“Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” каталогийн нээлт өчигдөр болсон. Уг каталогийг Канад улсын иргэн, монгол үндэстэн, боржигин Хөхбуян, түүхийн ухааны доктор До.Болдхуяг нар бүтээжээ. Каталогид боржигин Хөхбуян судлаачийн цуглуулгад буй Юань улсын үеийн тэнгэрийн хөх шаазангуудыг танилцуулсан аж. Энэ талаар “Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” каталогийн зохиогч түүхийн ухааны доктор До.Болдхуягтай ярилцлаа.
-Та түүхч, археологич хүн. Тиймээс Юань улсын үе буюу Хөхбуян гуайн оноон нэрлэж байгаагаар Даян Монгол улсын үеийн тэнгэрийн хөх шаазангийн талаар дэлхий дахинд болон Монгол Улсад хэр судалсан талаар мэдээлэл өгөөч?
-Монголын эрт дундад үеийн зарим сууринд археологийн малтлага судалгаа хийх явцад шаазан эдлэлийн хагархай хэлтэрхий олноор олддог. Бүр өнгөн хөрсөн дээр ил байх явдал ч цөөнгүй. Ялангуяа Хархорум хотын туурийг малтан шинжлэх явцад эртний шаазан эдлэл олноор олдсон. Судалгааны үр дүнд зарим төрлийн шаазанг Хархорум хотод үйлдвэрлэж байсныг нотлох хангалттай эш баримт бүрдсэн. Монгол Улсын нутгаас олдсон эртний шаазан эдлэлийг Зөвлөлтийн судлаач Л.А.Евтюхова анхлан судалж “Керамика Кара-Корума” хэмээх өгүүлэл бичсэн бол манай судлаачдаас У.Эрдэнэбат “Дундад зууны нүүдэлчдийн хэрэглэж байсан шаазан эдлэлийн тухай”, “Хархорумын шаазан эдлэлийн хоёр даршийг судалсан тухай”, Д.Болдхуяг “Вааран савны нэр томьёны асуудалд”, “Нүүдэлчдийн хэрэглэж байсан шаазан эдлэлийн тухай дахин өгүүлэх нь”, Н.Ганбат, Б.Батцоож нар “Торгоны зам ба хөх шаазан: Хээ чимэг, хэлбэр хийцийн тойм” хэмээх өгүүлэл бичиж нийтлүүлсэн. Мөн Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнд хадгалагдаж буй Хархорум хотод 1948-1949 онд хийсэн Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедицийн археологийн малтлага судалгаагаар илэрч олдсон шаазан эдлэлүүдэд Япон улсын Сэншю Их сургуулийн археологийн судалгааны багийнхан тайлбар сэлт хийж 2007, 2009 онд хоёр ботиор хэвлүүлсэн байдаг.
-Та бүхний гаргаж буй каталоги энэ чиглэлийн өмнөх судалгаануудаас юугаараа онцлог вэ?
-Бидний гаргаж буй энэхүү каталогид Канад улсын иргэн, монгол үндэстэн Боржгин Хөхбуяны Монгол Улсад буй эртний эдлэлийн хувийн цуглуулгаас дээжлэн оруулсан юм. Нөгөөтэйгүүр бидний өвөг дээдсийн зарлигаар бүтээсэн шаазанд бүр хожим ХХ зууны сүүлийн хагаст хятадуудын оноож өгсөн нэрээс татгалзаж, ялангуяа Даяар Монгол улсын үед бүтээсэн шаазанд монгол нэр өгөх учиртай гэсэн Хөхбуяны саналыг дэмжиж, шинээр монгол нэр оноосон. Үүгээрээ онцлог юм даа. Хятадууд шаазанг өнгөөр нь, зарим тохиолдолд шатаасан зуухных нь нэрээр, цөөн тохиолдолд тухайн шаазанг бүтээсэн газар орны нэрээр нэрлэдэг. Харин бид тэнгэрийн хөх, гал улаан, сүүн цагаан, шүрэн улаан, хасын цагаан, хашийн ногоон гэх мэтчилэн монголчуудын өнгөөр сэтгэж, өнгөөр нэрлэх уламжлалын дагуу монгол нэр оноосон.
-Даян Монгол улсын тэнгэрийн хөх шаазан хятад шаазангаас юугаараа ялгаатай вэ. Гол онцлог нь юу вэ?
-Шаазан эдлэлийн хөгжлийн түүх хятадуудтай салшгүй холбоотой. Даяар Монгол улсын үед урьдын Сүн улсын үеийн шаазан урлалыг хөгжүүлж, жинхэнэ урлагийн бүтээл болгосон бол хожим Мин, Чин улсын үед Даяар Монгол улсын үед гарсан нээлт, ололт амжилтын үндсэн дээр цаашид хөгжүүлснийг энд зориуд дурдъя. Тиймээс энэхүү катологид харьцуулж үзэх боломж олгох зорилгоор Тан, Ляо, Сүн, Мин, Чин улсын үеийн цөөн хэдэн шаазанг оруулсан.
Даяар Монгол улсын үе бол Хятадын шаазан урлалын хөгжлийн хамгийн чухал цаг үе гэгддэг. Тэр үед торгоны замаар хийж байсан худалдаа, соёлын солилцооны үр дүнд араб болон хятад арга технологийг хослуулж тэнгэрийн хөх шаазанг бүтээсэн явдал бол бүх цаг үеийн шаазан урлалын хосгүй нээлт, чухамдаа гайхамшиг болсон юм. Өнөө цагийн шаазангийн гол түүхий эд болох каолинаар хийсэн анхны бүтээл бол тэнгэрийн хөх шаазан гэж үздэг. Даяар Монгол улсын үеийн шаазангийн засал чимэглэл маш нарийн, сийлэх, зурах, наах зэрэг элдэв аргаар хийж байснаараа онцлогтой. Эдгээр шаазангийн ерөнхий онцлог нь ихэд үзэсгэлэнтэйн дээр өнгө будаг, зураг сэлт нь хүний сэтгэлд сайхан мэдрэмж төрүүлдэгт оршино.Тэнгэрийн хөх шаазан нь бэлэг сэлт, худалдаа арилжааны замаар Даяар Монгол улсын нүүр царайг гадаад ертөнцөд илэрхийлдэг байсан юм. Тийм ч учраас Арабын алдарт жуулчин Ибн Батута “Энэ шаазан дэлхийн охь болсон хамгийн сайн бүтээгдэхүүн болой” хэмээсэн байдаг.
-Археологич хүний тань хувьд асуухад Монголоос тэнгэрийн хөх шаазан хэр олдсон байдаг юм бол?
-Монголд археологийн судалгааны ажил эхэлснээс хойш гурван зуун дамнан, 150 шахам жилийн нүүр үзэж байна. Энэ хооронд шаазан эдлэлийн олон тооны олдвор цугларсан боловч тэнгэрийн хөх болон бусад гангар шаазан бүрэн бүтнээрээ олдсон тохиолдол нэг хоёрын зэрэг л байна. Бидний хэвлүүлсэн энэ каталогид багтсан шаазангууд бүгд бүрэн бүтэн бөгөөд эдүгээ Монгол Улсад хадгалагдаж байна. Энэ арвин цуглуулгыг хийх ажилд амьдралынхаа 40 гаруй жилийг зориулж, эдгээр шаазанг Монгол Улсад авчрах гэж асар их хүчин чармайлт гаргасан Боржгин Хөхбуян гуайд талархахаас өөр аргагүй.