Monday, November 25, 2024

Б.Нагнайдорж: “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд хоёр Чингис бий

Date:

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Бадамцэрэнгийн Нагнайдоржтой ярилцлаа. Тэрбээр “Солонгын таван өнгө”, “Хүний сайхан сэтгэл”, “Байлдааны даалгавар”, “Хачин хүн”, “Нүцгэн уулын бэлд”, “Өв”, “Шувуухай” зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран сайхны кинонуудыг найруулжээ. Мөн “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хоёрдугаар найруулагчаар ажилласан юм. Энэ хоёр түүхэн кино бол монголчуудын үндэсний үзэл сэргэж эхэлсэн цаг үед гарснаараа онцлог. 1945 онд бүтээсэн “Цогт тайж” киноноос хойш 40 гаруй жилийн дараа монголчууд өөрсдөө бие даан ийм том хэмжээний түүхэн кинонууд хийсэн нь монгол киноны алтан санд хүндтэй байр эзлэх болсон билээ. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс Б.Нагнайдорж найруулагчтай уг киноны тухай хөөрөлдлөө.

Гадаадынхнаас түрүүлж их хааныхаа  тухай кино хийх нь чухал байсан

-“Мандухай цэцэн хатан” киног бүтээхэд улсаас ихээхэн хөрөнгө, хүч гаргаж, анхаарал тавьж байсан юм билээ. Харин “Мөнх тэнгэрийн хүчин дор” киног бүтээхэд нийгмийн шилжилтийн ороо бусгаа үе таарсан. Хөрөнгө санхүүгээс эхлээд бэрхшээл их байсан гэдэг юм билээ?

-Маш хүнд үед хийсэн шүү. Хийхгүй бол болохгүй. Нэгэнт эхэлчихсэн байдаг. Хийнэ ээ гэхээр хариуцах хүн байдаггүй. “Мандухай цэцэн хатан” киног хийхэд намын Төв хороо хүртэл хөдөлж байсан. Гэтэл “Мөнх тэнгэрийн хүчин дор” киног хийх үед нийгэм өөрчлөгдчихсөн. Цаг өөр болсон байсан. Кинонд оруулах адуу мал олно гэхэд л хэцүү байлаа шүү дээ. Зурганд орох 3000 адууг бүрдүүлэх гэж бид урд хилээр ачигдах гэж байгаа адуунаас хүртэл авч байсан. Тиймээс кинон дээр зарим морьдыг нь сайн ажиглах юм бол зүүдийсэн зүүдийсэн даага шиг юмнууд байгаа. Хүмүүсийн аж амьдрал ч тэр үед хэцүү байсан. Царай нь гундангуй, хоол унд муутай, хүнсний талонтой байлаа шүү дээ. Юун кинотой манатай. Гэхдээ бид киногоо хийсэн. Энэ бол олны л хүч юм даа. 30 жилийн дараа бодоод байхад энэ киног тухайн үед хийснээрээ монголчууд бахархах ёстой юм аа. Яагаад гэвэл хамгийн түрүүнд монголчууд өөрсдөө их хааныхаа тухай киног хийсэн юм шүү дээ. Өнөөдөр “Чингис хаан” музей байгуулагдлаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хааны эш хөргийг айл өрх, албан байгууллага бүр залж байна. “Эзэн сангаа” уншиж эхэлж байна. Энэ бүхний эхлэл “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино байсан. Тэгж монголчуудыг сэрээсэн.

-Тэр үед гадаадынхан Чингис хааны тухай кино хийх гээд судалгаа хийж байсан гэдэг. Та нарт тэр нь мэдэгдэж байсан уу?

-Тийм. Мэдэгдэж байсан. Ерөөсөө л ойлгомжтой байсан. Хятадууд, оросууд аль аль нь Чингис хааны тухай кино хийх гээд байсан. Өмнө нь “Мандухай цэцэн хатан”-ыг хийж байхад Киргизийн алдартай найруулагч Тулмаш Акиев Монголд ирж байсан. Тэдэнд бүх юмаа үзүүл гээд бидний уурыг хүргэж байсан. Соёлын яамнаас тийм бичигтэй хүрээд ирсэн. Тэр Тулмаш Акиев гэж том найруулагч л даа. Тэгээд удалгүй Италитай хамтарч Чингис хааны тухай кино хийнэ гээд яриад эхэлсэн. Сүүлдээ хоорондоо тохироогүй гэж дуулдсан.

“Мөнх тэнгэрийн хүчин дор” киног хийж байна гэсэн чинь гадаадаас их олон улс ирж үзэж, сонирхож байсан шүү. Өвөрмонголоос хүмүүс ирж үзэж байсан. Ухаандаа тэд монголчууд их хааныхаа тухай киног яаж хийж байгааг харж байхгүй юу. Ямар юмаар хийж байна, яаж хийж байна вэ гэж харж байгаа юм. Сүүлийн үеийн гадаад кинонуудыг харахад монгол угсаатны эд өлгийн зүйл их гарч байгаа. Манай Б.Пүрэвсүхийн зурсан юмнуудаас байж л байна лээ. Тэгэхээр бидний кино мундаг үлгэр жишээ болж байгаа гэсэн үг. Зураг нь ч гэсэн, хувцас нь ч гэсэн үүдэл санаа болсон. Чингисийн үеийн хувцас хэрэглэл, эд юмсыг тэд манай киноноос, монголчуудаас л харсан байна шүү дээ. Өвөрмонголын “Чингис хаан” кино энэ тэрд тийм юм ажиглагдаж байна лээ. Манайхыг яг хуулаад тавих нь юу юм, гэхдээ санаа авсан юм их байна. Жишээ нь гэр доторх их олон том дэнгүүд бол яг л манай кинонд хийж байсан эд. Манай Б.Пүрэвсүх сайн зурсан л даа.

Энэ мэтээс болоод бид тэднээс түрүүлэх л гэж яарсан. Магтуулдаг ч бай, муулуулдаг ч бай хамаагүй, хийе  л гээд дайрсан. Чингис хааны тухай киног бушуухан хийгээд гаргачихъя гэж л зорьсон. Яг тэр цаг үе нь 1990-ээд онтой давхацсан. Киногоо хийж дуусаад дэлгэцэнд гаргах болсон чинь их сонин. Үздэг шалгадаг хүн байтугай газар нь ч байхгүй. Хуучин бол намын Төв хороо үзнэ шүү дээ. “Мандухай цэцэн хатан”-ыг хийхэд өчнөөн олон шат дамжлагаар хүлээж аваад үзэж харсан. Гэтэл “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино гарсан 1992 онд тийм юм байгаагүй.

-Шинэ киногоо ямар нэг хяналт, шалгалтгүйгээр гаргах нь та нарт амар байсан юм биш үү?

-Их сайхан байсан. Дураараа, шууд л гаргасан. Соёлын яам татан буугдаагүй байсан л даа. Гэхдээ яаманд тэгж шинэ киног үзэж, хүлээж авах санкц байгаагүй. Б.Балжинням өөрөө Соёлын сайд байсан юм чинь юугаа ч үзэх билээ дээ. Дараа нь Н.Энхбаяр, Б.Бадрууган эд нар сайд боллуу яалаа. Тэд чинь Б.Балжиннямын дэргэд жоохон юм чинь. Мань хүнтэй ярьж чадахгүй шүү дээ. Манай хүн чинь алаад хаячихна шүү дээ. Тэгээд л бид киногоо шууд гаргасан. Хасаж танасан юм байхгүй.

Чилүгэн бол Чингис хаан

-Үзэгчид одоо ч гэсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” киног “Мандухай цэцэн хатан”-тай харьцуулж ярьдаг. Кино анх дэлгэцнээ гарахад тийм хандлага хэр байсан бэ? 

-“Мандухай цэцэн хатан”-тай их харьцуулж байсан. Хүмүүс одоо ч ярьж л байдаг. Тэр нь тийм, энэ нь ийм гээд. Уг нь харьцуулж болохгүй юм байгаа юм. Хоёр өөр цаг үе, хоёр өөр хүн шүү дээ. Чингис хаан бол дэлхий дахины их хаан. XIII зуунд амьдарч байсан. Мандухай бол түүнээс 200 жилийн дараа XV зуунд бага хаадын үед гарч ирсэн. Зохиолыг нь уншиж байж ярихгүй бол амны бангаар ярьдаг ч бүтээл ч биш. Зохиолын хувьд “Монголын нууц товчоо”-г анхнаасаа барьсан юм билээ.

-Киноны зохиолчид нь мундаг хүмүүс байсан даа. С.Эрдэнэ гуай, Д.Маам гуай, Д.Батбаяр гуай гээд…?

-Тийм. Мундаг гурван хүн бичсэн. Тэд зохиолыг яаж бичсэнийг би мэдэхгүй. Миний мэдлэг хүрэх ч үгүй юм билээ. Б.Балжинням ерөнхий найруулагч мэдээж тэдэнтэй зохиол дээр нь ажилласан байх. Ямар ч байсан зохиол нь гараад ирсэн. Би хоёрдугаар найруулагчаар ажилласан. Хийх ёстой юмаа л хийсэн. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зохиол нь хоёр зузаан дэвтэр байгаа. Би түүнийг архивт өгсөн. Түүнийг уншихад нэлээд төвөгтэй. Бид түүхэн кино гэхээр тухайн хүнийг төрөхөөс нь аваад л нас бартал нь харуулдаг. Хэн хэнтэй хаагуур дайтаж байсан гэдэг ч юм уу. Гэтэл энэ  кинонд өөр. Үе үе их хааны бодлоор, дурсамжаар өгүүлэмж нь гарч ирдэг. Жишээ нь, Тэмүжиний бага нас тэгж гарч ирдэг. Нэг үгээр хэлэхэд энэ кино нэлээд гүн ухааны зохиолтой. Одоо уншиж байхад л тэгж мэдрэгдэж байгаа. Ганцхан жишээ хэлье. Тэмүжин татаарын хүнтэй тааралдаад, тэр нь эцгийг нь хороосон хүн болж таараад, үнэнээ хэлдэг. Тэгээд хэлийг нь огтолчихож байгаа юм. Үүнээс болоод бөөн хэл ам дэгдсэн. Яасан харгис юм гэж. Дөнгөж гарч ирээд хүний хэлийг огтлоод, цус нөжтэй нь хутгаж байдаг чинь юу вэ гээд л. Яг л тэгж гарч байгаа юм чинь. Гэтэл сүүлд бодоод байхад эцгийгээ алдсан, Монголыг бусниулсан, монгол туургатан руу халдсан тийм хүнийг зүгээр өнгөрүүлж болох уу. Тэгээд 800 жилийн өмнөх хүний сэтгэхүй их өөр байсан байх. Тийм л байх ёстой гэж бодож байгаа юм. Тэгээд Чилүгэн гээд нэг тийм дүр гаргаад ирсэн. Энэ чинь хэн юм бэ гэдэг асуулт их гардаг. Нэг бодоход үлгэр домгийн хүн ч юм шиг, нэг бодоход баатар ч юм шиг. Нэг бодоход хань, нөхөр ч юм шиг. Зохиолчид хэлэх гэсэн санаагаа, Чингис хааны санааг тэр хүнээр дамжуулж хэлж байгаа юм гэж би боддог. Чингисийн хэлээгүйг хэлүүлсэн. Хөгжим нь хүртэл тийм. Чилүгэн Аргасун хуурч шиг хуур татаад байгаа. Тэр аяыг Н.Жанцанноров л тэгж бичиж чадна. Өөр хүн бичихэд хэцүү.

-Чилүгэний дүр кино зохиолд эхнээсээ байсан уу. Сүүлд найруулагч оруулж ирсэн юм уу?

-Анхнаасаа байсан. Зохиолчид маань их ярилцсан юм шиг байгаа юм. Нэг ийм дүр байлгая, ийм дүр хажууд нь гаргаж ирье гэж. Чингис хааныг бүх юманд оролцуулаад байх хэцүү байсан байх л даа. Том хаан, тийм том хувь хүнийг хамаагүй юм юм руу оруулаад байхаас илүүтэй Чилүгэнийг оруулчихаар болчихож байгаа юм. Киноны төгсгөлд олон түмэн адуу давхиад, гэр тэрэг яваад, олон морьтны тоос манараад л, тэр дотроос Чилүгэн босоод ирж байгаа юм. Тэгэхээр энэ чинь Чингисийн үргэлжлэл юм байна. Чингис бол ялагдашгүй юм байна. “Даравч далдайна, булавч бултайна” гэдэг шиг тийм л хүн юм гэдгийг үзүүлсэн юм шиг байгаа юм. Энэ бол зохиолын гол санаа гэж боддог. Чингис хэзээ ч мартагдахгүй. Үнэн  л байгаа биз дээ. Өнөөдөр Чингис хааныг хүн бүхэн тахиж шүтэж байна. 800 жилийн дараа ч монгол хүний сэтгэл дотор Чингис гэсэн дүр байгаад байна аа даа.

-“Мөнх тэнгэрийн хүчин дор” киног нээхэд П.Очирбат Ерөнхийлөгч Б.Балжинням найруулагчтай цуг сууж үзэж байгаад “Энэ Чилүгэн гэж жинхэнэ байсан дүр үү?” гэсэн чинь “Энэ уран сайхны дүр ээ. Бид өөрсдөө зохиож гаргаж ирсэн юм. Гэхдээ энэ бол өнөөдөр таны авч явж байгаа Монгол шүү” гэсэн гэдэг. Тэр үнэн үү?

-Тийм яриа байдаг. Магадгүй тийм байж ч мэднэ. Хүн бүхэн дотроо нэг нэг юм бодож байгаа учраас киног нэг раманд оруулж болохгүй. Ер нь бол Чингис хаан мөнх юм аа гэдгийг л хэлээд байгаа. Хөгжим нь ч тийм. Хэрвээ зохиолчид нь байсан бол одоо тэднээс их юм асуух байж. Саяхан Дарамын Батбаяр маань бурхан болчихлоо. С.Эрдэнэ гуай, Д.Маам гуайг сэрүүн тунгалаг байхад нь яриулаад авчихсан бол их зүйл хэлэх байсан. Бид хоцроод байгаа юм. Тэд жинхэнэ өөрсдийнхөө санааг гаргаж ирсэн улс. Түүнээс хойш Чингис хааны тухай зөндөө олон кино гарлаа. Өвөрмонголд кино хийлээ. С.Бодровын кино гарлаа. Якутад И.Нямгаваа очоод нэг кино хийсэн. Японд Чингис хааны тухай кино хийлээ. Дахиад манайд УГЗ Л.Эрдэнэбулган “Үхэж үл болно Чингис хаан” гэж кино хийсэн. Өөр өөр Чингис гараад л байгаа. Чингисийг яаж харж байна вэ, түүгээрээ л хийх нь байна шүү дээ. Дахиад хийх байх л даа. Хийнэ л дээ. Орчин үеийн залуус гарч ирээд нэг кино хийх л байх. Үеийн үед тэгж санагдаж байна л гэсэн үг. Ийм агуу хүний тухай анхны киног хийсэн. Би кинондоо сэтгэл дүүрэн байдаг.

-Киноны зургийг хаана хаана авсан юм бэ?

-Киноны зургийг хоёр л газар авсан. Нэг нь Хэнтийн Дэлгэрхаан сумын нутаг Аварга Тосонд авсан. Нөгөө нь Төв аймгийн Өндөрширээтэд Туулын хар шугуйг санагдуулахаад газар Туул голын эрэгт зураг авсан. Дайны зургийг бас тэнд авсан. Бид бас бэлтгэлгүй, барьц алдаж л байсан. “Монголын нууц товчоо”-нд бол газар усны нэрийг их тодорхой бичсэн байдаг. Бид бэлтгэл ажлыг их сонин эхэлсэн. “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан 80 гаруй тодорхой газар байгаа юм. Хар зүрхний Хөх нуур, Туулын хар шугуй, Бурхан Халдун гэх мэт. Тэр бүгдээр нь явж, яг ямар газар байсан юм гэдгийг үзсэн. Хар зүрхний Хөх нуурт бид нэг удаа л очиж зураг авчихаад буцаж байснаас биш сайн мэдэхгүй байсан. Яг тэнд Тэмүжиний бага нас өнгөрсөн, загас жараахай гөхийдөн барьж байсан гээд л “Монголын нууц  товчоо”-нд байж байгаа. Очиход үнэхээр өөр байсан. Тэр нь зураач, оператор хоёрт их хэрэгтэй байсан. Тэр бүх газарт очиж зураг авч чадахгүй. Кино баг тэгж нүүнэ гэж байдаггүй. Тиймээс уг газрыг санагдуулах, төстэй газрыг хайгаад байгаа хэрэг. Бэгтэрийг харвадаг газар гэхэд лав гол ус байх юм байна гэдэг ч юм уу. Тэр газруудаар явж, харж үзсэн учир зураг авалт тун гайгүй болсон.

Тэр үеийн монголчуудын  хэрэглэж байсан эд зүйлийг хийнэ гэдэг бол их зовлонтой. Ер нь монгол хүний хувцас, эдэлж хэрэглэж байсан юмыг харахад бараг л XIII зуунд тийм байсан хэвээрээ юм билээ. Хэлбэр нь өөрчлөгдсөнөөс агуулга нь өөрчлөгдөөгүй. Домбо гэхэд айлын цай хийдэг сав байсан л байна. Сүүлдээ домбо болсон юм уу, данх болсон юм уу, мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан тийм нэг сав байсан учраас түүнийг манай зураач зурсан. Мишигийн Амгалан гуай мөн ч алтан гартай хүн. Их олон жижиг хэрэглэлүүдийг янз янзаар зурсан. Модны үндэс байхад түүгээр янгирын толгойтой юм ч хийж байх шиг. Тэгж байж эд хэрэглэлүүдийг цуглуулсан. Одоо л өнөөдөр “Чингис хаан” музей байгуулагдаж, тэр үеийн эд өлгийн зүйлс цугларч байна шүү дээ. Биднийг кино хийж байхад ийм юм байсангүй. Тэр үед зураач нар Б.Пүрэвсүх, М.Амгалан гуай хоёр судалгаа их мундаг хийсэн. Тийм учраас одоо болтол манай киноны эд хэрэглэл, хувцас сэлт, гэр ахуйн зүйлс дээр юм хэлж чадахгүй байгаа.

Б.БАЛЖИННЯМ МААНЬ ГАЛДАН БОШИГТЫН ТУХАЙ КИНО ХИЙНЭ ГЭДЭГ БАЙСАН

-Жүжигчдээ хэрхэн сонгосон бэ. Жишээ нь Чингис хааны дүрд дуурийн дуучин А.Энхтайваныг сонгосон?

-Нэг том асуудал бол дөнгөж сая “Мандухай цэцэн хатан”-д тоглосон Н.Сувд Өэлүн эхэд тоглох юм уу, энэ болж байна уу, үгүй юү гэж баахан ярьсан. Тэгээд ярьж ярьж Н.Сувд дээр л буусан. Хэчнээн хөгшрүүллээ, хэчнээн залуу болголоо ч Н.Сувд л гарна шүү дээ. Яагаад болохгүй гэж. Үзэгчид Мандухай цэцэн  хатныг санагалзаж  байг л дээ. Дэлхийн кинонууд дээр ч тийм л байдаг. Тэгээд энэнд Б.Балжинням нэлээд зоригтой шийдсэн. Бусад дүрүүд нь бол шинэ хүмүүс. Есүй, Есүгэн эгч, дүү хатдын дүрд нэг хүн тоглосон. Зургийг нь хослол зургийн аргаар аваад л тоглуулж байлаа. Гол дүр А.Энхтайван байна. Дуурийн дуучин шүү дээ. Б.Балжинням найруулагч нүднийх нь харцыг хараад шууд авсан гэдэг. А.Энхтайванд бид турахыг шаардсан. Харахад нэлээд бондгор гүзээтэй байсан. Морин дээр тэр хол явж байсан хүн тийм гэдэстэй байхгүй шүү дээ. Хүн чинь их өөнтөг байдаг юм шүү дээ. Чингис хаан гээд гараад ирэхэд нь гарыг нь харна, нүдийг нь харна, гутлыг нь харна. Дууг нь сонжино.  Чингис хааны төгс дүрийг одоо болтол хараагүй л байна.

С.Бодров Чингис хаанд япон хүн тоглууллаа шүү дээ. Хүн болгон өөрийн Чингис хааныг зураад байгаа хэрэг. Одоо энэ эш хөргийг үнэн л гээд байгаа. Үнэн ч байж магадгүй. Гэтэл их хааны онгоныг нь олоод гаргаад иртэл шал өөр хүн байвал яана аа гэж боддог. Ер нь бол харгис догшин ч Чингис байсан, догшин ч эрин байсан. Намуухан ч байсан,  бас ухаантай ч байсан.

-Та кинондоо Вангин чансаны элчийн дүрийг бүтээсэн байх аа?

-Тэр дүрд уг нь “Гарьд магнай”-н Равсал панзын дүрээр олонд танигдсан жүжигчин Б.Магсаржав тоглох байсан. Түүнд тохируулаад хувцас хэрэглэлийг нь хийчихсэн. Тэгсэн мань хүн тоглож чадахгүй болоод. Кино зураг нарийн төлөвлөгөөтэй, төлөвлөгөөг нь би барина. Төлөвлөсөн зургаа заавал авах ёстой. Тав хоногийн өмнө жүжигчин хариуцсан хүн хэлсэн байх ёстой. Тав хоногийн өмнө тэр хүнд хувцсыг нь өмсгөж үзсэн байх ёстой. Гэтэл жүжигчнээ авах гээд яваад очсон нөгөөх чинь байдаггүй. “УАЗ-469” хоосон буцаад ирлээ, байдаггүй гээд. Одоо яах вэ, жүжигчин олох уу гээд л ярилцлаа. Тэгэхээр нь “Алив аваад ир. Би хувцсыг нь өмсье. Хэдхэн үг хэлэх юм байна, тэр үгнүүдийг би ойлгож байгаа” л гэлээ. Тэр чинь Алтан улсын элч шүү дээ. За, тэгээд зураг аваад эхэллээ. Дажгүй сургууль хийгээд, яг “Мотор” гээд л авлаа. Тэгсэн чинь найруулагч “Стоп” гэхгүй байна. Тэгээд тэр чигт нь үргэлжлүүлсэн. Би нэг их инээчихсэн дүр байгаа. Би уг нь өөрийгөө шоолоод байгаа юм. Ингэж ч тоглох гэж, малгай уначихлаа золиг юм гэж бодохгүй юу. Уг нь эхлээд сургууль хийхэд малгай унаагүй юм. Яг зураг авахад уначихсан. Киноны үйл явдал бол тухайн элч их хааны өмнө жаахан чичирсхийж, сүрдэх ёстой юм л даа. Бид тэгж ярьж байсан. Их хаанд бичиг авчирч байна гэдэг дипломат хүн байх нь шүү дээ. Сүүлд хүмүүс хэлдэг юм. Чи малгайгаа их үнэмшилтэй унагаж гэдэг юм. Би унагана гэж огт бодоогүй. Малгайтайгаа л тонгойх ёстой. Малгай нь надад тааруулаагүй учир багадаад л тэгж унасан юм.

-Б.Балжинням найруулагчтай та хэд хэдэн кинонд хамтарч ажиллажээ. Гар нийлдэг байсан уу?

-Кино үйлдвэрт найруулагчдад өрөө хуваарилахад Б.Балжинням бид хоёр нэг өрөөнд орсон. Тэгээд л ширээний хоёр талд аяга юм хувааж ууж ярина. Таваг хоолоо хувааж идэж байгаад ярина. Мань эр бол яах аргагүй мундаг хүн шүү. Найруулах ур зүйдээ сайн. Манай Б.Балжинням бол мундаг. Сүүлд Галдан бошигтын тухай кино хийе гээд ярьж байсан. Уг нь улс дэмжээд хийлгэчих хэрэгтэй байсан юм. Зохиол нь бэлэн байсан юм шиг байна лээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн зохиол “Хачин хүн” гэж кинонд бид хамтарч ажилласан. Тэр бол Монгол өөрчлөгдөх  тухай, өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзүүлсэн зохиол. Хачин хүн гэдэгт нь нэг тэнэг хүн гардаг. Хүмүүс марш хийгээд урагшаа явж байвал сөрөөд явж байх жишээтэй. “Монголчууд минь сэрээч” гэдэг санааг л гаргасан. Тэр киноны нөлөө “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд ч байдаг. Б.Балжинням бодож хийсэн байх. Чингис хаан заримдаа эв зүйгээ олох гээд байгаа юм шиг, заримдаа дайтах гээд байгаа юм шиг байдаг. Чингис хааны тийм дотоод зөрчил гардаг хэд хэдэн сцени бий.

-“Мандухай цэцэн хатан” кинонд Б.Балжинням найруулагч таныг урьсан уу?

-“Мандухай цэцэн хатан”-ыг Ардын жүжигчин Д.Жигжид гуай анх найруулж байсан. Д.Жигжид гуай бол намайг аравдугаар анги төгссөн жаахан хүүхэд анх Кино үйлдвэрт гэрэлтүүлэгчээр орохоос эхлээд тусалж дэмжиж, нөлөөлж байсан хүн. Тиймээс намайг хоёрдугаар найруулагчаар ажиллаач гэж санал тавьсан. Тэгээд байж байтал найруулагч солигдож Б.Балжинням ирсэн. Д.Жигжид гуайг больсны дараа киноны группийг тэр чигт нь өөрчилсөн. Би ч ээлжийн амралтаа аваад арилж өгсөн. Бас нэг кино хийх гээд бараг эхлэх гэж байсан юм. Тэгсэн чинь Б.Балжинням намайг хоёрдугаар найруулагчаар ирээч гэсэн.

-Таныг “заазуур” найруулагч гэдэг байсан юм билээ?

-“Мандухай цэцэн хатан” киноны зураг авалт дээрээс л гарсан яриа. Заазуурдаж байсан. Тэгэхгүй бол болохгүй. 6000 цэрэг, дээр нь мэргэжлийн 170 гаруй жүжигчин ажиллаж байлаа. Өглөө яг долоон цагт зургийн талбайд гарна. Дөрвөн цагт морио барина. Таван цагт хоолоо идсэн байна. Тэгээд бүгдийг нь бие засуулна. Нэг удаагийн зураг авалтад 6000 хүн бараг зэрэг гарахгүй. Гурав, дөрвөн мянган хүн л нэг удаа гарна. Тэр олон хүнийг цэрэг шиг л командална. “Автобусандаа” гэж команд өгөөд яг долоон цагт хөдөлнө. Хэн хоцрох хамаагүй. Өөрсдөө очиг гээд л яг цагтаа хөдөлдөг байсан. Тэгээд ирэнгүүт эмх цэгцэндээ ороод зургаан цаг өнгөрөхөд л бүх хүн “За нөгөө заазуур чинь гарах нь уу?” гээд хараад хүлээж байдаг болсон. Тэгж хатуу чанд дэг журамтай, нарийн хуваарьтай, төлөвлөгөөтэй ажиллаж байж бид кинонд төсөвлөсөн 13 сая төгрөгөөс дөрвөн саяыг нь хэмнэн буцааж улсад өгч байлаа.

Хоёр том түүхэн кинонд би хоёрдугаар найруулагчийн хувьд сайн, муу хамаг юмтай хутгалдаж байсан. Ерөнхий найруулагч бол тэгж хутгалдахгүй. Тэр нь ч зөв. Ерөнхий найруулагч бол толгойдоо л юмаа бодож байх ёстой. Тэрнээс биш зургийн талбайд ямар машин, хэзээ орж ирэх вэ гэдэг ч юм уу. Тийм зохион байгуулалтын ажлыг би хариуцдаг байлаа. Кино групп дөрвөн талдаа харуултай. Орой үдэш машин хамаагүй орж ирвэл тэр олон хүн архи, дарс уухаас эхлээд бөөн юм болно.  Тиймээс машин байтугай явган, морьтой ямар ч хүн оруулахгүй. Морь гаргахгүй. Нэгдлийн тэр олон агтыг хамаагүй гаргаж болохгүй.

-Унтаж амрах зав чөлөө ер нь бага л байж дээ?

-Би нойргүй болоод долоо хоног Шар хадны сэтгэл мэдрэлийн больницод хэвтэж байсан. Маш их ачаалал, стресстэй ажил шүү дээ. Бидэнд нэг холбоо барих станц утас өгсөн юм. Нэг нь Г.Пүрэвдорж генералд, нэг нь манай өрөөнд байдаг байлаа. Шөнө унтаж байхад “Хүнтэй уулзъя, машин ирлээ” гээд л ярина. “Юу ярьж байгаа юм, өглөө оруул” л гэнэ. Дахиад л утсадна. Гурван цаг өнгөрч байхад Эрдэнэтийн гуравдугаар хэсгээс хоёр морь байхгүй гэнэ ээ гээд ярих жишээтэй. Үүрээр кино зурагт орох цэргүүд морио барьж байгаа хэрэг. Энгийн улсууд үгэнд орохгүй хэцүү. Цэргүүд бол командаар хөдөлдөг учир болж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...