Үнэний өчил

Энэ амьдралд амьд яваа нь хүн бүхэнд сайхан. Хүний амьдрахуйн утга учир нь суудаг орон байр, өмсөх хувцас, хийдэг ажил, идэх хоол юм. Зөв явахад замбуулин зөөлөрч заяа гэрэлтдэг хорвоо. Түүнээс биш хэн дуртай нь ядмаг мэдлэг, эзэмшсэн мэргэжилдээ дулдуйдан хийсэн ажил, бичсэн зүйлийг буруу шүүмжлэх ёсгүй. Манай хэлтсийнхнээс түвшин тогтоох ч гэнэ үү, аттестатчиллын ч гэнэ үү шалгалт авлаа. Эрдэмтэн А гэдэг нөхөр бичсэн нийтлэлийг минь мэргэжлийн хүний нүдээр харж шүүмжлэв. Мань эр уламжлалт аргаар бичсэн байна. Тоо баримт их орж, үйлдвэрээ магтсан, за тэгээд юу юу ч гэнэв дээ, авч өглөө хөөрхий. Тийм ч биз.Үгүй ч биз. Онол практик хоёр өдөр, шөнө шиг ялгаатайг мэдмээр дээ та. Сонинд мэдээ бичиж үзсэн л байгаа даа онолын эрхэм багш минь. Миний бичсэн нийтлэлд 30 онооноос 13-ыг өгчээ.

Үүн дээр үндэслэн шалгалтын комиссынхон (энэ удаа нэр, албан тушаалыг нь бичсэнгүй) мэргэжлийн хүний үнэлэмжээр та 60-аас 59 оноо авлаа шалгалтад тэнцсэнгүй гэдэг байгаа. Юу ч болоод өнгөрөв дөө. Ай хөөрхий гэж. Шалгалтын талаар учирлаваас нийт 60-аас дээш оноо авч тэнцэх шалгалт юм байх. Надад 59 оноо өгчээ.Тестээр авсан онолын шалгалт нийт 50 оноотой. Үүнээс би 36 оноо авсан аж. Ур чадварын 30 онооноос 13-ыг, харилцаа хандлагын 20 онооноос 10-ыг нь намайг үнэлж өгсөн байх жишээтэй. Ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэх нь энэ вэ?. Харилцаа хандлага нь 50 хувийн үнэлгээтэй хүн гэж ямар хүн байдаг юм бэ?. Хэлээд өг. Тэгэхээр ийм хөгийн юм хийж буй хүмүүсийн өмнөөс ичих шиг. Амьд явахаар их юм үзэх юм. Бичсэн нийтлэлээ тайлбарлаж хүртэл үзэв. Нийтлэл тайлбарлана гэхээр толгойд  нэг л төсөөлөгдөхгүй байгаа биз. Даалгавар өгсөн дарга нартаа бид яалт ч үгүй нийтлэлээ тайлбарласан л юм даа. Энэ онигоог ингээд орхиё. Золиг гэж. Хэзээ нэгэн цагт хэвлэлийн хурал дээр манай дарга нараас минь та бүхэн сэтгүүлчдээсээ шалгалт авч оноо тавьдаг гэсэн үү хэмээн хэн нэгэн асуух вий дээ. Бидний хийсэн ажил зон олонд ил байдаг юм мэдэв үү. Бичиж байгаа нь мэргэжлийнх нь ур чадвар юм ойлгов уу. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Х.Бадамсүрэн ерөнхий захирал аа, Санхүү, эдийн засаг хариуцсан Д.Үүрийнтуяа орлогч оо, ЗХНБГ-ын О.Отгонбаяр дарга аа, энэ шалгалтад үйлдвэрийн бүх цех, нэгж хамрагдах юм байна. Олон жил ажилласан уурхайчдыг шалгалт нэрийдлээр ажлаас хоморголон халж, өөрсдийнхөө хүмүүсийг оронд нь “шахах” нь гэсэн яриа шуум дэгдээд удаж байна шүү. Цех, хэлтэс, албанаас ажлын дадлага туршлагатайг нь цохлон унагаад байвал ямар хүмүүс нь ажилдаа тэнцэж үлдэх юм бол.

Ажил амьдралын арвин баялаг дадлага туршлагатай хүмүүсээ тогтвор суурьшилттай ажиллуулна хэмээн төр засгийн бодлого тодорхойлдог эрх мэдэлтнүүд ярихыг сонссон. Энэ нь амьдралын хөрсөн дээр эсрэгээрээ байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайдад захидал бичих үү. Маркетингийн хэлтсийнхэн сүүлийн 20 гаруй хоног шалгалтад бэлтгэн ямар олон дүрэм журам, онолын ном уншив аа. Одоо унасан хүмүүс нь хэзээ дахин шалгалт авах бол гэсэн айдастай. Ар гэрийнхэн нь хэзээ ажилгүй болох бол гэсэн түгшүүртэй. Энэ чинь ажлын байрны дарамт биш үү. Түүнчлэн үйлдвэрийн цех, нэгжийн ажиллагсад шалгалтад бэлтгэн, ажил амралтаа зохицуулаагүйгээс хөдөлмөрийн талбар дээр хариуцлага алдахгүй гэсэн баталгаа алга. Хэрвээ асуудал гарвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ?. Ер нь аттестатчилал нэртэй энэ мундаг шалгалт гээчийг ямар агуу сэтгэлгээтэй хүн анх санаачилсан юм бол оо. Нөгөө үнэт капитал болох уурхайчид руугаа чиглэсэн хүний нөөцийн мэргэн бодлого гэгч нь энэ үү. Тухайлбал, энэ шалгалтынхан чинь экскаваторын жолооч О машиныхаа хүрдийг хоёр удаа буруу эргүүлсэн байна. Баяжуулагч М ийм олон жил ажиллачихаад хүдрийнхээ урсгалыг хянахгүй явна гэж хэлэх нь энүүхэнд байна шүү. Гагнуурчин С 15 төмөрт нөхөөс тавьснаас нэгийнх нь гагнуурын баасыг дутуу цэвэрлэж. Тэрийг чинь гүйцэт цэвэрлэж болдог юм гээд л нэг шалгалтын нөхөр их юм уншиж мэдсэн жараахай болж мэдэмхийрэх нь. Ил уурхайн Б.Отгондаваа, Баяжуулах үйлдвэрийн М.Отгон, Засвар механикийн заводын Ц.Баасансүрэн, Ус хангамжийн цехийн Г.Батмөнх нар минь үйлдвэрт олон жил ажилласан дадлага туршлага хамаагүй байна шүү, мэргэжлийн ур чадварыг яаж ч дүгнэж болдог юм байна, шалгалтандаа уначихав даа. За юу гээд л дарга, даргадаа гэрийн даалгавар өгч оноо дүн тавьж шалгав гэж. Би буруу бичих нь байна. Харин уурхайчид минь л одооноос шалгалтандаа хичээгээрэй. Намайг таньж мэддэг хүн бүхэн анхаараарай. Хэлж дуусаагүй байхад над шиг 59 оноо аваад үсэрчихэв.

Та бүхний муу гээд байсан нийтлэл өдөр тутмын сонинд үнэн төрхөө харуулаад гарчихлаа. Уншихтун. Нөгөө үйлдвэрээ магтсан нийтлэл чинь шүү дээ.Үнэн л дээ магтсан. Шалгалтын та хэд ч энэ үйлдвэрийн эд эс болохоор тэр. Сэтгүүл зүйн бүтээлийг зөвхөн онол ярих эрдэмтэн гэгдэх А та, мэргэжлийн онцлогийг нь мэдэхгүй дарга нар шүүдэггүй юм. Мэдэж авцгаа. Хэн шүүн тунгаах вэ гэдгийг хэлэх үү. Уншигч олон. Өө нээрээ, бидний материалыг сайн,муугаар нь ялган шүүмжилж дүн тавьсан нөхөр чинь манай албаны дарга Г-ийн талын хүн гэж сонсогдоно билээ шүү. Энэ үйлдлээс харахад баатар үйлдвэрт 20 гаруй жил ажилласан Б миний бие рүү чиглэсэн сум биш л байгаасай. Намайг санаатайгаар буруушаах гэсэн үйл ажиллагаа явуулсан бол нүүрэн дээр минь хэлчихээрэй. Юмны үнэн сайхан шүү дээ.

Миний бие Эрдэнэт үйлдвэрт 20 гаруй жил ажиллахдаа сайн, муу зүйлийг нь мэднэ. Хаана нь юу байдаг, хэн нь хэн болохыг ч таньчихсан яваа юм. Идэж буй тогоотой хоол руугаа нулимах ёсгүй гэсэн хүн чанарын жудаг гарган ажиллаж ирсэн нь “нүцгэн” үнэн. Бор хайрхныхаа буянд залбирч явдаг нэгэн. Ерөнхий захирлаа таны гаргасан тушаал шийдвэрийг доод хүмүүс тань дээр дурдсан мэтээр үүрэг даалгавар биелүүлж, нэр төрийг чинь унагаан, ажил хийсэн болж үзэгддэг юм биш биз дээ. Хүнд хэрэг тохох, шалгалтад унагах хоёр шиг амархан зүйл байхгүй гэдэг нь энэ биш байгаа. Шалгалт авсан нэрээр эрс шулуун зантай хорхойд хоргүй, ажилдаа сэтгэлтэй, зөв шударга хөдөлмөрлөдөг хүмүүс нь хэлмэгдчих вий дээ. Миний энэ явдлаас харахад шүү.

Нийцээгүй, нийтлэл минь нэгэнт сонинд гарчихсан болохоор оноо тавьсан шалгалтынхаан, олз болоод онох бай чинь би биш байжээ,харцгаа. Зарим үед би дотроо нуг нуг инээж, нуруу хавиргаа маажиж сууж чаддаг ч одоо тэгэмгүй байна. Муу юм уу, аль эсвэл шаардлага хангаагүй нийтлэлийг өдөр тутмын гол сонинууд хэзээ ч тавьдаггүй юм за. Та бүхний өгсөн үүргийг би биелүүллээ. Энэ байна хар. Сайн, мууг минь дүгнэсэн шалгалтын комиссынхоон. Ялангуяа эрдэмтэн А та одоо юу бодож сууна вэ?. Бидний ур чадварыг уншигчид шүүдэг юм. Авьяас болоод арга туршлага, мэдрэмжээр хийдэг ажил бол сэтгүүлчийн хөдөлмөр байдгийг мэдэж ав. Та хэд маань. Хэлтсийн даргаа би нэрээ нууж, бичдэг нь биш гэдгийг ойлго. Миний бие Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээллийн албанд хорин хэдтэй хонгор үстэй байхаасаа эхлэн 20 гаруй жил ажиллахдаа олон даргатай явлаа. Олон ч захирлын нүүр үзлээ. Энэ албыг хүрсэн түвшнээс нь дордуулсан Г шиг дарга үзсэнгүй. Анхнаасаа таван үгэндээ танигдсан хүн л дээ. Ямар хууль дүрэм мэддэг дарга, ажилд ороод удаагүй байж, хүний эрхэнд халдан ажилтныхаа хувийн мэдээллийг “хулгайлж” суухав дээ. Худлаа гэвэл манай хамт олноос асуугаарай. Би хэн нэгэнтэй хэл ам зөрөөд явдаг хүн биш. Хэн бугайд ч хэлсэн үг, хийсэн хэрэг байхгүй. Харин цаг нь болоод тохироо нь бүрдсэн үед хэлэх үгээ хэзээ, хаана ч хэнд ч хэлнэ.Зүгээр байхад зүгээр л байж үз.

Хэлтсийг зангидаж суугаа Д дарга таны зүрх зориг мохой хутга шиг болжээ. Дээд хүмүүстээ долигонож, доод хэдийгээ ноёлох санаатай. Тэгдэггүй юм. Амьдрал баян болохоор асуудал яаж ч шийдэгдэж болно. Аливаа хүний ажил, амьдралыг шийдэх ийм эмзэг асуудалд ингэж гоомой хандах ёстой юу даргаа. Тэгэхээр та бүхний авсан шалгалтын тавьсан оноог үнэнээс хол болохоор би гарын үсэг зураагүй юм. Хүнийг хүчилж гарын үсэг зуруулж болдоггүй юм ш дээ. Та дүрэм журам ярина билээ. Би бас хууль ярьж чадна шүү. Монголчууд Үндсэн хуулиндаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гээд заачихсаныг та юу эс мэдэхэв. Иймээс дээр дурдсан бүхний үнэнийг олно гэж би өөрийн биеэр танд хэлсэн. Энэ нь хүн жудгийн асуудал байсан шүү. Тэгэхэд та нэг л их үл тоосон шинжтэй суусан. Би хүн гүтгэхгүй. Нэг газар удаан ажилласан болохоор намайг таньдаг нь олон бололтой. Чи тэнцээгүй болохоор хэн тэр шалгалтад нь тэнцэв гэж, хэмээн зарим таарсан нэг нь ам асуух. Намайг яаж дүгнэснийг Д даргаас асуу гээд л явуулаад байгаа шүү. Хэн нэгэн миний тухай танаас асуувал бүрэн хариулаарай даа.

Бивээр ажиллах хугацаандаа баялаг бүтээгч уурхайчид болох 1000 гаруй хүний тухай бичсэн байдаг юм. Эрдэнэтчүүд миний бичлэгийг уншиж ирсэн юм шүү. Танд цаг зав гарвал 20 гаруй жил бичсэн миний хөдөлмөртэй танилцаарай даа. Харин сар унших байх шүү. Дөрвөн номыг минь уншчихаарай. Хийсэн нэвтрүүлгүүдийг минь үзчихээрэй. Бөх тайлбарласныг минь сонирхчихоорой. Тэгээд надад оноо тавина уу. Авьяас, чадваргүй хүнд МСНЭ, “Ган үзэгтэн”, ХМТА цол тэмдгээ, МЗЭ, Сэр-Одын шагналаа олгосон болж таарах уу. Энэ бүхнийг дуртай аавын хүү авдаггүйг мэдэж ав. Миний хамт олон намайг мэднэ. 20 гаруй жил нэг газар хамт ажилласан бид нэгнээ мэдэлгүй дээ. Одоо хэлтсийн дарга Д таныг энэ зөөлөн сэнтийдээ хэрхэн яаж заларсныг, ард нь хэн, хэн байдаг талаар цааш нь “бичих үү, яах уу”. Үнэнийг өчихөд ийм байна. Өгсөн даалгавар чинь өдөр тутмын сонинд гарчээ. Таалан соёрх. (Уг нийтлэлийг 2021 оны 10-р сарын 25 -ны өдрийн “Монголын Үнэн” сонины 201 дугаараас уншина уу.)

Т.БАТЧУЛУУН