Хүний эрүүл мэндийн 50-55 хувь нь амьдралын хэв маягаас, 20 хувь нь хүрээлэн буй орчноос, 18-20 хувь нь удамшлаас, 8-10 хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс хамаардаг байна. Амьдралын хэв маяг, амьдрах орчноо хүн өөрөө л бүрдүүлдэг. Тиймээс эрүүл байх эсэх хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Энэ нь 90 хувьтай. Харин үлдсэн 10 орчим хувиа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд даатгаж болох юм. Харамсалтай нь өнөөдөр монголчууд бид эрүүл мэндээ тэрхүү арав хүрэхгүй хувийн боломж буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд л бүрэн даатгачихдаг. Тиймээс өвчин тусахаас өмнө урьдчилан сэргийлэх бус өвдсөн хойноо эмнэлгийг зорьдог буруу зуршил, зөрүү хандлагатай.
Өвчин эмгэг туслаа гэхэд эрт илрүүлж, оношлох тал дээр ч хайнга, хойрго. Үүнээсээ болж өвчнөө хүндэрсэн хойно мэдэж, тэр хэрээр мөнгө санхүүгийн хувьд зарлага, сүйтгэл амсаж, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулах тохиолдол олон. Ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх уг нь амархан. Эрт илрүүлэг, оношилгоонд тогтмол ханддаг байхад л болно. Дулаан хоновол мянган лан гэдэг шиг эрт илрүүлбэл мянган лан гэсэн үг. Өнөөдөр та эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд багахан цаг зав, мөнгөө зарцуулахаас татгалзаж байвал ирээдүйд тэр “хэмнэлт”-ээ хэд дахин нугалж төлнө. Бүр эргэж хэзээ ч олдохгүй эрүүл мэндээрээ төлбөр төлнө.
Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн талаарх мэдлэгийг нь тэлэх ажлыг эхлүүлж “Эрт илрүүлэг” арга хэмжээг тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлээд байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах асуудлыг тусгасан бөгөөд иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, олон улсын жишигт нийцсэн үзлэг оношилгоонд тогтмол хамрагдуулах зорилтыг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан юм. 2020 оны жилийн эцсийн судалгаагаар Монгол Улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судас, шээс, бэлгийн тогтолцооны эмгэг, гэмтэл, хордлого болон гадны шалтгаант бусад эмгэгүүд орж, эдгээр нь нас баралтын тэргүүлэх шалтгаанд тооцогдож буй юм.
Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй бөгөөд энэ эрсдэл нь эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байгаа юм. Мөн нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Иймээс “скрининг” буюу “Эрт илрүүлэг” арга хэмжээг зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндэд шинж тэмдэг илрэхээс өмнө эмгэгийг илрүүлэх кампанит аян яг одоо ид явагдаж байна. “Эрт илрүүлэг” арга хэмжээг өмнө нь улсын хэмжээнд 18-аас дээш насны иргэдийг хамруулан зохион байгуулж байсан ч энэ удаа ЭМЯ журамдаа өөрчлөлт оруулан бүх насны иргэдийг өөрөөр хэлбэл хүүхдүүдийг ч хамруулж эхэлснээрээ онцлогтой.
Бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх арга хэмжээ 0-5 нас, 6-17 нас, 18-30 нас, 30-45 нас, 46-60 нас, 61-ээс дээш нас гэсэн зургаан ангиллаар зохион байгуулагдаж байна. Эрүүл мэндийн яам “Эрт илрүүлэг” үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг хамруулах, ингэхдээ иргэдээ олон эмнэлэг дамжуулан цаг завыг үрэхгүй байхаар зохион байгуулжээ. Тухайлбал, 0-17 насныхан Өрхийн болон сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдэд хийгдэж байгаа бол шинжилгээний төрөл, тоо хэмжээ нь хүүхдийн ангилалаас эрс нэмэгдэж буй 18-аас дээш насныхны бүх төрлийн шинжилгээг аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төв болон Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд дээр нэг дор хийж байна.
“Эрт илрүүлэг” арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд ЭМЯ өнгөрсөн онд аймаг, дүүргүүдэд Эрүүл мэндийг дэмжих төв байгуулан, шинжилгээ оношилгооны тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд иргэдийг амбулаторт биш шинээр байгуулсан Эрүүл мэндийг дэмжих төв дээр хүлээн авч үзлэг, шинжилгээ хийж байгаа юм. “Эрт илрүүлэг” үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах урилга иргэн бүрт гар утасанд мессеж хэлбэрээр болон и-мэйл хаягаар, эсвэл иргэдийн гар дээр урилга хэлбэрээр хүргэгдэж байна. Эрүүл мэндийн байгууллагын үндсэн тусламж үйлчилгээний ачаалал өндөр байдаг учраас Эрүүл мэндийн байгууллагууд ачааллыг тэнцүүлэх үүднээс ийм арга хэмжээ авч ажиллаж буй аж. Эрүүл мэндийн яам нийслэлийн 160 гаруй Өрхийн эрүүл мэндийн төвд гар утас, утасны дугаар олгосон бөгөөд Улаанбаатарын иргэдийн хувьд ихэвчлэн гар утасны мессежээр урилга хүргэгдэж байна.