Saturday, November 23, 2024

Шударга ёсыг сануулсан Ерөнхийлөгчийн “Илгээлт”

Date:

Хулгай гэдэг зөвхөн эс өгснийг авах үйлдэл төдий биш. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдөдөө давуу байдал үүсгэн улсын мөнгө шамшигдуулахаас эхлээд бусдын боломжийг ёс бусаар, хуул бусаар дээрэмдэж буй үйлдэл бүхэн хулгай ч мөн, авлига ч мөн. Энэ өнцгөөс харвал манай боловсролын салбарт хулгай тэр чигтээ нүүрлэсэн. Хамгийн том хулгай нь гадаадын их сургуулиудад төрийн сангийн зээл болон Засгийн газрын тэтгэлгээр сурах залуусын боломжийг булааж буй бугшсан бусармаг явдал юм. Эрх мэдэлтэн, дарга ангийнхан, УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдийн хүүхдүүд, ах, дүү, хамаатан садангаа гадаадад тэтгэлгээр, төрийн сангийн зээлээр сургахдаа арын хаалга, авлигын чанартай үйлдэл гаргасан нь хэдэн арваараа батлагдаж, нотлогдсон. Гадаадын их сургуулийн тэтгэлэгт тэнцсэн эгэл ардын хүүхдийн өмнүүр сайдын хамаатан садны хүүхэд гэнэт “тодорч” гарч ирээд хуваарийг нь аваад явчихсан саяхны жишээг нэгэн их сургуулийн багш хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ. Энэ бол зүгээр л наад захын жишээ юм. Ардчиллын 30 жил, түүнээс өмнөх социализмын үед ч ийм увайгүй дээрэм, хулгай боловсролын салбарт бугшиж байв. Эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойроороо дарга нарын хүүхдүүд л гадаадад сурдаг бичигдээгүй хуулийг өнөөгийн ардчилагчид өөрчилж чадаагүй, харин ч өөрсдөө тэрхүү гажиг тогтолцооныхоо эрэг шураг болцгоосон юм. Холын жишээ дурдаж уншигч таныг чилээхгүй. Ойрын баримт ердөө дэргэд байна. Шадар сайдын хүү гадаадад тэтгэлгээр сурах болсон нь олны шүүмжлэлд өртсөн, УИХ-ын гишүүний хүү төрийн сангийн мөнгөөр гадаадад сурч ирчихээд зээлээ төлөөгүй атлаа төрийн байгууллагад өндөр алба хаших болсон нь мөн л асуудал дагуулсан зэргийг дурдахад хангалттай.

Боловсролын зээлийн сан 1997-2012 оны хооронд төрийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэний нэрсийг зарлаж байв. Мөн АТГ хүүхдүүдээ улсын зардлаар гадаадад сургасан төрийн өндөр албан тушаалтнуудыг 2018 онд зарласан. Гуравхан жилийн өмнөх мэдээлэл тул хэрэг хуучирдаггүйн жишээ болгож заримыг нь дурдахад, Иргэний нисэхийн ерөнхий газар өөрийн зардлаар гадаадад мэргэжилтэн сургаж, хүний нөөцөө бэлтгэдэг ч энэ тэтгэлэг нь авлигын нэг сүлжээ болсон байжээ. Тухайлбал, тус газрын тэтгэлгээр гадаадад сурсан 16 оюутны эцэг, эх нь Зам тээврийн яам, ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээд байжээ. Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд Б нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд Т нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, УБТЗ ХНН-т орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд Б нь Австрали улсын Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежмент чиглэлээр тус тус суралцахаар сургалтын төлбөрөө төлүүлсэн байжээ. Эрхтэн дархтан, дарга даамлуудын хүүхдүүд ийнхүү улсын мөнгөөр гадаадад суралцдагийн жишээ энэ юм.

Жилийн өмнө буюу 2020 оны гуравдугаар сард олон нийтэд хүрсэн мэдээллээр бол Төрийн сангийн мөнгөөр гадаадын их дээд сургуульд суралцах гэж боловсролын сангаас зээл авсан 1860 оюутан байгаагаас 179 хүн авсан зээлээ төлөөгүй сураггүй алга болжээ. Эдгээр 179 хүний зээлийн үлдэгдэл 4.5 сая ам.доллар болжээ. Зээлээ төлөөгүй хүмүүсийн дотор өдгөө төрд өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс болон улстөрчдийн хүүхдүүд байгаа нь анхаарал татна. Боловсролын зээлийг тэр дундаа гадаадад сурах сургалтын төлбөрийн зээлийн ихэнхийг улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс авдаг нь энэ баримтаар мөн илэрч, нотлогдсон юм. Тухайлбал, Барилга хот байгуулалтын яамны Х. Баделханы хүүхэд Арна, Галия нар 2004 онд АНУ-ын Де Врай их сургууль болон Английн худалдааны сургуульд суралцахаар тус бүр 32.000 ам.доллар зээл авч суралцсан. Гэвч тэд зээлээ төлөөгүй байна. Тэдний зээлсэн мөнгийг өнөөдрийн Монголбанкны ханшаар бодвол 176 сая 896 мянган төгрөг болж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү, эдүгээ ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Анхбаяр2004 онд 34.000 ам. долларын зээл боловсролын сангаас авч Шинэ Зеланд улсын Виктория их сургуульд суралцсан. Мөн өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байгаа. Тухайн зээлийн мөнгө нь Монгол банкны ханшаар 93 сая 976 мянган болж байгаа аж. УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн хүү Мөнхдэмбэрэл 2009 онд 32.000 ам. долларын тэтгэлэг авч Япон улсад Ази номхон далайн сургуульд суралцсан. Бас л зээлээ төлөөгүй. Зээлийн мөнгө нь Монгол банкны ханшаар 88 сая 448 мянган төгрөг юм байна.

Монгол Улсын Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Золбоо 2006 онд АНУ-ын Индиангийн их сургуульд суралцахын тулд 16.000 ам. долларын зээл авчээ. Мөн л зээлээ төлөөгүй байна. Тус зээлийн мөнгийг Монгол банкны ханшаар тооцоход 44 сая 224 мянган төгрөг. Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайгийн охин Оюунчимэг 2003 онд Канад улсын Ватерлоо их сургуульд суралцахаар 32.000 ам. долларын зээл авсан ч зээлээ төлөөгүй байна. Түүний төлөх мөнгө нь 88 сая 448 мянган төгрөг юм. Сангийн сайд асан С.Баярцогтын дүү нар болох С.Баярхишиг, С.Баярбат, С.Баярмаа нар боловсролын сангаас тус бүрдээ 32.000 ам.доллар зээл авч суралцсан байна. Нийтдээ 96.000 ам.доллараар суралцжээ. Харин С.Баярхишиг боловсролын сангаас авсан зээлээ төлөөгүй байна. Жилийн өмнөх байдлаар 88 сая 448 мянган төгрөг төлөөгүй байв. УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн охин Нямцэрэн 2001 онд АНУ-д суралцахаар 18.000 ам.доллар авсан ч зээлээ төлөөгүй байна. Түүний төлөх зээлийн дүн Монгол банкны ханшаар 49 сая 752 мянган төгрөг юм байна.

Эндээс харахад эгэл жирийн ардын хүүхэд төрийн сангийн зээл, Засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурна гэдэг хүршгүй  хол, баршгүй бэрх зүйл болчихоод байв. Гадаадын их сургуулийн тэтгэлэгт хамруулахын тулд авлига авдаг сүлжээ хүртэл бий болсон дуулддаг. Авлига, арын хаалга бугшсан энэ салбарт гэрэл гэгээ тусгасан нэгэн мэдээлэл түгсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр юм. Монгол Улсын 330 гаруй сум, нийслэлийн 170 гаруй хороо бүрээс нэг нэг хүүхдийг шалгаруулан гадаадын шилдэг их сургуулиудад сургах гэж байгаа нь урьд өмнө байгаагүй өргөн цар  хүрээтэй тэтгэлэгт хөтөлбөр болов. Хүүхдүүдийг шударга, ил тод шалгуураар тодруулсан зарчим нь ч, нэг дор 500 хүүхдийг зэрэг тэтгэлэгт хамруулж байгаа цар хүрээ нь ч зөв, сайн жишиг тогтоож байна. Тиймээс тэтгэлэгт хөтөлбөрүүдэд үр хүүхэд, ах дүүгээ шургуулж амташсан эрх мэдэлтнүүдэд Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” шударга ёсны хатуу сануулга, авлига, хээл хахууль, арын хаалганд цэг тавих илчлэлт болов. Боловсролын салбар авлигагүй, шударга, ил тод, зөв, үнэн байж гэмээнэ улс орны ирээдүйд гэрэл асна, гэгээ тусна. Энэ гэрлийг Ерөнхийлөгч улам илүү хурц тод болголоо. Цаашид боловсролын салбарын аливаа тэтгэлэг “Илгээлт-2100” шиг шударга байх ёстой гэдгийг олон нийт ойлгож, мэдрэв. Ийм байж чадалгүй 30 жил явсныг, шударга ёсыг тогтоох хүсэл зориг эрх мэдэлтнүүдэд огт байгаагүйг бас илчлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...