Түүхэн өдрийн тэмдэглэл
…1992 оны нэгдүгээр сарын 13. Энэ өдрийн 10.00 минутад Ардын Их Хурлын II хуралдааны 57 дахь өдрийн ажиллагаа эхлэв. Хуралдаанд нийт депутатуудын 84 хувь буюу 356 нь хүрэлцэн иржээ. Хуралдааныг АИХ-ын дарга Ж.Уртнасан даргалж, Ерөнхийлөгч П.Очирбат оролцжээ. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид хуулийн эхэд оруулсан найруулгын засварыг депутатуудад уншиж сонордуулсан байна. Уг засвар нь Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хугацааг аргын болон билгийн тооллоор оруулах нь зүйтэй гэсэн Архангай аймгийн депутатуудын саналыг тусгах тухай байв. Уг саналыг 93 хувь нь дэмжжээ.
Ардын Их Хурлын орлогч дарга Ц.Лоохууз 10.33 цагт “Үндсэн хуулийн эхийг Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан уншина” хэмээн зарлаж, хурлын дарга Монгол Улсын Үндсэн хуулийг эхнээс нь дуустал уншиж 11.29 цагт дуусгав. 11.31 цагт Монгол Улсын Үндсэн хуулийг батлах гэдгээр Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан санал хураалгав. Хуралдаанд оролцсон 330 депутатын 99 хувь буюу 327 нь дэмжиж, нэг хүн татгалзаж, хоёр хүн түдгэлзсэн байна.
Ийнхүү 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.32 цагт Ардын Их Хурлын II хуралдааны 57 дахь өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хууль үнэмлэхүй олонхын саналаар батлагдав. Бүх депутатууд суудлаасаа босож алга ташин, хурайлж байв.
…Монголчууд дөрөв дэх Үндсэн хуулиа туурвиж баталсан түүхэн агшин Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлд ийн үлджээ. Үндсэн хуулийн эх лээх тухайн өдрийн 11.35 цагт Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан гарын үсэг зурж, тамга даран батламжилсан байна. Харин 1992 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн эхийг нотлож, төрийн сүлд, далбааны эхийг залах ёслол Ардын Их Хурлын танхимд болжээ. Ардчилсан Үндсэн хуулийн эх дээр “Үндсэн хуулийн уг эх энэ болой. БНМАУ-ын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат. 1992 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр” хэмээн дурайлган бичсэн нь энэ өдрийн ёслолын оргил байв.
Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасангийн хэлсэн үг одоо ч жинтэй, үнэ цэнтэй хэвээр. Тэрбээр, “Монгол орны түүхэн хөгжлийн нэн эгзэгтэй энэ зурвас мөчид та бид буурал түүхийн гэрч, ардчилал, шинэчлэл, уламжлалыг хослон, эх орныхоо ашиг тус, сайн сайхны цаашдын баталгаа болох итгэл өвөрлөн Үндсэн хуулиа туурвиж баталлаа. Эцэг, өвгөдийн уужуу тайван сэтгэл, ухаалаг тэвчээр, амьдралын их туршлага, та биднийг нэгэн үзүүрт зорилгод нэгтгэж байсны ач буянаар биеийн алжаал, оюуны ядралыг умартан байж их үйлсийг бүтээлээ. Энэ баярт мөчийг та бид зүрх, сэтгэлдээ хадгалж, хойч үе маань түүх болгон дурсах болно. Үүний учир бид Үндсэн хуулиа орон даяар олноо зарлан тунхаглаж байна. Та бид оносон аваас үр ач нар маань баярлан талархаж, алдсан аваас залруулах эрх тэдэнд маань үлдэх билээ. Одоо гагцхүү туурвиж бүтээсэн Үндсэн хуулиа дээдлэж, хэрэгжүүлэхэд хүчин зүтгэх л үлдлээ” хэмээн хэлсэн юм.
Шинэчлэл, өөрчлөлт, нийгмийн шилжилтийн тунхаг бичиг
Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12.00 цаг буюу арвандолдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдсөн билээ. Ардчилсан Үндсэн хуулийн түүх ийн эхэлсэн юм. Энэ түүх гурван арваныг эвхэж, эдүгээ дөрөв дэх арваныхаа босгыг алхаж байна. Хагас жарны хугацаанд Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа мөрдөж байна гэсэн үг. Ардчилсан Үндсэн хуулиа баталсан 31 жилийн өмнөх түүхэн өдөр, түүхэн агшны тухай эхэнд дурдсан тул тэрхүү цаг, мөчийг хүртэл ямар замнал, хүндрэл, бэрхшээл, шалгуур, сорилтыг туулсан тухай цухас өгүүлсүү. Үүний тулд эхлээд өмнөх гурван удаагийн Үндсэн хуулийг дурдах ёстой. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг батлахаас өмнө Монгол Улс түүхэндээ гурван ч Үндсэн хууль баталж, мөрдөж ирсэн юм. 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан нь Ази тивд анх Үндсэн хуультай орон болжээ. Үүний дараа 1940, 1960 онуудад мөн Үндсэн хуулиа шинэчилжээ. Эдгээр гурван Үндсэн хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталсан, социалист чиг баримжаатай, тэр үзэл баримтлалын дагуу боловсруулагдаж, батлагдаж, мөрдөгдөж байв.
Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхарга, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль болж чадсан юм. Өөрөөр хэлбэл 1992 оны Үндсэн хууль Монгол Улсыг хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд шилжин орох хууль, эрх зүйн үндсийг баттай тавьж өгсөн. Нийгэм, улс төр, эдийн засгийн цоо шинэ орчинг бүрдүүлж, төлөвшүүлсэн. Тиймээс Монгол оронд ардчилсан хувьсгал 1990 онд ялсан хэдий ч 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаар ардчилал жинхэнэ утгаараа үндэс сууриа тавьсан билээ. Шинэчлэл, өөрчлөлт, шилжилтийн тунхаг бичиг ч гэж болно.
Ардчилсан Үндсэн хуулийг батлахын өмнө Монгол Улс улс төрийн олон намын төлөөлөлтэй анхны ардчилсан чөлөөт сонгуулийг зохион байгуулсан юм. Уг сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн ардчилсан, шинэ Үндсэн хуулийг нийт 75 хоног хэлэлцэж баталсан билээ. Шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монгол Улсын 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Ирүүлсэн бүх саналын 44.3 хувийг төсөлд тусгасан байна. Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн байдаг. Үндсэн хуулийн эдгээр заалтын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг амилуулан иж бүрэн хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны УИХ хүлээсэн юм. Тус парламентын бүрэн эрхийн хугацаанд 400-гаад хууль баталсан байдаг. Тэдгээр хууль дотор өмнө хэрэглэж байсан хуулиа шинэчлэн, нэмэлт, өөрчлөлт оруулсан нь ч бий. Цоо шинээр үүсэж буй харилцааг зохицуулах шаардлагын дагуу анхдагч хуулиуд шинээр боловсруулан батлуулсан нь ч бий.
Шинэ Үндсэн хуульд Монгол Улсын Их Хурал, төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн институц, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шүүх эрх мэдлийн байгууллагуудын сонгох, томилох үндэслэл журам, бүрэн эрх, чиг үүрэг, харилцааны зарчим, зохион байгуулалтын үндсийг төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэн хуваарилах, харилцан хяналт тавих зарчмын үндсэн дээр хуульчлан тогтоосон. Төрийн тогтолцооны буюу Монгол Улсын Их Хурлын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай, Монгол Улсын Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Яам, агентлагийн эрх зүйн байдлын тухай болон эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, төр, иргэн-иргэний нийгмийн харилцааны суурь зарчмууд хуульчлагдаж, хүний эрх, эрх чөлөөний эрх зүйн баталгаа бүрдэв. Ингэснээр Монгол Улсад төрийн эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн бие даасан салаа мөчирт хуваарилагдан, үйл ажиллагаа нь төлөвшин хөгжсөөр 30 жилийг ардаа орхижээ.
Монголын ард түмний оюуны бүтээл
Үндсэн хууль бол Монголын ард түмний оюуны хамтын бүтээл гэж үздэг. Энэхүү бүтээлийг туурвин дүүргэж, тунхаглан зарласан нь Монгол оронд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хүмүүнлэг, иргэний нийгэм бүрэн утгаараа төлөвшин тогтнох үндэс суурь бүрэлдсэн хэрэг байв. Энэ үйл хэргийг ганцхан өдөр гүйцэлдүүлээгүй. Дээр өгүүлснээр Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд 70 гаруй хоног хуралдан, ард түмнийхээ санал бодлыг тусган байж баталсан. Үндсэн хуулийн эхийг зохиох, боловсруулан найруулах ажил бол түүнээс ч өмнө эхэлсэн түүхтэй. Тодруулбал, 1980-аад оны дундуур нэрт хуульч Б.Чимид тухайн үеийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Ц.Сарантуяа, Д.Солонго зэрэг өөрийн шавь, залуу хуульч, судлаачдаар Үндсэн хуулийн судалгааны ажил хийлгэж эхэлжээ. Дэлхийн улс орнууд капиталист, социалист хоёр системд хуваагдсан үед Үндсэн хуулийн судалгаа хийнэ гэдэг шинэлэг бас адармаатай байв. Социалист орнуудын Үндсэн хуулиуд, хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиуд гээд том эмхэтгэл ботиуд орос хэл дээр гарсан байсан нь тэдний судалгааны эх сурвалж болж байжээ. Энэхүү судалгааны ажилд хожмоо УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан, хуульч С.Төмөр мөн оролцож, санаа оноогоо хэлж, зөвлөгөө өгдөг байжээ. Б.Чимид багшийн удирдан хийлгэсэн энэ судалгааны ажил хожил шинэ ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын үндэс суурь болсон байна. 1990 он гарсны дараа Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдахад нарийвчилсан, дэлгэрэнгүй судалгаанууд хангалттай хийгдчихсэн байжээ. Тухайн үед шинэ ардчилсан Үндсэн хуулийн төсөл боловсруулахаар болж салбар салбарын эрдэмтэн судлаачид, төлөөлөл оролцсон, өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ. Ажлын хэсгийнхэн хүн төрөлхтний хамгийн анхны хэвлэмэл Үндсэн хууль гэгддэг 1787 оны АНУ-ын Үндсэн хуулиас эхлээд 200-гаад орны Үндсэн хуулийг судалжээ. Үндсэн хуулийн төсөл боловсруулахаас гадна боловсруулсан төсөл дээр хэлэлцүүлэг зохион байгуулж, эцсийн хэлэлцүүлэгт орохын өмнө 10-аад дэд хэсгийг байгуулсан аж. Энэ дэд ажлын хэсгийн эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг нэгбүрчлэн уншиж, судалж, Үндсэн хуульд оруулах боломжтой эсэхээр нь ялгаж, төрөлжүүлэх зэргээр уйгагүй, нягт ажилласан гэдэг. Монгол Улс тухайн үед 1.2 сая сонгуулийн насны иргэдтэй байсан ббөгөөд тэдний 75 орчим хувь нь буюу давхардсан тоогоор 900-гаад мянган хүн Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед шууд оролцсон байдаг. Тийм учраас Үндсэн хуулийг Монголын ард түмний оюуны хамтын бүтээл гэж хэлэхээс өөр аргагүй.