Ингэж бичихээр гайхах хүн гарч мэднэ. Монгол Улс авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлдэг байсан гэдэг логик шууд гарч ирж байгаа учраас тэр. Байсан ч гэж дээ, одоо ч байгаа. Эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай гэх мэт хуулиудад ийм боломжууд нээлттэй, түүгээр нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд чихцэлдэн зүтгэж байгаа. Торгууль төлөх төдийгөөр асар өндөр мөнгөн дүнтай авлигийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлдэг, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дор нуугдан хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж ялаас мултардаг явдал газар авсан. Мөнгө угаах санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ авлигын гэмт хэрэгт ногдуулах ялыг чангал гэдэг зөвлөмж гаргасан ч манай эрх баригчид харин эсрэгээр нь авлигачдад ногдуулах ялыг бууруулсан “стандарт бус” шийдвэрийг гаргасан байдаг. Үүнд ард түмэн бухимдаж буй. Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк, төмөр замын, нүүрсний гээд авлига, албан тушаалын хэргүүд урьд өмнөх жишгээр нийгэмд дуулиан тариад дараа нь усанд хаясан чулуу шиг битгий сураг алдраасай гэдэгт олон нийт хатуу зогсож байгаа.
Тиймээс 10 гаруй хоногийн турш жагсаал, цуглаан зохион байгуулж тэмцэж байна. Засгийн газар жагсагчдын тавьсан бүх шаардлагыг хүлээн авав. Тэдгээрээс хамгийн том шаардлага нь Эрүүгийн хуулийн 22-р зүйл буюу авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах хариуцлагыг чангатгах байв. Засгийн газрын лхагва гаргийн хуралдаанаар Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн бариад байна. Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр хуулийн төслүүдээ танилцуулж хэлсэн үгэндээ “Энэхүү хуулийн төсөлд тусгагдсан өөрчлөлтүүд давс мэт шорвог сонсогдож магадгүй ээ. Гэвч аалз мэт бүрхсэн авлигын торыг бид аргадан учирлаж тасдаж, хариуцлагатай сайн засаглалыг бүрдүүлж чадахгүй” хэмээсэн. Эрх мэдэлтнүүдэд давс мэт шорвог санагдаж магадгүй хуулийн заалтууд юу вэ. Үүнд,
•Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
•Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох,
•Эрүүгийн хуулийн 22-р бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалтыг хүчингүй болгох,
•Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар тусгажээ.
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр ял завшдаг байдлыг Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр үгүй болгоно. Авлигачид гэмт хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж УИХ-ын гишүүн болдог гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаагүй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоож, бүрэн эрх нь дуусгавар болонгуут үргэлжлүүлэн тооцож байх заалт тусжээ. Мөн нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол түүний хамаарал бүхий этгээд нь хамаатай байх магадлалтай гэдэг үндэслэлээр гэмт хэрэг хамтран үйлдэх гэдэг агуулгыг оруулж өгсөн байна. Нийтийн албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн, цалин орлогоос давсан үнэ бүхий машин тэрэг унах гэх мэтийг орлого, татвар, хэрэглээтэй нь холбогдуулан шалгах эрх зүйн өөрчлөлт ч оруулжээ.