“Nature” сэтгүүл “Хэрвээ бид нүүрсхүчлийн хий ашиглан гаргасан түлш ашиглан нисвэл цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхээр хийсэн нэгэн том алхам болно” гэж 2022 оны аравдугаар сарын 22-ны өдөр мэдээлжээ. Нисэх онгоцнууд дэлхийн дундаж температурыг ихэсгэдэг буюу дэлхийн дулаарлын хүчин зүйл бологч нүүрсхүчлийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг билээ. Тухайлбал 2019 онд тухайн жилийн дэлхийд ялгаруулсан нийт нүүрсхүчлийн хийн 2.5 хувь буюу нисэхийн салбар нэг тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан байдаг.
Эрдэмтэд “Хэрвээ хүн төрөлхтөн хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгахгүй бол далайн хар шуурга, зуд, ган гачиг, ойн түймэр гэх мэт байгалийн гамшиг ойр давтамжтай тохиолддог болно” хэмээн сэрэмжлүүлсээр ирсэн. Тэгвэл бид нисэхийн салбарын ялгаруулдаг нүүрсхүчлийн хийг хэрхэн багасгаж болох бол? Электрон нисэх онгоц ашиглах эсвэл түлш шатсанаас үүсэх нүүрсхүчлийн хийг өөр бодис болгон хувиргах хоёр арга байна. Одоогийн байдлаар хамгийн оновчтой шийдэл бол түлш шатсанаас болж үүссэн нүүрсхүчлийн хийг өөр бодист хувиргах юм.
Эрдэмтэд нүүрсхүчлийн хийг нисэх онгоцны түлш болгон хувиргадаг шинэ бодис гарган авчээ. Өмнөх түлш гаргаж авах оролдлогуудад кобальт гэх мэт үнэтэй элемэнт ашигладаг байсан тул харьцангуй өндөр үнэтэй тусдаг байжээ. Харин эл шинэ бодисыг төмөр гэх мэт хямд үнэтэй орц найрлагаар хийдэг юм байна. Эрдэмтэд тус бодисыг нүүрсхүчлийн хий, устөрөгчийн молекултай цуг урвалд оруулжээ. Тэгэхэд тэр бодис нүүрсхүчлийн хий дэх нүүрстөрөгчийн атомыг хүчилтөрөгчөөс салж, устөрөгчтэй холбоо үүсгэхэд тусалсан байна. Ингээд урвалын бүтээгдэхүүнээр нисэх онгоцонд түлшээр ашиглагддаг гидрокарбон үүссэн ажээ.
Нүүрсхүчлийн хийнээс тасарч урвалд ороогүй үлдсэн хүчилтөрөгч нь устөрөгчтэй нэгдэн ус үүсгэсэн байна. Бодисыг анхны удаа туршихаар Оксфордын их сургуулийн химич Тякун Шиао бусад эрдэмтэдтэй хамтран химийн урвалыг явуулсан аж. Тэд шинээр гаргаж авсан бодисоо нүүрстөрөгчийн атомд үзүүлэх нөлөөг нь шалгахаар урвалын саванд хийж 300° цельс температурт халаан, даралтыг 10 дахин нэмжээ. Ингээд хорин цагийн дараа тус бодис урвалын сав дотор хийсэн нүүрстөрөгчийн 38 хувийг шинэ бодис болгон хувиргасан байна. Үүнээс 48 хувь нь онгоцны түлшинд ашиглагддаг гидрокарбон байжээ. Бусад нь этилен, пропилен гэх мэт хуванцар гаргаж авдаг бодис болсон юм.
Эх сурвалж: Science news