Tuesday, November 26, 2024

“Хөгжлийн банк шиг хөгийн” усны үнэ тариф

Date:

Монголчууд муу, сайн, муухай, сайхан аливаа юмыг хэлц үг, аман яриа болгож хэрэглээнд хэвшүүлэхдээ гарамгай. Уран сайхны киноны сөрөг дүрийн баатрыг тэр дор нь ийм хэрэглээнд оруулж, муу хүнийг урвагч Дүлзэн шиг гэх жишээтэй. Хүний ар хударгаар муулж, араас хутга шаадаг хүнийг Түгжил, тухайн үйлдлийг нь түгжилдэх гэчихэж байгаа юм. Түүн лүгээ адил нэн шинэ нэг хэлц бол “Хөгжлийн банк шиг хөгийн” гэдэг харьцуулалт. Булхай, луйвар, авлига, хээл хахууль, тал тохой татсан, ашиг хонжоо харсан хууль бус үйлдэл, аль муу бүхний үүр уурхай, үлгэр жишээг ингэж хэлдэг ажээ. Тэгвэл Ус сувгийнхныг “Хөгжлийн банк шиг хөгийн” хэмээн хэлэхэд ч багадна.

Хот суурины ус ханамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн 79 тоот тогтоолын хавсралтаар Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг баталжээ. Энэ тариф нь үнэхээр “Хөгжлийн банк шиг хөгийн” бодлого гэдэг нь харагдана. Учрыг жаахан тунгаагаад, учгийг нь цааш хөвөрдвөл уур, жигшил, зэвүүцэл, гуниг харамсал зэрэг төрнө. Усны бодлого хэрэгжүүлж буй төрийн агентлагийн байж байгаа царай, балай тэнэг бодлого, балаг дүүрэн үйлдлийн тодоос тод жишээ.

Энэ бодлогын хор уршгийг монголчууд, тэр тусмаа нийслэл Улаанбаатарын оршин суугчид ердөө долоо наймхан жилийн дараа амсана. 2030 он гэхэд Улаанбаатар хот цэвэр усны хомсдолд орно гэсэн судалгаа аль хэдийнэ гарчихсан. Ундны усны хомсдол эхэлчихсэн. Тун удахгүй Улаанбаатарынхан ундны усаа авах гээд дэлгүүрт дугаарлан алалцахад бэлэн. Гэтэл усны бодлого боловсруулагчдынх нь гаргаж байгаа шийдвэр, үнэ тарифын бодлого нь ийм мулгуу. Зориуд мулгуу бодлого гаргаж байж ч магадгүй гэж хардмаар.

Учир нь яг одоо Улаанбаатарын гэр хороололд амьдарч буй иргэн нэг литр усанд 2 төгрөг, орон сууцанд амьдарч буй иргэн 1,07 төгрөг төлж байгаа. Эндээс л усыг хэрхэн үнэгүйдүүлэх вэ гэдэг төрийн бодлого харагдана. Гэр хорооллын иргэн, орон сууцны иргэн хоёрын хэн нь илүү ус хэрэглэж, усыг илүү асгаж цутгах вэ. Мэдээж орон сууцанд амьдардаг иргэн усыг илүүтэй зарцуулна. Гэтэл тэр хэрээрээ гэр хорооллын иргэнээс хоёр дахин бага үнэ төлөх тул крантаа хаасан ч яалаа, хаагаагүй хаясан ч яалаа. Адаглаад л 00-доо өдөрт 30-40 литр цэвэр ус урсгачихна.  

Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тариф гэгчид дурдсанаар спирт, архи, пиво, ундаа, усны үйлдвэр, машин угаалгын газар литр тутамд 2,75 төгрөг, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр литр тутамд 2,10 төгрөг төлнө гэжээ. Усыг хамгийн ихээр хэрэглэж, хамгийн их бохирдуулж буй машин угаалгын газар гэр хорооллын иргэнээс 75-хан мөнгөөр илүү төлбөр төлж, өлөнгийн үйлдвэр 10-хан мөнгөөр илүү төлбөр төлнө гэж юу гэсэн үг вэ? Цэвэр усыг ингэж үнэгүйдүүлж, бохирдуулж буртаглахыг нь хүлээн зөвшөөрч, хөхиүлэн дэмжиж байгаа ажээ. Ингэхээр чинь Улаанбаатарт ус ийм их бохирдолтой байх нь аргагүй. Ус хомстох нь ч аргагүй. Усыг хэн ч хайрлахгүй байх нь аргагүй шүү дээ.

Гэр хороололд буй иргэн хоногт 10-хан литр ус хэрэглэж байгаа, гэтэл машин угаалгын газар, өлөнгийн үйлдвэр хоногт хэдэн арван тонн ус хэрэглэж байгаа. Нэг машиныг 500 литр усаар угаадаг гэж үзвэл усных үнэ нь ердөө 1100 төг л болох нь байна. Гэтэл нэг машиныг одоо 20-30 мянган төгрөгөөр угаадаг. Үнэ цэнгүй усаар үнэтэй машинаа угааж байгаа нь тэр. Нэг мэдэхэд цэвэр ус хомстож, машин угаадаг 500 литр усаа сарын цалингаараа ч худалдан авч дийлэхгүй болбол яах вэ.

Дэлхийн хаана ч бохирдуулагч нь илүү төлбөр төлдөг зарчим бий. Ус, агаар, хөрс бохирдуулж байгаа бол тухайн үйлдвэрлэгч илүү их нөхөн төлбөр төлнө. Энэхүү шударга ёс, усыг ихээр ашиглаж буй газарт их төлбөр тавих, усыг ихээр бохирдуулж буй газруудыг усны үнийн бодлогоор шахах зарчмууд Монголд хаана байна вэ? Хаана ч байхгүй, харин эсрэгээрээ. Эсрэгээрээ гэдгийн ганц жишээ нь төсөвт байгууллага машин угаалгын газраас, өлөн, арьс ширний үйлдвэрээс илүү төлбөр төлнө гэнэ. Төсөвт байгууллага хамгийн өндөр төлбөрийг буюу литр усанд 3,11 төгрөг төлөх нь. Ёстой нөгөө төсвийн мөнгө уйлдаггүй гэж энэ ажээ. Бусад бүх байгууллага гэр хорооллын иргэдтэй бараг адил буюу 2,07 төгрөгийг литр тутамд төлөх нь. Долоон буудалд амьдарч буй ганц бие хөгшин 1 литр усаа 2 төгрөгөөр авч байхад 5 одтой зочид буудал 2,07 төгрөгөөр литр усаа авах юм байна.

Усны үнэ тарифын энэхүү урвуу, буруу бодлогыг даруй халж, өөрчилж байж бид үр хүүхдэдээ ундны усыг нь үлдээнэ. Зүй нь гэр хорооллын иргэдийн усны төлбөрийг тэглээд, орон сууцныханд 2 төгрөг болгоод, төсвийн байгууллага 3 төгрөг, бусад ААН, байгууллагууд 5 төгрөг, зочид буудлууд, хоолны газрууд 7 төгрөг, спирт, пиво ундаа, усны үйлдвэр 10 төгрөг, ноос ноолуур, арьс шир, өлөнгийн үйлдвэр 17 төгрөг, машин угаалгын газрууд 20 төгрөгийг литр тутамдаа төлөх ёстой гэсэн мэргэжлийн хүний саналтай яв цав санаа нийлж байна. Үнийг ингэж тогтоовол төлбөрөө багасгахын тулд усаа хэмнэж, дахин ашиглаж эхлэх ёстой. Дэлхий дахинд ч усны үйлчилгээний төлбөрийн зарчим ийм л байдаг.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн шүдээ угаахдаа хэмнэж буй устай ижилхэн төлбөрөөр нэг цэцэрлэгийн бүтэн жил хэрэглэх усыг ганцхан хоногт ашиглаж буй машин угаалгын газрууд, ноос ноолуур, арьс ширний үйлдвэр, өлөнгийн үйлдвэр, спирт, пиво ундаа, усны үйлдвэрүүд яагаад гэр хорооллын иргэдтэй адилхан шахам үнийг литр усанд төлөх ёстой юм бэ? Төсвийн байгууллага яагаад дээрх байгууллагуудаас илүү өндөр үнэтэй ус хэрэглэх ёстой юм бэ?

Улаанбаатар хот усны хомсдолд ороод байна, ус асар ихээр бохирдож байна гэж хүн болгон ярьж, санаа зовж суухад ус бохирдуулагч нь, ус хомсдуулагч нь ийм бага үнэ төлдөг, усны үйлчилгээний үнэ тогтоогч нь иргэддээ ус бохирдуулагч, хомсдуулагчдаас илүү үнээр ус зараад сууж байгаа нь наагуур хэлэхэд шударга бус. Цаанадаж ярьвал ус бохирдуулж, хомсдуулах үйл ажиллагаа явуулж өндөр ашиг олж буй бизнесийн байгууллагуудад тал засаж буй авлигын шинжтэй үйлдэл, ирээдүйнхээ өмнө үйлдэж буй гэмт хэрэг, байгаль, экологийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа мөн. “Хөгжлийн банкнаас ч хөгийн” бодлого гэж энэ л байх.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...