Tuesday, November 26, 2024

Х.Зандраабайдий: Д.Сэнгээ гуай авьяастныг олж таних ховорхон эрдэмтэй хүн байлаа

Date:

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Хоролын Зандраабайдийтай ярилцлаа. Монголын их утга зохиолын хойморт ханхайх хүндтэй буурлуудын нэг, жүжиг, киноны нэрт зохиолч, хичээнгүй туурвилч тэрбээр ахмад үеийнхэн болон өөрийн үе тэнгийн зохиолчдынхоо бүтээл туурвилыг эмхэтгэн ботилох, намтар, дурсамжийг нь цэгцлэн хэвлүүлэх ажилд үлэмж цаг, хөдөлмөрөө зарцуулжээ. Х.Зандраабайдий зохиолч намтар, дурсамжийн “Заяа дутсан бурхад” номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн юм. “Бадмаарсан зул” дөрвөн дэвтэр ном нь зохиолчдодоо өргөсөн сэтгэлийн зул нь. “Хонины найр”, “Хөх ногооны униар”, “Газрын жигүүр”, “Гул Аранжин” гээд түүний зохиолоор бүтсэн уран сайхны кинонууд Монгол телевизийн алтан санд бий. Ингээд буурал зохиолчтой хуучилснаа хүргэе.

-Таныг Дундговийн хүн гэдгийг мэднэ. Аль сумынх юм бэ?

-Би Дундговь аймгийн Адаацаг сумын хүн. Манайхан жирийн малчин улс аа. Хар багаасаа мал маллаж, хонь, хурга дагаж явсаар бага сургуульд орсон. Бага сургуулиа дүүргэсэн чинь хот руу Хүн эмнэлгийн техникумд хуваарилчихдаг юм. Дөрөвдүгээр анги төгссөн нэг муу 12 настай хүүхэд шүү дээ. Тэгээд Хүн эмнэлгийн техникумд очоод тэндээ нэг жил гэрээ санасан амьтан уйлаан майлаантай л өнгөрсөн. Хойтон нь амралтаар харьтал ээж маань хүнд өвчтэй хариугүй муу байсан юм. Түүгээр далимдуулаад замарсан хүн байхгүй юу, би.

Сургуулиа тэр чигт нь хаячихсан уу?

-Эргэж сургуульдаа яваагүй. Ээжийг маань харж хандах хүн ч байхгүй. Манайх охин, хүү хоёртой айл. Охин нь хүн дагаад явчихсан. Тэгэхээр би ганц хүү нь учир эхийгээ асарч таарна. Иймэрхүү л үүх түүхтэйгээр миний амьдрал эхлээд, зугуухан явсаар байгаад өнөөдөр энэ ширээнд хүрлээ шүү дээ.

-Багадаа та шүлэг найраг бичиж байв уу?

-Би чинь хөөе, ерөөсөө шүлэг бичээгүй юм. Хүмүүс залуудаа уран бүтээлийн гараагаа шүлгээр эхэлдэг шүү дээ. Би шүлэг бичсэнгүй. Тэгсэн огт шүлэг бичээгүй ч бас биш юм байж. Хоёр гурван шүлэг бичсэн юм байна. Тэрийг би өөрөө ч мартаж. Л.Түдэв харин сортоотой хүн юм болохоор Зандраа чинь шүлэг бичдэг байсан юм. Хэдэн шүлэг нь Дундговийн сонинд гарсан гээд номдоо оруулчихсан байсан. Тэгэхээр шүлэг бичсэн хүн болох юм уу, яах юм.

-Тэр нь хэдэн онд бичсэн шүлгүүд юм?

-1950 хэдэн оны явдал л даа. Аймагт бол шүлэг оролдоод байгаа нөхөр чинь сүрхий хүний тоонд ордог юм байгаа биз дээ. Тиймээс намайг хот руу их дуртай явуулсан. Миний намтар бол ерөөсөө л ийм. Хөдөө сүрхий хүн болж байсангүй. Яах вэ дээ, дорой, номхон, томоотой. Тэгээд “Утга зохиол” сонины ажилтан болоод, олон зохиолчдын дунд ороод ирсэн. Намайг одоо хүртэл манай ахмадууд хэлдэг. “Үгүй ээ, чи нэг муу хөдөөний хүүхэд зохиолчдын дунд ороод, яагаад архичин болоогүй юм” гэдэг. Би тэрнээс тойроод гарчихгүй юу. Миний хоёр л юм байдаг юм. Архи уудаггүй, тамхи татдаггүй. Тэгээд л мөрөөрөө мөргөж явдаг ийм амьтан.

-Өвчтэй ээжийгээ асрахаар нутагтаа үлдсэн хүү хот руу эргэж хэзээ ирсэн бэ?

-Ээж минь үгүй болоод л наашаа зүглэсэн. Миний нагац ах хотод ажилладаг байсан юм. Тэр ах маань энэ хүүхдийг ингэж зэврүүлж болохгүй гээд хот руу татаж авсан. Тэгээд л хотын хүн болоод явчихгүй юу. Хотод ирээд Д.Сүхбаатарын нэрэмжит Улсын хэвлэлийн комбинатын хянагч болсон. Тэнд байж байтал хянагч нарыг сонинууд авна гээд, Ч.Чимид гуай намайг “Утга зохоил” сонинд хянагч, сонин гаргагчаар авсан. Ингээд хэвлэлээр дамжаад утга зохиол руу орсон. Тэр нь бас эртний юм аа. 1960 оны гуравдугаар сарын явдал.

Ч.Чимид гуай, Л.Түдэв хоёртойгоо ёстой нэг анд барилдана гэдэг шиг явлаа шүү дээ. Д.Намдаг гуайгаас салдаггүй байлаа. Хамгийн халуунаар дурсдаг хэдэн хүн маань юм даа. Л.Түдэвийг би эрхлэгчээ гэдэг. Сонины ажлыг та нар мэднэ дээ. Заримдаа ч би сонингоо алдаатай гаргана л даа. Шинэ сонин гараад ирэхээр их айна. Чойжилын Чимид эд нар бүгдээрээ сууцгааж байна. Сонины шинэ дугаараас буланд ширээн дээр 50 ширхэгийг тавина. “Цог” сэтгүүл хэвлэгдэхэд бас 50-ийг тавина. Тэгээд л зохиолчид орж ирээд аваад л гардаг. Заримдаа Ч.Чимид гуай хуйхалж өгнө. Алдаатай нэг үг харчихвал “Хнн, энэ сонин чинь бөөн хар алдаа” гээд чулуудчихаад гараад явчихна. Тэгэнгүүт тэр чигээрээ “Өнөө Зандраабайдийн өнөөдрийн гаргасан сонин бөөн хар алдаа гэнэ” гээд тарчихна. Тэрнээс би их айна.

Л.Түдэв эрхлэгч бол намайг дандаа тэгж дарга нарт загнуулаад байхгүй. Энэ чинь бас учир шалтгаантай байна. Ийм тийм гээд учрыг нь хэлээд хамгаалаад өнгөрнө. Заримдаа Л.Түдэв эрхлэгч сонины дотор сонин гаргадаг байлаа. Ханын сонин маягийн юм. Тэрэн дээр сонины дугаар болгоны тухай мэдээлнэ. Эрхлэгчийн сонин гэж байгаа юм, тэр нь. “Зандрааг зандар” гэсэн том гарчигтай нийтлэл байна. Тэр нь цэвэрлэгч Булган гэж хүн сонины их алдааг олоод “Зандраагаа зандрахгүй бол болохоо байлаа” гэж байгаа тухай байх жишээтэй. Энэ мэтээр Л.Түдэв эрхлэгч биднийг их зүгшрүүлсэн. Сүүлдээ сонины ялих шалихгүй алдааг бол манай Зандраад хамаагүй гээд намайг өмгөөлж хамгаалдаг болсон.

Таныг 1960 оноос хойш Зохиолчдын хороонд ажиллаж, хагас зуун жил голомтыг нь сахьсан хүн гэдэг юм билээ?

-Жаахан ойворгондуу хүн бол би 1960 оноос хойш Зохиолчдын хороог мэднэ л гэж ханхалзах байх л даа. Тэгэхдээ би бол нарийн мэдэхгүй ээ. Танихаас цаашгүй. Тэр олон зохиолчид дотроос Ч.Чимид гуайтай эхэлж танилцаад, дараа нь Л.Түдэвтэй танилцсан. Тэгээд Д.Намдаг гуайтай танилцаж, багш шавь болсон. “Утга зохиол” сонин, “Цог” сэтгүүлд ажиллалаа. “Монгол роман” гэж сэтгүүл гаргалаа. Л.Түдэв эрхлэгч “Энэ муу Зандраа голомтоо сахиад үлдсэн юм шүү дээ” гэдэг байсан. Бүр “Голомт сахигч” гэж юм хүртэл бичсэн шүү.

-Та Д.Намдаг гуай, Ч.Чимид гуай хоёрыг багш аа гэдэг дээ?

-Би тэр хоёрыгоо ярих их дуртай. Д.Намдаг, Ч.Чимид хоёрын шавь гэж явдаг. Ч.Чимид гуайтай 20-иод жил цуг ажилласан. Д.Намдаг гуайн шавь болж арваад жил дэргэд нь явсан. Энэ хоёрыгоо шүтэж биширдэг. Надад хийж гийгүүлсэн ажил байхгүй. Тэр хоёрынхоо ном бүтээлийн түүврийг гурав гурван ботиор хэвлүүлж гаргасан. Сүүлд Д.Намдаг гуайн бүтээлийн түүврийг нэгийг нэмж гаргаад дөрөв болгосон. Ч.Чимид гуай намайг “Утга зохиол” сонины хянагч, сонин гаргагчаар ажил анх авч байлаа. Тэгээд Л.Түдэв оронд нь ирсэн. Би тэдний удирдлага дор л ажилласан хүн.

-Их сургуульд хэзээ элсэв?

-Их сургуульд амаргүй орсон шүү хөөе. Их сургууль 1968 онд анх удаа конкурс явуулсан юм. Тэр үед Л.Түдэв эрхлэгч Зохиолчдын хорооны орлогч дарга болоод хүрээд ирлээ. Мань хүн надад “Чамайг зарсаар байгаад чи ч сүүлдээ хоолгүй хоцрох нь байна шүү. Ингэж болохгүй” гэж байна. Би тэгэхээр нь Горькийн институтэд явах санаатай байгаа шүү дээ гэлээ. Тэгсэн Л.Түдэв эрхлэгч хэлж байна. “Тэрэнд явж яах юм. Архичин л болохын нэмэр. Шал дэмий. Дотооддоо сургуульд ор” гэнэ. Намайг сургуульд оруулах асуудлаар С.Удвал ахайтан дээр дагуулаад орлоо. Тэгсэн С.Удвал гуай дургүйхэн байна. “Бид сайн ажилчнаа явуулчихаад яах юм” гэнэ. Л.Түдэв ч амархан гартахгүй. Оронд нь сайн хүн олоод өгнө л гэсэн. Би хэвлэх үйлдвэрт ажилладаг нэг мундаг ленотифчийг ятгаж “Утга зохиол” сонинд өөрийнхөө оронд ажиллуулахаар болж байж Их сургуульд суралцахаар болсон. Конкурсэд орсон чинь зүс танихаас С.Лочин байна. О.Цэндсүрэн, Л.Лувсандорж, С.Дулам нар бас конкурсэд орсон. Ингээд бид нэг анги болж таван жил суралцсан. Тэр цагаас л тоотой зохиолчийн тоонд ороод явж байна даа.

Сургуулиа төгсөөд хаана ажиллав?

-“Үнэн” сонинд очсон чинь намын гишүүн биш гээд шүүмжилж байна. Ховдод “Үнэн” сонины сурвалжлагчаар томилох гэсэн юм байна л даа. Тэгсэн заавал намын гишүүн байх ёстой тул болохгүй гэжээ. Г.Дэлэг гуай “Одоо яах билээ, чамайгаа би баллачихлаа” гээд сандарч байж билээ. Цэрэндагва эрхлэгч дээр очсон чинь “За бас сайхан завшаан боллоо. Хөдөө Ховдод хөөгдөж явснаас “Утга зохиол” сониндоо л яваад оч” гэлээ. Тэнд хүрээд очсон чинь “Утга зохиол” сонин хүн авчихаж. Ингээд аль ч үгүй хүн болоод байж байтал Цэрэндагва гуайн зөвлөснөөр Соёлын яам руу очлоо. Соёлын яаманд Жүжиг, киноны хэлтэс байгуулчихсан. Эзэнгүй жил болж байж л дээ. Долгорын Нямаа Пунцагноров гуайн референт. Тэгээд л Д.Нямаа маань ярьж тэнд ажилд оруулсан. Соёлын яаманд Жүжиг, киноны хэлтэст Кино үйлдвэр хариуцсан мэргэжилтнээр 1973 оноос 1990-ээд он хүртэл 20-иод жил ажилласан даа. Тэндээ бас Уран сайхны зөвлөлийн нарийн бичгийн дарга гэж ажлыг 15 жил хавсран ажилласан. Тэгж байтал Төв хорооны тогтоол гарч “Монгол роман” сэтгүүл хийхээр болоод Д.Мягмарыг эрхлэгчээр нь, намайг нарийн бичгийн даргаар нь томилсон. Ингэж би Зохиолчдын хороондоо буцаж ирсэн. “Монгол роман”-ыг 17 дугаар гаргасан.

-Анхны зохиол тань ямар бүтээл байсан бэ?

-Баримтат зохиолоор л эхэлсэн хүн дээ. Сонинуудад мэдээ, сурвалжилга, найруулал гэх мэтээр шат дараатай бичсээр байгаад дараа нь баримтат тууж руу орсон.

-Та хэдэн сайхан кинотой. “Хонины найр”-ыг л гэхэд Д.Чимид-Осор гуай найруулсан байдаг даа?

-Би нэг малчин хүний тухай тууж бичлээ. Тэгээд Ч.Чимид гуайд үзүүлсэн чинь “Үгүй энэ чинь кино хийх юм бол ёстой хөөрхөн кино болох юм байна даа” гэж байна. Тэгж байтал Д.Чимид-Осор гуайтай тааралдаад, өвгөн надад үүх түүхээ баахан ярив. Би Д.Чимид-Осор гуайн тухай “120 хүүхдийн эцэг” гэсэн болхи гарчигтай найруулал бичээд өгчихсөн чинь “Хөдөлмөр” сонинд гарчээ. Тэгсэн Д.Чимид-Осор гуай жигтэйхэн баярласан. Тэрэн дотор “Манай эрэгтэй жүжигчид дотроос Цагааны Цэгмидтэй дүйх хүн бол одоогоор ганцхан Чимид-Осор байна” гэсэн нэг өгүүлбэр байсан юм.

Д.Чимид-Осор гуай тэрийг олоод харчихаж. Сонингоо барьчихсан, зураад тэмдэглэчихсэн давхиж ирж байна. “Аая яа яа. Чи одоо намайг Цагаанытай зүйрлэнэ гэдэг… Аая яа яа” гээд л жаахан толгой сэгсэрч байгаад явчихсан. Тэгсэн чинь хэн нь хэлсэн юм мэдэхгүй, Ч.Чимид гуай хэлчихсэн ч юм уу, Зандраад нэг кино болохоор зохиол байна гэжээ. Д.Чимэд-Осор гуай надаас “Хонины найр”-ын зохиолыг кино хийнэ гэж авахдаа “Би олон хүний зохиолоор кино хийгээгүй ээ. Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”, Д.Намдагийн “Нүгэл буян”, Л.Түдэвийн “Зэрэг нэмэхийн өмнө” гээд хуруу дарам цөөн. Одоо чиний зохиолыг кино болгоно” гэж билээ. Тэгээд тэр зохиолыг би сараачиж бичихчээ болоод Д.Чимид-Осор гуайд өгсөн. “Хонины найр” тэгж гарсан. “Гул Аранжин” кино бас амьдралаас гарсан сэдэв. Манай нутагт нэг хүү байсан. Сургууль болгонд ордог, нэг жил болоод хаядаг. Тэрний тухай л юм.

Та бас олон жүжиг бичсэн. Мэдээж Д.Намдаг гуайн нөлөө байсан биз?

-Д.Намдаг багшийн нөлөө их байлгүй яах вэ. Багш “Чиний хичээл гүйцээгүй. Тэгэхдээ чи жүжгээ бичиж л байгаарай. Миний хичээл дутуу. Түүнийг гүйцээхээр болно оо” гэдэг байсан. Манай С.Дашдооров бол Д.Намдаг багшийн анхны шавь нь. Д.Сэнгээ гуайн дугуйланд Д.Намдаг гуай очдог байж. Шоронгоос гараад удаагүй байсан үе нь юм уу даа. Дугуйланд суугаад хараад л байдаг. Нэг түнтийсэн жаал бор хүү шүлэг уншаад их балбуулах юм гэнэ. Тэр нь С.Дашдооров. Д.Намдаг багш ярьж байгаа юм. “Тэр муу хүү зүгээр хөлс нь гоожоод л, нөгөөдүүл нь үхтэл нь шүүмжилнэ. Маргааш нь дахиад л шүлэгтэй ирээд балбуулна. Би тэгээд хараад л сууна. Би ч бас заримдаа шүлэг уншаад балбуулдаг байлаа. Хараад сууж байхад тэр түнтгэр бор хүү нэг л гоочтой санагдаад болдоггүй. Тэгээд би нэг дагуулаад гэртээ очсон. Тэрнээс хойш манайхаар гүйж очдог болсон. Би бол өөрийнхөө дууны шүлэг, “Тогос хээр”-ийнхээ шүлэг энэ тэрээс уншдаг байсан. Энэ хүүхэд нэг гоочтой доо гэж бодох болсон” гэж билээ. Дооров ингэж өвгөний шавь болсон. Д.Намдаг багш ингэж Д.Сэнгээгийн дугуйлангаас Дооровыг сугалж авсан.

Сүүлд өвгөн “Өнөө Дооров чинь надаар багшлуулах биш надад багшлахаар болчихож. Тэгээд би “За яах вэ. Энэ хүн биеэ даалаа. Энэ нь ч дээр дээ гэж бодсон” гэж ярьж байсан.

-Та Д.Намдаг багшийнхаа бүтээлийн дөрвөн ботийг гаргасан. Главлитын босго давалгүй дарагдаж үлдсэн, хэвлэгдээгүй бүтээл нь тэнд багтсан. Цаг ч арай зөөлөрсөн байсан байх?

-Главлит гэдэг хэвлэл утга зохиолыг хянах газар гэж байлаа. Тэрийг одоо аймшигт мангасын үе байсан гэж бичээд байна. Би зөндөө очсон. Сонины бүх эхийг аваад очдог байлаа. Өөрийнхөө муу сайн юмыг аваад очдог л байлаа. Д.Намдаг багшаас болоод тэдэнд бас муу санаж ч явлаа. Яагаад гэвэл Д.Намдаг багшийн “Хөгшин чоно ульсан” нь туужийг 20-иод жил дарсан. Сүүлд Д.Намдаг багшийг таалал болсны дараа гурван ботийг нь хэвлүүлэхдээ би “Хөгшин чоно нь ульсан” нь зэрэг бүтээлийг нь оруулсан. Өөр зөндөө юм байсан. Гар бичмэлийг нь нэлээд ухсан. Тэгээд гурван ботийг нь хэвлээд Д.Намдагийн гурван боть зохиол хэвлэгдлээ гээд мэдээлсэн.

Тэгсэн Главлитын нэг хүн бас бичсэн байна. Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужийг манайх баталсан гэжээ. Тэгэхээр нь би “Өөрийг нь өнгөрсний дараа, хамаг юм өнгөрсөн хойно түүвэр зохиолыг нь хэвлэхэд оруулж байгаа юм чинь юу нь баталсан болдог юм” гээд хэлчихжээ. Главлитынхан нэр алдар хөөж байна ч гэсэн юм уу даа, бас. Тэгсэн тэрийг сонссон Главлитын нэг хүн одоо хүртэл надад их гомдонгуй байдгаа ярьжээ. Манай Главлит тамгаа дараад баталж байхад биднийг нэр алдар хөөцөлдөж ингэсэн гэж бичсэн байна гэж. Тэр хүн бол жирийн хүн биш. Р.Чүлтэмсүрэн гэж МУБИС-ийн профессор, эрдэмтэн хүн. Би “Үнэн” сониноор дамжуулж эрдэмтэн Р.Чүлтэмсүрэнгээс уучлалт гуйж байна аа. Бид нэг багшийн шавь нар гэж явдаг улс. Би болчимгүй муухай үг хэлж нөхрийг гомдоосон байна.

-Түрүүнд Д.Сэнгээ гуайн тухай цухас дурдлаа. Та их найрагчтай уулзаж учирч явав уу?

-Би Д.Сэнгээ гуайтай уулзаж байсан. Тэднийх Н.Банзрагч зохиолчийнхтой цуг зусланд гардаг. Д.Сэнгээ гуайн машинд суугаад зуслан руу нь явж л байсан. Д.Сэнгээ дарга 1955 онд Дундговьд очсон. Аймгийн утга зохиолын дугуйланг хуралдуулж Зохиолчдын эвлэлийн хоёрдугаар их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгож байлаа. Би Монгол, Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн хоёрдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон байсан тул Зохиолчдын хурлын төлөөлөгч болж чадаагүй. Д.Сэнгээ гуай тэгэхэд бидэнтэй шөнөжин ярилцаж билээ. Бид С.Буяннэмэх, Д.Нацагдорж эд нарыг та сайн мэдэх учиртай. Ямар улс байсан бэ гэж асуухад “С.Буяннэмэхийг нь эсэргүү гэдэг юм байна лээ. Би цуг ажиллаж байсан. Тэр мөн ч юм уу, биш ч юм уу. Сүүлийн үед эсэргүү гэсэн улс цөмөөрөө биш болж байх шиг байна лээ” гэж ярьж байсан юм. Д.Сэнгээ гуай утга зохиолын авьяастнуудыг олж нээхдээ гаргуун байсан. Н.Нямдорж, Ш.Цогт хоёрыг л гэхэд дунд сургуулийн хүүхэд байхад нь таньж олж аваад, шууд М.Горькийн сургуульд явуулсан. Уг нь М.Горькийн сургуульд хоёр ном гаргасан уран бүтээлчийг явуулдаг байсан. Тэр шалгуурыг нь эвдээд л хоёр хүүхэд олоод явуулсан нь хожмын нэртэй найрагчид болсон байгаа юм. Д.Сэнгээ даргын нэг онцлог байжээ. Дунд сургууль, техникум, их дээд сургуулиудаар өөрөө яваад уулзалт хийдэг. Хүүхэд, залуучуудтай ярьж хөөрч, өөрөө шүлгээ уншиж байгаад “Та нарт шүлэг байна уу” гээд л уншуулна. Тэндээс авьяастай хүнийг олдог байж л дээ. Л.Түдэв, С.Дашдооров, Д.Гомбожав эд нарыг бүгдийг нь Д.Сэнгээ дарга тэгж олсон. Д.Сэнгээ дарга 1955-1956 онд эд нарын анхны түүврүүдийг ном болгож хэвлүүлсэн. Анхны найман түүвэрт С.Эрдэнэ, М.Чойжилсүрэн, Д.Гомбожав, М.Ширчинсүрэн тэргүүтэй авьяастнууд, дараагийн наймд нь С.Дашдооровын “Сургуулийн зээрд”, Л.Түдэвийн хүүхдийн өгүүллэгүүд багтаж гарсан. Тэгж авьяастныг дэмждэг хүн байлаа. Авьяастныг дэмжинэ гэдэг бол маш ховор эрдэм. Д.Сэнгээ гуай бол өөрөө юм чаддаг, хүний авьяасыг олж таньдаг билгийн нүдтэй, тэднийг дэмжиж чаддаг ийм хүн. М.Горькийн дээд сургуулийг төгссөн анхны монгол хүн шүү дээ. Р.Гамзатов, Яцковская нартай цуг төгссөн. Тэдний бөөн дуртгал байдаг юм. Д.Сэнгээ дарга төгсөж ирээд авьяастай залуучуудыг цуглуулж, Монголын утга зохиолын тооныг өргөж, баганыг тулах залуучуудыг гаргаж ирсэн шүү дээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эрдэнэ Тавантолгой” ХК 512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....