Monday, November 25, 2024

Хүүхдийн мөнгө зорилтот эздэдээ хүрнэ

Date:

Манай улс хүүхдийн мөнгийг социализмын үеэс өгч эхэлсэн. 1990-ээд онд энэ мөнгө тасалдсан ч 2000 он гарснаар улс төрийн намын сонгуулийн амлалтад хүүхдийн 10 мянган төгрөг болж тусгагдан эргэж ирсэн юм. 2012 оноос хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг болж, Хүний хөгжил сангаас хувь, хишиг болж түгээгдсэн. Харин 2015 онд хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийг бууруулж, өрхийн амьжиргааны түвшнийг 1-20 оноогоор дүгнэн, 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд мөнгө олгохоор шийдвэрлэж байсан юм. Тухайн жил хүүхдийн мөнгөнд жилд 246 тэрбум төгрөг зарцуулж, энэхүү арга хэмжээнд нэг сая 30 мянган хүүхдийг хамруулж байж. 2020 онд цар тахлын эсрэг авах эдийн засгийн багц арга хэмжээний хүрээнд хүүхдэд олгох 20 мянга төгрөгийг 10 мянгаар нэмэгдүүлж, 30 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан юм. Мөн тухайн оныхоо тавдугаар сараас Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний хүрээнд 0-18 насны хүүхэд бүрд сар тутам олгодог 30 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, 2020 оны дөрөвдүгээр сарын нэгнээс аравдугаар сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд 0-18 насны хүүхэд бүрд сар болгон олгохоор шийдвэрлэж байв. Цар тахлын үед энэ шийдвэр сунгагдан хэрэгжсээр өнөөг хүрсэн. Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эсрэг олон арга хэмжээ авсны дотор хүүхдийн мөнгийг нэмсэн нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн эерэг нөлөөтэй болсон нь тогтоогджээ.

Оны өмнө 2023 оны улсын төсвийг боловсруулж эхлэх үед цар тахлын үед 100 мянга болгон нэмэгдүүлсэн хүүхдийн мөнгийг цаашид энэ хэвээр нь үргэлжлүүлэн олгохдоо бүх хүүхдэд биш зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгоё гэдэгт УИХ, Засгийн  газар дээр санал нэгдсэн байна. Энэ нь олон улсад түгээмэл байдаг жишиг. Дэлхийн бүх орнууд эдийн засгийн чадавхи, боломжоосоо шалтгаалан хүүхдийн мөнгийг янз бүрийн хэлбэр, хэмжээгээр олгодог. Гэхдээ бүх хүүхдэд тэтгэмжийг тэгшитгэн олгодог систем хаана ч байхгүй. Хүүхдийн мөнгийг хүүхдийн тоо, нас, гэр бүлийн орлого, амьжиргааны баталгаажих түвшин зэрэг маш олон үзүүлэлттэй уялдуулан уян хатан нөхцөлөөр олгодог. Хүүхдийн тэтгэмжийг ядуу, олон хүүхэдтэй айлд олгодог нь дэлхий нийтийн жишиг аж.

2022 онд хүүхдийн мөнгөнд 1 их наяд 461 тэрбум төгрөг зарцуулсан бол ирэх 2023 онд 1 их наяд 394.6 тэрбум төгрөг болж, 67 тэрбум төгрөгөөр буурна. Монгол Улсад 970,000 гаруй өрх бий. Үүнээс 0-18 насны хүүхэдтэй 568,000 өрх байна. Төрд байгаа таван мэдээлэлд үндэслээд бодоод үзэхэд 78,000 өрхийн 113,000 хүүхэд есөн хувьд нь буюу хүүхдийн мөнгөнөөс хасагдахаар байна. Эндээс харахад хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт буюу нийт хүүхдийн 91 хувьд олгосноор төсөвт гарах хэмнэлт тийм их биш. Тэглээ гээд бүх хүүхдэд энэ халамжийг хавтгайруулан олгох нь оновчтой бус. Угаасаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт л олгоно  гэдэг нь энэ арга хэмжээнд зарцуулж байгаа хөрөнгөө хэмнэх гэсэн санаа биш юм. Цааш 91 хувь нь аажмаар багасаж, 9 хувь дээр нэмэгдэх хэмжээ бага багаар өсөж байвал сайн. Өөрөөр хэлбэл иргэдийн амьжиргааны түвшин, амьдралын чанар, орлогын түвшин байнга сайжирч, дээшилж, тэр хэрээрээ нийгмийн халамжаас ангижирч байх ёстой. Хүн амын дунд чинээлэг дундаж түвшний эзлэх хувь хэмжээ нэмэгдэх тусам бид хүүхдийн мөнгөний тухай, ийм халамжийн талаар бодохгүй болж байвал хэчнээн сайн бэ. Гол нь тийм цаг иртэл хүүхдийн мөнгө зорилтот эздэдээ очсоор байх болно. Энэ бол Засгийн газрын бодлого.

Хүүхдийн мөнгөний талаар судлаач Б.Мөнхсоёл “Хүүхдийн мөнгийг заавал 91 хувьд нь олгох шаардлагагүй. Үүнийг 80 хувь руу дөхүүлэх ёстой. Учир нь нийт хүүхдийн 80 хувь нь мөнгөө авч байгаа нь эмзэг бүлгийн, орлого багатай, зорилтот бүлэгтээ очих болно. Болж өгвөл инфляц ихээр нөлөөлж буй өрхийн хүүхдийн мөнгийг 120 мянган төгрөг, дараагийн 20 хувьд нь 100 мянган төгрөг, түүний дараагийн 20 хувьд нь 80 мянган төгрөг гэх байдлаар зохицуулалт хийж, нийт 80 хувьд нь олгох зөв гэж харж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...