгүй шүү. Чин сэтгэлээсээ ажлаа хийцгээ л дээ ШҮҮМЖЛЭГЧ нар аа. Жинхэнэ уран зохиол бол оюуны дээд тайвшрал гэдгийг бүү мартаарай.

Ганжууржавын БАТЖАВХЛАН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...