Улсын гавъяат алдарт зохиолч С.Буяннэмэх “Үндэсний уран зохиолчдыг биеэр байгуулан бүтээж, өдий төдий залуус лугаа нөхөрлөн тэдгээрийг зохиолч болгохын тулд элдвээр сурган ухуулж, үлгэрлэн зааварлаж, одоо бодоход өчнөөн зохиолчид төрөн гарсан байна. Ший жүжиг үгүй байсан үеэс ший жүжигтэй болгон зүтгэсэн ба зохиолч хэмээх нэгч хүн илрээгүй байхаас эхлэн жүжгийн зохиол, уран зохиолуудыг үйлдэж, олон нийтийн дундах авъяастнуудыг сэргээн татахыг ямагт сэдэвлэн биеэр үлгэр жишээ гаргаж өгсөөр, шүлэг зохиолын журам ёсыг зааварлан нийтэлж ирсэн. Мөн жүжигчин, найруулагчдыг биеэр удирдаж, цэнгэлдэх хүрээлэнгээс аван төв театр болон болтол түмэн зүдрэлийг үзэж ирсэн бөгөөд эдүгээгийн нэртэй жүжигчин нарын дотор анх ямар байхаас оролдон ирснийг мэдэх хүмүүс хэвээр байсаар болой. Элдэв зүйлийн уран сайхны үдшүүдийг зохион байгуулж байсан ба аливаа нэгэн шинэ тулгамнээгдэх бүрт миний бие эхлэн оролцож, хэл дээр гартал, хүмүүжиж биелтэл түшиж тулж явлаа. Энэ хэр олон театр клубуудээр ший жүжиг зохиож өгөх, мэргэжилтэй зохиолчид туйлын ховор учир ямагт жүжиг зохиолын гачигдал тохиолдон байдаг тул жүжгийн зохиолчдыг бэлтгэх нь чухал хэмээн үзэж, өнгөрсөн намраас эхлэн соёлын ордны газраа уран зохиолчдын хоёр анги, хичээлийн бүлгэм байгуулж, төв театрын мэррэжилтэн нөхрөөр хоног тутам заалган, миний бие өөрөө дотно оролцон удирдаж байлаа. Уран зохиолчдыг урьд ийнхүү сургаж хичээллэж байсан удаа хэзээ ч байгаагүй” хэмээн 1937 оны эхээр учирлан бичиж байжээ.
Зохиолч С.Буяннэмэх 1929 оны 1-р сарын 9-нд Монголын зохиолчдын анхны байгууллага болох “Уран зохиолын бүлгэм”-ийг Дунгарын Чимидийн хамт удирдан байгуулж улмаар 1933 онд уран сайхны чуулганы даргаар, 1934 онд Монголын үндэсний зохиолчдын холбооны товчооны даргаар сонгогдон ажиллаж байснаас үзэхэд зохиолчдын дунд тэргүүлэх байртай байсан нь харагдаж байна. Тухайн үедээ уран бүтээлийн туршлага, мэдлэг боловсролоор бусдаасаа давуу байсан учир хамгийн нөлөөтэй зохиолч байв. Зохиолчдын байгууллагыг үүсгэхэд голлох үүрэг гүйцэтгэж, санал зөвлөгөө өгч шинэ цагийн анхны зохиолыг хөгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн юм.
“Зохиолч С.Буяннэмэх уран зохиолын дугуйланг байн байн сэргээн удирдаж байв” гэж ахмад зохиолчид дурсан бичсэнээс үзэхэд зохиолчдын байгууллагыг бэхжүүлэх, залуу уран бүтээлчдийг хүмүүжүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж байсан нь илэрхий байна. Тэр үедээ Монголын соёлын хамгийн том төв болж байсан “Бөмбөгөр ногоон” театрын баруун жигүүрийн нэг өрөөнд уран зохиолын бүлгэмийн гишүүд долоо хоног тутам цуглахад зохиолч С.Буяннэмэх шүлэг, өгүүллэг бичих арга ухаан, уран зохиолын онол эрдмээс ярьж, зохиол бүтээлийг нь хэлэлцүүлэн, хэрхэн яаж засах талаар зөвлөж, зохиол бичиж сургахыг хичээдэг, тэгэхдээ утга уянга сайтай бичүүлэхийг чармайдаг байжээ. Мөн тодорхой сэдэв өгч, таван минутын хугацаанд шүлэг зохиолгож, өөрөө бас хамтран зохиолцдог уламжлал тогтоожээ.
Эрдэмтэн судлаач С.Лувсанвандан Зохиолч С.Буяннэмэх зохиолчдын уран бүтээлийн өвөрмөц хэлбэр “Таван хором”-ын шүлгээс эхлээд уран бүтээлийн үдэшлэг, шүүмжлэлийн хурал, радио нэвтрүүлгийг зохиож, 1933 оноос “Уран сайхны чуулган”-ыг зохион байгуулан удирдаж, залуу авъяастан нарын зохиол бүтээлийг хэлэлцэж байжээ” гэж 1987 онд бичсэн “Монголын уран зохиолын дэвшил, социалист реализм” номондоо тодорхойлон бичжээ. Мөн энэ тухай эрдэмтэн зохиолч Э.Оюун“1934-1935 онуудад С.Буяннэмэх, Ш.Аюуш нар зохиол оролдох хүсэлт сонирхол бүхий залуучуудтай цэнгэлдэх хүрээлэнгийн нэгэн өрөөнд долоо хоногт хоёр удаа хичээллэдэг байсан. Тэгэхэд тэр бүлгэмд Д.Сэнгээ, Д.Цэвэгмид, Л.Цэнд-Очир, Ц.Зандраа нарын хүмүүс уран зохиол оролдох анхныхаа алхамыг хийж байжээ. С.Буяннэмэх, Ш.Аюушийн энэ хичээлүүд их л сонирхолтой байсан бөгөөд хүмүүсийн уран сэтгэмжийг хөгжүүлэх, үгийн баялгийг шалгах зорилгоор болов уу гэмээр “Таван минутын шүлэг” бичдэг байсан нь одоо тод санагдаж, тэд нөхөд маань залуу залгамж үеийнхээ төлөө санаа тавьж, сайхан сэтгэлээр хандаж байсан нь бахархалтай байна” хэмээн 1969 оны Уран үгсийн чуулган”-д дурсан бичжээ.
“Зохиолч С.Буяннэмэх уран бүтээлийн туршлага, онолын мэдлэг аль алинаар тухайн үеийн олон зохиолчдыг уран бүтээлийн замд хөтөлсөн бөгөөд С.Буяннэмэхийн гэрээр нь байн байн очиж, уран зохиолын онол шүүмжлэлийг сонсон түүнээс бага биш зүйлийг сурч авсан” гэж Ардын уран зохиолч, Академич Ц.Дамдинсүрэн дурсан ярьсан нь үүний гэрч юм.
Мөн ахмад зохиолч Д.Сүрьеэ гуай: Зохиолч С.Буяннэмэх гуай залуучуудын соёлын ордонд бараг орой бүр ирж, лекц унших, залуучуудтай уулзах, уран зохиолын дугуйланд хичээл заах, жүжгийн дугуйланд зөвлөгөө өгөх зэргээр юм юманд оролцдог маш идэвхтэй хүн байсан гэсэн дурсамж надад үлджээ гэжээ.
Ахмад зохиолч П.Хорлоо: “Таван минут”-ын шүлэг бол тэр үед зохиол бичиж сурахаар авъяас билгээ сорьж байгаа залуучуудыг дадлагажиж яваа ахмад хүмүүс нь биеэр дагуулах өөрсдийнхөө уран бүтээлээр нөлөөлөн сургах зорилготой байсан юм. Энэ нь нэг ёсондоо уран зохиолын лаборатори байсан бөгөөд түүнийг зохиолч С.Буяннэмэх удирдаж байсан юм.
Ер нь өнөөгийн бидний шүтэн биширдэг олон том зохиолчид тэр үед түүний өмнө хүүхэд адил босч зогсоод шүлгээ уншаад зөвлөгөө авдаг байсан бөгөөд зохиолч С.Буяннэмэх ч үнэн сэтгэлээс хандан зөвлөдөг байжээ. Үүний нэг тод жишээ нь зохиолч Мөнгөний Чимидийн дурсамж юм. 1935 оны өвлийн нэг өдөр, жижигхэн тасалгаанд арваад хүн ямар нэг юм хүлээсэн мэт дуугүй сууцгаана. Д.Сэнгээ, Л.Цэнд-Очир, Ц.Зандраа бид дөрөв нэгэн буланд сууж байв. Гэнэт олны нүд үүд рүү шилжиж, баясгалан тодров. Дугуй минжин малгайтай торгон дээлтэй дунд зэргийн нуруутай гоёмсог хүн орж ирэнгүүт толгой дохин мэндлээд “Би нөхдийг хүлээлгэчихэв үү?” гэж эелдэгээр өгүүлээд цугларсан хүмүүсийн дундуур явж голын сандалд суумагц нүднийхээ шилийг авч дэргэдээ тавиад олны зүг харснаа “Нацагдорж, бүртгэлээ” гэв. Манай багшийн сургуулийн дэлхийн байдлын багш бага Нацагдорж нэгэн зурвас цаасан дээр бичсэн нэрс үзүүлэв. Буяннэмэх гуайн өмнө багш маань хүүхэд адил зогсож байхад, энэ яасан сүрхий хүн бэ? Эрдэмтэн хүн ийм байдаг байж гэж бодож байж билээ.
Буяннэмэх барьж ирсэн хуучираа ширээ түшүүлэн тавиад их аажуу хөдөлгөөнөөр ийш тийш харснаа, зохиолчдын дугуйлангаас гаргасан ханын сонин өлгөөтэй байсныг сайн ажиглаад “Хос уянгын шүлэг бичээ юу” гэж асуухад, “Тийм ээ” гэж хариулав. Тэр үед хүмүүсийн анхаарал сонины зүг татагдав. Ажиглан харвал гонзгой цагаан дээр зурсан цэцгийн хоёр талаар хоёр хоёр мөр нэг бадаг шүлэг бичсэн байлаа. Тэр үед хос уянгын шүлэг гэдэг бол байгалийн гоо сайхныг нэг юм уу, хоёр мөрөөр бичээд, хүн нийгмийн амьдралыг мөн адил мөрөөр хослон өгүүлж бичихийг хэлдэг байсан юм.
Буяннэмэх гуай юуны тухай яаж бичих тухай ярихдаа “Манай Монгол улсын эдийн засгийн үндэс бол таван төрөл мал сүрэг юм. Өөрөөр хэлбэл, Монголын таван эрдэнийн тухай бичих хэрэгтэй “ гэж товчхон ярьсны дараа тэдгээр цугларсан хүмүүс, урьдах заншлаараа дор бүрдээ бичицгээв. Тэр үед 10-15 минутын дотор бичээд, бичсэн зүйлээ дэс дараалан уншина. Ямар болсон тухай ээлж дарааллан ярилцана. Хамгийн сүүлд нь Буяннэмэх дүгнэж хэлээд, ханын сонин дээр гаргах уу, намын үнэн сонинд уран зохиолын буланд юм уу, ер нь хаана яаж хэрэглэхийг хэлж өгнө. Заримыг нь засах тухай зөвлөн хэлнэ.
Тэр өдрийн бичих сэдвийн ёсоор “Манай сүрэг” гэдэг нэртэй хорин найман төр шүлэг бичсэн юм. энэ үед нэг бол толгой, эсхүл сүүл холбон, эсхүл эхний буюу сүүлийн үгийг давтан бичдэг байсан. Тэр өдрийн хичээл дууссан бөгөөд миний бичсэн “Манай сүрэг” гэдэг шүлгийг хэвлүүлсэн юм.
Мөн 1933 оны үед болоход уран зохиолын судлал шүүмжлэлийн салбарт нэг шинэ хэлбэр нэмэгдсэн нь “Уран зохиолын хурал” гэдгийг зохион явуулж, зохиолуудыг шүүмжлэн хэлэлцэх ажлыг өрнүүлж, энэ ажлыг С.Буяннэмэх удирдаж байлаа. Энэ ажил үлэмж идэвхтэй явагдаж байсан нь 1933 оны 9-р сараас 1934 оны 10 сар хүртэл 8 удаа, 1934 оны 10 сараас 1935 оны 3 сар хүртэл 14 удаа хийснээс үзэхэд илэрхий байна.
Зохиолч С.Буяннэмэхийн зээ Лувсандашийн Амгалан