Saturday, November 23, 2024

Жоомтой байшингаа нураах уу, засах уу?

Date:

Нурууг нь авсан морь шиг болсон нэг хэлц бий. Жоомоо алах гээд байшингаа шатаав гэж. Хэлэхээс ч аргагүй үг юм. Монголчууд бидний өнөөгийн байгаа царай энэ өгүүлбэрт тэр чигээрээ багтжээ. Бэлэн жишээ нь хаа сайгүй байна. Энэ удаа өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбох гээд үзье. Бидний жишээн дээр нүүрсчдийн, Хөгжлийн банкны гэх мэт улс төр, эдийн засгийн бохир сүлжээ, мафи болсон хууль бус үйлдэл, авлигын гэмт хэргүүд, түүнийг үйлдэгч эрх мэдэлтнүүд, тэдний гар хөлүүд бол жоом нь юм. Харин байшин нь мэдээж төр, засаг, ард түмэн, товчхондоо Монгол Улс гэсэн үг.

Ингээд харах юм бол яг өнөөдөр бид жоомоо алах гэж тэмцэж байна. Жагсаж, цуглаж, шахаж шаардаж байна. Гэхдээ харанхуй бохир орчинд язганалдаж байдаг жоомнууд гэрэл асаангуут зугтаж алга болдог шиг авлигачид, гэмт хэрэгтнүүд аль хэдийнэ нүүрээ нууж, мөрөө баллачихсан. Магадгүй одоо тэд шударга хүний дүр эсгээд УИХ, Засгийн газар огцор, нүүрсчдийг зарла гээд хамгийн чанга хашгираад явж байж магадгүй.

Тэгэхээр шуудхан хэлэхэд бид дан ганц жоомтойгоо ноцолдоод үр дүн гарах уу. Үгүй. Угаасаа л ноцолдсоор ирсэн. Ноцолдож байна л гэж ойлгуулсаар ирсэн гэмээр ч юм уу. Жоомоо устгах нь зөв. Тэгэх ёстой. Үүний төлөө тагнуул, цагдаа, шүүх, прокурор, АТГ гээд хууль хяналтын байгууллагууд ажилладаг. Тэднийг шударга ажиллахыг, сайн ажиллахыг харин бид шахаж шаардах ёстой. Шударга хууль, шүүхтэй улс оронд угаасаа авлига, гэмт хэрэг цэцэглэх хөрс бүрддэггүй. Нийгэм нь тэгж цэвэршиж, тунгалагшдаг.

Тиймээс бид одоо байшингаа засах хэрэгтэй. Гэрээ цэвэрлэх хэрэгтэй. Муу муухай үүрлээд байгаа хуучин муу байшинг нурааж ч болно. Эсвэл сэлбэн засах ч боломжтой. Үүнийг албан ёсны хэллэгээр “тогтолцоогоо өөрчлөх” гэж томъёолоод байгаа юм. Манай өнөөдрийн тогтолцоо нэг л болохгүй байгаа учраас авлига, хээл хахууль газар авч, нийгмийн баялгийн хуваарилалт шударга бус болж, хүн бүхэн хуулийн өмнө эрх тэгш байх зарчим алдарч, хөл толгой нь холилдож, эмх замбараагаа алдаад байна. Тиймээс тогтолцоогоо өөрчлөхөөс өөр сонголт үлдсэнгүй.

Тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ гэвэл хуулиар л өөрчилнө. Хамгийн оновчтой сонголт бол Үндсэн хуулиар өөрчилнө. Үндсэн хуулиас дутахгүй ач  холбогдолтой хуулиуд ч бас бий. Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай гээд. Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Хуулийн эх нь, өөрөөр хэлбэл  Үндсэн хууль л учир дутагдалтай бол түүнээс салбарлаж гарах органик хуулиуд дагаад дутуу дулимаг болдог гэдгийг бид бүгдээрээ өнгөрсөн 30 жилд арьс, махаараа амсаж мэдэрлээ. Тиймээс Үндсэн хуульдаа дахиад нэг дорвитойхон шиг гар хүрээд, энэ нийгмийг бүхэлд нь зөв, сайн голдирол, чиглэлд оруулах гол оньс, иш, углуургыг хийчихвэл болоод явчихна. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа бол хоёр асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт, Үндсэн хуульд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулах боломж байгаа юу. Хоёрдугаарт, Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах вэ.  

Үндсэн хуульд дахиад гар хүрэх боломж нээлттэй гэдгийг хуульчид хэлж байгаа. Энгийн логикоор ч бодсон УИХ-ын гишүүд өөрсдийнхөө эрх ямбыг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл “давхар дээл” өмсөх боломжоо нээх болохоороо ганцхан өдрийн дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихаж байгаа юм чинь энэ парламент хүсвэл эцэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэсэн үг.

Тэгвэл ямар өөрчлөлт оруулах вэ гэвэл товчхондоо сонгуулиа зөв, шударга явуулдаг болох, сонгуулийн үр дүнд байгуулагдах парламент, Засгийн газар нь эрх мэдэл, засаглалын хувьд оновчтой бөгөөд чадварлаг байх. Парламентын засаглалыг хэрэгжүүлдэг институц болох улс төрийн намууд эрүүл, зөв, шударга өрсөлддөг, үйл ажиллагаа нь нээлттэй, цэвэр, тунгалаг байх. Ердөө л энэ юм. Энэ зарчмуудыг хуулийн томъёололд оруулаад, жишээ нь УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэдгийг Үндсэн хуульд суулгах ёстой. Сонгуульд  нэр дэвшигчдийн 40-50 хувь нь эмэгтэйчүүд байна гэх мэтээр жендерийн асуудлыг мөн тусгаж өгөх юм бол бүр сайн.  

Нам гэхээр залуучууд эвэртэй туулай үзсэн юм шиг зугтаж, цэрвэх болсон. Муу нэртэй, луу данстай намуудын энэ уналт, доройтол, ялзралыг зогсоож, зөв замд нь оруулах боломж мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нээгдэнэ. Улс төрийн намуудын санхүүжилт бохир, эх үүсвэр нь тодорхойгүй байгаагаас ашиг сонирхлын бүлгийн эсвэл мөнгөтэй хувь хүн, компанийн халаасанд ордог сөрөг талтай. Үүнтэй манай улс төрийн намууд бүгд нүүр тулж, сээр холбогдоод байгаа нь үнэн. Төрийн өндөр түвшний авлигын хэргүүдийн үзүүр сэжүүр эндээс цухуйдаг. Сонгуульд нэр дэвших гэж намдаа их хэмжээний мөнгө хандивлана. Сонгогдохын тулд мөнгөөр бороо оруулна. Сонгогдсон хойноо шархаа нөхөхийн тулд төрийн мөнгийг халаасална. Ийм чөтгөрийн тойрогтой. Тиймээс улс төрийн намуудын санхүүжилтыг илүү нээлттэй, шударга, оновчтой болгох ёстой. Сонгуулийг мөн зөв, шударга явуулах “тоглоомын дүрэм”-ийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Ийм суурь зарчмуудыг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр суулгаж өгөөд, түүнд нийцүүлээд сонгуулийн тухай, улс төрийн намын тухай зэрэг органик хуулиудаар процедурын шинжтэй зохицуулалтуудыг хийх цаг нэгэнт болжээ.

Сонгууль бүрийн дараа санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж эсэргүүцлийн жагсаал цуглаан болдог, улс төрийн намууд нь мөнгөөр бүхнийг шийддэг, төрийн албыг хэт улстөржүүлдэг, эрх ашгийн зөрчлөөсөө болж хуваагдан талцаж, тэр хэрээрээ нийгмээ хагалан бутаргадаг гээд өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудлууд бол хүнээс бус тогтолцооноос шалтгаалсан “эмгэг” юм. Ёстой бурхан Будда байлаа ч Монголд ирээд улстөрч болох юм бол удахгүй авлигач, хулгайчаараа л дуудуулна. Бохир саванд рашаан хийгээд нэмэргүй гэдэг үг ч бий. Тиймээс одоо хэдүүлээ жоомоо ч устгая, байшингаа ч засъя. Байшин засахад инженерийн нарийн ухаан хэрэгтэй. Тогтолцоог засаж өөрчлөхийн тулд шударга, мэдлэг, туршлагатай хуульчид, эдийн засагчид нь оройлон манлайлж, олон нийтийн санал бодол, хүсэл эрмэлзлийг сонсож, нээлттэй, шударга ажиллахад л болоод явчихна.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...