Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн удирдлагуудтай уулзлаа.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах, малын түүхий эд, арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах уг төсөлд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ. Хөнгөн үйлдвэр, мал аж ахуй, бизнес инкубатор төв, агуулах зэрэг байгууламж бүхий аж үйлдвэрийн парк хэлбэрээр 517 га талбайд үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөж байна. Тус паркийн удирдлагууд хууль эрх зүйн орчноо тодорхой болгох, Засгийн газраас тогтоол гаргах зэрэг шаардлага үүсэж буй талаараа ЗГХЭГ-ын даргад танилцууллаа. Нийслэлд байрлах арьс ширний үйлдвэрүүдээс шалтгаалж Туул голд сөрөг нөлөө үзүүлж, оршин суугчдын эрүүл орчинд тав тухтай амьдрах эрх нь зөрчигдөж эхэлсэн. Тиймээс арьс ширний үйлдвэрүүдийг яаралтай хотоос гаргах, цогцолборын ажлыг эхлүүлэх шаардлага тулгараад байна.
Арьс шир боловсруулах цогцолборыг Дархан-Уул аймагт барьж байгуулахтай уялдуулан судалгаа явуулахад үйлдвэрүүдийн 63 хувь нь зөвшөөрөхгүй, тээвэр, ашиглалтын зардал нэмэгдэх учраас зам, дэд бүтэцтэй газар руу нүүх саналаа илэрхийлжээ. Тиймээс Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь хамгийн боломжит хувилбар гэж төслийн удирдлагууд үзэж байна.
ЗГХЭГ-ын даргын зүгээс төрийн уялдаагүй, ойлгомжгүй, давхардуулсан шийдвэрүүд улс оронд нэн шаардлагатай асуудлуудад чөдөр тушаа болдог учраас нэгдсэн бодлогоор арьс ширний цогцолборыг нэг л газар барьж байгуулахаар ажиллах нь чухал байгааг онцолж, төслийг эрх зүйн орчноор хангахад анхаарахаа илэрхийллээ. Мөн паркийн бүтээн байгуулалтын ажлуудыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийх нь зүйтэй гэлээ.
Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, арьс шир боловсруулах цогцолборыг Эмээлтэд байгуулах асуудлаар ярилцав
Date: