Өнгөрсөн онуудын сонин эргүүлж суутал сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэнгийн Өнөөдөр сонины 2012 оны нэгэн дугаарт бичсэн “Шонхороороо бахархахын учир хийгээд улс төрийн золиос” гэсэн гарчигтай нийтлэл нүднээ туслаа. Лавшруулан харвал …Түүх соёл, нүүдэлчин ахуй, их хаадын түүхтэй салшгүй холбоотой шонхор шувуундаа монголчууд үнэн сэтгэлээсээ хайртай гэдгээ дэлхий дахинд зарлав… шонхорыг Үндэсний бахархалт шувуу болгон тунхаглалаа” гээд… идлэг шонхорын сүр хүч, үзэсгэлэнг гайхан шагшиж, Хишигт жигүүртэн, хэдэн зууны турш хүндэтгэн дээдэлсэн, отог омгуудын шүтээн шувуу, монголчуудын эрч хүч, эв нэгдлийн билэгдэл… шонхорыг байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлгэдэл болгон заллаа гэжээ.
Энэхүү нийтлэл нь түүх уламжлалаа сэргээж, шонхрыг хамгаалах талаар чухал асуудлуудыг хөндсөн ач холбогдол бүхий сэдэв байсан учраас өгүүллийнхээ оршил болгон тэмдэглэв. Уг нийтлэлийг уншаад шонхор шувууг хамгаалахад хувь нэмэр оруулж чадахгүй ч гэсэн түүх уламлалаа сэргээн, дүрс баримлыг нь ч болов хамгаалах юмсан гэх сэтгэлийн үүднээс дараах зүйлийг тэмдэглэн бичлээ. Түүхийн хуудас сөхөн үзвээс нэрт түүхч, академич асан Чулууны Далай Хамаг Монгол улс номондоо “Хиад боржигин овгийн гол шүтээн бол Цагаан шонхор байсан гэнэ. Цагаан шонхор бол угаасаа талын монголчуудын эрхэмлэж байсан онгон шүтээний нэгэн мөн” билээ гэж бичсэн байдаг бол түүхч Н.Ишжамц Хиад боржигиний төрийн билэгдлийн талаар бичихдээ …Хамаг Монгол улсын төрийн сүлд нь Есүхэй баатарын боржигин овгийн цагаан шонхор сүлдний үндсэн дээр тулгуурлан хийгдсэн байв …төв дунд нь шунган нисч яваа цагаан шонхорын дүрс бүхий гурвалжин хөх дарцаг хийлгэж Хөх Монголын хөх туг болгон мандуулсан ажээ гэсэн байдаг. Эдгээр түүхчид Есүхэй баатрын тахиж байсан цагаан шонхрын дүрсийг эзэн Чингис хаан уламжлан авч Хиад боржигины төрийн билэгдэл болгон онголсон нь Хамаг Монгол улсын онгон шүтээн болон дээдлэгдсээр ирснийг түүхийн үүднээс тодорхойлон бичжээ.
Түүхчдийн эдгээр тэмдэглэл нь Хэрлэний Хөдөө аралд оршин байдаг Шонхор шувууны нэгэн хадан дүрсний түүх, түүний гарал үүслийг тоймлон биччихсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн болно. Учир нь: Хэрлэний Хөдөө арал бол Хиад боржигины уугуул нутаг бөгөөд уг овгийн ихэс дээдэс уугуул нутагтаа үе улиран амьдарсаар ирсэн нь тодорхой хэрэг. Тухайлбал Тэмүжин-Чингис хаан Хиад боржигин төвтэй Хамаг Монгол улсыг эмхлэн нэгтгэсэн нутаг. Хиад боржигиний энэхүү түүхт нутагт Тэмүжин-Чингис хааны гэр бүл наад тал нь бүхэл бүтэн 50 жил амьдарсны дээр Есүхэй баатар Ван хаантай хамт айлсан амьдарч байсан нутаг ус нь хүртэл нэр усаараа оршин байдаг юм. Мөн эзэн Чинисийн өвөг Бардан баатар нутаглаж байсан түүхийн мэдээ ч байсаар байдаг. Хэрлэний Хөдөө аралд Их Монгол улсын анхны нийслэл Ауруг орд оршин байдгийг мэдэхгүй хүн бараг байхгүй биз. Тэгвэл анхны нийслэлдээ Их хуралдай чуулж, хар, цагаан сүлдээ мандуулж байсан нь мэдээжийн хэрэг бөгөөд Цагаан шонхорыг сүлдэндээ залан мандуулах болсон нь төрийн ёслол, хүндэтгэлийн анхдагч нь буюу Нирун Хиадын үеэс дээдлэн тахиж ирсэн Монгол төрийн билэгдлийн онгон шүтээн мөн болохыг уг арлын газар нутгийн түүх батлан гэрчилсээр байдаг. Тэгээд ч Шонхорын энэ дүрс Тэмүжинийг Хамаг Монголын хаанд өргөмжилсөн арван гурван хүрээний тахилгат хайрханы урд өвөрт, эзэн Чингисийн өвөлжөө бүхий Их Хайлантайн аманд оршин байдгийг дурдваас зохилтой.
Товчлон хэлэхэд Хэрлэний Хөдөө аралын түүхэн нутагт өвөг дээдсийн маань хэлбэршүүлэн мөнхөлж үлдээсэн энэхүү Шонхорын дүрс оршин байгаа хэлбэрээрээ эрт эдүгээгийн түүхийг өгүүлсэн соёлын үнэт өв болох нь тодорхой харагдана. Манай монголын ард түмэн эрт дээр үеэс нааш “Амны билэгээс ашдын бэлгэ гэдэг” утгаар араг шиг бөөрөнхий чулуу байсан ч хонин чулуу гэх буюу хэлбэр дүрсээр нь мэлхий хад, хаа нэгтэйд бүр Ленин хад ч гэх мэтээр байгалийн чулууг хэлбэр дүрсээр нь билэгшээсэн нэр өгөн дээдэлж ирсэн түүхтэй улс. Хэдий тийм боловч цагаан шонхорыг төрийн сүлдэндээ залсан түүхэн нутагтаа оршин байгаа билэгдлийн энэхүү дүрсийг огтоос хайхарч үзэхгүй байгаа нь гайхшрал төрүүлнэ. Учир нь ийнхүү дүрс оршин байдгийг хүмүүс мэддэггүй буюу мэддэг зарим нь ердийн зүйл мэт үзэн, хэнэггүй байдлаар тоож үздэггүй юм болов уу гэж бодсоны улмаас нийтэд сурталчилж байгаа маань энэ. Шонхорын энэхүү дүрсний дэргэд эрт үеийн хэдэн булш зэрэгцэх шахам байдаг нь ч ямар нэгэн байдлаар холбоотой байхыг ч үгүйсгэхийн аргагүй мэт сэтгэгдэл төрүүлдэг юм. Тиймээс эрх бүхий түүхийн болон Соёлын яам зэрэг байгууллагаас уг дүрсийг судлан сурталчилж байгальд байгаа түүхийн дурсгалт зүйлээ хамгаалаасай билээ хэмээн сэтгэж үүнийг тэмдэглэн бичив.
Ахмад настан Ю.Пүрэв