-Нүүр номдоо хааяа шүлэг тавиад, доор нь үг, хэллэгийг нь тайлбарлаад байдаг байсан. Сүүлдээ тийм тайлбартай шүлгийг чинь хүлээдэг болчихсон. Тэгсэн сураггүй. Ийм ном бүтээж байжээ?
-Нэлээд хэдэн жилийн өмнөөс л ийм санаа төрсөн. Түүнээс өмнө бол мартагдсан үг, хэллэгийг сонирхон цуглуулж, шүлэгтээ шигтгэх зэргээр аль болох хэрэглээнд оруулахсан гэсэн бодол байсан. Монгол хүн монгол хэлээ мартаад, монгол үгээ мэдэхгүй болж байгаа нь харамсал төрүүлдэг.
-Нүүдэлчдийн ахуй, соёлтой холбоотой, хуучирч мартагдсан үг, хэллэгийг дангаар нь, тайлбар сэлтгүйгээр цээжилнэ, хэрэглээнд нэвтрүүлнэ гэж үгүй байх. Та үүнийг л олж харж дээ?
-Хомыг жишээ нь тэмээний хоёр бөхний хойд, урд талаас нь ороож нийлүүлэн дардаг урт нарийхан ширдэг гэж тайлбарлаж байгаа юм.Ингээд бичихээр хүүхэд ойлгохгүй. Хом гэдэг үгийг монголчууд аман ярианд хэрэглэж байсан. Ямар өгүүлбэрт оруулж байсан, ямар утгаар хэрэглэж байсан юм бэ гэдгийг жишээ болгож шүлэглээд ирэнгүүт шал өөр болоод ирэх жишээтэй.
Шат, бамбай, хомтой өндөр хүрэн атаар
Сажлуулж ирэхүй бадаг бадаг шүлэг… гэхээр “Энэ чинь шат, бамбай гэдэг юмтай байх нь. Шат нь энэ, бамбай нь энэ юм байна” гэж ойлгож байгаа юм. Мөн соёнготсон үрээ гэж ярьдаг. Соёнготох гээд ганцааранг нь аваад тайлбарлачихаар хүн ойлгохгүй. Соёнготох гэдэг бол зөвхөн үрээнд хэрэглэдэг үг. Түүнийг шүлгэнд оруулахаар хүн маш сайн ойлгож авна.
-Нүүдэлчдийн ахуй, соёлын үг, хэллэгийн шүлэгт тайлбар толь бичих үүдэл санаа хэрхэн төрсөн бэ?
-Анх би төвөд хэлт утга зохиол үзээд Дандины “Зохист аялгууны толь”-ийг нэлээд сайнуншиж судалсан юм. Тэр толь бол өөрөө жишээ шүлэгтэй. Шүлгийн байж болох бүх төрөл, хэлбэрүүдийг жишээ болгон тайлбарласан байдаг. Шүлгийг ийм хэлбэрээр, ийм зүйрлэл адилтгалаар, ийм уран сайхны аргаар бичиж болно гэж харуулсан байдаг. Тэрнээс санаа аваад, тэгвэл үгийг бас ингэж тайлбарлаж болох юм байна шүү дээ гэж бодож, тэгж л энэ толийг хийх санаа төрсөн дөө. Найман жилийн хөдөлмөр юм даа.
-Мартагдаж байгаа үг, хэллэгийг олж, хайж, цуглуулан тайлбарлана, тэгээд тэр бүрт тааруулсан шүлэг зохионо гэдэг яггүй ажил биз?
-Эрэл хайгуул их хийсэн дээ. Жишээ нь нэг үгийг зургаан жил хайсан. Тохойны дотор талыг юу гэдэг вэ гээд хайгаад байлаа. Нутаг орныхоо настангуудаас асуулаа. Анагаахынхан бол дуслын судасны үе гэсэн утгатай орос үгээр нэрлэдэг юм байна. Тэгээд би энэ заавал монгол нэртэй байх ёстой гэж бодсон. Үений эсрэг тал бүхэн нэртэй. Өвдөгний эсрэг тахим, за тэгээд цавь, суга гэх мэт нэрлэдэг шүү дээ. Тэгээд ямар ч байсан эрлээ олсон. Тохойны дотор талын хонхорыг нахим гэдэг юм байна. Найман жилийн өмнө Архангайд яруу найрагч Бидэрийн Баярсайхантай цуг явж байгаад нэг настай өвгөнтэй хуучилж суугаад “Энийг юу гэдэг юм” гэсэн “Аль, нахим уу?” гэнэ. Тэгэхээр өвдөгнийхийг тахим, гарынхыг нахим гэдэг юм байна. Үүнийг Ж.Бадраа гуай дууны шүлэгтээ оруулаад хэлчихсэн л байсан юм билээ. “Зургийн хуар шиг охид маань хээнцэр нахилан бүжнэ” гэж байдаг шүү дээ. Гараараа, тохойны үеэрээ уран нахилзан бүждэг байж. Мөн өвдгөөрөө тахилзан бүждэг. Тэр бүхнийг нахилах бүжиг, тахилах бүжиг гээд хэлчихсэн байж. Тэрийг нь бид мэдэхгүй болжээ. Тиймээс нахим гэдэг үг толь бичигт байхгүй. Байхдаа өөр утгаар л байгаа. Жишээ нь хармаг гэж үг байна. Тольд өөр утгаар бий. Гэтэл адуу үхээд үстэйгээ хатчихдаг. Тийм сэгний зооны ширийг нь үстэй нь дөрвөлжин ястай нь хөрөөдөж аваад усанд дэвтээнгүүт хуулардаг юм байна. Тэгж хуулаад дарайсан дөрвөлжин хатуу годоор нь гутал улладаг байж. Үүнийг адууны хармаг гэдэг. Энэ үг бас л тольд байхгүй. Энэ мэт нэлээд үг бий. Чавх гэдэг үг хүүхдийн нааддаг тоглоомын нэр л гэж ойлгогддог. Гэтэл үйл үртэс хийхдээ хэрэглэдэг чавх гэж бас байна. Хүүхнүүд эсгүүр хийхдээ шохойтой урт утас даруулж тавьж байгаад голоос нь татаад чавхаддаг. Тэгээд цагаан зураас гардаг. Тэр мөрөөр нь хайчилдаг. Үүнийг чавх гэдэг. Энэ утгаараа тольд байхгүй.
-Таны энэ тольд хэчнээн үг, хэллэг, хэдэн бадаг шүлэг орсон бэ?
-Нийт 340 орчим бадаг шүлэг бий. Цагаан толгойн дарааллаар толгойлсноор бол 1500 гаруй үгтэй. Хэлцийг нь оруулаад тоолбол 3000 гаруй үг гэж хэлж болно. Дандаа одоо хэрэглэгдэхгүй болчихсон үгс.
Өнөөдөр гарсан өдөр тутмын тав зургаан сонинг аваад үзэхэд энэ дотор орсон үгнээс тун цөөхөн нь байгаа. Бид эдгээр үггүйгээр цааш явах нь тодорхой болчихлоо. Гэтэл энэ үгээ бид хаяад гээгээд явах уу. Хэдэн мянган жил монгол хэлний далай баялаг үгийн санд утга шилжүүлж, үг нь мартагдаж ирсэн байдаг юм. Жишээ нь бид дайн байлдаан хийхгүй болоод хоромсого, саадаг, зэв, нумнаас эхлээд хэдэн мянган үгийг гээж ирсэн. Өнөөдөр тэр үгнүүд байж байсан бол хэл маань хэчнээн баян байх вэ гэж бодож л үүнийг хийсэн. Цаашдаа миний чадал чансаа хүрвэл эхний ээлжинд гурван боть, цаашилбал хөрөнгө санхүү байвал наад зах нь есөн боть болох юм. Академич Л.Болд гуай өмнөтгөлд нь сайхан тод үг хэллээ. Энэ бол Монголд жишээ шүлэгтэй тайлбар толийн хувьд анхных боллоо гэсэн.
-Гадаад хэл сурахдаа үгийг хам текстээр нь цээжилбэл амархан тогтоогддог шиг монгол хэлнийхээ мартагдаж байгаа үг, хэллэгийг шүлэг уншингаа сурах нь ээ?
-Тэгнэ. Тэгээд үүнийг яриандаа цаашид хэрэглээд, хэвшүүлээд явбал бүр л сайн.
-Нүүдэлчдийн ахуй, зан заншил, ажил үйл алга болчихоор үг нь мартагдаж байна шүү дээ?
-Тэгж байгаа юм. Би үүнийг сөрж энэ толио бичсэн. Толины хамгийн хэцүү мах иддэг юм бол тайлбар. Үгийг нь мэдээд байдаг. Жишээ нь чөдөр гэхээр хэн хүнгүй мэднэ. Үүнийг хот газрын, чөдөр ногт огт мэдэхгүй, хараагүй хүүхдэд тайлбарлаж хэлэх хэцүү. Ц.Дамдинсүрэн гуай “Толь бичнэ гэдэг хэцүү ажил, перец гэдэг халуун ногоо” гэж хэлсэн байдаг. Тэр үнэн. Үгийг тайлбарлах маш хэцүү.
-Мартагдсан, хэрэглээнээс гарсан үг, хэллэгийг оруулж шүлэглэхэд хэр хэцүү байсан бэ?
-Шүлэглэхэд зовлон байхгүй. Шүлгэндээ орсон үгүүдээ тайлбарлахад ёстой мах иднэ. Мэдээд байгаа мөртлөө тайлбарлана гэхээр болж өгөхгүй. Миний энэ тайлбарууд бол ямар нэг толь дээрээс харж байгаад хуулаад хуулаад тавьчихсан юм нэг ч байхгүй. Утга ижил, тайлбар нь өөр. Аль болох уншсан хүнд тодорхой, ойлгомжтой, шууд ойлгогдож байхаар тайлбар хийхийг зорьсон. Зурагт тайлбар биш болохоор тухайн үг, хэллэгийг нүдэнд харагдтал тайлбарлах ёстой. Үүнд миний радиод ажилласны нэг давуу тал гарч ирсэн. Би бодохдоо энэ үгийн тайлбарыг нь уншиж байхдаа хүн нүдэндээ дүрсэлж бодоосой гэж, тэгж тайлбарласан. Жишээ нь, кола зэрэг хийжүүлсэн ундаа уусны дараа хэхрэхэд хамар руу шархирдаг. Үүнийг сэн татах гэж байгаа юм. Бүдүүлэг байх нь хамаагүй, яах аргагүй л хамар сэн татах, сэн татсан айраг гэж хэлж байгаа юм. Айраг сэн татах гэдэг үгийг хүнд тайлбарлахдаа ойлгомжтой болгохыг хичээсэн. Одоогийн залуучууд хамгийн сайн мэдэж байгаа тэр юмтай холбох жишээтэй. Аль болох ойлгомжтой болгох үүднээс.
-Шүлэглэсэн тайлбар толио цааш үргэлжлүүлэх үү?
-Үргэлжилнэ. Одоо хоёр дахь боть нь адуун зүсний толь гарах гэж байна. Адууны зүсийг илэрхийлсэн 370 гаруй үг байна. Энэ толийн онцлог нь өнгөт зурагтай байх юм. Тэгж байж зүсмийг нь тайлбарлана. Хэнтийнхэн ийм зүсмийг хонгор гэдэг. Жишээ нь, Хардэл жанжин бэйсийн хулан хонгор гэж адуу ийм зүстэй байсан гэж тэр уяач хэлж байсан. Энийг бол манай төв халхынхан хул гэнэ. Энэ алагийг Ховд руу бол зарим өвгөд баадан алаг гэж хэлж байжээ. Ийм алагийг манай урагшаа бол байлуу алаг гэдэг байжээ гэх мэтээр тайлбарлана. Тэгэхгүй бол одооны хүүхдүүд адууны зүс мэдэхгүй. Ногоон морь явж байна, улаан морь, цагаан морь за бараг цэнхэр морь явж байна л гэнэ. Гэтэл хүрэн дотроо хэдэн янз. Номин цэнхэр гэж ямар морь байсан юм, зандан хүрэн гэж ямар морь байсан юм. Зандан хүрэн, норов хүрэн хоёр яагаад өөр байсан юм. Хонгор зээрд гэж ямар зээрдийг хэлээд байгаа юм. Ухаа хонгор цагаан хонгор мөн үү гэх мэт нарийн тайлбарлана.
-Шүлэглэсэн жишээ байх уу?
-Адуун зүсмийн толинд шүлэг байхгүй. Харин түүний дараа монгол дээл хувцас, үйл үртэсийн үг хэллэгийн тайлбар толь гэж гарна. Түүнд шүлэг оруулна.
-Бас л сонирхолтой ном гарах нь дээ?
-Энэ тольд жишээ нь оёог тайлбарлахдаа нэхсэн оёо юм уу, нэвтгэлсэн, нэтгэлсэн, шагласан оёо юм уу, хөвөрдсөн оёо юм уу, хөшсөн, мэтгэсэн оёо юм уу гээд энэ бүгдийг нь тайлбарлах гээд байгаа юм. Шалхраг гэж юуг хэлээд байгаа юм, шуу гэж юуг хэлээд байгаа юм гэх мэтээр тайлбарлана. Малгайн өмөг гэж юу юм, отог жинс гэж юу юм. Тэр бүгд тайлбараас гадна жишээ шүлэгтэй. Би өөрөө яруу найрагч хүн учраас шүлгийг нь тусад нь аваад үзэхэд бас муу гэж хэлэгдэхээргүй байх ёстой гэж бодож бичсэн. Зүгээр утга учиргүй нөгөө хэдэн үгээ оруулахын тулд толгой холбоод байсан юм байхгүй. Үүний цаана монгол ахуй байна, монгол сэтгэлгээ байна.
Энэ толио би нүүдлийн ахуй соёлын өв, угсаатан зүй, монгол хэлний үгийн тайлбар хоёрын огтлолцол дээр гарсан толь гэж хэлнэ. Эндээс бид ахуйн соёлоо мэдэж авах боломжтой. Ёс, зан заншлын толь гэж байдаг. Түүн шиг зан заншил, ахуйн соёл тэр өвүүд энд бий. Шүлгийг нь уншаад “Уурган дээгүүр алхаж болдоггүй юм байна шүү дээ” гэж хүүхэд ойлгож авах жишээтэй. Тэгж авах юмаа авна. Мэдэх зүйлээ ухаж мэднэ. Дээрээс нь уурганы тагнай, уурганы нугас, уурганы торгомжоо, цээж, ёзоор, болцуу гэж юуг хэлдэг юм гэх мэт үгнүүдээ бас давхар мэдэж байгаа юм. Хуучин толиуд бол зөвхөн үгийг тайлбарладаг. Миний энэ толь бол ахуй, уламжлалыг тайлбарлаж байгаа. Үүгээрээ давуу талтай.
Бодож санаж байгаа юм гэвэл энийг хүнд хүргэх юмсан. Өрх болгон хоймортоо тавьчихсан байхад хүүхэд хараад уншаад байх юм даа. Соёлын яам бид номыг ивээн тэтгэхгүй, үндэсний цогц хөтөлбөрийг дэмжинэ гэж байгаа юм шиг билээ. Гэтэл үндэсний цогц хөтөлбөр энэ дотор орчихоод байгаа юм. Зөвхөн үгийн тайлбар төдийгөөр харж ойлгож болохгүй. Зарим нь бүр яруу найргийн ном гэж үзэж байна. Яруу найрагч юм чинь яруу найргаар л бичнэ. Шүлэгт тайлбар гэхээр зөвхөн яруу найраг гэж өрөөсгөл хараад байх шиг. Хэлний эрдэмтдийн алдарт 24-тийн тайлбар толь, 36-тын тайлбар толь, Шагжийн толь, Цэвэлийн толь гээд толь бүхэн өөр өөрийн нэртэй, онцлогтой. Тэр битий хэл Төвөд, Монголын дохио бичгийн толь Мэргэд гарахын орон, Нарны гэрэл, Сарны гэрэл гээд л бий. Тиймээс би энэ тольдоо шүлэгт тайлбар толь гэдэг нэрийг оруулж ирье гэж бодсон.
-Адуун зүсмийн зурагт толь, монгол дээл хувцас, үйл үртэсийн үг хэллэгийн шүлэгт тайлбар толио удахгүй гаргах юм байна. Дараа нь ямар толь гарах бол оо?
-Монголчуудын идээ ундааны нэрийн тайлбар толь гарна. Сүү, цагаан идээгээ бараг хийхээ байгаад эхэллээ. Мянгат малчны эхнэр малаа саахгүй, ааруул худалдаад авчихъя гэж байна. Хамгийн наад зах нь бидний багад ингэний хөөрүүлэг гэж байсан. Нялх ботготой ингэний уургийг саагаад, гар салгахгүй самарч халаагад тэгээд хөргөхөөр гоё цав цагаан цэлцэгнэсэн юм гарна. Тэрийг ингэний хөөрүүлэг гэдэг. Зөвхөн нялх ботготой ингэний эхний уурагнаас гардаг эд. Тэрнээс хөрвө ботготой ингэнээс хөөрүүлэг гардаггүй. Манай говийнхон гэтэл одоо ингэний хоормогоо шар тостой самраад хөөрүүлэг ууцгаа гээд л байдаг. Хөгшчүүл хүртэл энэ мэт нэр томъёо, үг, хэллэгээ мэдэхгүй болоод ирлээ.
-Нутаг нутгийн өвөрмөц үг, хэлц бас мартагдаж байх шиг. Үүнийг судалж байна уу?
-Нутгийн аман аялгыг тусад нь биш толь дотроо оруулаад явна. Бүх монголчууд мэдэж байх ёстой учир хольж хиймээр байна юм гэж бодсон. Өрүүн, асган гэдэг үг баруун аймгийнхны өглөө, орой гэсэн үг. Үүнд зүйлчилсэн толь хэрэгтэй. Манжийн хаанд Халхын түшээт ханыхны бичсэн захидалд өрүүн, асгандаа гээд байж байна. Тэгэхээр энэ үгсийг халхууд ч хэрэглэдэг байж. Цаг үеэ дагаад төв замаас хол хөндий газар зарим үг хэллэг хэвээр үлдээд, төв замаа дагасан олны хөлийн газар мартагдаад явсан байна. Гануу гэж үг байна. Манай урагшаа, говийнхон бол гануулдах гэдэг. Энэ нь тэмээний ногтны шилийг хүзүүн дээгүүр нь оруулж татахыг гануулдах гэнэ. Гануу баруун аймагт урианхай аялгад онь хөтөлийг хэлж байна. Энэ мэт олон үг, хэллэгийг тайлбарлаж болно. Гэхдээ миний хувьд нүүдэлчдийн ахуй, соёлын шүлэгт тайлбар толь, адуун зүсмийн тайлбар толь, монгол дээл хувцас, үйл үртэсийн үг хэллэгийн шүлэгт тайлбар толь, монгол идээн ундааны тайлбар толь аль алинд нь нутгийн аялгууны өвөрмөц үг, хэллэгүүдийг тухайн тухайн газарт нь оруулаад тайлбарлаад явна гэж бодож байгаа.
-Хэл шинжлэлийнхэн хэр шүүмж, сэтгэгдэл ирүүлж байна вэ?
-Өмнөтгөлийг нь академич Л.Болд гуай бичсэн. Л.Болд гуай, энэ бол гайхамшигтай толь байна л гэж байгаа. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй докторт номоо өгсөн. Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн найз нартаа ч өглөө. Тэд бүгд энэ бол үнэхээр том онгорхой орон зайд гарч ирж байгаа бүтээл байна. Үүнийг өөр хүн хийхгүй ээ, чиний л хийж чадах зүйл ээ л гэсэн урмын сайхан үгс сонслоо.
-Манай зохиолчид, яруу найрагчид онгодоор ч гэх үү, эсвэл өөрийн мэдлэг, туулсан туршлагын хэрээр нүүдэлчин ахуй соёлын үг, хэллэгүүдийг бүтээлдээ оруулсан байдаг даа.
-Тийм шүү. Хэлний яруу хэрэглүүрүүдийг хэрхэн ашиглах талаар бид их ярьдаг. Жишээ нь, Бэгзийн Явуухулан гуай бол маш олон яруу хэллэгүүдийг, дүрслэлүүдийг гаргаж ирсэн. Мөнгөн аяга шиг гар, туулайн гүйдэл шиг салхи гэх мэт. Дэндэвийн Пүрэвдорж гуай суусрын гүйдэл салхи гээд л оруулж ирж байсан. Судар бичгийн хэл найруулга буюу эртний хэл найруулга, хүндэтгэлийн хэл найруулгын бахархаж бишрэм мэргэдийн жишээ гэвэл Бямбын Ринчен гуай, З.Баттулга гуай, гайхамшигт эрдэмтэн Л.Хүрэлбаатар гуай байна. Хэл зохиолын хүрээлэнгээс 108 ботийг тухайлан аваад тухайн ботид орсон үгүүдийг хүртэл тусгайлан судалсан тохиолдол байна. Монгол зохиолчид монгол хэлнийхээ хэд орчим үгийг ашиглаж бүтээлээ туурвиж байна вэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд судалсан байдаг юм билээ.
-Судалгааны үр дүн хэрхэн гарсан бол?
-Бас санасанд хүртэл гараагүй. Салбар чиглэлийн үг хэллэгүүд 4000 байх ёстой гэдэг багцаа бий. Б.Ринчен гуай монгол хэлний үгийг саяас сая таван зуун мянгын хооронд гэж гаргасан байдаг. Гэхдээ монгол хэл агуу хэл учир маш цөөхөн үгийн дотор чөлөөтэй ойлголцож болдог юм байна.
Өдөр тутмын сонинуудын үгийг судлаачид тоолсон. Би ч оюутнуудтайгаа тоолж байсан. 500-600-хан үгэнд л эргэлддэг. Мянга хүрэхгүй шүү дээ.
Гадаад хүн монгол хэлийг суръя гэвэл өдөр тутмын сонин дээр байгаа 500 үгийг л цээжилчихэд ойлголцоод байна. Гэтэл үүнийг бид монгол хэлээ мэдэж байна гэж ойлгоод байдаг. Энэ чинь маш бага тоо ёо доо. Миний энэ толь 1500 үгтэй, 3000 хэлц, хэллэгтэй толь шүү дээ.
-Хэл бол байнга шинэчлэгдэж, баяжиж, хуучнаа гээж байдаг амьд зүй тогтолтой. Тэгэхээр шинэ ахуй, соёл, хэрэглээг дагаад харь үгс олноор орж ирж нутагшдаг. Тэр хэрээр хуучин үгс мартагддаг. Таны хувьд бол хуучин үг, хэллэгээ сэргээх, мартуулахгүй байхыг зорьж яваа уран бүтээлч. Шинэ, харь үг, хэллэгт хэр таатай ханддаг вэ?
-Хэл өөрөө амьд хэрэглүүр учраас цаг үе, нийгэм, соёлоо дагаад хөгжиж явдаг жамтай. Энэ бол онолоор батлагдсан эд. Харь үг, хэллэгийг нутагшуулаад авах тухайд бол Р.Энхбат гуайн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлснийг дэмжинэ. Тэр бол муу ч зүйл биш. Яагаад гэвэл бидний хэл баяжиж л байх ёстой. Харь үгнүүд ирээд нутагшиж байх ёстой. Нутагших ч болно. Нутагшсаар ч ирсэн. Тэрний тоогоор хуучнаа гээгээд байж л болохгүй. АНУ 300 хүрэхтэй үгүйтэй жилийн түүхтэй улс. Америкийн англи хэлдээ орж ирж байгаа харь үгийг бүртгээд яваад байдаг. Энэ чинь хэлнийхээ үгийн санг баяжуулах гээд байна шүү дээ. Түүхээ ч зузаалах гээд байна. Тэгэхэд бид энэ хэрэглэгдэхгүй болсон гээд хаяад байж болохгүй.
Японд самурайн соёл байхгүй болсон. Гэхдээ тэрийгээ ямар гоё уламжлан хадгалж, сурталчилж, тэр чиглэлийн үсэг ханзны тайлбар толинуудыг ямар гоё хэлбэрээр авч явж, үнэ хүргэж худалдаж байна вэ. Самурайн соёл, бушидо гэх мэт эрдэм бүхнийг одоо болтол хадгалж, бичсээр, тайлбарласаар байна. Тэрийг нь хүүхдүүд уншаад жинхэнэ япон хүн болж төлөвшдөг. Тэгж хүмүүжсэн залуус нь хүртэл хувьсан өөрчлөгдөж, нийгэм цаг үеэ дагахдаа өөрсдийн үндэсний ялгарах онцлогоо гээдэггүй юм байна. Жишээ нь, солонгос залуучууд нэг өөр байна, япон залуучууд бас өөр байна. Азийн орчин үеийн залуучуудын хувцаслалт, үс засалт, бие галбир юу байдаг юм бүгд харахад төстэй ч юм шиг. Гэтэл сайн нягтлахад япон хэв загварыг гаргаад ирчихсэн. Солонгос залуус бас өөрсдийн хэв маягийг гаргаад ирсэн. Монгол залуус харин яадаг вэ гэхээр гаднаас нь харахаар нэг бол япон залуус шиг, эсвэл солонгос залуус шиг харагдаад байдаг. Сингапур залуус бас өөр. Тэд хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэхдээ хүртэл уламжлалаасаа салахгүй байна. Энэ чинь үндэстнийхээ хэл, соёлын нандин зүйлсийг зүрхэндээ шингээсээр ирснийх. Гэтэл манай залуус Европыг дуурайна. Эсвэл япон, солонгос шиг болчихно. Уг нь хаанаас нь ч харсан монгол залуус шиг гэж харагдмаар байна. Тэгэхийн тулд үндэснийхээ өв, хэл, соёл, уламжлалыг мэддэг, түүнийгээ өөртөө шингээсэн байх ёстой.
-Нүүдэлчдийн ахуй, соёлын үг, хэллэгээ өнөөгийн малчид хэрэглэж байна уу?
-Байхгүй болж байна. Үнэхээр ховордсон. Намайг бага байхад бол байсан. Тэр үеийн, 30 жилийн өмнөх өвгөд алга. Тун харамсалтай. Одоо 15 жилийн дараа бид тэр өвгөдийнхөө насан дээр ирнэ. Тэр үед бид юу хэлэх вэ гэдэг эргэлзээтэй болоод байна. Хурим найраас авахуулаад монгол хүний ёс жудаг, үгэнд хямга байх, үгийг утгажуулж хүчжүүлэх тал дээр өвгөд мундаг байсан шүү. Өөрөөр хэлэх юм бол муу үгийг цээрлэдэг. Сайхан үгийг дэлгэрүүлдэг. Одоо бидний пялдагдах, долоох, долигонох гэх мэтээр ярьдгийг ганц л үгээр хэлдэг. “Яасан зусарч хог вэ дээ” гээд л болоо. “За миний хүү зусардах шиг муухай юм байхгүй шүү” гэнэ. Тэрнээс биш бусад үгнүүдийг хэрэглэхгүй. Мэдэхгүйдээ тэр биш.
-Огт хэрэглэгдэхээ больж мартагдсан үг бий. Мэдэж байгаа мөртлөө хэрэглэхгүй үг ч байна. Хөдөөнийхөн мэддэг, хотынхон мэдэхгүй болсон үг ч байна. Жишээ нь, дуудай гэж үг байна. Шатны дуудай гэж байдаг. С.Буяннэмэхийн “Их тэнгэрийн дүлий” өгүүллэгийг дунд сургуульд байхаасаа л хэд хэд уншсан. Зургаа долоон жилийн өмнө дахиад уншиж байтал шатны дуудай мултраад гэж байх юм. Өмнө нь анзаардаггүй байж. Дуудай гэдэг үг гараад ирлээ шүү. Тэр өгүүллэгийг эмхэтгэлд оруулсан зохиолч Х.Зандраабайдий гуайгаас хэдэн жилийн өмнө асуухад мэдэхгүй байсан. Миний эмээ 86-тай хүн. Тэгсэн эмээ маань “Ишш, шатны энэ тээглүүр шүү дээ” гэж хэлж өгсөн. Тэмээний шатны хоёр үзүүрийг тогтоож боодог торгомжоог дуудай гэдэг юм байна. Энэ мэт огт мартагдсан үг байна. Нахимыг олон хүнээс асуухад мэдэж байгаа хүн ганц тохиолдсон. Эргээд бодоход бас л хожимдож.
Олон үг эзэнтэйгээ явж. Олдохгүй үг зөндөө байна.
Дүүлэнхэй гэж үг байна. Судар бичгээс хайгаад л байгаа. Дүүлэнхэй хүүхэд минь гэсэн үг байх юм. Үгийн утгыг нь аваад үзэхээр эрэмгий зоримог, бардам түрэмгий гэсэн утга байж магад. Гэтэл одоо бидний энэ үед шууд тэгээд гүтгэж тайлбарлаж болохгүй байна.
Ярилцсан Г.СОНИНБАЯР