Tuesday, November 26, 2024

Д.Гүн-Үйлс: Эш хөргийг 11 удаагийн өөрчлөлтөөр сайжруулж гаргаж авсан

Date:

-Чингис хааны реалист дүрийг инженерчлэлийн аргаар гаргаж авсан-

Ярилцсан Г.Сонинбаяр

Төрт ёс хаадын сангийн тэргүүн, зохиолч, орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлсийг дугаарын зочноор урьж ярилцлаа. Тэрбээр  Чингис хаан: Эш хөргийг баримтлах их эзний дүр төрх”, “Их хаадын зарлигийн дээжис”, “Монгол хаад” намтар цадигийн зурагт цомог, “Монголын нууц товчоохуулмал болон барламал дэвтрүүд, “Монгол хаад хүүхдэд зориулсан зурагт цомог, “Тэнгэрийн зарлиг түүхэн туужис, “Тэнгри өгүүллэг, туужис, Солонгон хөндий роман, алтан ургийн хаадын зургийн цомог Монгол хаад”, “Нэгдмэл бахархал бүрэн хэмжээний түүхэн баримтат кино, “Монгол хатад: Ээдрээт түүхийн тайлалбүрэн хэмжээний түүхэн баримтат кино туурвижээ. Энэ удаа түүнтэй Эзэн Богд Чингис хааны эш хөргийн талаар ярилцсан юм.

-Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гараад багагүй хугацаа өнгөрлөө. Их хааны алив нэг хөргийг гээгүй заавал эш хөргийг залсугай гэсэн нь утга учиртай байж таарна?

-Ерөнхийлөгч эш хөргийг л зал гэж зарлигласан. Тэгэхгүй бол монгол хүн бүрийн зүрх сэтгэлд өөрийн гэсэн Чингис хаан байдаг. Тэр бүхнээрээ төсөөлөөд байж болохгүй л гэсэн санаа. Жишээ нь Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн зурсан Чингис хааны хөргийг их сайхан бүтээл болсон гэдэг. Мэдээж хэрэг тэр бол сайхан хөрөг. Уран бүтээл талаасаа, харагдах үзэгдэх байдал, дүр төрх, дээл хувцасны соёл талаасаа сайхан хөрөг. Гэхдээ тэр бол эш хөрөг биш. Эш хөрөг нэг л байгаа.

-Эш хөргийн хоёр адилхан эх Бээжинд, Тайваньд хадгалагдаж байгаа юм биш үү. Тэр хөргүүдийн аль нь жинхэнэ эх нь вэ?

-Манайд эш хөрөг судлаач тийм ч олон биш. Зарим судлаач эш хөрөг хоёр байсан гэж үздэг. Жишээлбэл, миний хүндэтгэдэг Пунсаг доктор ийм байр суурьтай. Би үзэхдээ яг нэг дор байж байгаад хоёулаа хамт зураагүй л юм бол эш хөрөг нэг л байх ёстой. Тэр эш хөргөөс харин хуулсан зураг байж болно. Эш хөргөөс хуулсан зураг байх юм бол түүнийг эш хөрөг гэхээс өөр аргагүй. Гэсэн хэдий ч бид өнөөдөр хоёр эш хөргийн тухай ярьж байгаа. Тэр нь хоёулаа Юаны үед зурагдсан гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Юань гүрний 18 дугаар онд зурсан гэдэг. Тэгэхээр 1280-аад оны үед зурагдсан байх нь. Одоо мэдэгдэж байгаа хоёр эш хөрөг хоёулаа тэр үед зурагдсан нь тогтоогдсон учраас хоёулаа эртний эш хөрөг гэж үзэж болно. Нөгөө талаас энэ хоёр эш хөргийн харагдах үзэгдэх байдал адилхан, ерөнхийдөө төстэй.

-Ялгаа байна уу?

-Бий л дээ. Зураач хүн өөрийнхөө зурсан зургийг ч дахиад яг адилхан зуръя гэсэн чаддаггүй шүү дээ. Уран бүтээл цор ганц л байдаг. Миний судалж тогтоосноор Бээжинд байгаа эх хөрөг бол хуулбарласан хөрөг гэж би боддог. Хуулбарлахдаа ордны зураачид, магадгүй монгол хүн биш өөр үндэстний зураач хуулбарласан байж магадгүй. Яагаад гэвэл хөргийн дээд талд зай бага, тэргүүн дээрээ тулчихсан байдаг юм. Хөрөг зурах монгол зургийн дэг сургууль бий. Тэр дэгээр бол хөрөг зургийн тэргүүн дээр их орон зайтай байдаг. Гэтэл Бээжинд байгаа эш хөрөг тиймгүй байдаг. Орон зайгүй, агааргүй, тэргүүн дээр нь бараг тулчихсан. Мөн хоёр хөргийн зарим нэг татлага зураас нь жаахан ялгаатай. Гэхдээ хальт харсан хүн бол ялгахын аргагүй. Тайваньд байгаа эш хөргийг жинхэнэ эх хөрөг нь гэж би үздэг. Ингэж үзэх хэд хэдэн шалтгаан байгаа л даа.

-Тухайлбал…?

-Юань улсын хааны ордонд зөвхөн Юаны бус түүнээс өмнөх улсуудын, Юаны дараах Мин, Чин зэрэг улсын хаадын хөрөг байсан. Эдгээр хаадын хөргийг 1948 оны үед Чан Кайши Тайвань руу авч гарсан. Эш хөрөг олон зуун жил тэр олон хаадын хөрөг дунд өндөр харуул хамгаалалт дор хадгалагдаж байсан байх нь. Түүхэн уламжлал нь тасраагүй гэсэн үг. Юаны үед зурагдаад Мин, Чингийн үед хадгалагдаад, Дундад иргэн улсын үед хүрч ирж. Үүгээрээ Тайваньд очсон эш хөрөг жинхэнэ эх гэдэг нь батлагдаж байгаа юм. Хоёрдугаарт, энэ чинь нөгөө талаас урлагийн бүтээл шүү дээ. Урлагийн бүтээлийн насыг тогтоодог арга гэж байна. Энэ бүтээл хэддүгээр зууных вэ гээд судалж тогтоодог. Зурагдсан арга барил, материал, тухайн үеийн будгийн хийц, найрлага гэх мэт энэ бүх зүйлсийг нь нарийн судалсны үндсэн дээр эш хөрөг мөн байна аа, түүн дотроо Юань гүрний үед, бүр тодруулбал Хубилай хааны үед зурагдсан эш хөрөг мөн гэж их олон үзүүлэлтээр тогтоосон байгаа.

-Эш хөргийг Хорихусун зурсан гэдэг баттай юу?

-Энэ талаар маш олон үзэл баримтлал байдаг. Миний хувьд энэ зургийн зурагдсан арга барил болон Хубилай хааны аман зарлиг тэргүүтэн олон зүйлийг судалж үзсэний үндсэн дээр Хорихусуны зурсан зураг мөн юм аа  гэдэг дээр бат итгэлтэй байдаг. “Монголын нууц товчоо”-нд Чингис хаанд хэл хүргэж ирдэг Бадай, Хишилэг хоёр адуучны тухай өгүүлдэг. Хорихусун бол тэр Хишилэгийн үр хойч юм. Хорихусун зурсан гэдгийг няцаах үндэс байхгүй. Хэрвээ няцаая гэвэл миний мэдэхгүй олон баримтыг гаргаж ирэх хэрэгтэй болно л  доо.

-Тэгвэл Тайваньд байгаа эш хөрөг жинхэнэ эх гэж үзвэл Бээжинд байгаа хөргийг ойролцоо цаг үед л хуулбарлаж дээ?

-Юаны үед эш хөрөг хуулбарлагдсан. Эш хөрөг зурагдсаны дараа хуулбар нэг биш байсан байх боломжтой. Ерөөсөө ч тийм. Тогоонтөмөр хааны үед ч хуулбарласан. Юаны түүхэнд байдаг шүү дээ. Тэр тахилгын гэрт ингэж залсугай, тэнд ингэж найман цагаан гэрийн хамт авч явсан ч гэдэг билүү, маш олон түүхэн өгүүлэмж байдаг. Мэдээж онцгой тохиолдлыг ашиглан, хан, ван, өндөр хэргэмтэй ноёд, тайж угсаатнууд хуулуулан зуруулдаг байсан байх өндөр магадлалтай. Яагаад гэвэл их хаанд зориулсан тахилгын сүм байгуулахад хөрөг нь байж байвал илүү утга төгөлдөр болно шүү дээ. Энд тэнд хэдэн дэн, лаа, сайхан бумбатай гал асаагаад байж болох л байх. Гэхдээ зураг хөрөг нь байвал илүү сүр хүчтэй. Тэр агуулгаараа хан, ван, ноёд эш хөргийг нэлээд хуулбарлуулж байсан байдаг. Магадгүй хожим хойно ч гэсэн Чингис хааны эш хөрөг гээд өөр хувилбарууд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Бээжингийн цэргийн түүхийн музейн архив ч гэдэг юм уу, өмнөд хөршид хөл толгойгүй, бараг хэдэн хөл бөмбөгийн талбайг нийлүүлсэн дайны агуулах архивт айхтар их бичиг цаас байдаг гэж байгаа юм. Хятдууд өөрсдөө ч тэр дунд юу байгааг мэддэггүй. Манай ШУА-ийн эрдэмтэд, түүхчид ярьдаг юм. Хятадууд “Та нар орж болно оо. Юу олж үзэх гээд байгаа юм, тэрийг чинь бид хайж олуулъя” гэдэг гэсэн. Тэр их цаасан дунд нь нангиад хэл, хуучин ханз мэддэг өндөр түвшний мэргэжилтнүүд орж хэдэн сар, жилээр онгичиж суувал их юм гарна. -Одоо Бээжинд хадгалагдаж байгаа эш хөргийг монгол ноён Хятадын цэргийн даргад бэлэглэсэн гэдэг. Тэгэхээр уг хөрөг Монгол нутагт хадгалагдаж байсан гэсэн үг  биз?

-Тийм. Тэр хятад цэргийн дарга монгол ноёнтой архи дарс уугаад монгол хүний сэтгэлийг нь хөөргөсөн юм уу, нэг бол жаахан дарамталсан ч юм уу. Ямар нэгэн байдлаар эш хөрөг хятад цэргийн хурган даргын гарт орсон юм билээ. Тэр Цинь Хуан гэгчийн үр хойчис нь эш хөргийг улсынхаа музейд өгсөн гэх юм билээ.

-Хоёулаа Тайваны хааны ордон музейд хадгалагдаж буй эш хөргийг анхны, жинхэнэ эх хөрөг гэдэг дээр тогтож ярилцъя. Энэ хөргийг бүтээсэн арга, технологи, уран сайхны хувьд судлаачид юу гэж үздэг юм бол?

-Эш хөрөг зурагдсан арга барилын хувьд гайхамшигтай. Манайд эш хөргийг хуулбараас нь л үзэж байна. Тайз дэлгэцийн бүтээлд ч гэсэн дам байдлаар л дүрслээд байна шүү дээ. Эш хөргийн жинхэнэ эх хувийг үзэх юм бол үнэхээр ер бусын. Түүнийг харахад нүд нь амьтай. Монгол зургийг манайхан мэднэ дэ. Мэдээж монгол зураг сайхан. Урлагийн бүтээл талаасаа тодорхой дэг сургууль. Гэлээ ч гэсэн монгол зурагт хүний нүд тийм айхтар амьтай, юм өгүүлээд, бараг л барьж авах гээд ч байгаа юм шиг, бидэнд үг сургаалаа айлдах гээд ч байгаа юм шиг тийм байдлаар хийгдсэн нь байдаггүй. Гэтэл Чингис хааны эш хөрөг яг тэгж бүтээгдсэн байдаг. Эш хөрөг Төвөдийн танка урсгал ч юм уу, Балбын Арника, Хятадын ордны зураач Лю Гуандао гээд тухайн үеийн алдар нэртэй зураачдын зурсан зураг, хөргөөс огт өөр. Уйгурын туурган зургийн уламжлал, Энэтхэг, Төвөдийн бурхны хөрөг бүтээдэг уламжлал гэж бий. Балбын зураач Арника өөрийн гэсэн дэг сургуультай. Лю Гуандао бас өөрийн гэсэн зурах арга барилтай. Дэг сургууль гэхээсээ илүү арга барил юм даа. Эш хөрөг энэ арга барилуудын алинтай нь ч таардаггүй юм. Тэгэхээр нэг бол өөрийн гэсэн дэг сургуультай монгол зураач, нэг бол аль аль дэг сургуулийг нь төгс эзэмшсэн хүн зурсан байх гэмээр.

-Хорихусун тийм түвшинд хүрсэн зураач байж дээ?

-Хорихусун тухайн үеийн хамгийн өндөр зэрэг дэвтэй монгол ноён. Хубилай хаанаас зарлиг хүлээсэн монгол язгууртан шүү дээ. Зарлиг соёрхчихсон байхад хаанаасаа зөрөөд өөр хүнээр зуруулах үндэслэлгүй л дээ. Харин эш хөргийг хэрхэн зурах хийгээд зурж байгаа явцын талаар ч гэдэг юм уу, уран бүтээлчдийн хооронд өрнөдөг харилцан яриа болсон байх боломжтой. Хубилай хаантай ч гэсэн эш хөргийг бүтээх талаар маш их зөвлөлдсөн байж таарна. Түүнээс биш нэг юм зурж зурж байгаад аваачаад үзүүлчихнэ гэж байхгүй. Хубилай хаан өөрөө урлагийн өндөр мэдрэмжтэй, шүлэг бичдэг хүн байсан. Тиймээс Хубилай хаанд ч гэсэн тэрхүү уран бүтээлийг ярих нь их таалалтай, тааламжтай байсан байж таарна. Их хааны хөрөг, агуу өвөг эцгийнх нь хөрөг шүү дээ. Хорихусун эш хөргийг бүтээхийн тулд зөвхөн их хаантай төдийгүй Балбын Арника, Хятадын Лю Гуандоу тэргүүтэн ордны зураачидтай харилцсан байхыг ч үгүйсгэхгүй. Ямар ч байсан энэ бол өндөр түвшний бүтээл. Хэн нэг хүний дэг сургууль биш гэсэн үг.

Тухайн үед гэрэл зураг авдаг камер байсангүй. Хубилай хаан өвөг эцгээ амьд ахуйд нь харж байсан хүн шүү дээ. Мэдээж хэрэг их сүрлэг, том биетэй, жаахан насжуу тийм хүн харагдсан байх. Үнэн хэрэгтээ Чингис хаан Хубилайн бага залуу үед 40 гаруй 50 эргэм насны хүн л байсан. Хүүхдэд их настай харагдсан байж болох юм. Ямар ч байсан эш хөргийг хараад миний өвөг эцэг их хаан яг ийм л хүн байсан даа гээд Хубилай хаан өөрөө хүлээн зөвшөөрнө гэдэг агуу. Бидэнд өөр ямар баталгаа хэрэгтэй юм.

-Эш хөргийг урлагийн гайхамшигтай түвшинд бүтээсэн юм чинь тухайн үеийн уран зургийн хөгжлийн түвшин өндөр байж дээ. Эш хөрөгтэй нэг цаг үед бүтээгдсэн урлагийн бүтээлүүд хэр элбэг вэ?

-Эш хөрөг бүтээгдсэнээс хойш Юань гүрний найман хаан, 15 хатны хөрөг зурагдсан шүү дээ. Зөвхөн Чингис хааны хөрөг биш, маш олон хаад, язгууртны хөрөг бий. Эш хөрөг дараа дараачийнхаа хаадыг зурдаг уламжлал, эх суурь нь болж өгсөн гэсэн үг л дээ. Загвар нь ч гэмээр юм уу. Бүгдээрээ л адилхан цээж хөрөг байдаг. Уран зургаас гадна тухайн үеийн алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, зүүсгэл, агсуурга тоолшгүй олон бий. Урлахуйн ухаан тийм өндөр түвшинд хөгжсөн улс уран зураг бүтээхгүй байна гэж байхгүй л дээ. Бид нүүдэлчин ард түмэн. Хэн нэгэн хувь цуглуулагчаас юм гараад ирж мэднэ.

-Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу их хааныхаа эш хөргийг айл өрх, албан байгууллага бүр залж байгаа. Гэхдээ хөргүүд өнгөний хувьд эрс өөр байх шиг санагдсан?

-Интернэтэд байгаа их хааны хөргүүд царай төрхийг нь харахад мөн боловч өнгө, өнгөний код, харьцаа нь таарахгүй байна. Зарим нь улаан нүүртэй, эсвэл ногоон туяатай байна. Зарим хөргийн арын дэвсгэр нь их сонин болчихсон байна. Тийм байж уг нь болохгүй. Үүнээс үүдээд манай Төрт ёс, хаадын сан Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эх хувьд нь хамгийн ойртуулж бүтээхийг зорьсон. Нэгдүгээрт нүдээр үзсэн хүний хувьд, хоёрдугаарт нэг бус эх хуулбарыг нь би өөрөө эзэмшдэгийн хувьд үүнийг хийсэн. Нийт 11 удаагийн өөрчлөлт, оролдлогоор бид эш хөргийг засаж сайжруулсан.

Энийг ярьвал их сонин. Третьяковын галерей зэрэг том галерейд байдаг хөрөг зургуудыг тухайн галерейн үүдэнд жижгээр плакат хэлбэрээр хэвлээд зарж байдаг. Тэрийг худалдаж аваад эх зурагных нь хажууд очоод өнгө будгийг нь харьцуулаад харахад яг таардаг. Хэвлэлтийн чанар тийм өндөр. Гэтэл Чингис хааны эш хөрөг тийм биш. Бид хятадуудаас л эш хөрөгний “A copy” буюу эх хуулбарыг нь авсан. Үндэсний номын санд би очиж ярилцлага өгч байсан. Үндэсний номын санд хятадуудын дурсгасан эх хуулбар хүртэл жинхэнэ эхээсээ өнгө нь өөр байгаа юм. Интернэтэд хэдэн мянган Чингис хааны хөрөг байгаа. Бүгд өнгө нь өөр. Чингис хааны эш хөрөг уг нь нэг л өнгөний кодтой. Тэр код нь хятадуудын нууц нь юм уу хаашаа юм. Би энэ талаар нь асуусан чинь жуулчдад зориулсан хуулбар, оюутанд зориулсан хуулбар, юу юу гэнэ вэ янз янзаар тайлбарлах юм билээ. Би түүнд итгээгүй. Угаасаа хятадууд Чингис хааны хөрөг дүрийг нууцлах аргагүй болчихсон. Нууцлах гэдэг юм уу, эзэмших гол давуу тал нь өнгөний код л болчихсон юм байна лээ. Хятадуудын өөрсдийнх нь цахим хуудсанд байдаг Чингис хааны эш хөрөг хүртэл жинхэнээсээ өөр байдаг юм.

-Эш хөргийг дэргэдээс нь харахад мэдээж гайхамшигтай байж таарна.

-Яг хажуунаас нь харахад зургийн хувьд ер бусын. Сахлыг нь бийрийн маш нарийн үзүүрээр, шороон будгаар олон удаа давхарлаж будсан байдаг. Бас зос хэрэглэсэн. Уран зургийн маш мундаг арга байж дээ.

-Их хааны эш хөргийн харц ер бусын шүү?

-Тийм. Чингис хааны царай, дүр төрхийг түүх сударт тэмдэглэн үлдээсэн дүрслэл олон бий. Бат хааныг бас живэр сахалтай, товир биетэй гэсэн байдаг. Бараг л нүдэнд харагдаж байгаа юм. Тэмүүжиний тухай Таргудайн ажиглалт байдаг. “Бусдыг үл тоох харцаар шинжмүй” гэж. Тухайн үед Чингис хаан хүүхэд байсан шүү дээ. 12-13 орчим настай л байсан. Энэ орчлон дэлхий дээр айдаггүй хүн гэж байхгүй. Гагцхүү айдсаа дарж чадаж байна уу гэдэг нь л чухал. Архайсан эрчүүд дунд баригдчихаад байж байхад хүүхэд мэдээж айна шүү дээ. Тэр айдсаа дараад “Бусдыг үл тоох харцаар шинжмүй” гэхээр мундаг шүү.

-Эш хөргөөс гадна Чингис хааныг маш олон янзаар зурсан байдаг. Тэдгээр зургуудаас энэ нь л их хааны бодит дүр төрхөд ойртсон гэж үзэх бүтээл бий юү?

-Чингис хааныг гадаад, дотоодод маш олон янзаар дүрсэлсэн. Тоймгүй олон зураг бий. Зарим нь хятад хүн шиг зэнзгэр хээнцэр, зарим нь улаан сахалтай, өндөр монхор хамартай гээд л. Арай л хар царайтай дүрсэлсэнгүй. Энэ юутай холбоотой вэ гэхээр монголчууд бид өөрсдөө их хааныхаа эш хөргөөсөө сэдэвлэсэн реалист дүр төрх бүтээгээгүй. Тийм орон зай үгүйлэгдэж байгаагийнх. Түүхэн хүний реалист дүр төрхийг хэрхэн бий болгодог вэ гэвэл урлагийн инженерчлэлийн арга гэж бий. Эш хөрөг бол хавтгай буюу зураасан зургийн аргаар бүтээгдсэн хөрөг. Шууд эндээс хоёр хэмжээст болон гурван хэмжээст зураг үүсгэх боломж онолын хувьд байдаггүй юм. Харин урлагийн инженерчлэлийн аргаар л бүтээж болно. Манай Төрт ёс, хаадын сангийнхан миний удирдлага дор ажиллаж, Чингис хааны бодит дүрийг урлагийн инженерчлэлийн аргаар бий болгосон. Бид өөрсдийнхөө хэмжээнд судалж, Монголынхоо шилдэг эрдэмтэдтэй хамтарч Чингис хааны реалист дүр төрхийг бий болгосон. Маш гоё дүр төрх гарч байгаа. Магадгүй өөр хүмүүс бас манайх шиг инженерчлэлийн аргаар их хааны хөргийг реалист байдлаар бүтээн цогцлоогоод, сайхан дүр төрх гаргаж болно шүү дээ. Тэр дүр төрх нь манайхтай нийцэж байвал бүр догь. Тэгвэл “Чингис хаан яг ийм дүр төрхтэй юм байна” гээд тогтчихно. Ингэх юм бол тайз дэлгэцийн бүтээлд ч, дүрслэх урлагт ч их хааны дүр бодитой, тодорхой болно. Бид өөрсдөө хүртэл Чингис хаан гээд түмэн янзаар зураад байхад гадаадынхан яаж төсөөлөх билээ. Тиймээс нэгдмэл нэг Чингис хааны дүр төрхийг бий болгох ёстой.

Хөрөг бүтээхэд нэг зүйл их чухал. Хүний философи, үзэл санаа гүн, эр зориг хэчнээн их байх тусам царай төрх нь өөр болдог. Муу хүний царай ч бас өөр. Жишээ нь, зальтай хүний нүд нэг л өөр янзаар гялалздаг юм даа. Муу хүнтэй уулзангуут нуруугаар зарсхийгээд явчихдаг. Бүх юм тэр хүний нүүрэн дээр байдаг. Үүнийг судалдаг шинжлэх ухаан морфопсихологи гэж байна. Хүний сэтгэл зүйн байдал нүүр царайнд нь уншигддаг гэсэн үг. Хүн нас ахиад ирэхээр бусдын царайг хараад л бүхнийг нь уншдаг болчихдог. Хүний царайг хараад сэтгэлийг нь уншчихдаг. Хүний сэтгэл санаа, бодол оюун ямар байна, царай төрх нь тийм байна аа л гэсэн үг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...