Saturday, November 23, 2024

Эдийн засагт тэнхээ нэмэх төмөр замын бүтээн байгуулалтууд

Date:

Монголчууд бидэнд байхгүйн зовлонгоос илүү байхын зовлон их. Өмнийн говийн хөрсөн дор алт, зэс, нүүрс гээд баялаг бүхэн бий. Түүнийгээ хэрхэн ухаж олборлож, хаагуур, юугаар, хэрхэн яаж зөөж тээвэрлэн, дэлхийн зах зээлд аваачин, үнэ хүргэн худалдах вэ гэдэгт тархи гашилгасаар ирсэн. Шороон замаар нүүрс тээвэрлэснээс болж говийн эмзэг хөрс улаан халцгай болж байгаа гээд зовлон бэрхшээл олон. Гэхдээ гэгээтэй мэдээллүүд ч бас байна. Тэр тусмаа Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсээ төмөр замаар тээвэрлэн улсын хил хүргэж, БНХАУ руу экспортлох боломж удахгүй бүрдэх нь.

Дорнын болон өмнийн говьд шинэ төмөр замын хэд хэдэн бүтээн байгуулалт өрнөж буй. Тэдгээрээс томоохонд тооцогдох бүтээн байгуулалт болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн шууд гэрээ байгуулах концесст оролцогчийн сонгон шалгаруулалтыг Зам, тээврийн хөгжлийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Худалдан авах ажиллагааны газар хамтран зохион байгуулж дуусах шатандаа орсон байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн бүсээс Замын-Үүд-Эрээн, Жининь-Хөххот-Бугат чиглэлийн 1722 урт км тээвэрлэлтийн маршрутыг Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат гэсэн 1404 км болгон өөрчлөх юм. Ингэснээр төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-ээр богиносон, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах боломж бүрдэх юм.

Энэ бүхнээс харахад шинэ төмөр замын төслүүд бол Монгол Улсын эдийн засагт тэнхээ нэмэх томоохон бүтээн байгуулалт юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2021 онд боловсруулсан техник, эдийн засгийн урьдчилсан судалгаагаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь нийт 269 км урттай, хоёр өртөө, хоорондын зам дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөгдөж, Зүүнбаян өртөөнд холбогдохоор урьдчилан тооцоолжээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гурав дахь жагсаалтад уг төмөр замын төсөл бичигдсэн юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замтай зэрэгцүүлэнг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ хавраас эрчимтэй үргэлжлүүлж, ирэх намар буюу аравдугаар сард ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болгожээ. Шаардлагатай байгаа 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэснээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээврийг эхлүүлэх аж. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газар 37 байрладаг. Томоохноос нь дурдвал, Тавантолгой нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд, зэс, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд бий. Төмөр зам баригдсанаар эдгээр орд газар эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ гэж тооцоолж буй.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил 2019 оны тавдугаар сард эхэлсэн юм. Өнгөрсөн нэгдүгээр сард Зам, тээврийн хөгжлийн яамнаас техникийн комисс гарч уг төмөр замыг шалган, замын чанарыг өндөр түвшинд гүйцэтгэлээ гэж дүгнэсэн байна. Тиймээс гуравдугаар сарын 15-ны өдрөөс зүгшрүүлэх тээврийг эхлүүүлэн, утсан харилцаагаар галт тэрэгний хөдөлгөөн нээж, төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Дээр дурдсан Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замуудаас гадна зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр замын төслүүдийн барилгын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Тухайлбал, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 13 км дэлгэмэл урттай төмөр замын төслийн барилгын ажлыг  2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр ярьж байгаа аж.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүйцэтгэгчээр “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллаж буй. Тус компани одоогийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын цогцолбор төсөл, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох 22 км төмөр зам, Богдхан төмөр зам зэрэг төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Ирэх долдугаар сарын 01 гэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах ёстой. Гашуунсухайт боомтын ойролцоо байгуулах ачиж буулгах терминалын техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 оны нэгдүгээр улиралд дуусгах, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил холболтын цэгийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг бүрэн ханган энэ оны тавдугаар сарын 01-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...