Saturday, May 2, 2026

Алтан бөгжтэй прокурор асуудал шийдэж чадахгүй

Date:

Манай улсын эдийн засаг 1992 оноос хойш 17 дахин тэлсэн ч энэ нь иргэдийн амьдралд наалдсангүй. Хошин шогийнхны хэлдгээр ёстой л “Хуваарилалт нь шог” байсан гэсэн үг. Нийгмийн баялаг хэдхэн хүний гарт шударга бусаар төвлөрч, уул уурхайн баялаг иргэдийн амьдралд бодит орлого болж чадсангүй гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их хурлын индэр дээрээс хэллээ. Өөрөөр хэлбэл авлига, хээл хахуулиар тэжээгдсэн далд эдийн засаг данхайтлаа томорчээ. Тиймээс ард түмний ирээдүйг боомилсон авлигын гинжийг таслана гэдгээ Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв.

Авлигын хэргүүд илэрдэг ч шийдэгддэггүй. Шийдэгдсэн ч ёс төдий, хялбаршуулсан журмаар шийдэж “толгойг нь илээд” өнгөрдөг нь тэрбум тэрбумын авлигачдад бараг л шагнал болдог биз. Далд эдийн засгийн сүүдэр хамгийн их туссан салбар бол хууль хяналтын байгууллагууд. Өнчин ишиг хулгайлсан эр хорих ял авч байхад өчнөөн тэрбумын хэрэгтэй цагаан захтнууд эрх чөлөөндөө эрдэн таахалзаж яваа нь ард түмний дургуйцэл, бухимдлыг төрүүлж байгаа юм. Энэ нь хууль, шүүхийн өмнө хүн бүхэн эрх тэгш гэдэг алтан зарчим Монголд аль хэдийнэ алдагдсаных. Хууль сахиулах ёстой хүмүүс нь хуулийнхаа дээр гараад суучихсан. Зарчмаа уландаа гишгэчихсэн. Авлигачдад зөөлөн, ард түмэнд хатуу эрүүгийн хуультай. Тиймээс дуулиант хэргүүд шүүхийн шатанд замхарч, шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргүүд гадны өмгөөллийн компани дээр задарч, тэрбумаар хулгайлсан луйварчид хялбаршуулсан журмаар ял завшиж, гавьяа байгуулсан мэт олон нийтийн сүлжээнд тааваараа тарвалзаж байгаад ард түмэн хилэгнэн уурсаж байна гэж Ерөнхий сайд хэллээ. Бас “Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна” гэв.

Нэг ёсондоо авлигатай хийх тэмцэл хууль хяналтынхантай тэмцэхээс эхэлнэ гэдгийг хэллээ. Үүнтэй бүгд санал нийлнэ. Хууль хяналтын байгууллагууд хэргийг шударгаар шийдэхгүй байна гэдэг авлига цэцэглэх анхдагч хөрс тэнд байна гэсэн үг. Харин одоо энэ хөрсийг ховхолж эхлэх нь гэсэн горьдлого төрж эхлэв. Арван хуруундаа алтан бөгжтэй, хэдэн зуун саяын машин хөлөглөсөн хууль сахиулагчид авлигачдын цайз бэхлэлт болдог цаг ард хоцрох бололтой. Гэхдээ хуулийн шинэчлэлээ зоригтой хийгээд, хууль тогтоогчид нь өөрчлөлтийг өөрөөсөө эхлээд, хуулийг хэрэглэдэг шүүх, прокурор, цагдаагийнхан нь шударга ёсыг дээдлээд эхэлбэл шүү дээ. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудаас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнд уучлал өршөөл үзүүлэх, хялбаршуулан шийдэх бүх зохицуулалтыг авч хаях зохицуулалт бүхий төслийг Засгийн газар өргөн барьчихлаа. Одоо УИХ-ын 76-гийн хүсэл зоригоос бүх юм шалтгаална.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна

2026 оны тавдугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд 13,395,3...

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн оюутны шилдэг бүтээлийн ялагч тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлч болохоор суралцаж буй оюутнуудын дунд...

Эрдэнэтийн овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, “Оюут” ордын нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа

Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн...