Tuesday, November 26, 2024

Цалгих долгио таслаагүй өргөн Ононы урсгал, цагийн уртад мартагдаагүй Нямдоржийн найраг

Date:

Сэтгүүлч Г.Сонинбаяр

Онон хатан ижийн хүү

Ононгийн тухай ярихад Н.Нямдорж санагдаж, Н.Нямдоржийн тухай ярихад Онон гол санаанд буудаг хэмээн Төрийн шагналт яруу найрагч, Ардын уран зохиолч Д.Цоодол бичсэн нь бий.

“Цалгих долгио таслаагүй

Өргөн Ононы урсгал

Цагийн уртад замхраагүй

Өнө холын дурдатгал…” хэмээн онгод цалгиан бичиж, жинхэнэ яруу найрагчийн амьдралаар амьдарч, уран бүтээлчийн зовлон, жаргалыг эдэлж явсан түүний шүлгүүд Монголын яруу найргийн далайд нэгэн том цутгалан болсон гэдэгтэй хэн ч маргахгүй.

“Онон мөрөн Монголын их мөрөн. Онон үгүй бол дэлхийн их усны ай сав хуруу дундрах байсан. Түүн лүгээ адил Н.Нямдоржийн яруу найраггүй бол Монголын яруу найргийн мөрөн алд дэлэм дундрах байлаа” хэмээн түүний уран бүтээлийг үнэлсэн байдаг. Дэлхийн энгээр сэтгэж, туурвиж асан энэ их найрагч хүүгийн халуун сэтгэлээр төрсөн нутаг ус Онон мөрөн, Хан Хэнтийн хөвч, Батширээт нутгийнхаа тухай олон шүлэг бичсэн байдаг билээ. Түүний номуудын нэр нь ч гэсэн нутаг устай нь холбоотой. “Онон хатан ижий”, “Онон”, “Хөвч”, “Сайхан булаг”, “Төгөл”, “Дэлүүн болдог” гээд л.

Есдүгээр ангид байхдаа анхны шүлгээ тэрлэсэн гэдэг.

“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг

Зүрхний их хулгайч юм

Олон эрсийг шаналгах

Сэтгэлийн тулааны талбар юм

Энгүй сайхан түүнд

Зуун зүрх тэмүүлж

Эцэс  хойно нь болоход

Ерэн ес нь шархалдаг юм” хэмээсэн тэрхүү шүлгээрээ Монголын яруу найрагт нэгэн авьяас билэгтэн Ононы урсгал мэт хүч түрэн орж ирж байгаагаа зарлажээ. Шинэ залуу авьяастныг хаанахын хэн бэ гэж анхааран хардаг тэр л ёсоор залуу шүлэгч Н.Нямдоржийг тухайн үед Монголын уран зохиолын ертөнцийнхөн тийнхүү шохоорхон, сонжин харж байв. Н.Нямдорж өөрийгөө хурц тодоор зарлан тунхаглаж, уртхан Ононгоо дуулж, эртний их дорнын тухай шүлэглэсэн хэмээн үеийнхэн нь үнэлсэн байдаг. Төрөлх нутагт Хэнтий аймгийн Батширээт сумынх нь дунд сургуулийг Н.Нямдорж найрагчийн нэрэмжит болгон, сургуулийн өмнөх талбайд босгосон гэрэлт хөшөөнд “Онон хатан ижий” шүлгийнх нь шадыг сийлэн мөнхжүүлсэн билээ.

Ясны найрагч

Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж 1934 оны аравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл хэмээх газар ард Нямбуугийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрбээр 12 нас хүртлээ өвөг эцэг Чойдог, эмэг эх Сэжив нарын асрамжинд өссөн гэдэг. Ингээд 1946 онд Хэнтий аймгийн  төвийн долоон жилийн сургуулийн босгыг алхжээ. Дунд сургуулиа төгсөөд 1957-1962 онд тэр үеийн ЗХУ-ын нийслэл Москва  хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцан төгссөн байна. Энэ үеэс эхлэн Н.Нямдоржийн хувьхан биений намтар яруу найргийн замнал нэг болсон ажгуу.

М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөж ирээд “Хөдөлмөр” сонинд утга зохиолын ажилтан, Өмнөговь аймагт мэргэжлийн зохиолч, Ардын боловсролын яамны хэвлэлийн хэлтэст хэвлэлийн редактор, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо суманд багш, Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын зам” сонинд сурвалжлагч, Эрдэнэт хотын хивсний үйлдвэрт мастер зэрэг ажлыг хашиж явжээ. Ямар ч ажил хашсан тэрээр яруу найраг гэдэг яс махны хөдөлмөртөө үнэнч байв.

“Үүлэн бор”-ын төвөргөөн

Анхны ном нь 1959 онд “Үүлэн бор” нэртэйгээр хэвлэгдсэнээр Монголын яруу найрагт түүний сэтгэлгээний бяр, онгод авьяасын хүлгийн төвөргөөн нүргэлжээ. Улмаар 1962 онд “Онон хатан ижий” түүврээрээ цахиур хагалснаас хойш 1992 оныг хүртэл яруу найргийн нийт 14 ном хэвлүүлж, 1992 онд шилдэг шүлгүүдээрээ Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн юм. Төрөлх нутаг Хэнтий аймгийн Батширээт сумынх нь дунд сургуулийг Н.Нямдорж найрагчийн нэрэмжит болгон, сургуулийн өмнөх талбайд босгосон гэрэлт хөшөөнд “Онон хатан ижий” шүлгийнх нь шадыг сийлэн мөнхжүүлсэн билээ.

Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдорж 1959 онд анхны номоо хэвлүүлснээс хойш насан хутаг олтлоо 13 ном хэвлүүлжээ. Харин найрагчийг тэнгэрт хальсны дараа түүний шавь, яруу найрагч Б.Одгэрэл эрхлэн багшийнхаа 70 насны ойд зориулан 2004 онд “Нэр” хэмээх бэсрэгхэн түүвэр гаргасан бөгөөд мөн найрагчийн шавь, яруу найрагч Д.Галсансүх эрхлэн эмхэтгэж 2011 онд “Сонгомол шүлгүүд” номыг нь уншигчдын гар дээр тавьжээ. Түүнчлэн Н.Нямдорж найрагчийн бүтээл Монголын уран зохиолын дээж цувралын 57 дугаар боть болж хэвлэгдсэн юм. Судлаач Н.Дарамзагд 2009 онд XX зууны монгол зохиолчид цувралын 94 дүгээр ботид Нямбуугийн Нямдорж найрагчийн намтар, уран бүтээлийн товчооныг хэвлүүлжээ.

Шинэчлэл, сэтгэлгээний түүчээ

Н.Нямдоржийг Монголын яруу найрагт чөлөөт сэтгэлгээний салхи оруулсан яруу найрагч гэж зүй ёсоор үнэлдэг. Эзэндээ алдар хүнд, хавчигдал, хэлмэгдлийн аль алиныг авчирч, яруу найрагт цоо шинэ үзэгдэл болсон “Үүлэн бор”, “Онон хатан ижий” номууд хожим төрийн шагналынх нь зарлигт дурдагдсан байдаг. Н.Нямдорж бол 1960-1970 онд Монголын яруу найрагт хэлбэр, агуулгын хийгээд сэтгэлгээний шинэчлэлийг авчирсан, өвөрмөц, давтагдашгүй яруу найрагч юм. Тиймээс 1980-1990-ээд оны Монголын яруу найрагт ч түүний нөлөө асар их бий. Шинэ зууны яруу найрагт Н.Нямдоржийг шүтэн бишрэгчид бүхэл бүтэн урсгал, чиглэл болсон гэж хэлж болно.

1950-иад оны үед үүсэн байгуулагдсан Хэнтий аймгийн утга зохиолын нэгдлийнхэн 1990-ээд оны нийгмийн шилжилтийг сэтгэлгээний ертөнцөд түүчээлсэн нь Н.Нямдорж, Р.Чойном, С.Эрдэнэ тэргүүтэйбичгийн их хүмүүсийн шууд нөлөө байв. Дэлхийн энтэй сэтгэж, бичиж туурвисан найрагч Нямбуугийн Нямдоржийн шүлгүүд өнөөдөр Монголын уран зохиолын нэгэн содон, сонгомол өв болон гялалзсаар байгаа хэмээн судлаач, шүүмжлэгчид үнэлдэг билээ. Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа “Утга зохиолын алтан үеийнхний отгон хүү Нямдорж XX зууны Монголын яруу найргийн өндөрлөг дунд хэнтэй ч ижилсэхгүй нэгэн тод оргил болон он жилийн чанадаас цаст тэргүүнээ наранд гялбуулан сүндэрлэсээр байна” хэмээн Монголын уран зохиолын дээж ботийнх нь өмнөтгөлд бичсэн байдаг. Анд нөхрийнхөө тухай ийм тунгаамал шижир мэт үгсийг тэрлэнэ гэдэг найрагчийн зүрх сэтгэл билээ. Оргил оргилынхоо л барааг хардаг гэдэг энэ бизээ. Ийнхүү “цагийн уртад замхраагүй өнө холын дурдатгал” хөвөрсөөр… Монголын яруу найргийн нэгэн оргил нь Хан Хэнтийн Батширээтэд төрсөн Нямбуугийн Нямдорж юм шүү хэмээн Онон хатан ижий цалгих долгиондоо шивнэн байна.     

Хэвлэгдээгүй шүлгүүд ба “хэмлэгдсэн” бадгууд

Нийт 17 ном нь хэвлэгдсэн ч Н.Нямдорж найрагчийн хэвлэгдээгүй шүлгүүд олдсоор буй. Тухайлбал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Нямаа нэрт найрагчийн хэвлэгдээгүй шүлгүүдийг  өвийг нь хамгаалах санд хүлээлгэн өгсөн юм. Уг шүлгүүдийг Н.Нямдорж найрагч ЗХУ-ын Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж байхдаа бичсэн болов уу гэж таамаглаж буйгаа Л.Нямаа найрагч онцлов. Эдгээр шүлгийн зарим нь “Онон хатан эжий” түүвэрт нь хэвлэгдэхдээ хасагдаж, засагдаж, Главлитад “хэмлэгдэж” үнэт чанараа алдсан байдаг. Үүний тод жишээ нь Н.Нямдоржийн алдарт “Дорно” шүлгийн төгсгөл юм. Уг шүлгийг тухайн цаг үеийн үзэл суртлын улмаас нэлээд засагдсан аж. Тухайн үеийн ЗХУ-ын Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөж ирээд бичсэн уг шүлгийн төгсгөлийн хэсэг нь анхны эхээрээ ийм юм. Уг шүлгийн номд хэвлэгдэж олонд хүрсэн эхтэй харьцуулах юм бол амин сүнс болсон үг, утгыг нь тасдан хаясан нь мэдрэгдэнэ.

…Өрнөд би дургүй,

Шүтэх ч үгүй

Өөрөө биеэ даасан дорно

Би-Дорно

Би-Даруухан дорнын аялга

Ичимхий дорнын цэвэр ариун заншил

Ирээдүйн дорнын дахин сэргэхийн угтал

Би-Эртний их дорно

Би-Энэрэхүй их Будда

Би-Манхайн цайх үүр

Би-Мандан гарах нар

***

Энэ Өрнө биш. Дорно

Эрдэм соёлтой эртний их Дорно

Зуу зуун жил барууныхан шунаж

Зуур замдаа акулд бариулж явж

Тэмүүлэн зүтгэдэг байсан

Тэр сайхан Дорно!

Дорно дахинд соёлыг түгээх нэртэй

Дотно царайлагч Англичууд

Хамаг баялгийг нь тонон зөөж байсан

Харь Голландын онгоцныхон

Завхайран согтуурч тэнэгээр доромжлогчдын

Зарц нь болж гутлыг нь цэвэрлэж суусан ч

Сэтгэл ахуйгаар нөлөөлөгдөн тэдэнд автаагүй

Цэвэр үлдсэн өвөрмөц сайхан Дорно!

Өрнө Дорноо хөгжлөөр хол хаясан ч

Өндөр их урлагт нь өнөө ч хүртэл хавьтаагүй

Өрнөдөд өөрөө сүжиг ч үгүй, шүтээ ч үгүй

Өөрөө бүтэн биеэ даасан Дорно

Энэ эртний их Дорно

Энэ энэрэнгүй их Будда

Энэ манхайн цайх үүр

Энэ мандан гарах нар

Энэ Дорно! 

Н.Нямдорж найрагчийн номуудад ороогүй, хэвлэгдээгүй шүлгүүдээс дээжилж байна.

***                               

Гуниг зовлонд зэврээгүй

Гучаадхан нас минь

Та бүгдийнхээ сэтгэл рүү

Тав тавхан мөр болон

Тов  товхон дуслаг

***                   

Өлөн чоно юундаа

Өөдөө харан улина вэ?

Тэнгэр ядрагсдыг тэтгэдэг гэж

Тэрэнд нэг нь хэлээ юү?

Тэгж өөрөө бодоо юу?

***                               

Одоо би Нямдорж

Орой чиний нулимс

Хойтон өдийд яс

Хорин жилийн дараа цэцэг

/Энэ шүлэг Б.Одгэрэлийн хэвлүүлсэн номд анх удаа хэвлэгдсэн боловч уншигч танд дахин нэг уншуулах гэж оруулав/

***                               

Амьдрал гэдэг зовлон юм

Аргагүй доогтой инээд  юм

Хүний тавилангаар тоглоом хийсэн

Хүйтэн бодлын хөгжим юм

                        1959 он

***                               

Хэдэн мөр гашуун шүлэг

Хэлхэн суухдаа миний сэтгэл

Тэнгэр мэт тэнүүн биш

Тэнгис мэт ууртай байдаг

                                    1959 он

***                               

Танхил гүнж

Цацаг мяндсан гэзгээ

Сарны түрүүгээр гоёж

Эрх танхил биеэ

Идээний дээжээр тордож

Эгц гоолиг нуруугаа

Эдлэлийн дээдээр чимж

Хаан аавын буянаар

Хатуу гарыг үзэлгүй

Халамж дүүрэн нөхцөлөөс

Халуун чулуу долоолгүй

Хонгор хөөрхөн гүнж

Хориод насыг насалжээ

Зүсийн халыг үзэлгүй

Зүүдэн мананд жаргавч

Зураг сайхан дүрийг нь

Зуун эрс мөрөөдөвч

Хааны танхил гүнжийн

Хаалгыг татах зүрхгүй

Үзэсгэлэн төгөлдөр түүний

Үүдийг татах зориггүй

Эрдэнийн шилтгээн гоёлтон

Эзний ордонд байсангүй

Эрдэм оюун төгс

Эрсийн дунд тодорсонгүй

Эелэг цагаан цээжинд нь

Эрсийн гар хүрсэнгүй

Булбарай ягаан уруулдаа

Бусдын амьсгал шүргэлгүй

Адтай хорвоогийн замд

Азтай бүтэн үлджээ

                                    1960 он

***                               

Дурлал шиг омог үхлийг үзээгүй

Дурлал шиг баяртай ялалтыг сонсоогүй

Дурлал шиг гашуун хагацлыг дуулаагүй

Дурлал шиг уяхан дууг сонсоогүй

                                    1960 он

***                               

Яруу найрагчид минь юунд уйтгарлана вэ

Найрагчийн зүрх онгод дүүрэн цусаа

Халуун биед гүйцэд гүйлгэн

Хатан сэтгэлийг гүйцэж үл чадна уу?

Гуних уйтгарлах тийм ч муу биш гэж

Гурвантаа ойлгосноо эрхгүй хэлмээр санагдав

Өсөх буурах уртын урт амьдрал дотор

Өлсөх цангах өнгө алаг өдрүүдэд

Найрагч явах гэдэг баяр гуниг бус уу

Найр хэссэн архичин золтой золгүй явдаг байхад

Насаар залуухан шүлэгчид зовж шаналах нь зөв өө

Онон голын урсгал шөнөдөө шаагихын цагт

Онгон загалын төвөргөөн чихнээ хадахын хирд

Аугаа хүслийн сайхан зүрхэн дотор гал оволзож

Амьд хүний омгорхлоор та нарын зүрх догдлог

/1969 оны зургадугаар сарын 4-нд яруу найрагч Л.Нямаа, С.Очиржав хоёрт зориулж бичсэн шүлэг/

Нөхөд

Нөхдөө үгүйлэхүйд

Нөхөгдөшгүй гарзанд унасан мэт зовиуртай

Орон гэр минь хүртэл

Оршуулгын газар мэт уйтгартай

Санах сайн нөхөд минь

Сартай шөнийн зүүд

Саруулхан өдрийн бодол

Сарнин замхрахгүй мөрөөдөл билээ

Алт шиг санах нөхдөө

Амьдын шүтээн болгож

Алд биений түшиг

Амрагаасаа ч дутуугүй сананам

Эрдэнэ шиг санах нөхдөө

Эгэл биений шүтээн болгож

Энэхэн насыг минь хайрласан

Эжийгээс ч дутуугүй сананам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...