“Чингис” бонд өрийн жагсаалтад орсон
2013.11.08
Ирэх оны төсөв хэлэлцэж буй энэ үеэр УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдуудын дунд хөрөнгө, мөнгөтэй холбоотой зарим зөрүүтэй мэдээлэл, үл ойлголцол үүсэх болов. Гэхдээ гаднаас авсан зээл бүхнийг өр гэж буй нь зарим талаараа өрөөсгөл гэнэ.
Үнэндээ авсан зээлээ төлж чадахгүй бол түүнийг сая өр гэж нэрлэнэ гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. Тэгвэл “Чингис” бонд өр юм уу аль эсвэл зээл юм уу гэх асуулт гарч ирж буй.
Засгийн газрын өрийн талаар Сангийн сайд болон Ерөнхий сайд нь хоёр өөр тоо хэлснийг хэвлэлийнхэн ч тэргүүн нүүрэндээ онцлов. Тиймээс Монгол Улсын нийт гадаад өр болон үүнээс Засгийн газрын өр, “Чингис” бондыг зээлд оруулсан уу, аль эсвэл өр гэж үзэж байна уу? гэдгийг холбогдох байгууллагаас тодрууллаа.
Энэ талаар Монголбанкны Валют эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн статистик, судалгааны хэлтсийн эдийн засагч Ж.Сувдаа хариулт өгөв.
-Саяхан Сангийн сайд Ч.Улаан, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Засгийн газрын өрийн талаар зөрүүтэй мэдээлэл өглөө. Тодруулбал, Сангийн сайд 4.2 сая ам.доллар гэж байхад Ерөнхий сайд хоёр сая ам.долларын өртэй гэсэн. Тэгвэл улсын гадаад өрийн бүртгэл Монголбанкины гаргасан тоогоор чухам хэд байгаа юм бэ?
-Монголбанк нь Олон улсын валютын сангаас гаргасан аргачлалын дагуу Монгол улсын гадаад өрийн статистикийг улирал тутамд нэгтгэн боловсруулж, бусад улсын төв банкуудын нэг адил олон нийтэд мэдээлдэг. Энэхүү аргачлалаар тооцвол Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2013 оны 2 улирлын байдлаар 17,402.7 сая ам.долларт хүрсэн байна.
Үүнд, Засгийн газар, Төвбанк, арилжааны банкууд болон аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн гадаадаас буцаан төлөх нөхцөлтэйгээр авсан бүх төрлийн эх үүсвэр буюу бидний нэрлэж заншсанаар зээл, өрийн үлдэгдэл орж байгаа юм.
-Эдгээр өрийн хэмжээг сектор тус бүрээр нь хэлж болох уу? Нэн ялангуяа Засгийн газрын өрд “Чингис” бонд орох эсэхийг тодруулмаар байна?
-Монголбанк нь энэхүү гадаад өрийн статистикийг гаргахдаа Засгийн газрын гадаад өрийн дүнг Сангийн яамнаас, банкуудын мэдээг тухайн банкны санхүүгийн тайлангаас авч нэгтгэдэг.
Харин ААНБ-уудын өрийн статистикийг гаргахдаа Монголбанкинд бүртгэгдсэн гадаад зээлийн бүртгэл болон томоохон ААНБ-уудаас улирал тутамд хүлээн авдаг төлбөрийн тэнцлийн мэдээ, түүнчлэн банкны системээр дамжин хийгдсэн зээлийн холбогдолтой гадаад гүйлгээний мэдээг ашигладаг.
Засгийн газрын гадаад өр 2013 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 4.2 тэрбум ам.доллар, үүний 2.1 тэрбум ам.доллар нь гадаад улсын ЗГ болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас хөнгөлттэй нөхцөлтэйгээр авсан урт хугацаат зээл, үлдсэн 2.1 тэрбум ам.доллар нь бондын эх үүсвэрийн үлдэгдэл юм.
Бондыг тодруулбал “Чингис бонд” 1.5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны бонд 580 сая ам.доллар байна.
Хувийн хэвшлийн тодруулбал, арилжааны банк, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага болон иргэдийн гадаад өр сүүлийн хэдэн жилд нэлээд нэмэгдсэн. Гол шалтгаан нь уурхайн томоохон төсөл хөтөлбөр, түүнийг дагасан дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын эрчимжилт, худалдаа үйлчилгээний салбар дахь хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдсэнтэй шууд холбоотой. Гэхдээ нэг зүйлийг тодруулахад, уул уурхайн салбарыг дагаж орж ирсэн зээлийн 96 хувь нь хөрөнгө оруулагчид /Толгой компани/-аас Монгол дахь салбар, охин компанидаа олгосон, компани хоорондын санхүүжилт, зээл юм.
-Уул уурхайн салбар өрийн дийлэнхийг эзэлж байна гэлээ. Тэгэхээр зээлийн эргэн төлөлт нь хэдэн жил гэсэн үг вэ?
-Хөрөнгө оруулагчийн буюу компани хоорондын зээл нь бусад арилжааны зээлээс нөхцлийн хувьд ялгаатай, уян хатан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн зээлийн эх үүсвэр компанийн эргэлтийн хөрөнгө,мөнгөн урсгалыг нь дэмжих зорилгоор олгодог урт хугацааны санхүүжилт. Ихэнх тохиолдолд хүүгүй, хатуу мөрдөх эргэн төлөлтийн хуваарьгүй, зөвшилцлийн үндсэн дээр цаашид дүрмийн санд хөрвөж болох гэсэн нөхцлүүд байдаг.
-Нөгөөтэйгүүр Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн тусгай шаардлагад тухайн улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тодорхой заасан хувиас өр, зээлээ хэтрүүлж болохгүй гэдэг юм билээ. Энэ шаардлагыг манайх хэр биелүүлж байна вэ?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тухайн онд тавигдах өрийн хязгаарыг тодорхой заагаад өгчихсөн. 2013 онд Засгийн газрын гадаад болон дотоод нийт өрийн үлдэгдлийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн хэмжээг ДНБ-ий 50%-иас хэтрэхгүй байх шаардлага тавигдаж байна.
Тэгэхээр дээр дурьдсан Засгийн газрын гадаад өрийн 4.1 тэрбум ам.долларт хүрсэн гэдэг нь нэрлэсэн үлдэгдлийг хэлж багаа бөгөөд өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн дүнгээс ойролцоогоор 13-17 орчим хувиар илүү гэсэн үг. Сангийн яамнаас хүлээн авсан тайлангийн мэдээгээр хуульд заасан шалгуурыг хангаж байна.
Дашрамд онцлоход тусгай шаардлага, хязгаар гэдэг нь ОУВС-гаас тухайн улсын эдийн засгийн хөгжил, орлогын зэрэглэлээс хамаарч гаргасан зөвлөмж шүү дээ. Түүнээс биш хатуу тогтсон, дагаж мөрдөх шаардлагатай хууль, томъёолол огтхон ч биш, жишээ нь 40 хувийн сэрэмжлэх түвшингийн шалгуур нь бага орлоготой, өрийн дарамт ихтэй улс онуудад өгсөн зөвлөмж.
Жишээ нь манай улс дунд орлоготой улсын зэрэглэлтэй тэгэхээр энэ шалгуурт шууд орохгүй. Ер нь хэн нэгнээс мөнгө зээлж авчихаад төлж чадахаа больчихвол түүнийг өрийн дарамт, хүндрэл гэхээс биш үнэндээ хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилт юм. Иймээс өрийн хэмжээнд аливаа хязгаар тавихаас илүүтэйгээр тухайн эх үүсвэрийг юунд зарцуулах, эдийн загсийн өгөөж нь хэзээ гарах, зээлийн эргэн төлөлтийг аливаа хоцрогдолгүйгээр төлж барагдуулж чадах эсэхэд л илүүтэй анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу.
Тэрээр ийн хариуллаа. Дашрамд дурьдахад улсын өр буюу Засгийн газар, Монголбанкны гадаад өр 2013 оны 2-р улирлын байдлаар 2012 оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж 4.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд хувийн хэвшлийн нийт гадаад өр энэ оны 2-р улиралд өмнөх оны мөн үеэс 3.8 тэрбум ам.доллараар нэмэгдэж 12.7 тэрбум ам.долларт хүрсэн.
Л.Баатархүү