HPV вирусийн халдварын талаар мэдээлэл хомс байгаагаас шалтгаалан охид бүсгүйчүүдийн дунд гадна бэлэг эрхтний урагцаг, умайн хүзүүний халдварын эмгэг элбэг тохиолдож байна. Тиймээс охид бүсгүйчүүддээ мэдээлэл өгөх зорилгоор АСЭ эмнэлгийн эмэгтэйчүүдийн шээс задгайрал, эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх, гоо заслын эмч, АУ-ны Докторант Э.Сугармаатай ярилцлаа.
HPV-Human Papiloma Virus буюу Хүний хөхөнцөр вирус нь 2000 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 100 гаруй хэв шинж нь бүртгэгдсэн байна. Үүнээс 14 төрөл нь хавдрын шалтгаан болж байна.
–HPV вирус нь ямар хавдар үүсгэдэг вэ?
HPV вирусийн халдвар авсан тохиолдолд умайн хүзүүний хавдар, ам залгиур, улаан хоолойн хавдар түгээмэл тохиолддог. Мөн үтрээ, гадна бэлэг эрхтэн, шулуун гэдэс, түрүү булчирхайн хавдар үүсгэдэг байна. Эмэгтэйчүүдэд HPV-16, 18, 31, 33, 39, 45, 50, 51, 52, 56 гэх мэт хэв шинжүүд нь умайн хүзүүний хавдар үүсгэх эрсдэл өндөр байдаг. Харин HPV-6, 11, 26, 42, 44, 54 гэх шинжүүд нь хавдар үүсгэх эрсдэл хамгийн бага боловч гадна бэлэг эрхтний үү, урагцаг үүсгэдэг байна
-HPV вирусийг хэрхэн оношлох вэ?
Эмэгтэйчүүдийн үтрээний үзлэгээр толь тавин умайн хүзүүнд үзлэг хийх шаардлагатай ба HPV вирусийг илрүүлэх шинжилгээг мазокын шинжилгээ авдагтай адилхан авдаг ба огт өвдөхгүй. Шинжилгээгээр хавдар үүсгэх эрсдэлт бүлгийг илрүүлэх нь маш чухал.
-Халдвар авсан тохиолдолд бүрэн эдгэрдэг үү?
Эмчилгээний үр дүнд вирус идэвхгүй болно. Хавдар үүсгэх эрсдэл өндөртэй бүлэг оношлогдсон тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ хийж тогтмол хяналтад байснаар хавдраас сэргийлэх боломжтой. Энэ вирус байгаа гэдэг нь шууд хавдар үүсгэнэ гэсэн үг биш, тухайн хүний дархлаанаас маш их шалтгаална. Огт эмчлээгүй бөгөөд идэвхтэй үтрээний үрэвсэлтэй байгаа эмэгтэйчүүдэд 5-20 жилийн дараа хавдар үүсгэх эрсдэл 70 хувьтай байна
-HPV вирус нь бэлгийн замаар дамждаг уу? Тийм бол бэлгийн хамтрагч хамт эмчилгээ хийлгэх ёстой юу?
Тийм. Мэдээж энэ эмчилгээг бэлгийн хамтрагчтай хамт хийвэл үр дүн сайтай байдаг. Гэхдээ дээр хэлсэнчлэн хүн бүрийн дархлаанаас шалтгаалаад хоруу чанар нь өөр өөр байна. Эмэгтэйчүүдийн үрэвсэл ихтэй үед үтрээний дархлаа сул байна гэсэн үг, энэ үед вирус мөн адил идэвхжилтэй байх тул хамтрагчтай хамт эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Урьдчилан сэргийлэх арга байгаа болов уу?
Дэлхийн зарим оронд HPV вакцин хийдэг. Манай улсад одоогоор энэ вакцин нь хийгдэхгүй байна. Гэвч тогтмол буюу 6 сардаа эсвэл жилдээ 1 удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж хяналтад байснаар HPV вирус үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна. Хэрэв байнгын бэлгийн хамтрагчгүй бол бэлгийн харилцааны үед байнга бэлгэвч хэрэглэх, аман болон аналаар бэлгийн харилцаанд орохгүй байхыг зөвлөж байна. Мөн биеийн жин их байх, тамхи татах нь энэ эрсдэлийг ихээр нэмэгдүүлдэг.