Нүүрсний гэх тодотголтой хэрэгт гурван байгууллагын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан нийт 62 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж байна.
Авлигатай тэмцэх газарт 2013 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, төмөр замын барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй нийт 57 хэргийг шалгаснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлж, 7 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шийдвэрлэсэн байна.
Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 11, нийт 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг 3 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлээд байна. Энэ хэргийг шалгах ажлын хүрээнд АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаагаар 127 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 246 удаа, гэрчээр 421 хүнээс мэдүүлэг авч, 640 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна .
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 26 хүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр баривчилж, шүүхэд танилцуулсан. Хэргийг шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоо 7 яллагдагч цагдан хоригдож байна. Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 35 яллагдагчид аваад байна.
Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 тэрбум) төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нь тогтоогдож хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
- Хөрөнгө битүүмжлэх, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор
- 81 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 78, оффисын 3 талбай),
- 43 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг,
- 4 газар,
- 2 хуулийн этгээдийн хувьцаа,
- 35 иргэн, 37 хуулийн этгээдийн арилжааны банкин дахь зарлагын гүйлгээг,
- 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас, бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Эдгээрээс гадна нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630.000.000 төгрөг, 230.000 ам.долларыг хураан авч эх үүсвэрийг шалгаж байна.
Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжлэх арга хэмжээний хувьд жишээ нь:
- Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь Таван толгойн орд газарт хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авч улмаар хахуульд авсан мөнгө нэр бүхий хуулийн этгээдийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах эрхтэй 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлж тухайн барилгын ажилд хахуульд авсан мөнгөө зарцуулж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, зорилгоор өөрчилсөн.
Албан тушаалтан хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх 3 блок баригдаж буй барилгын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хийсэн байна.
- Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз нөхрийн хамааралтай этгээдийн нэр дээр 2020 оны 02 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах оффисын зориулалт бүхий барилгаас 464.54 м.кв талбай бүхий оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.09 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байх бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй түүнчлэн хамаарал бүхий хүмүүсийн нэрээр бонд, үнэт цаас авч “Үндэслэлгүй хөрөнгөжих”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн тухайн оффисоо түрээсэлж 1.091.152.412 төгрөг олсон нь тогтоогдож байна. Үүнтэй холбогдуулан уг оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн.
Дээрх үйлдлээс гадна төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн найзын компанийг шалгаруулж санхүүжилт авч банк бус санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан байж болзошгүй үндэслэл нь тогтоогдон шалгагдаж байна.