Sunday, November 24, 2024

Н.Баярсайхан: Хамтын оролцоотой байгаль орчны мониторингийг практикт туршсан аргачлал, сайн жишээ бий болсон

Date:

Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор орон нутгийн засаг захиргаа, нөлөөллийн бүсийн малчин иргэд болон компани, аж ахуйн нэгжүүдийн хооронд үл ойлголцол, зөрчил, маргаан үүсэх нь элбэг байдаг. Ийм тохиолдолд гурван талын хамтын оролцоотойгоор байгаль орчны мониторинг хийх менежментийн шинэлэг арга хэлбэрийг Монголд анх удаа гурван суманд туршилтаар хэрэгжүүлжээ. Энэ талаар “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай ярилцлаа.

-Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг төслийг хэрэгжүүлэх гурван сумаа хэрхэн сонгосон юм бэ. Тухайн сумдын онцлог юу байв?

-Энэ төсөл маань Төв аймгийн Баянжаргалан суманд “Цэцэнс майнинг” гэж нүүрсний компани дээр хэрэгжиж байгаа. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд баяжуулах үйлдвэрийн төсөлд, мөн Дорноговь аймгийн Айраг суманд жонш баяжуулах болон олборлох төсөлд хэрэгжиж байгаа. Энэ гурван сумыг яагаад сонгосон бэ гэхээр Даланжаргалан сум бол Монгол Улсын хамгийн олон уул уурхайн лицензтэй сум. 100 шахам лицензтэй, бас баяжуулах, боловсруулах үйлдвэр ч олонтой. Төмөр зам дагасан болохоор экспортын зам ч дайрдаг. Айраг суманд уулын баяжуулах Хар Айрагийн үйлдвэр гэж эртнээс байсан. Бас баяжуулах үйлдвэр олонтой. Дорноговь аймгийн энэ хоёр сум хоёулаа олборлох уурхай олонтой. Төв аймгийн Баянжаргаланг яагаад сонгосон гэхээр дан нүүрсний лицензтэй. Тэр нүүрсний уурхайнуудаас гурав нь ажиллаж байгаа. Хоёр компани нь нөхөн сэргээлт хийгээгүй хаяад явчихсан. Нүүрс олборлолтоос гүний усны шүүрэл ихтэй байдаг онцлогтой.

-Гүний усны шүүрлийг яаж шийддэг юм бол?

-Шүүрлийн ус задгай талбайд хаягддаг асуудлаас л орон нутгийн засаг захиргаа, малчин иргэд болон компанийн хооронд хэдэн жил дамжсан зөрчил үүссэн байсан. Бидний сонгож авсан “Цэцэнс майнинг” компанийн хувьд тоног төхөөрөмж, олборлолт, кэмп зэрэг бол үлгэр жишээ сайн. Орон нутгийн иргэд, Баянжаргалан сумын малчид, компанийн хооронд гол үүсдэг зөрчил, маргаан нь шүүрлийн усаа задгай талбайд урсгадаг явдал. Ингэж шүүрлийн усаа задгай асгахаар хавар хайлаад урсахаараа газар нь дэвтээд шавар шавхай болдог. Нэгэнт задгай усны нөлөөгөөр хавар эрт ногоо гардаг учраас мал ногоо идэх гэж очоод шаварт унах ч бий, энэ нь малчдад эдийн засгийн хохиролтой асуудал үүсдэг байна. Технологийн хувьд эднийх яах ёстой юм гэхээр уурхайн далан үүсгээд тэр усаа эргүүлээд эдийн засгийн эргэлтэд оруулах ч юм уу, ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай. Шивээ говийн нүүрсний уурхайн шүүрлийн усны “Хаялга нуур”-ын ус бол ингэж ашигласан сайн жишээ. Шивээ говь социализмын үеийн уурхай шүү дээ. Адилхан л гүний ус шүүрч байсан.

Тэднийх шүүрлийн усаараа маш том нуур үүсгээд тэндээ загас үржүүлсэн. Нутгийн иргэд “Хаялага нуур”-ын усаа түшиглээд ногоо тарьсан. Хаялгын ногоо төмсийг Чойр, Дорноговь  аймаг руу, мөн Улаанбаатар хот руу нийлүүлж байгаа.

Баян, Баянжаргалангийнхан ч яг үүн шиг юм хийж болохоор байгаа. Гэтэл ил задгай асгаад байдаг. Гүний усыг шүүрүүлж асгаад байгаа учир худгийн усны түвшинд нөлөөлж магадгүй гэдэг хардлага, айдас малчдад байдаг. Нөгөө талаасаа хавар мал ус шаварт шигдэж үхээд байдаг нэг бэрхшээл бий. Мөн малчид “Цэцэнс майнинг” компанийн урдуур сум руугаа очихын тулд 25 км явдаг байсан бол одоо шүүрлийн усыг тойрч явахад багадаа 50 км тойрдог болсон гэх мэт ийм асуудал байсан. Үүн дээр талуудын хооронд үл ойлголцол, зөрчил маргаан гараад байсан. Компани болгон жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө БОАЖЯ-аар батлуулаад хэрэгжүүлдэг. Гэтэл яг газар дээрээ иргэд, ялангуяа нөлөөллийн бүсийн иргэд гомдолтой, компани хооронд зөрчилтэй байгаад байдаг. Нутгийн иргэд их л сайндаа, хамгийн сайн зохион байгуулалт хийлээ гэхэд компанийн гадаа очиж жагсана. Засаг даргадаа өргөдөл гаргана. Тэр нь шийдэгдэхгүй. Ингээд олон жил болчихож. Тэгэхээр энэ мэт байгаль орчны олон олон асуудал тухайн төслийн ямар ашигтмалтмал, ямар технологиор, ямар бүсэд олборлож байгаагаас шалтгаалаад янз бүрийн сөрөг нөлөөлөл гардагийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм.

-Тэр шийдлийг нь та нар санал болгосон юм байна гэж ойлголоо?

-НҮБХХ-ийн “”Байгаль орчны засагалал” төслөөс орон нутаг дахь уул уурхайн оролцогч талуудын зөрчлийг яаж шийдвэрлэх вэ, үндэсний онцлогт тохирсон арга хэрэгслийг хэрхэн гаргах вэ гэдэг нээлттэй тэтгэлэг 2020 онд зарласан. Урьд нь 2011 оноос манай байгууллага нутгийн иргэдтэй хамтран Компаний байгаль орчны үүргээ хэрэгжүүлж байгаа дээр нь хяналт үнэлгээ хийдэг чек лист буюу үнэлгээний карт боловсруулан хэрэглэдэг байсан юм. Тэрнийгээ улам өргөжүүлээд аргачлалаа бичээд, саналаа өгсөн нь дэмжигдсэн. 2020 онд аргачлалаа гаргаад, дээр дурдсан гурван суманд төслөө хэрэгжүүлээд явж байгаа. Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг гэдэг бол Монголд шинэ юм биш. Хамтын оролцоо гэдэг олон хэлбэртэй. Хоёр тал хамтарч болно. Гурван тал бүр дөрөв, таван тал ч хамтарч байна. Манай боловсруулсан байгаль орчны хамтын оролцоотой мониторинг бол дараах онцлогтой. Тухайн төсөл хэрэгжсэнээр байгаль экологийн өөрчлөлт гарч түүнээс болоод талууд хооронд маргаан, зөрчил, үл итгэлцэл үүсэж байна шүү дээ.

Нутгийн захиргаа, иргэд, компани гэсэн гурван тал нэг ширээний ард суугаад үүсээд байгаа зөрчил, маргааны учир шалтгаан юунд байна вэ гэдгийг эхлээд олж тогтооно.

Бичиг баримтандаа байна уу, хуульд байна уу, хэрэгжүүлж байгаа механизмдаа байна уу, төрөөс тавьж байгаа хяналт шалгалтдаа байна уу? Юундаа байна вэ гэдгийг хэн хэнийгээ буруутгаж, бусад руугаа түлхэж суухгүй гурвуулаа асуудлыг олж, зөрчлийг шийдвэрлэе гээд нэг дор суугаад ажиллах ийм арга. Үүнийг товчдоо зөрчил үүсгэж байгаа “баримтыг хамтдаа олж тогтоон, өөрчлөлт хийх үйл явц” гэж томьёолж байгаа. Өмнө нь орон нутгийн засаг захиргаа компанитай хамтарсан мониторинг хийдэг, тэр нь төрийн хяналт, шалгалт маягтай, эсвэл иргэд, компанитай хамтарсан маягтай л байсан. Эсвэл хөндлөнгийн аудит, мэргэжлийн байгаль орчны чиглэлийн компаниуд үнэлгээ хийдэг байсан. Бидний аргачлалаар бол гол зөрчилддөг гурван тал хамтарч суугаад энэ зөрчил юунаас болж гарч байгаа юм бэ, бидний хооронд үл ойлголцол үүсгээд байгаа гол асуудал юу юм гэдгээ хамтдаа олж тодорхойлно.  Усны асуудал байлаа гэхэд гол асуудал усны чанар юм уу, хүртээмж юм уу, бохирдол уу, олон усны цооног үүсгэсэн явдал уу, ус ашиглаж байгаа технологи нь юм уу, яг юу нь юм гэдгээ тодорхой болгоно. Жишээлбэл, Төв аймгийн Баянжаргалан сум дээр устай холбоотой асуудал үүссэн. Тэгээд гурван тал энэ асуудлаар тойрч суугаад ярилцаж, зөрчлийг шийдвэрлэхийн тулд маргалдаад асуудлыг шийдвэрлэхгүй. Тиймээс мониторингийн аргачлал гаргая, цэгээ тогтооё. Аль аль худаг дээр хэмжихэд усны түвшин багассан уу, үгүй юу гэдгийг мэдэх боломжтой вэ гэж ярилцсан. Малчдыг худгаа өөрсдөө сонго гэсэн. Тэгээд гурван худаг сонгосон. Хоёр нь уул уурхайн нөлөөллийн бүсэд, нэг нь уурхайн нөлөөлөл байхгүй харьцуулалтын цэг байх боломжтой худаг сонгосон. Гурван тал ярьж байгаад усны түвшинг ямар багажаар хэмжих, хэнээр мониторинг хийлгэх зэргээ сонгосон. Ингээд тухайн худгаас өдөр бүр малаа усалдаг малчид өөрсдөө хэмжилт хийж эхэлсэн. Сар бүхний эхний арав хоногт өглөө бүр худгаас мал ус уугаагүй байхад хэмжиж байгаа юм. Үүний зэрэгцээ бэлчээрийн ургамал дээр мониторинг хийсэн. Тухайн орчны ургамапд сөрөг нөлөө үзүүлж байна уу гэдгийг хоёр жил дараалан тодорхой цэг, координат тогтоосон талбайд судалж үзсэн. Ингээд компани, захиргаа, малчны бүлэг нийлсэн ХОБОМ-ын баг байгуулаад тогтсон өдөр очоод хааш хаашаа 2 метр талбай доторх ургамлыг тоолсон. Шимт ургамал нь хэд байна, хогийн ургамал нь хэд байна вэ, ургамал хоорондын зай хэд байна, ургамлын дундаж өндөр нь хэд байна вэ, халцгай газрын хэмжээ нь хэд байна вэ  гээд бүх хэмжилтээ үзэж тэмдэглэж мэдээллийн архив үүсгэнэ. Шинээр ургамал ургаж уу, хуучин байсан ургамлаас нь алга болж уу, сонгосон талбай дотор байгаа бүх ургамлын масс нь хэд байна вэ гэдгийг үзсэн. 2020, 2021 оны намар ийм судалгаа хийсэн. Ингээд талууд бүгд оролцоод баримтыг хамт тогтоогоод, зөрчлийг шийдвэрлэх өөрчлөлт хийх чиглэлээ гаргаад ирж байгаа юм.

-Ямар өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзсэн бэ?

-Өөрчлөлтийг яаж хийж байна гэхээр жишээлбэл “Цэцэнс майнинг” компани дээр бол шүүрлийн усныхаа даланг барья, шинэ төсөл хэрэгжүүлэх ерөнхий санал гарч байна. Далан байгууллаа гэхэд усыг нь ашиглаж байхгүй бол дахиад л дүүрнэ шүү дээ. Тиймээс далангийн усыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм уу, яах юм гэдэгтээ орон нутаг нь бодлогоо гаргая, компани ч далангийнхаа төслийг хэрэгжүүлэх төсөв мөнгө гаргах, ТЭЗҮ хийлгэх, үнэлгээ хийлгэх зардлаа гаргах хэрэгтэй болно. Гэтэл далан тодорхой хугацааны дараа дүүрэх юм бол арав, хорин далан үүсгээд байлтай биш. Тэгэхээр далан байгуулах боломжгүй юм бол технологио өөрчлөх үү гээд хамтын шийдэл хайж байна. Яаж энэ асуудлыг шийдэх вэ гэдэг дээр иргэд ч санаа зовоод, захиргаа ч санаа тавиад ирж байгаа юм. “Баримтыг хамтдаа олж тогтоож, өөрчлөлтийг хийх үйл явц” гэж үүнийг хэлээд байгаа юм. Энэ нь цаашид улам боловсронгуй болоод өөрчлөгдөөд, сайжраад явах юм байна гэж харж байгаа.

-Баянжаргалангийнхан хамтын оролцоотойгоор зөрчилтэй асуудлаа судалж, өөрчлөлт хийх гарц хайж эхэлж. Нөгөө хоёр суманд ямар асуудлыг нь барьж авч шийдвэрлэв?

-Айраг суманд эхний удаад “Яньтай уул” гэж баяжуулах үйлдвэр бүхий компани дээр хамтын оролцоотой мониторинг хийж үзсэн. Мониторингийн багт “Янтай уул” компанийн төлөөлөл, Айраг сумын Засаг даргын Тамгын газрын газрын асуудал хариуцсан ажилтан болон байгалв орчны мэргэжилтэн, түүнийг нь хянадаг сумын Засаг дарга, багийн Засаг дарга нар нэг талаас багтсан. Нөгөө талд “Яньтай уул” компанийн үйлдвэрт хамгийн ойрхон, тэр орчим амьдардаг иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран оролцоод мониторинг хийж үзсэн. Мониторингийн үр дүнгээр тухайн компани дээр Эрүүгийн хуулийн 24-р зүйл буюу байгаль орчны зөрчил илэрсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн замаар шийдвэрлэхээс өөр арга байхгүй, аюултай хог хаягдлаа ил задгай асгасан байсан. Тийм учраас тэдний байгаль орчны зөрчлийн асуудал “баримтыг хамтдаа олж тогтоон, өөрчлөлт хийхээс илүүтэй гэмт хэргийн шинжтэй зөрчил гарсан тул  Экологийн цагдаад өгсөн. Түүнийг МХЕГ, АМГТГ-ын хяналт шалгалт ч тогтоосон асуудал. Компани өөрөө ч үүнийгээ зөвшөөрсөн. Яах аргагүй хамт очоод, шалгаад, мониторинг хийгээд үзэхээр зөрчил нь Эрүүгийн хуулийн заалтад ороод ирж байгаа болохоор өөр аргагүй. Тиймээс олонхиороо шийдсэн. Харин 2021 онд “Мин Ли Да” гэж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай жонш олборлох төсөо хэрэагжүүлж буй компанийг сонгож авсан. Тэднийх байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ нь анхнаасаа хууль бусаар хийгдсэн. Багийн ИНХ-ыг нь хуралдуулаагүй байж хуралдсан гэж худлаа бичиг баримт бүрдүүлээд, тамга тэмдэг хуудуутай байсан нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй ихээхэн тулдаг байсан. Тэгэнгүүт компани ХОБОМ багийн эхний уулзалтаар  2022 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хууль номынх нь дагуу дахин хийлгэе гэдгээ компани илэрхийлсэн. Компани, захиргаа өөрсдөө ухамсраараа бид хийх ёстой юмаа хийгээгүй байсан юм байна. Одоо илүү сайн хийе, иргэдтэйгээ хамтраад тэдний хяналтын доор хийе гэдэгт тохирсон. ХОБОМ бол ийм л аргачлал.

Сая бид аравдугаар сарын эхээр БОАЖЯ, УУХҮЯ, Мэргэжлийн  хяналт, Экологийн цагдаа, ХЭҮК гээд бүх талуудыг газар дээр нь аваачиж ХОБОМ багийн мониторинг хийж байгаа процессыг нь танилцуулж мэргэжлийн зөвлөгөө авсан. Энэ бол маш чухал гэж үзсэн. Компаниуд санаачилга гаргаад, дэмжээд, гарч байгаа тодорхой зөрчлүүдийг арилгахад удирдлагын зөвлөлөөсөө санхүүжилт гаргая, төсөв мөнгө зарцуулъя, нөхцөл байдлыг өөрчилье гэдэг чиг хандлага руу орсон. Нэгэнт уурхайн лиценз 30-70 жилийн хугацаатай учир ХОБОМ хийж, бага дээр нь эртхэн алдаагаа засаад, зөв болгоод явъя гэж байгаа нь гол ач холбогдол юм.

-Талууд нүүр нүүрээ харж суугаад ярилцах, зөрчил, маргаанаа хамтарч шийдэхийн төлөө ажиллах гэдэг яах аргагүй үр дүнтэй гэдэг нь харагдаж байна?

-Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг буюу ХОБОМ-ын давуу тал энэ. ХОБОМ гэж юу вэ гэдгээ дээр хэллээ шүү дээ. Гурван талын оролцоотой байх юм байна. Энэ нь хариуцлага тооцох асуудал биш. Байгаа зөрчил гажуудлыг олж засъя л гэсэн санаачилга, хамтын оролцоо. Хамгийн гол нь ХОБОМ хийх баг бүрдэнгүүт л очоод хяначихдаг юм биш. Иргэд компанийн хэмжээний, нутгийн захиргааны хэмжээний мэдлэггүй шүү дээ. Тэгэхээр иргэд сургалтад сууна. Энэ дээр ямар асуудлууд байна вэ гээд судална. Жишээлбэл, Даланжаргалангийн иргэдийн дунд уул уурхайгаас үүдэлтэй ямар бэрхшээл байна вэ гээд санал асуулга явуулж, судалгаа хийсэн. Мөн веб мониторинг хийж Даланжаргалантай холбоотой уул уурхайн зөрчил, маргааны мэдээлэл хэвлэлд хэр гарч байв гэдгийг гаргаж ирсэн. Иргэд, орон нутгийн захиргаанаас мэдээлэл аваад, уул уурхайтай холбоотой ямар гомдлууд сүүлийн гурван жил ирж байж вэ гэдгийг ч бас судалсан. Юун дээр, ямар асуудал дээр, ямар компани дээр ХОБОМ хийх вэ гэдгээ нэлээд эрж хайж сонгосон. Иргэдтэйгээ уулзаж ярилцахаас гадна тухайн компани хамтын оролцоотой байгаль орчны мониторинг хийхэд оролцох сонирхол эрмэлзэл байна уу гэдгийг харгалзсан. Хэрвээ компани татгалзвал энэ ямар ч боломжгүй болчихож байгаа юм. ХОБОМ бол зөвшилцөх, ойлголцох, судалгаа хийх тодорхой үе шатуудтай. Тухайлбал гурван үе шаттай, долоон алхамтай.

-Саяын хэлснээс харахад эхний шатанд бол мэдээж судалгаа хийх юм байна?

-Тийм. Эхний үе шат нь судалгаагаа хийх, асуудлаа тодорхойлох, тэгээд холбогдох бичиг баримтуудаа боловсруулна. Жишээлбэл “Цэцэнс майнинг” гэхэд ус ашигласны төлбөр, ус бохирдуулсны төлбөр гээд байдаг. Ус шүүрүүлсэний, задгай талбайд хаясаны  төлбөр гэж байдаг юм уу. Компани энэ шүүрүүлсэн усан дээрээ ямар менежмент хийнэ гэж бодлогодоо тусгасан юм гээд хуулийг нь ч судална, компанийн бодлогыг ч судална. Дараа нь ХОБОМ-ын оролцогчид аргачлал, шалгуур үзүүлэлт, хяналтын цэгээ тодорхойлох гэх мэт үе шаттай алхамчилсан арга хэмжээг хэрэгжүүлж “баримтыг хамтдаа олж тогтоох, өөрчлөлт гаргах үйл явц” өрнөнө дөө.

-Хэн хэнийг ХОБОМ-ын багт оруулах вэ гэж үү?

-Яг тийм. Компанийн уурхайн кэмп хариуцсан хүнийг ХОБОМ-ын багт оруулбал юу ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тухайн компанийн байгаль орчны мэргэжилтэн нь, орон  нутгийн засаг захиргааны мөн байгаль орчны мэргэжилтэн нь орох ёстой. Иргэдийг сонгохдоо маш анхааралтай сонгоно. Яагаад  гэвэл сумын төвийн иргэдийг ч юм уу, ИТХ төлөөлөгч сонгогдох юм бол тухайн уурхайтай холбоотой нөхцөл байдлыг биеэрээ мэдрэхгүй учир асуудлыг гаргаж ирж чадахгүй. Яг эрх ашиг нь хөндөгдөж байгаа нөлөөллийн бүсийн иргэдийг сонгох ёстой. Жишээлбэл, Жонш баяжуулах үйлдвэрийн  шороон замын тээвэрлэлтээс тоос пургиа үүсч ямааны ноолуурын чанарт нөлөөлсөн гэж малчид үзсэн. Зах зээл дээр ноолуур 100 мянган төгрөг байхад нөлөөллийн бүсийн малчид ноолуураа 80 мянгаар борлуулсан. Ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн алдагдал гарсан гэсэн үг. Энэ чинь биеэр мэдэрсэн хүний л асуудал. Тийм учраас иргэдийг төлөөлүүлж хэнийг сонгох вэ гэдэг маш чухал. Багаа бүрдүүлчихээд хэдүүлээ ямар дүрмээр ажиллах юм бэ, байгууллагын нууц, хувь хүний нууцтай холбоотой асуудал байж болно. Ёс зүйн асуудал бас чухал. Тиймээс ХОБОМ-ын баг дүрэм, журам, ажлын төлөвлөгөө гаргана . Дараа нь ХОБОМ хийх аргачлал чухал. Худгийн усыг хэмжье гэвэл ямар багажаар хэмжих юм. Хамгийн энгийн, бүх талууд итгэл хүлээлгэж болох ямар багаж байх юм. Жишээлбэл, худгийн мониторинг хийхдээ малчдын саналыг бид түлхүү авсан. Хүнд чулуу уяад усныхаа яг ирмэг дээр хүргээд хэмжиж байгаа юм. Энэ бол усныхаа түвшин хэмжиж байгаа хэрэг. Нэг бол бүр ёроолд нь чулуугаа хүргээд ёроолоос ус норсон хэсэг хүртэл хэмжээд л байна. Тэгэхээр зэрэг ямар хугацаанд ямар шалгуур үзүүлэлтээр хийх юм, хяналтын цэгээ хэрхэн тогтоох, хэнээр хянуулах гэх мэт асуудлаа тогтоно. Энэ бол нэгдүгээр алхам, нэгдүгээр шат.

Хоёрдугаар шат бол яг мониторингоо хийж эхэлнэ. Ямар хугацаанд хийх юм. Мониторингийн дүнгээ яаж тэмдэглэх юм. Тэр тэмдэглэсэн юмаа хэн хадгалах юм, яаж компьютерт суулгах юм гэх мэтийг нарийн хэлэлцэнэ. Тэгээд энэ дүн ил боллоо, сайн боллоо, муу боллоо гэдэг дүгнэлтээ олон нийтэд яаж тайлагнах вэ  гээд багаараа хуралдаад, Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь баталчихсан бол үнэхээр хянаж баталж уу, хянахгүйгээр баталж үү гэдгийг харах жишээтэй. Ингэж орон нутгийн захиргаа, компани, иргэд гурвуулаа сууж байгаад дүгнэлт ярилцлага хийнэ. Тэгээд ХОБОМ-ын багийн хяналтын дүн баримтын датагаа үүсгэчихнэ. 2020 оны намрын ургамлын мониторингийн дүн өнөөдрийг хүртэл хадгалаастай байх ёстой. Итгэл төрүүлэх газар хадгалах ёстой. Дараа нь үүнийгээ дата үүсгээд тайлагнах процесс байна. Компанийн удирдлага дээр байгаль орчны хүн нь танилцуулах, ИНХ, Засаг даргын зөвлөлөөр яриад юуг өөрчилж чадах юм бэ гэдэг шийдлүүдээ танилцуулна. Тэгээд дараачийн мониторинг хийгээд явна.

-Хамтын оролцоотой энэ мониторинг дээр хүндрэлтэй талууд юу байна вэ?

-Үндэсний онцлог гэдгийг л хэлнэ. Дэлхий дээр 10 орон яг энэ аргачлалыг гаргана гэсэн боловч өнөөдрийг болтол гаргаагүй байгаа юм билээ. Манай улсын хувьд онцлог байна. Жилийн дөрвөн улиралтай. Тиймээс хуртай жилийн ус, гантай жилийн ус шал өөр гарна. Ус шүүрсэн шүүрээгүйтэй ямар ч хамаагүй. Тэгэхээр манайд гурван намрын хэмжээ мониторингийн дүнгээс энэ уурхай усанд, ургамалд нөлөөлж байна, эсвэл нөлөөлөхгүй байна гэдгийг гаргана. Гурван хаврын усыг хэмжиж байж энэ компанийн шүүрлийн ус гүний усанд нөлөөлж байна уу гэдгийг дүгнэнэ. Тэрнээс наана хэн ч нөлөөлж байна, нөлөөлөхгүй байна гэж хэлэх аргагүй. Энэ бүхнээс бид Монголын гэсэн онцлог байна гэж үзсэн. Тэгэхээр үүнийг тогтвортой, урт хугацаанд хийх ёстой юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Бидний санаачилга амжилттай хэрэгжээд эхний үр дүнд хүрчихлээ. Үүнийг цаашид олон уурхайд хэрэгжүүлэх л хэрэгтэй байна. Ингэхийн тулд дандаа НҮБ-ын төслийг хараад байж болохгүй. Дандаа л “Хил хязгааргүй алхам” гэдэг байгууллага очиж үүнийг хийгээд байж чадахгүй. Өөрсдөө авч явахын тулд төрөөс тогтвортой байдлыг нь хангах хэрэгтэй гэж үзэж байгаа. Уул уурхайн компаниуд байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийгээд намар тайлангаа батлуулж байгаа. Тэр төлөвлөгөөн дотор ХОБОМ хийнэ, ХОБОМ-ын баг байгуулж үүнийг хийнэ гэдгийг л оруулдаг болох нь чухал. Намар нь компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө тайлагнана. Түүнд нь ХОБОМ-ын баг тусалдаг байх юм бол энэ жинхэнэ үр дүнтэй. Компани нутгийн иргэдийг цуглуулах гээд л аргаа бардаг. ХОБОМ-ын баг иргэдийг нь цуглуулаад өгдөг, багаараа ийм юм хийсэн, компани менежментийн төлөвлөгөөгөөр ийм юм хийсэн гэдгээ танилцуулчихдаг. Тэрийг БОАЖЯ үзээд “Танайх ХОБОМ-ын багтай юм чинь илүү итгэлтэй байж болох юм байна” гэдэг болно. Засаг дарга ч гэсэн тайланг нь сайн муу хэрэгжсэн гэдгийг дүгнэхдээ ХОБОМ-ын багтай бол илүү итгэлтэй байж болно.

Уул уурхайн компани болгон Ашигт малтмалын тухай хуулийн 42-р зүйлийн дагуу сумын захиргаатай Хамтын ажиллагааны гэрээ байгуулдаг. Тэр хамтын ажиллагааны гэрээ нь хандив авах л гэрээ болоод байгаа. Уг нь байгаль хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэр байгуулахтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх энэ гурван чиглэлээр гэрээ байгуулах ёстой ч тэр нь маш бага тусдаг. Тиймээс ХОБОМ-ыг энэ гэрээнд тусгаад явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ санаачилгыг түгээн дэлгэрүүлэх юм бол уул уурхайн салбарт нийгмийн дэмжлэгийг авах, итгэлцлийг бий болгох, экологид ээлтэй хариуцлагатай уул уурхай гэдэг бодитой болж, нутгийн иргэдийн оролцоотойгоор бэхжих боломжтой.  

Хариуцлагатай уул уурхай гэдэг зөвхөн компани хичээснээр бий болдоггүй. Нутгийн захиргаа нь ч хичээл зүтгэл гаргах ёстой, хариуцлагатай байх ёстой. Иргэд нь ч гэсэн хариуцлагатай байх учиртай. Нийгмийн хариуцлага ч гэсэн зөвхөн компани биш нутгийн захиргаа, иргэдэд ч хамаатай. ХОБОМ бол авлигын эрсдэл, элдэв шантааж зэрэг бусад эрсдэлээс хамгаалсан бодитой, ил тод үйл ажиллагаа. Нөлөөллийн бүсийн иргэд өөрсдөө оролцоод ямар өөрчлөлт хийж болох юм бэ гэдгийг олж хардаг.

-Хамтын оролцоотой байгаль орчны мониторингийг уул уурхайн салбарын хуульд тусгаж өгөх шаардлагатай юу. Эсвэл одоо байгаа хуулийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой юу?

-Мэдээж ХОБОМ хийх талаар хуульчлагдаагүй. Ер нь ардчилсан орон, эрх зүйт төртэй улсын хувьд бүх л төрийн бодлого, шийдвэр гаргах, хэрэгжилтийн үйл явцад иргэдийн оролцоог бий болгохыг зорьж байна шүү дээ олон ч хууль тогтоомж байна.  Үндсэн хуулиар иргэн бүрийн журам үүргийн нэг байгаль хамгаалах байгаа, мөн  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32-р зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 42-р зүйлийн 42.3 дахь заалт гээд иргэд, иргэний нийгэм оролцох эрхийг батлагаажуулсан хэд хэдэн хууль бий. Тиймээс одоо байгаа хуулиа түшиглээд үүнийг хийчихэж болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой байгаль орчны салбарын хууль, тогтоол, бодлогоо өөрчилж, шинэчилж байгаа. Энэ дээрээ ХОБОМ-ыг дэлгэрүүлээд аваад явах боломж, сайн туршлага бий болж байна. Хамгийн олон лицензтэй Даланжаргалан сум дээр бид үүнийг хийлээ. Тус сумын үлдсэн 100-аад лиценз дээр ХОБОМ хийе л дээ. Ядаж 20 дээр нь хийе. НҮБ-аас олон суманд биш энэ хэдэн суманд ХОБОМ-ыг жишиг болгоё гэсэн бодлого барьж байгаа. Тухайн суманд нэг уурхай дээр нь ХОБОМ хэрэгжүүлэхэд тэнд байгаа бусад уурхайнуудад хэрэгжүүлэх санаачилга гарахыг үгүйсгэхгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...