Монгол Улсын Ардын багш, Оросын Холбооны Улсын Буриад улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Намсрайн Ням-Осорын “Эзэн Чингис хааны Их засаг хууль” таван боть номын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр “Чингис хаан” хаад язгууртны музейд боллоо. Доктор, профессор Н.Ням-Осор нь 1990 оны ардчилсан хувьсгал өрнөж эхлэх цагаас Чингис хаан болон Их засаг хуулийн талаарх судалгаагаа эхлүүлжээ. “Эзэн Чингис хааны Их засаг хууль” таван боть номоо олон жилийн судалгааны ажилд үндэслэн бичсэн бөгөөд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан ийнхүү нийтийн хүртээл болгож байгаа аж.
Таван боть номын нээлтийн ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Цахим бодлого, харилцаа холбооны сайд Н.Учрал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Болдбаатар тэргүүтэй улс төр, нийгэм, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд оролцов.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Чингис хаан Монгол туургатныг нэгтгэн, Их Монгол Улсыг байгуулж, төр засах арга ухаан болох Их засаг хууль цаазыг тогтоон хэрэгжүүлсэн нь хүн төрөлхтний төрт ёсны хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон билээ. Тийм ч учраас түүнийг дэлхийн түүхийн Мянганы суут хүмүүнээр өргөмжилсөн юм. Эзэн Богд Чингис хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх нь өнөөгийн бидний хүндэт үүрэг бөгөөд Монголынхоо сэргэн мандлын шинэ ирээдүйг бүтээх, улс үндэстнээрээ, түүх соёлоороо бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. “Эзэн Чингис хааны Их засаг хууль” таван боть ном нь олон улсын Чингис хаан судлалд дорвитой байр суурь эзэлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Цаашид Их хааныхаа үйл хэрэг, билиг сургаал, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг судлахын зэрэгцээ өнөөгийн төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагаанд үзэл санааг нь тусган хэрэгжүүлэх явдал нэн чухлыг онцлон тэмдэглэе” хэмээгээд доктор, профессор Намсрайн Ням-Оcорт баяр хүргэж, эрдэм судлалын үйл хэрэгт нь амжилт хүсэв.