Манай улс эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн болон нас барсан тохиолдлоор сүүлийн таван жилд Ази тивд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа аж. Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхийн 45 оронд түгээмэл тохиолддог, 55 орны эмэгтэйчүүдийн нас баралтад тэргүүлэх байр эзэлдэг өвчин. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2018 оны тоон мэдээгээр 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9.5 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаагаас умайн хүзүүний хорт хавдраар 569847 эмэгтэй өвчилж, 311365 эмэгтэй энджээ.
Умайн хүзүүний хорт хавдар нь нь Африк Сахар орчмын, Ази тивийн орнууд тэр дундаа Энэтхэг, зарим Төв ба Өмнөд Америкийн орнуудад түгээмэл бүртгэгддэг.ДЭМБ-аас 2030 он гэхэд 15 хүртэлх насны бүх охидыг хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлыг 100 мянган хүн амд дөрөв болгон бууруулах зорилт тавиад байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээлсэнээр Умайн хүзүүний хавдрын шалтгаан болох хүний папиллома вирусийн талаарх эмэгтэйчүүдийн мэдлэгийн түвшинг тогтооход зургаан эмэгтэй тутмын нэг нь “сонсож байсан” гэж хариулсан байна. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм.
Умай нь их бие, ёроол, хүзүү хэсгээс бүрддэг ба үтрээтэй холбогдож буй хэсгийг умайн хүзүү гэдэг. Энэ хүзүү хэсэгт үүссэн хортой хавдрыг умайн хүзүүний хорт хавдар гэнэ. Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий даяар эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хорт хавдрын 2 дугаарт ордог бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 80% нь Ази болон өмнөд Америк, Африк зэрэг хөгжиж буй орнуудад үүсдэг байна.
Ингээд папиллома вирус үүсэх шалтгаан, илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх болон оношилгооны талаар мэдээлэл хүргэе.
Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгаан
1. Папиллома вирус
Бэлгийн хавьталтаар папиллом вирусын халдвар авах нь гол шалтгаан болдог. Умайн хүзүүний хорт хавдартай өвчтөний 97,7% -иас илүү нь маш аюултай папиллом вирусын халдвар авсан байдаг.
2. Нас
Умайн хүзүүний хорт хавдар нь 20-оос доош насныханд тохиолдох нь тун ховор, 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг ба 50-аас дээш насныхан маш эрсдэлтэй бүлэгт орно.
3. Бусад шалтгаан
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, эмчилгээний муу тоног төхөөрөмж, хэвийн бус амьдралын хэвшил зэрэг нь гол хүчин зүйл болдог.
· Бэлгийн харьцаанд эрт орох, бэлгийн хамтрагч олонтой байх
· Бэлгийн хамтрагчийн онцлог (өвчний халдвар дамжуулах эрсдэлтэй хамтрагч)
· Тамхи татдаг эмэгтэйчүүд
· Жирэмслэлтээс хамгаалах эм удаан хугацаагаар уух
· Бэлгийн замын халдварт өвчтэй болон дархлаа султай эмэгтэй
· Тогтмол үзлэгт хамрагддаггүй эмэгтэй
Шинж тэмдэг
Ихэвчлэн бэлгийн харьцааны дараа үтрээнээс үл ялиг цус гарах нь элбэг тохиолддог шинж тэмдэг юм. Үтрээнээс гарах цус эхлээд бага хэмжээтэй байх ч хорт хавдар томрох тусам цус гарах нь ихэсч шархлаа нь хүндэрдэг. Халдварын 2 дугаар үед эвгүй үнэр үүснэ. Хорт хавдар томрох тусам ойролцоох эрхтэн болох давсаг, шээсний суваг, аарцгийн хана, сүүжний ясны мэдрэл зэрэг гэмтэж шээхэд хөндүүртэй байх ба цустай гарах, шулуун гэдэснээс цус ялгарах, нуруу, хөл өвдөх хавагнах, турах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Умайн хүзүүний хорт хавдрыг эхэн үед нь оношилж эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой боловч хүндэрсэн тохиолдолд хэддүгээр үедээ байгаагаас шалтгаалан бүрэн эдгэрэх магадлал нь буурна. Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанд эрт орохгүй байх, бэлгийн олон хамтрагчаас зайлсхийх, бэлгэвч хэрэглэх, бэлгийн харьцаанд ордог бүх эмэгтэйчүүд жилдээ 1 удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх нь чухал. Ялангуяа төрсний дараа тогтмол шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй бөгөөд эхэн үед нь оношлох маш чухал гэдгийг мэдэж байх ёстой.
Мөн умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээ нь бусад хорт хавдартай адилаар гэр бүлийн гишүүд сэтгэл санаагаар дэмжих, халамжлах нь маш чухал юм.
Оношилгоо
· Умайн хүзүүний эсийн шинжилгээ
· Томруулан харах шинжилгээ
· Эд эсийн бүтцийн шинжилгээ (Biopsy)
· Умайн хүзүүг конус хэлбэрээр огтолж авах
· Loop electrosurgical excision procedure (LEEP)
· Папиллом вирусын шинжилгээ (HPV test)