Friday, November 22, 2024

Сөргөлдсөн сөрөг хүчин өөрсдөдөө сануулга аваад л тарлаа

Date:

Т.ҮЛЭМЖТӨГС

АН-аас “Одоо боллоо” жагсаал зохион байгуулах зар түгсэн нь улс төр сонирхогчдын хувьд сонирхууштай үйл явдал байлаа. Томчуудынхаа үл эвлэрэх зөрчлийн улмаас тэхий дундуураа хуваагдаад байсан тус намынхны эвлэрсэн гэсэн мэдээ сэлт ч жагсаалд өнгө нэмсэн билээ. АН-ынхан аравдугаар сарын 1-ний жагсаалынхаа үеэр таван шаардлага тавилаа. Нэгдүгээрт, стратегийн голлох бараа бүтээгдэхүүн, ялангуяа шатахууны үнийг чөлөөлөх, хоёрдугаарт, хил дээр олон сараар экспортын бараа гацсан асуудалд хариуцлага хүлээх, гуравдугаарт, ЭМЯ, ГЕГ зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардлаа. Мөн “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар Засгийн газар давуу эрхтэй дураар дургиж байгаа тул уг хуулийг хүчингүй болгохыг шаардав. Түүнчлэн МАН Л.Оюун-Эрдэнээс өөр  Ерөнхий сайдын алба хаших өөр хүний нөөц байхгүй бол Засгийн газраа огцруулж, татан буугдах ёстой гэв. Сөрөг хүчний хувьд шүүрч аваад шаардах л ёстой сэдвүүд. Гэхдээ АН үнэхээр эв нэгдлийн хорол тооноо бат зангидаж чадсан уу? Олон нийтийн хүсэн хүлээсэнчлэн сөрөг хүчний үүргээ биелүүлж чадах нь уу? Зарим нэгний хардаж байгаачлан, нөхөн сонгуульд зориулж л ийм “жүжиг” тоглов уу? Цар тахлын үеийн халдвар хамгааллын журам, дэглэмийг зөрчсөний хариуцлагыг хэн хүлээх вэ зэрэг асуулт эрхгүй тавигдаж байна.

ЖАГСААЛЫН ҮЕЭР ЯГ ЮУ БОЛОВ?

Зарласнаараа бол жагсаал 11 цагт эхлэх ёстой байв. Хүмүүс мэр сэр цугласаар ойролцоогоор 500 орчим хүн цугларсны дараа 11 цаг 30 минутын үед АН-ын дарга М.Тулгат жагсаалыг нээж үг хэлэв. Тэрбээр таван шаардлагаа дурдаж, Засгийн газраас гарч буй шийдвэр өнөө маргаашаа аргацаасан байдалтай байгааг шүүмжиллээ. Яг тэр үед 10 хамгаалагч дагуулсан “тэмцэгч” нэртэй Б.Жагар хажууд нь гарч ирж “Нөхөн сонгуульд нэр дэвшсэн Э.Бат-Үүлийн төлөө төлбөртэй жагсаал хийж байна” хэмээн буруутгалаа. Ингэснээр жагсаалын эзэн М.Тулгатын үг бус, жагсаал үймүүлсэн Б.Жагарын үг хэвлэл мэдээллийн болон сошиалын шуугиан болж чадсан. Ойрд жагсаал цуглаан болоогүй учир “үндсэрхэг үзэлт” Ч.Мөнхбаяр ч иржээ. ЖДҮ-чин Г.Майцэцэг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж буй “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар нар ч ирж, дүрээ харуулж, үгээ хэлээд амжив. Э.Бат-Үүлийн санаачлан, хэрэгжүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хохирч, орон гэргүй болсон хэсэг хүмүүс ч түүнээс хариуцлага нэхэхээр иржээ.

12 цагийн үед АН-ын УИХ-ын гишүүдээс Д.Ганбат, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар хүрэлцэн ирэв. АН-ын бүлгийнхэн эрх баригчдад сануулга өгөх, бодит байдлыг танилцуулах зорилгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийг бодитоор харуулсан зурагт хуудаснуудыг чуулганы танхимын үүдэнд болон өөрсдийнхөө ширээний өмнө дэлгэн тавьж, акц хийгээд гарч ирсэн нь энэ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа иргэдийн хэрэглээний сагсан дахь үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг үзүүлэхээр сагсан дотор талх, ургамлын тос хийж барьж гарч ирсэн нь  сонирхолтой бөгөөд бүтээлч харагдав. Жагсагчдын дунд цагаан даавуу толгойдоо боосон хэсэг хүмүүс байх ба тэд бол Б.Жагарын хэлснээр төлбөр мөнгөө авч жагсаалд оролцож буй хэсэг гэсэн мессэж талбайн дээгүүр нисэлдэнэ. Жагсаалыг төлбөртэй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн намынхаа фэйсбүүк групт оруулсан нэгэн мессэж илтгэж байгааг ч сошиалаар олон хүн бичив. Тэрбээр “Сайн байцгаана уу? Нөхөн сонгууль үүнтэй холбоотой хийгдэж байгаа жагсаалд зориулж хандив өгөхийг гишүүдээс хүсч байна. Бат-Эрдэнэ, Цогтгэрэл болон миний бие хандив өгсөн байна” гэж бичсэн нь олон нийтэд цацагджээ. Б.Пүрэвдорж тэр мессэжийг бичсэн гэдгээ жагсаалын үеэр нотолж, “Жагсаал, цуглаан зохион байгуулахад хөгжим, зурагт хуудаснаас эхлээд зардал гардаг” гэсэн юм.

Оргил үедээ 1000 орчим хүн цугларсан жагсаалын дунд АН-ын туг үсрээд л тав байсан ба Баянзүрх дүүргийн 24-р хороо гэсэн ганц пайз харагдана. Ахмадын баярын өдрөөр болсон уг жагсаалд ирсэн ахмадууд идэвхтэй, идэвхгүй янз бүр байсан ба зарим нь Сүхбаатарын хөшөө тойрон сууж, зарим нь ойроос сонирхож, зарим нь хэвлэл мэдээлэлд үгээ хэлэхийг эрмэлзэж байв. АН-ын ахмад гишүүн Чулуунбаатар “Юмны үнэ тэнгэрт хадаад талх ч авч идэж чадахаа байлаа. Манай Ардчилсан намын хувьд даргаа сонгосон эсэх нь ч мэдэгдэхгүй байна. УИХ дахь АН-ын бүлгийнхэн үг дуугараад л байх юм. Тэдний үгийг даанч хүлээж авахгүй юм. МАН-ынхан олуулаа дээр гарсан нэг л сайхан баячууд байх юм даа” хэмээн аль алинд нь итгэл алдарсан үг хэлсэн нь хэвлэл мэдээллийн хуудаснаа үлджээ.

Мэдээж талбай дээр ирсэн бүх хүн масктай байсан. Цар тахлын үеийн дүрэм, журмаар олон хүн цугларсан арга хэмжээ хийхийг хориглосон учир цагдаагийн байгууллагаас мэдээж зөвшөөрөл өгөөгүй. Арваад хоног үргэлжилж буй “Намрын ногоон өдрүүд” ногооны худалдаа ч саад болсонгүй. Зөвшөөрөлгүй жагсаал хийж буйгаа хэд хоногийн өмнө Засгийн газраас цэнгэлдэх хүрээлэнд болсон “Digital nation” арга хэмжээтэй барьцалдуулж тайлбарласан өнгө аясаар өндөрлөв.

ТЭР, ТЭР ЖАГСААЛД ЯАГААД ИРЭЭГҮЙ ВЭ БУЮУ АН ЯГ НЭГДСЭН ҮҮ?

Жишээ нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн АН-ын батлах авсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар жагсаалд ирсэнгүй. УИХ-ын чуулганыхаа нээлтэд ч байсангүй, тэр өдөр фэйсбүүктээ ганцхан пост оруулсан нь Ахмадын баярын мэнд хүргэжээ. Жагсаалаар мэргэшсэн С.Ганбаатар ирсэн бол түүнийг дэмжигчид огт өөр уур амьсгал оруулах нь лавтай. АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар ч ирээгүй нь дээрх асуултын шалтгаан. С.Эрдэнэ маргааш нь С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж явав. “АН нэгдлээ” хэмээн тараасан  зоогийн ширээн дээрх  зураг хэд хоногийн өмнөөс цацагдахад дунд нь С.Эрдэнэ байгаагүй. Мөн АН-ын бүлэг чуулганы нээлтэд акц хийж, өмнөө самбар сэлт тавихад ганцхан Н.Алтанхуягийн өмнөх зай хоосон байсан нь бас л нэгийг өгүүлнэ. Жагсаалын орой Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эзэмшлийн “Цензургүй яриа” нэвтрүүлгээр С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт ял эдэлж байсан Т.Чимгээ “Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл” хэмээн зарласан нь улс төр дэх далд зодооны  илүү ойлгомжтой тайлбар болов. Ерөнхийлөгч асан Х.Баттулга л лав АН-ын эв нэгдэлд одоогоор оролцоогүй бөгөөд эсрэгээр Э.Бат-Үүлийг нөхөн сонгуульд ялуулахыг эцсээ хүртэл эсэргүүцэж буйгаа ингэж зарлав. Тэгэхээр АН-ын эв нэгдэл хуурамч болж таарав. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар мэдээж Х.Баттулгатай нэг баг хэвээр байгаа нь тодорхой.

Тэгэхээр АН-ын жагсаал нөхөн сонгуульд л зориулсан акц гэдэг нь ойлгомжтой болж байх шиг. Хэрвээ нөхөн сонгуульд Э.Бат-Үүл ялчихвал тус нам сөрөг хүчний үүргээ биелүүлэхэд томоохон жин болно гэж тус намын олонх юутай ч тооцоолсон бололтой. Гэхдээ хэтэрхий их хагарч хуваагдсан учир саад тээг ч их байна. Нөхөн сонгуулийн дараа дахиад л хагарч, бутрах, одоо улайм цайм ил харагдаж буй тэмцэл нь үг, үйлдлээрээ илэрхий тодорхой болох нь цаг хугацааны л асуудал бололтой. Нээрээ өөрт нь зориулсан гэх жагсаалын эзэн Э.Бат-Үүл ирээгүй. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд нь хохирсон иргэд түүн рүү өндөг шиднэ гэж сүрдүүлээд байгаа юм. С.Зориг агсны амь насаа алдсан өдрөөр ч хөшөөн дээр нь очсонгүй, сошиал дээрээ л ганц нэг өгүүлбэр бичиж суух ажээ.

КОВИДЫН ДЭГЛЭМ БА ЖАГСААЛ

Нийгмийн уур амьсгалаас ч, АН, ХҮН зэрэг парламентад суудалтай хоёр намын байгаа байдлаас ч сөрөг  хүчний орон зай, бодитой үйл ажиллагаа, үг, дуу хоолой  илт үгүйлэгдэж буй. Нэг нам хоёр дараалан үнэмлэхүй ялж таван жил засгийн эрх барьж байгаа болон ковид цар тахлын үеийн хаалттай байдал нь чөлөөт хэвлэл, чөлөөт үзэл бодлын эрэлтийг ихэсгэж байгаа нь ч үнэн. Тиймээс АН-ын жагсаалд хүрэлцэн ирээгүй ч сэтгэл зүрхээрээ дэмжиж буй олон хүн байсан нь тодорхой. Нөхөн сонгуульд зориулсан жагсаал байлаа ч энэ цэгээсээ эвлэрээд бодитой үйл ажиллагаа явуулаасай гэсэн хүлээлт ч байгааг анзаарч болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын жагсаалын тухай “Иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэх ёстой. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаж цуглах эрхийг хамгаалж, хүндэтгэх ёстой. Сөрөг хүчнээс тавьж байгаа шаардлагуудыг ажилдаа тусгаад явах учиртай” гэж хэлжээ. Тэрбээр “Digital nation” зохион байгуулсныхаа дараа олон нийтийн арга хэмжээг үе шаттайгаар  нээнэ гэж мэдэгдсэн юм.

Мөн  “Стратеги” академиас тус үйл явдалд фэйсбүүк мониторинг хийжээ. Ингэхэд фэйсбүүк дээр уг мэдээлэл мөн өдрийн олны анхаарал татсан үйл явдлаар тодорчээ. Нийт сэтгэгдэл бичсэн хүмүүсийн 46.5 хувь нь “Одоо боллоо” жагсаал зохион байгуулж байгааг дэмжсэн бөгөөд Засгийн газар  цар тахал, ЖДҮ, үнийн өсөлт, торгууль, дарамт зэрэг асуудлаар Засгийн газар  буруу бодлого явуулж байгаа учир АН сөрөг хүчний үүргээ биелүүлж байгааг сайшаажээ. Харин 52.5 хувь  нь тус намд итгэл алдарсан, цар тахлын үед олныг цуглуулж байна, МАН, АН-д аль алинд нь итгэл алдарсан гэх зэрэг шалтгаанаар шүүмжлэлтэй ханджээ. Дэмжлэг ба шүүмжлэл бараг л тэнцсэн харагдана. Заавал жагсаж, цуглахгүйгээр ковидын үед сөрөг хүчний үүргээ биелүүлэх эрэлт, хэрэгцээ байгааг энэ товч мониторингоос  харагдаж байна.

Эл тойм бичвэрээс АН яг ч эвлэрчихээгүйг, бүр том хагарал нь хэвээр байгааг, нөхөн сонгуульд зориулж эвлэрсэн дүр эсгэж, жагсаал зохион байгуулсныг ойлгож авсан болов уу. Гэхдээ АН нь Монголын ардчиллын нэг багана учир ковидын хаалттай дэглэмийг сөрж, сөрөг хүчний үүргээ биелүүлээсэй гэх хүлээлт нийгэмд байгааг ч анзаарсан байх. Нөхөн сонгуульд ялсан, ялаагүй эвлэрдгээрээ эвлэрээд, нэгэн цул улс төрийн хүчин болж, сөрөг хүчний үүргээ биелүүлсэн шиг биелүүлэхийг зохион байгуулсан жагсаал нь АН-д өөрт нь ч сануулсан болов уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...